Орос улсын түүх IX зуунаас эхлэлтэй бөгөөд өнөөгийн Украины нутаг-Днепр мөрний сав газарт оршдог Киев болон бусад хотыг тойрсон зүүн славяны омог аймгуудын чөлөөт холбоо байв. Эзэнт гүрнээ тэлж байсан монголчууд энэ нутгийг XIII зуунд эзлэн авсан билээ. Дөнгөж үүссэн Орос улс энэ үеэс зүүн хойш шилжиж, Москва хотын эргэн тойронд тогтнов. Москвагийн их вант улс нэртэй энэхүү эртний Орос хамгаалалтгүй байлаа. Цөөн гол мөрнийг эс тооцвол эргэн тойронд нь уул нуруу, элсэн цөл байсангүй. Бүх зүгт тэгш тал үргэлжлэх агаад их талын чанадад, өмнөд ба зүүн тийш монголчууд оршино. 

Халдан түрэмгийлэгч дуртай газраараа довтлох бөгөөд байгалийн олигтой саад маш цөөн. 

Догшин Иван Оросын анхны хаанд өргөмжлөгдөв. Тэр давшилтыг хамгаалалт болгох зарчмыг хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, дотроо хүчээ нэгтгээд гадагш хөдөлж, нутгаа тэлэх бодлого. Тэрээр хувь хүмүүс түүхийг өөрчилж чадна гэх онолыг нотлохуйц хүн байв. Түүний алсын хараа, догшин хэрцгий зан чанаргүйгээр Оросын түүх тэс ондоо байх байсан биз. 

Иваны өвөг эцэг Их Иваны үед шинэ тутам Орос улс аажмаар тэлэх бодлого явуулж эхэлсэн агаад залуу Иван 1533 онд эрх мэдлийг гартаа атгаснаас хойш тэлэлт эрс эрчимжлээ. Зүүн тийш Уралыг ороож, урагш Каспийн тэнгис, умардад Арктикийн бүсийг хамрав. Каспийг авч, улмаар Хар тэнгист хүрсэн нь Кавказын уулсыг хаалт болгож, монголчуудаас хагас хугас ч атугай хамгаалагджээ. Чеченьд цэргийн бааз байгуулсан нь Монголын Алтан ордны улс, Османы эзэнт гүрэн, персүүд гээд хэн ч бай уулгалан довтлогчдыг тогтоон барих зориулалттай байв. 

Ухралт байсан ч дараах зуунд Орос улс Уралын нурууг давж, Сибирьд тулсан ба эцэстээ алс дорно тийш Номхон далайн эрэг хүртэл бүх нутгийг гартаа хийж чадсан юм.

Одоо оросууд хагас зөөлөвч бүс болон гаднын түрэмгийллийн үед ухрах боломж бүхий дотоод нутагтай стратегийн маш гүн байрлалыг эзэмшиж байна. Хэн ч тэднийг Арктикийн талаас довтолж хүч хүрэхгүй агаад Уралыг нурууг даван эзэлнэ гэдэг ч бүтэшгүй хэрэг. Тэдний нутаг өнөөгийн бидний мэдэх Орос орон болж, өмнөд ба зүүн урдаас тэдэнд хүрье гэвэл асар том арми бүрдүүлж, хангамжийн маш урт шугам байгуулан замын хамгаалалтын байрлалуудыг даван тулалдах хэрэгтэй болно. 

XVIII зуунд Орос улс Их Петр хааны удирдлага дор 1721 онд эзэнт гүрэн байгуулсан бол улмаар хатан хаан Екатеринагийн үед өрнө тийш хараа сунгаж, худалдаа, үндсэрхэг үзлээр урагш түрсээр Европын их гүрэн болж чадсан юм. Илүү бат бэх, хүчирхэг Орос улс Украиныг эзлэн Карпатын уулсад тулж ирсэн байна. Түүнчлэн Балтийн орнууд гэж нэрлэдэг Литва, Латви, Эстонийг эрхэндээ авчээ. Ийнхүү гаднын халдлагаас хуурай газар болон Балтийн тэнгисээр хамгаалагджээ.

