Каннын Арслангууд
Дэлхийн бүтээлч салбарын ноён оргилд зүйл ёсоор тооцогддог, хамгийн том креатив фестиваль болох алдарт “Каннын Арслангууд наадмын Лондон хотноо байрлах төв оффисоос нэвтрүүлгийнхээ ээлжит шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Каннын Арслангууд” наадмын шагнал хариуцсан захирал хатагтай Мариан Бранелли уригдлаа.

Урилга хүлээн авч ярилцлага өгч буй танд баярлалаа!
Нэвтрүүлэгт тань оролцож буйдаа таатай байна.
“Каннын Арслангууд” наадам монголчуудын хувьд харьцангуй шинэ ойлголт. Хэдхэн том компани, агентлагууд мэддэг тул аль болох олон монгол компанид энэ наадмын тухай мэдээллийг хүргэх хүсэлтэй байна. Иймээс фестивалийн түүх болон онцлох зүйлсээр нэвтрүүлгээ эхэлье. Жил болгон Францын Канн хотод болдог наадмаас гадна бүс нутгийн уралдаан, фестиваль гэж бий юу?
“Каннын Арслангууд” наадам нь Монголд шинэ сонсогдох хэдий ч бид 70 гаруй жилийн түүхтэй.
Надаас хөгшин түүхтэй юм байна.
Хамаагүй хөгшин! Анх 1954 онд үүсгэн байгуулагдсан. Тэр үед Каннын кино наадам маш хүчтэй, нэр алдартай байсан бөгөөд зар сурталчилгаа, олон нийтийн харилцааны компаниуд үүнийг хараад бид яагаад өөрсдийнхөө салбарын ийм наадамтай байж болохгүй гэж бодсон. Анх киноны уралдаант шалгаруулалтаар эхэлж байсан бөгөөд Италийн Венец болон Францын Канн хотуудад ээлжлэн зохион байгуулагддаг байв. Хэсэг хугацааны дараа наадмаа зөвхөн Канн хотод жил бүр хийж байхаар шийдсэн. 1990-ээд оноос бид хэвлэл, гудамжны самбар, аудио зэрэг бусад шинэ шагналуудыг гаргаж ирсэн. Үүнтэй зэрэгцээд бид бүтээлч салбарынханд зориулж сургалт, семинарын хөтөлбөрүүдийг бий болгосон. Энэ бүхэн нийлсний үрээр жинхэнэ утгаараа бүтээлч салбарын бие биенээсээ суралцах дэлхийн хамгийн том наадам болж чадсан. Үүнээс хойш наадмын цар хүрээ асар хурдацтай томорсон.
Өнөөдөр бид 30 төрлийн ангилалд өрсөлдөөнт шалгаруулалт явуулж байна. Тухайлбал, Каннын арслан шагнал киноноос эхлүүлээд бүтээлч стратеги, бизнесийн шилжилт, инновац гэх мэт өргөн хүрээг хамардаг. Наадмын үеэр 200 гаруй цагийн контент долоо хоногийн хугацаанд оролцогчдод хүрдэгээс гадна хэдэн зуун илтгэгчид дэлхийн өнцөг булан бүрээс уригдан ирж Palais des Festivals et des Congrès-т туршлагаа хуваалцдаг. Энэ жил манай наадамд 78 орны 13 мянган хүн ирж оролцсон.
Каннд дэлхий цугладаг. Үүнээс гадна бидэнд бүс нутгийн цугларалт, арга хэмжээ, уралдаант шалгаруулалтууд бий. Тухайлбал, Ази, Номхон далайн бүст “Spikes Asia”, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүст “Dubai Lynx”, Европ тивд “Eurobest” наадмуудыг жил бүр зохион байгуулдаг. Эдгээр бүс нутгууд соёлын хувьд бие биенээсээ ялгаатай, онцлогтой байдаг. Гэснээс “Spikes Asia” наадам дээр бид өнгөрсөн жилээс эхлээд монгол шүүгчтэй болсон. Энэ мэтээр бид ялгаатай улс орон бүрээс төлөөлөл оруулж, бүтээлч салбарын наадмаа улам үнэ цэнтэй, хүртээмжтэй болгохыг хичээдэг. Ази тив бол үнэхээр олон соёл сүлэлдсэн том бүс нутаг.
