Үүнийг унших гэж байгаа бол эхлээд “Надад мөрөөдөл бий” хэмээх дэлхий даяар түгсэн брэнд үгийг яг одоо сана даа. Яагаад энэ үгийг хүн төрөлхтөн тэр чигээрээ мэддэг болсон юм бол оо? АНУ-ын нийгэм, иргэдийн тэгш эрх чөлөөний төлөө, төр,улсынхаа бодлого, шийдвэр гаргалтад Америкийн иргэд арьсны өнгө, үзэл бодол, нас хүйс, шашны ямар нэгэн ялгаврал үгүйгээр эрх тэгш оролцдог оролцоог хангахын төлөө 1963 оны наймдугаар сарын 28-ны өдөр Мартин Лютер Кинг “Надад мөрөөдөл бий” хэмээх агуу үгээ анх цуурайтуулсан билээ. Утга, учир шалтгаан, агуулга тов тодорхой түүний энэ үг- илтгэл АНУ-ын нийгмийн үзэл санааг тэр чигт нь өөрчилсөн юм. Зөвхөн Америк төдийгүй дэлхий дахинаа эдүгээ ч асар хүчтэй нөлөөлсөн хэвээрээ.

Тухайн үед нохойноос дорд тооцогддог байсан хар арьстнуудад иргэний эрх, эрх чөлөө, нийгэмд бусдаас үл ялгагдах тэгш оролцоо чухам энэ илтгэлээс л бий болсон юм. Одоо бол энэ үг дэлхийн бүхий л улс орны нийгэм, иргэдийн сайн сайхан, эрх чөлөөт амьдралын төлөөх тэмүүлэл, хүсэл эрмэлзлэлийг илтгэсэн, өдөөн сэргээсэн, уриалан дуудсан, дагуулагч хүч чадлыг оршоогч бэлгэдэл болсон гэж надад бодогддог. Хүнийг өөрөө өөртөө итгэлтэй, хүчирхэг, хариуцлагатай, ёс суртахуунтай, эрх чөлөөтэй болгодог ид шид энэ үгэнд оршдог гэж хэлнэ.

Тэгвэл монгол хүн та бидэнд ч гэсэн мөрөөдөл бий. Улс орон минь хөгжин мандаж, хүчирхэгжээсэй! Элдэвт “стрээсдэж” бухимдалгүй, аз жаргалтай, сэтгэл тэнүүн, энэлэн шаналангүй, элбэг дэлбэг амьдардаг болохсон гэх мэтээс эхлээд мөрөөдөхгүй байхын эцэсгүй. Үгүй ядаж л зам дээрээ шавааралдаж түгжирдэггүй болохсон гээд мөрөөддөг. Тийм биз дээ. За тэгэхээр мөрөөдөж байна, мөрөөдөлтэй байна гэдэг маань намайг бас чамайг амьд байгааг илтгэж байгаа маш сайн хэрэг. Харин мөрөөдлөө биелүүлэхийн төлөө би юу хийж чадах вэ гэдгээ эргэцүүлж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадаж байгаа бол чи, би, бас бид бүгд ХҮН мөн юм аа.
Дахиад нэг брэнд үгийн жишээ татмаар байна. “ Эх орон надад юу өгөх бол гэж асуухаасаа өмнө би эх орондоо юуг өгч чадах вэ гэж өөрөөсөө асуу” гэж.

Би андуураагүй бол АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн хэлсэн алдартай үгсийн нэг.

Нээрээ хэзээ нэгэн цагт яг үүн шиг “Би эх орондоо юуг өгч чадах бол оо” гэж өөрөөсөө асууж байсан тохиолдол бий юу. Шударгаар бодоод үзээрэй!