Ингээд улс орны зүрх болох Москва хотыг хүрээлсэн том тойрог үүсэв. Арктикаас эхлээд Балтийн бүс рүү уруудаж, Украин, Карпат, Хар тэнгис, Кавказ, Каспиар дамжин зүүн тийш Уралыг ороосноор дээш эргэн Арктикийн бүслүүр рүү буцаад өгсөнө. 

ХX зуунд коммунист Орос Зөвлөлт Холбоот Улсыг байгуулав. Энэ нь үнэндээ “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” уриатай асар томорсон Оросын эзэнт гүрэн байсан юм. Дэлхийн II дайны дараа эзэнт гүрэн Арктикаас Афганистаны хилийг шүргэж, зөвхөн АНУ-тай өрсөлдөхүйц эдийн засаг, улс төр, цэргийн хэт их гүрэн болжээ.

Орос бол дэлхийн хамгийн том улс агаад АНУ эсвэл Хятадаас хоёр дахин, Энэтхэгээс тав дахин, Их Британиас долоо дахин том нутагтай. Гэхдээ харьцангуй цөөн буюу 144 сая орчим хүн амтай бөгөөд Нигери буюу Пакистаны хүн амын тоонд хүрэхгүй. Тус улсын газар тариалангийн улирал богино, Москвагаас удирддаг арван нэгэн цагийн бүсээс авсан ургацаа зохих ёсоор хуваарилахад бэрхшээл үүсдэг аж. 

Уралын нуруу хүртэлх Орос нь Европтой хуурай газраар хиллэдэг учир Европын гүрэн мөн боловч Казахстан, Монгол, Хятад, Хойд Солонгостой газраар, Япон, АНУ зэрэг хэд хэдэн улстай усаар хиллэдэг баримтад үндэслэн Азийн гүрэн гэж үзэхэд ч бас учир дутагдалтай. 

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшиж байсан Сара Палин “Аляскийн нутгаас Оросыг харж болно” гэж хэлсэн тухай шог яриа бий. Хэвлэлүүд түүний үгийг хувирган “Би гэрээсээ Оросыг хардаг” хэмээн бичсэн явдал гарчээ. Гэвч үнэндээ тэрбээр “Оросыг эндээс Аляскаас, Аляск дахь арлаас харж болно” гэж хэлсэн юм. Түүний зөв байлаа. Берингийн хоолойн цаадах Оросын арал Америкийн талд оршдог Бага Диомидын арлаас энгийн нүдээр харагддаг. Үнэхээр ч Америкаас Оросыг харж болно. 

Уралын нурууны өндөрлөгт Европ дуусаж, Ази эхэлж байгаа заагийг тэмдэглэсэн хөшөө бий. Тэнгэр цэлмэг өдөр тэндээс дорно зүг хараа талбиваас гачуур моддын завсраар хэдэн бээрийн алсыг тольдож болно. Өвөлдөө цасанд хучигдах агаад Уралын бэлээс эхлэх Сибирийн их тал Екатеринбург хот хүртэл цавцайн цэлийнэ. Уг хөшөө Оросын аугаа томыг бэлгэдэж, нутгийг хөндлөн туулах замын ердөө дөрөвний нэг дээр байрладаг. Санкт-Петербургээс гараад өрнөд Орос дундуур 1.500 бээр аялсаар Уралын нуруунд иртэл цааш Берингийн хоолой хүрэхийн тулд дахиад 4.500 бээр явах хэрэгтэй. Тэнд л сая АНУ-ын Аляск чигт хатагтай Палины бараа харагдаж магадгүй. 

Зөвлөлт нуран унасны дараахан би Уралд Европ Ази болон хувирдаг цэг дээр Оросын зураглаачдын багтай хамт очсон билээ. Зураглаач маань Улаан армийн зураглаачийн хүү бөгөөд үг дуу цөөн, хатуужил, туршлагатай хижээл эр байсан юм. Эцэг нь Германы арми Сталинградын бүслэх үед кино зураг авч байсан гэдэг. Би түүнээс “Та Европ хүн үү, эсвэл Ази хүн үү?” гэж асуулаа. 