Бүтээлч байдал гэдэг зүйл яагаад ер нь тийм чухал юм бэ? Асар хурдтай хөгжиж буй технологи, мета дата, алгоритм, хиймэл оюун ухааны энэ эрин зуунд “Бүтээлч байх” гэдгийг яаж томъёолох ёстой вэ?
Бүтээлч байдал маш чухал. Яагаад гэвэл бүтээлч байдал бизнесийг зөвхөн чиглүүлэн шүншиглэх төдийгүй шинэ боломжийг төрүүлж, бизнесийг цаг үргэлж хөгжүүлдэг. Үүнээс гадна та бидний нийгмийг өөрчлөх агуу хүчтэй. Энэ бүхнийг би өнгөрсөн 70 гаруй жилийн түүхээр батлан хэлж чадна. Маш олон газар өөрчлөлт шинэчлэл авч ирж, салбарын реформуудын хөдөлгөгч хүч болж байсан. Брэндүүд, компаниуд бүтээлч байдлыг ашиглан өөрсдийнхөө болон бусдын асуудлыг шийддэг. Бүтээлч байдал цаг үеэ даган зогсолтгүй хөгжиж байна. Технологийн асуудлыг та хөндлөө. Бүтээлч байдал ч гэсэн дагаж хөгжиж буй төдийгүй бидний эргэн тойронд буй асуудлуудыг технологи ашиглан хэрхэн шинэлэг, сонирхолтой, илүү хүртээмжтэй хэлбэрээр шийдэх вэ гэдэг дээр төвлөрдөг. Бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна. Технологийн дэвшлийг ашиглан хүний бүтээмжийг дээшлүүлэх, өмнө нь боломжгүй мэт санагддаг байсан зүйлсийг хүртэл хурууны үзүүрээр хийдэг болчихлоо. Жишээ нь, өмнө нь асар их зардал гаргаж хийдэг байсан чанартай контентыг одоо хоромхон зуур гар утсаар хийх боломжтой болсон.
Технологи ашиглан урлаг, уран зураг, дуу хөгжмийн салбар хийсэн бүтээлүүд олноор төрж байна. Энэ бүх зүйл боломжийг бүгдэд хүртээмжтэй, ардчилсан болгосон төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт буй хүн болгон бүтээлч байдлаа хөгжүүлэх, энэ боломжийг ашиглах эрхтэй болсон. Үүнийг бид наадмынхаа цөмд тавьдаг буюу заавал том компани, алдар нэртэй брэнд Каннын Арслан шагнал авах албагүй. Зөвхөн тэднээс л бүтээлч байдал төрдөггүй. Бүтээлч байж үр дүнд хүрсэн, түүнийгээ баталж чадсан хүн бүхэнд манай шагнал нээлттэй байдаг. Иймээс ажлаа жаргаж хийдэг, зогсолтгүй бусдаас суралцдаг, тэр хэрээрээ өөрсдөө өсч хөгжиж, нийгмээ эерэг тал руу өөрчилж буй хүмүүст манай наадам зориулагдсан. Мөн манай наадмаар дамжууланөөр соёлтой, ялгаатай туршлагатай хүмүүс хоорондоо танилцаж түншилдэг. Ялгаатай соёлтой газар, өөр улс оронд ажилладаг хүмүүс нэг асуудлыг хэрхэн өөр өөрийн өнцгөөр харж шийдэж буй нь үнэхээр сонирхолтой бас бүтээлч байж чаддаг. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна.
Технологи ингэж хөгжсөөр байгаад яваандаа хиймэл оюун ухаан хүний бүтээлч байдлыг орлон, та биднийг ажилгүй болгох хэмжээнд очих уу?
Яг энэ сэдвийг энэ жилийн наадмаар үеэр битүү ярилцсан. Технологийг хүн бүтээдэг. Тиймээс технологи ямар ч түвшинд хүрч хөгжсөн бай түүний ард хэн нэгэн хүн л чиглүүлж бүтээх болно. Өөрөөр хэлбэл хүнгүйгээр технологийн хөгжил явахгүй. Нэг цагийн дотор багтаан асуудлыг шийдэхийн тулд 59 минутыг нь зөв асуулт асуухад зарцуулах ёстой гэж Альберт Эйнштэйн хэлсэн санаж байна. Бүтээлч салбарын хувьд эцсийн шийдэл чухал хэдий ч тэрхүү шийдлийг гаргах процесс, тунгаах бодох явц, бүтээлч сэтгэлгээ хамгийн чухалд тооцогддог.