Миний бодлоор бид бодохоосоо илүү маш сайн шүүмжилдэг ард түмэн. Бас маш сайн буруутгадаг ард түмэн. Хэн нэгнийг яллаж, баалахдаа бүр даанч нэг гаргууд. Энэ бол тийм ч муу зүйл биш. Хүнд байх зайлшгүй мөн чанар. Үүгээрээ бид аль ч үндэстний доор орохгүй. За тэгээд эцэст нь би юу гэж хэлэх гээд энэ хүртэл тойроод байна вэ гэхээр үнэхээр л бидэнд МӨРӨӨДӨЛ бий бол түүнийгээ биелүүлэхийн төлөө бид юу хийж чадах вэ гэж асуугаад, МӨРӨӨДЛӨӨ биелүүлэхэд саад болж байгаа бүхнийг өөрчлөхөд миний оролцоо, хийж чадах юм юу билээ гэж эргэцүүлээд нэг үз ээ ч гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Монгол Улсын иргэн мөн л юм бол монгол хүний МӨРӨӨДӨЛ өнөөдөр биелэхгүй байгаагийн гол буруутан нь, шалтгаан нь та бид өөрсдөө мөн. Өөр хэн ч биш гэдгийг хэлэх гэсэн юм. Бидний улс орны амьдрал ядуу, сул дорой байгаа нь та бидэнтэй холбоотой. Төр нь хүчгүй, хийморь цог, гал дөлгүй байгаа бол эцсийн эцэст Монгол Улсын иргэн та биднээс, өөрсдөөс маань шалтгаалж байгаа юм. Өрх гэрийн амьдрал эздээс нь шалтгаалдагтай яг адил.

Төр нь, засаг нь арчаагүй байгаа бол тийм төр засгийг байгуулсан, байлгаад байгаа ард түмнээс өөр хэн буруутай гэж. УИХ-ын 76 гишүүн нь үнэхээр маанаг бол тэдгээр маанагуудыг сонгож гаргаж ирсэн хүн нь биднээс өөр хэн байх гэж!

Төр барилцах иргэний эрхээ Үндсэн хуулиндаа тодоор хуульчлан зааж оруулсан атлаа тэр эрхээ эдлэж чадахгүй НАМ нэрийн доор нэгдсэн бүлэглэлүүдэд дарлуулж суугаа бол Монголын иргэн та бидний арчаагүй, онхиогүйнх биш гэж үү?

Энэ бүхнийг бид өөрсдөө л засаж залруулахгүй бол өөр хэн засаж залруулж өгөх гэж! Нийгэмд үйлчилж буй хуулиуд та бидний хүсэл, мөрөөдлийн эсрэг гарч ирээд байгаа бол түүнийг болиулах эрх тэгээд хэнд байх ёстой гэж. Өвдөөд байгаа бол хашгирч,ёолоод, хажуу хавийнхнаа харааж, зүхээд хэвтээд байх нь зөв үү, харин даруй эдгээж, анагаах арга хэмжээг яаралтай авсан нь дээр үү? Монгол Улсын иргэн та бид “Болохгүй байна, бүтэхгүй байна” гэж шүүмжилж, хараагаад, “Надад юу өгөх юм вэ?” гэсэн сэтгэхүйгээрээ хэдий болтол амьдарна гэж бодож явдаг вэ?

Одоо бүгдийг өөрчлөх цаг боллоо, өөр замаар явна аа гэсэн ХҮСЭЛ, МӨРӨӨДӨЛ байгаа бол өөрсдөөсөө эхлээд өөрчлөлтийг эхлэх нь шударга бөгөөд зөв биш үү! Илүү идэвхтэй, мэдлэгтэй, ултай суурьтай, ухаантай байцгаая л гэж уриалах гээд байгаа юм. Төр барилцах эрхээ эдлээ ч гэж, хүч чадлаа зөв мэдэр, зөв ашиглаа ч гэдгийг л хэлэх гээд буй хэрэг.

Төрийн ордонд яг одоо Монгол Улсын зүг бүрээс сонгогдсон 800 гаруй хүн цуглаад улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэл зохилтой вэ гэсэн арга замыг хэлэлцэн зөвлөлдөж байна.
“Зөвлөлдөж шийдье” хэмээх нэрийн дор улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт болж буй нь энэ юм.