Тэрбээр хэдэн мөч бодолхийлсний эцэст “Аль нь ч биш, би Орос хүн” гэж хариулсан юм. 

Оросыг Европын улс гэх үндэслэл ямар байлаа ч олон шалтгаанаар Азийн улс л лав биш. Газар нутгийнх нь 75 хувь Азид багтдаг хэдий ч хүн амынх нь дөнгөж 22 хувь энд оршин суудаг. Сибирь Оросын эрдэс баялаг, газрын тос, байгалийн хийг агуулсан “эрдэнэсийн авдар” байж болох ч хэдэн сар үргэлжилдэг хүйтэн улиралтай, асар том ой тайгаар бүрхэгдсэн, намгархуу нойтон хөрстэй, газар тариаланд таагүй эрс хатуу уур амьсгалтай нутаг. Энэ нутгийг баруунаас зүүн тийш Транс-Сибирийн ба Байгаль-Амарын хоёрхон төмөр зам хөндлөн огтолно. Хойноос өмнө тийш чиглэсэн тээврийн зам бараг үгүй тул урд зүгт өнөөгийн Монгол хийгээд Хятадад хандсан хүчний бодлого явуулахад бэрхшээлтэй. Хүн хүч болон хангамжийн шугам ч байхгүй. 

Яваандаа урт хугацааны эцэст Хятад улс Сибирийн зарим хэсгийг хяналтдаа авч магадгүй бөгөөд энэ нь Оросын хүн амын өсөлт буурч, хятадууд хойд зүгт цагаачилснаар хэрэгжих боломжтой. Ямар ч атугай Уралаас зүүн тийш Енисей мөрөн хүртэл 1.000 бээрийг хамрах Баруун Сибирийн их талд орших олон хотод Хятад зоогийн газар элбэг үзэгдэнэ. Өөр төрлийн бизнесүүд ч олноор орж иржээ. Оросын Алс Дорнодын хүн ам цөөтэй хоосон орон зай Хятадын соёл, улмаар улс төрийн нөлөөнд автах магадлал улам бүр нэмэгдэж байна. 

Оросын зүрхэн нутгаас гадагш гарвал Оросын Холбооны Улсын хүн амын олонх нь Орос бус угсааных агаад Москватай холбогдох шижим цөөн тул хуучин Зөвлөлтийнхтэй төстэй аюулгүй байдлын түрэмгий систем байгуулахад хүрдэг аж. Хаант Оросын үед тус улс эзэнт гүрэнтэйгээ хамаагүй шахам үндэстэн, ард түмнийг захирдаг үнэн хэрэгтээ колоничлогч улс байв. 

Оросын холбооны улсын зарим хэсэг, тухайлбал, Кавказын Чечень, Дагестан одоо ч ийм санаа бодол өвөрлөдөг. 

Өнгөрсөн зууны сүүлээр чадамжаас давсан хүчин чармайлт, байгаа мөнгөнөөс илүү зардал гаргаснаас хүмүүст зориулагдаагүй эдийн засаг нурж, Афганистаны уулсад хүлээсэн ялагдал нь ЗХУ-ыг задрахад хөтөлсөн юм. Оросын эзэнт гүрэн коммунист эриний өмнөх хэлбэр рүүгээ агшиж, Европын хил нь Эстони, Латви, Литва, Беларусь, Украин, Гүрж, Азербайжанаар хязгаарлагдав. 1979 онд Афганы коммунист Засгийн газрыг дэмжих нэрийн дор коммунизмын эсрэг мусульманы босогчдыг дарахаар Афганистанд хийсэн Зөвлөлтийн түрэмгийлэл Афганы ард түмэнд Марксизм, Ленинизмийн баяр баясгаланг авчрах зорилго агуулаагүй нь лавтай. Москва өөр хэн нэгэн орж ирэхээс сэргийлэн хяналтын орон зайгаа бататгахыг хүссэн хэрэг.