Каннын наадамд хэд хэдэн удаа оролцсон миний туршлагаар сүүлийн үед санхүү болон бүтээлч байдлын нөөцөөр хязгаарлагдмал ТББ-ууд хүчтэй өрсөлдөх болсон. Магадгүй эдгээр байгууллагууд нийгмийн өмнө тулгамддаг том асуудлуудыг барьж авдаг байх. Энэ жил би өөрөө Каннын наадамд DEI (Ялгаатай байдал, тэгш оролцоо, хүртээмжтэй орчин) хөтөлбөрт шалгарч уригдсан. Та бүхэн нийгмийн онцгой, тусгай хэрэгцээт бүлгийн дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?
Чухал асуулт байна. Даяар байдал, тэгш хүртээмжтэй нөхцөл, ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрх, газар зүйн бүсээс шалтгаалсан дэд бүтэц гээд олон хүчин зүйлийг бид анхаарах ёстой. Энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаа дээр ажиллая гээд бид контентын нээлттэй уралдаант шалгаруулалт зарласан. Энэ салбарт бүтээлчээр ажиллаж гарч шийдэл гаргасан хэн бүхэнд манай наадам нээлттэй. Манайхаас томилогдсон шүүгчдийн тусгай баг эдгээр хүмүүсийг хайж, хийсэн ажлыг нь олон нийтэд хүргэхэд анхаарч ажилладаг. Ийм учраас бид наадамд оролцогчдоос гадна шүүгч нарынхаа бүтэц, бүрэлдэхүүнд сайтар анхаардаг. Энэ том бас ялгаатай контентыг шүүхийн тулд шүүгч өөрөө хөгжлийн бэрхшээл, хүйсийн тэгш эрх, бэлгийн чиг баримжаа гэх мэт олон талын мэдлэгтэй, арвин туршлагатай, ялгаа нөхцөл байдлыг мэдэрч ойлгодог хүн байх ёстой. Энэ дундаас л хүртээмжтэй, тэгш оролцоог хангасан, ялгаатай байдлыг хүндэлсэн бүтээлүүд төрж бас шалгардаг. Ийм учраас бид зорилтот бүлэгт чиглэсэн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
“Каннын Арслангууд” наадам энэ жил хоёр сая еврогийн үнэ бүхий бүртгэлийн хураамжийг эдгээр хүмүүст зориулж чөлөөлсөн байна лээ. Баярлалаа!
Тийм. Эдгээр хүмүүст боломж олгох ёстой. Магадгүй зарим нь өөрсдөө Франц улсыг зориод ирж чадах ч бүртгэлийн хураамжийн төлбөрийг дийлэхгүй байж болно.Тиймээс ямар нэг аргаар Канныг зориод ирвэл бид наадамдаа үнэ төлбөргүй оролцуулах боломжийг бий болгохыг зорьсон. Гэхдээ энэ бол шалгаруулалтын процессоор хийгддэг ажил. Хэн ч гэсэн нэрээ дэвшүүлж болох ч бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эсэхийг шүүгч нарын зөвлөл хийсэн ажил, туршлага, үнэ цэнийг нь үнэлсний дараа шийдэж урилга өгдөг уралдаант шалгаруулалт гэсэн үг. Энэ шалгаруулалтыг хийхдээ бид мөн л ялгаатай байдлыг хүндэтгэх, аль болох өөр өөр нийгмийн олон төлөөллийг багтаахыг хичээдэг.
“Каннын Арслангууд” наадмын үнэ цэн зөвхөн шагналдаа байдаггүй гэдгийг оролцсон хүн бүхэн хэлэх болов уу. Таны хувьд хамгийн шилдэг бүтээлч кэйс, нийгэмд хамгийн том нөлөөг үзүүлсэн супер кампанит ажил нь юу байсан бэ?