Монголын нийгмийн бүхий л төлөөллөөс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 800 хүн дотор янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс байгаа. Нас нь гэхэд л 18-60-ын хооронд гэж сонслоо. Эдгээр төлөөлөгчид тодорхой сэдвүүдээр Монголын мундаг эрдэмтэн багш нар илтгэл тавьсны дараа дотроо арав гаруй хүнтэй хэсгүүд болж сэдэв бүрээр мэтгэлцэнэ гэсэн үг. Хүн бүхэн тодорхой ойлголттой болчихсон байх юм байна л даа. Ингээд оролцогч бүх хүн дээрх сэдвүүдийн дагуу бэлтгэсэн санал асуулгын асуултуудыг бөглөсний дараа үр дүнг нь нэгтгэж 11 хүний бүрэлдхүүнтэй” Зөвлөлдөх зөвлөл”-өөс дээрх сэдвүүд тойрсон асуудлыг ингэж шийдвэл зохино гэж ард түмэн үзэж байгаа юм байна гэсэн Зөвлөмж гарган УИХ-д хүлээлгэж өгнө. Уг Зөвлөмжийг хууль, шийдвэртэй тусгах эсэх нь харин УИХ-ын асуудал болж байгаа юм. Мэдээж тэрхүү Зөвлөмж олон нийтийн эрх ашгийг бүрэн илэрхийлж чадаж байгаа бол үүнийг заавал хэрэгжүүл гэдгийг шахаж шаардах эрх ард түмэнд үлдэнэ.

Эндээс тэгээд Монголын ард түмэнд юу нь хэрэгтэй юм бэ гэж үү? Яг ингэж асуумаар санагдаж байгаа байх. Би өөрийн бодож буйгаар хариулах гээд үзье! Бид ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ-ын ийм замаар үзэл, бодлоо төрийн бодлого шийдвэрт тусгах БОЛОМЖТОЙ. Аливааг тэр тусмаа төрийн бодлого шийдвэрийг гарсан хойно нь ухамсартай, ухамсаргүйгээр шүүмжилж, эсэргүүцэж мэдрэлээ барж байхаар асуудлыг ард түмэн (төлөөллөөрөө)зөвлөлдөж шийдсэн хойно илүү мэдээлэлтэй байж, бодитой хардаг, дүгнэдэг, тэгээд дараагийн шийдвэрээ гаргадаг болох байх. “Нээрэвтэж” бухимдах маань арай гайгүй болох биз гэсэн санаа.

Нийгэмд тулгамдаад байгаа үй түмэн асуудал бүхнийг биш, гагцхүү амин чухал, зайлшгүй суурь бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд ард түмний санаа оноог бүр заавал авдаг ТОГТОЛЦОО, СОЁЛ эндээс үүсгэх ёстой. Хэн нэгэн хүн, бүлэглэл, хэсгийн зориудын хатгаас,түлхээс, санхүүжилтээр яг юуг хүсэж зорьж байгаагаа мэдэхгүй харанхуй жагсаж, эсэргүүцэж шүүмжилдэг бус, аливаад хуулийн дагуу, бодитой, баримттай, мэдлэгтэй, ажил хэрэгчээр прагматик ханддаг хандлагад бид хэвших болов уу. Ард түмэн эрхээ сайн мэдэж, үүргээ илүү ухамсарлах ёстойгоо ойлгох болно. Маргалдаж мэтгэлцэх соёл бий болно.

Мөрөөдлөө биелүүлэх арга замаа эрэлхийлдэг болно гэх мэт сайн төлөвшил бидэнд уламжлал болон бат суух болов уу хэмээн мөрөөдөн харж байна. Төрөөс гаргаж буй бодлого шийдвэр ч илүү амьдралд нийцтэй, зөв гардаг, тодорхойлогддог болох нь дамжиггүй. Шүүмжлэхээсээ илүү зөвлөлдөж, аль болох хэлэлцэж, эргэцүүлж байж гаргасан шийдвэр л амьдралд ЗӨВ болдог шүү дээ. Эх орноо, амь, амьдралаа сайхан болгоё гэсэн МӨРӨӨДӨЛ байгаа бол бид өөрсдөө идэвхтэй, санаачлагатай, хариуцлагатай ИРГЭН байх хэрэгтэй.

Сайхан МОНГОЛ УЛСЫГ бий болгохын төлөө би юу хийх ёстой билээ гэдгээ байнга асууж, асуух бүрийдээ хариулах ХАРИУЛТТАЙ сэтгэл хангалуун амьдрах нь гагцхүү та биднээс л шалтгаална. I HAVE A DREAM