Афганистаныг довтолсон нь хэт үндсэрхэг улстөрч Владимир Жириновскийн хэлснээр Энэтхэгийн далайн усанд цэргийнхээ гутлыг угаах Оросын аугаа мөрөөдлийг биелүүлж, хэзээ ч байгаагүй зүйлийг олж авах найдвар төрүүлэв. Өвөлд хөлддөггүй дулаан бүсийн усан боомтод хүрч, дэлхийн худалдааны гол замд чөлөөтэй гарах боломж. Мурманск гэх мэт Хойд мөсөн далайн боомтууд жилдээ хэдэн сар хөлдүү байдаг. Номхон далай дахь Оросын хамгийн том Владивосток боомт дөрвөн сарын турш мөсөнд боогдож, япончуудын зонхилдог Япон тэнгисээр хашигдана. Энэ нь худалдааны эргэлтийг саатуулаад зогсохгүй Оросын тэнгисийн флотыг дэлхийн их гүрний жишгээр хөдөлгөхөд бэрхшээл үүсгэдэг байна. Дээр нь усан замын тээвэр газрын ба агаарын тээврээс хавьгүй хямдыг дурдах ёстой.

Гэвч “Эзэнт гүрнүүдийн оршуулга” хэмээх алдар хүлээсэн Кандахарын аймшигт тал, Хиндүкүшийн сүрлэг уулсыг даван Афганистаныг эзэрхийлж байсан улс байгаагүй юм. 

Афганы хэрэг явдлыг заримдаа Оросын Вьетнам гэж нэрлэдэг. Тэр үеэс дулаан ус, нээлттэй далайн замын талаар Москвагийн мөрөөдөл замхарч, одоо 200 жилийн өмнөхөөс ч илүү алслагдсан биз. Далайд шууд хүрэх дулаан усны боомт байхгүй нь стратегийн хувьд Умард Европын тэгш талтай адилаар Оросын эмзэг цэг буюу “Ахиллийн өсгий” байсаар ирсэн. Орос гүрэн газарзүйн хязгаарлалтын улмаас хавьгүй сул улс байх байсан авч газрын тос, байгалийн хий нь түүнийг аварсан юм. 1725 онд Их Петр хаан хойч үедээ хандсан гэрээслэлдээ “Константинополь хот ба Энэтхэгийн далайд аль болох ойрт. Тэдгээрийг хэн ч захирлаа гэсэн дэлхийн жинхэнэ эзэд байх болно. Үүний төлөө Түрэг төдийгүй Перст урт хугацааны дайн өдөө. Персийн буланд нэвтэрч, Энэтхэг хүртэл давшигтун” хэмээн зөвлөж үлдээснийг гайхах зүйлгүй.

Зөвлөлт Холбоот Улс задрахдаа арван таван улсад хуваагдлаа. Газарзүй Зөвлөлтийн үзэл суртлаас өшөөгөө авч, зураг дээр илүү учир зүйтэй дүрс дахин үзэгдсэн бөгөөд ард түмнүүд эртнээс суурьшиж, хэл, соёлоо хөгжүүлсээр ирсэн газар нутгийг уулс, гол, нуур, тэнгисээр заагласан юм. Ийм дүрмээс гадна үлдсэн нь “станууд” агаад нэг улсыг нөгөө улсын үндэсний цөөнхөөр сулруулахын тулд Сталины зурсан хилийн шугамыг Тажикистан зэрэг улсад харж болно. 

Түүхийг дипломатууд болон цэргийн төлөвлөгчдийн адилаар урт хугацаанд авч үзвэл ЗХУ-ыг бүрдүүлж асан хийгээд Варшавын цэргийн эвсэлд багтаж байсан улс бүр өөрийн онцлогтой. Тэдгээрийг дараах гурван хэсэгт хувааж болно: Аль ч талд үл нэгдэх, Өрнөдийг дагагч, Оросын талыг баримтлагчид. Үл нэгдэх хэсэгт багтдаг Үзбекистан, Азербайжан, Түркменистан улсуудад Орос буюу Өрнөдтэй эвсэх ямар нэг шалтгаан бараг үгүй. 

Энэ гурван улс өөрийн эрчим хүчний нөөцтэйн дээр аль нэг талаас худалдаа, аюулгүй байдлын асуудлаар хамаардаггүй. 

