Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Цагаан ордонд айлчлал хийжээ. Албан мэдээнд дурдсанаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан түүнийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд эдийн засаг, цаг уур, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг сайжруулах амлалтыг онцолжээ. Үүнээс гадна бүс нутгийн болон дэлхий нийтэд өрнөж буй анхаарал татсан асуудлаар ярилцаж, хоёр орны ардчиллын зарчмын үндсэн ач холбогдлыг дахин нотолсон гэнэ. Урдаа хязгаарлалттай, хойноо дайнтай Монгол Улсын хувьд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд гуравдагч хөршийн орон зайг эрэлхийлж, хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгаа сэргээх арга замыг хэрэндээ л сүвэгчилж буй.  

ОХУ, Хятад гэсэн хоёр их гүрний дунд орших Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа Үндэсний аюулгүй байдалд гуравдагч хөршийн оролцоо чухал гэдэгт Зөвлөлийн гурван гишүүн нь нэг амтай яваа гэсэн үг. Жил хүрэхгүй хугацаанд Польш, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар Монголд ирж, зөрүүлээд Ерөнхий сайд нь Герман, Их Британа, Японыг зорьсон нь олон улсад өгч буй дипломат байр суурь, бодит шалтгаан нь. Үүнтэй зэрэгцэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр АНУ-ыг зорьж, Цагаан ордонд уулзалт хийсэн нь бас нэгэн мессежийг өглөө.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нь Ерөнхийлөгч Жо Байдентай 2013 оноос шадарлаж буй нэгэн. Барак Обамагийн Засаг захиргаанд Ерөнхийлөгчийн Шадар туслах, Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны орлогчоор ажилласан туршлагатай. 2013 онд Хилари Клинтон албан тушаалаасаа буухад Дэд Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр жил гаруй хугацаанд ажиллажээ. Энэ хугацаанд Ливи, Сири, Мьянмарт чиглэсэн АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хожим буюу 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр Жейк Салливан АНУ-ын 28 дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөх болж дэвшсэн түүхтэй.

Үндсэндээ АНУ-ын 2011 оноос гадаад тавцанд явуулсан нэгэн аравнаар хэмжигдэх бодлого, шийдвэрийн заримыг гаргалцаж явсан, хамгийн сайн гадарлах эрхэмтэй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар жил гаруй ажиллаж буй Ж.Энхбаяр уулзсан нь анхаарал татах үйл явдал мөн үү гэвэл мэдээж мөн. Бүс нутагт үүссэн нөхцөл байдлын тухай ярилцаж, хоёр орны ардчиллын зарчмын үндсэн ач холбогдлыг дахин нотолсон нь ч гуравдагч хөршийн орон зайг эрэлхийлж эхэлсэн Монголын дипломат бодлогод эерэг агуулга.

Ийнхүү өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан зөвлөгөөн, арга хэмжээ, албан томилолтод дагалдсаныг эс тооцвол бусдаар загас мэт дуугүй явсан Ж.Энхбаяр албан ёсоор ил гарч, ээлжит "нүүдэл"-ээ АНУ-д хийлээ. Том ч нүүсэн байж мэднэ. Учир нь, Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2019 оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон Монголд ирээд буцсан. Үүнээс сарын дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүрснийг тунхаглан зарласан юм. Магадгүй ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын Цагаан ордонд хийсэн гэнэтийн уулзалтын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын товыг ярилцсан байх талтай. Нэг үгээр Ерөнхий сайд байхдаа тус улсын Мянганы сорилтын корпорацитай 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээг үзэглэж явсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар хийх айлчлалын бэлтгэлийг Ж.Энхбаяр хангаж яваа байж мэднэ.

Ташрамд дурдахад, 2004, 2012, 2016, 2017, 2021 зэрэг онд багахан хэмжээний "косметик хагалгаа" хийснээс бусдаар таван бүлэг, 21 зүйлтэй уг хуульд томоохон бодлогын шинэчлэл хийлгүй 21 жилийг үдсэн юм. Харин дөрвөн Төрийн тэргүүн, таван бүрэн эрхийн хугацаанд огт хөндөөгүй, хөндөж зориглоогүй хуулийг Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын хувиар бүхэлд нь шинэчлэхээр болсноо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьж, тайлагнасан саяхан. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тодотгон шинэчилснийг дагалдуулаад байгаа юм.

UZEG.INFO