Оросын талыг баримтлагчид нь Казахстан, Кыргызстан, Тажикистан, Беларусь, Армен улсууд юм. Тэдгээрийн эдийн засаг Украины зүүн нутгийнхтай (энд бослого гарсан гол шалтгаан) адил Оросоос уяатай байдаг. Эдний хамгийн том нь болох Казахстан дипломатын хувьд Орос руу хэлбийж, нутгийн орос иргэд нийгмийн бүх салбарт оролцдог. Таван орны Тажикистанаас бусад нь Евразийн эдийн засгийн холбоонд (ядуусын Европын холбоо гэмээр) Оростой нэгдэж, энэ нэгдүгээр сард гурван жилийн ойгоо тэмдэглэсэн. Тавуул бүгдээр Оростой цэргийн эвсэлд орж, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг үүсгэн байгуулсан билээ. ХАБГБ нь ганц үгээр илэрхийлэх нэр олдоогүй, Варшавын гэрээний эвслээс илт суларсан гэх мэт дутагдалтай. Оросын цэрэг Кыргызстан, Тажикистан, Арменд байрлаж буй. 

Нөгөө талаас Варшавын гэрээнд байгаад өрнөдийг дагагч болсон орнууд одоо бүгд НАТО ба/буюу Европын холбоонд элсээд байна. Үүнд, Польш, Латви, Литва, Эстони, Чех, Болгар, Унгар, Словак, Албани болон Румын багтдаг. Дээр нь Гүрж, Украин, Молдов улсууд хоёр байгууллагад нэгдэхийг эрмэлздэг боловч газарзүйн хувьд Оростой хил залгаа, гурвууланд нь Оросын цэргүүд буюу Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид байдаг учир элсүүлэх боломжгүй. Эдгээр улсуудад НАТО-ийн гишүүнчлэл олговол дайн дэгдэж болзошгүй юм.

2013 онд Украины чиг хандлагын талаар улс төрийн маргаан хурцдах үед Москва өөрийнхөөрөө зүтгэснийг дээрх учир зүйгээр тайлбарлаж болно. 

Оросын талыг баримтлагч Засгийн газар эрх барьж байгаа цагт оросууд жийргэвч бүс нь Умард Европын их талаас хамгаалж буйд итгэлтэй байдаг. Украин ядахдаа аль нэг талд үл нэгдэхийг чухалчилж, ЕХ буюу НАТО-д элсэхгүйгээ амлахын сацуу Крым дэх Севастополийн дулаан усны боомтоо Орост түрээслүүлж байхад хангалттай. Ийм Украин Оросын эрчим хүчнээс хамаарах ба үл нэгдэх байр сууриа бэхжүүлсэн ч Москвагийн зэвүүцлийг үл төрүүлнэ. Гэтэл өрнөдийг дагагч Украин өрнөдийн хоёр том эвсэлд элсэхийг эрмэлзэж, Хар тэнгисийн боомтод эзэн байх Оросын хүслийг боогдуулбал юу болох вэ? Тэр ч бүү хэл Украинд НАТО-ийн тэнгисийн цэргийн бааз байрлавал яах вэ? Үүнийг хүлцэх боломжгүй. 

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович хоёр талд тоглохыг оролдсон. Тэрбээр өрнөдтэй сээтгэнэхийн хамт Москвад хүндэтгэл үзүүлж байсан тул Путин түүнийг тэвчиж байв. Янукович ЕХ-той өргөн хэмжээний худалдааны гэрээ үзэглэхэд ойртож, улмаар гишүүнээр элсэх үүд нээгдэх үед ноён Путин барьцаа чангалсан юм. 

Оросын гадаад бодлогын шийдвэр гаргагчдын хувьд ЕХ-ны гишүүнчлэл бол НАТО-д хүргэх дамжлага бөгөөд Оросын хувьд Украин НАТО-д элсэх нь улаан шугамыг зөрчсөн явдал. Путин Януковичид шахалт үзүүлж, татгалзах аргагүй санал тавьснаар Украины Ерөнхийлөгч ЕХ-ны хэлцлээс ухарч, Москватай гэрээ байгуулсан нь эцэстээ түүнийг унагасан эсэргүүцлийн хөдөлгөөнд түлхсэн билээ.