Сүүлийн 10 жилийн хугацаанд Каннын Арслан шагналыг хүртсэн хоёр жишээг дурдмаар байна. Эдгээр кампанит ажлын шугамаар боссон бүх мөнгө хандивын үйл ажиллагаанд зарцуулагдсан. “SDG Lions” буюу Тогтвортой хөгжлийн зорилтын төлөө хийсэн ажлуудад өгдөг Каннын арслангийн тусгай шагнал бий. Энэ шагнал дээр НҮБ хамтардаг бөгөөд Тогтвортой хөгжлийн 17 зорилт бүр дээр арслангийн шагналтай. Жил бүр энэ ангиллын бүх шагналын мөнгийг бид эргээд энэ салбарт нь хандивладаг.
Тусгай Олимпын хөдөлгөөн дээр бид хамтраад яг ийм схем гаргаж ажилламаар юм байна даа!
Тэгэлгүй яах вэ. Энэ талаар тусад нь дэлгэрэнгүй ярилцъя. Сайн ажил, нийгэмд нөлөөлсөн төслүүдийг бид шалгаруулан алдаршуулахаас гадна санхүүжилтээр дэмжин дараа дараагийн шатнысудалгааг нь дэмжих, нэмж мөнгө босгож өгөх ажлуудыг хийдэг. Мөн 2014 онд бий болгосон “Glass Lions” буюу The Lion for Change” хэмээх Каннын Арслангууд наадмын онцгой шагналыг дурдмаар байна. Энэ бол нийгмийн тэгш байдал, оролцоог дэмжсэн бүтээлүүдийг алдаршуулдаг шагнал бөгөөд хүйс, арьс өнгө, биеийн чадвар, соёл, шашин, ЛГБТК+ зэрэг олон төрлийн ялгаварлал, гадуурхалтай тэмцэх зорилготой бүтээлүүдийг үнэлдэг. 2025 онд үүнийг улам өргөжүүлэн зорилтот бүлгийг тодорхойлсон байдал, нийгмийн ямар асуудлыг шийдэхээр барьж авсан тухай, эцэст нь яг ямар бодитой үр дүн гаргасан гэдэг шалгууруудаар брэндүүдийг үнэлж эхэлсэн. Энэ шалгаруулалтын туршид боссон мөнгийг мөн л эргээд эдгээр байгууллагууд, ТББ, судалгааны төвүүдэд хандивлаж, нийгэмд хөрөнгө оруулдаг.
Энэ жил “Glass Lions” ангиллын Гран При шагналыг Dove компанийн “Real Beauty” кампанит ажил хүртсэн. Dove компани энэ кампанит ажлыг сүүлийн 20 жилийн турш хийж байна. “Real Beauty” кампанит ажлын зорилго нь гоо сайхны хэт төгс, хязгаарлагдмал стандартыг шүүмжилж, эмэгтэйчүүдийн төрөлх, бодит гоо сайхныг үнэлэх хандлагыг төлөвшүүлэх явдал байв. Үр дүнд нь Dove брэнд дэлхий даяар нийгмийн хандлагыг өөрчилж, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Улмаар компани гоо сайхны салбарт асар том соёлын өөрчлөлт хийсэн төдийгүй бизнесээ, брэндийн үнэ цэнээ 350%-иар өсгөж чадсан. Энэ бол аливаа компани зөвхөн борлуулалт хийж мөнгө олох биш зарж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан нийгэмд хөрөнгө оруулах ёстой гэдгийн үлгэр жишээ юм. Энэ мэт манай наадмаар дамжсан маш олон жишээ, кэйсийг би хэлж чадна.
Энэ кампанит ажлыг би маш сайн мэднэ. Үнэхээр гайхалтай кэйс мөн. Орчин цагт хүн болгон контент бүтээгч болох боломжтой болжээ. Каннын Арслангууд наадам дээр ч гэсэн энэ ангиллын шагналыг шинээр гаргасан байна лээ. Үүнийг зорилго болон үр дүнгийн талаар сонсмоор байна.
Сошиал нөлөөллийн ажлуудын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байна. Брэндүүд энэ талбар дээр нөөцөө зарцуулахын хэрээр контент бүтээгчдийн тоо асар хурдацтай өссөн. Нөгөө талдаа хэрэглэгчид сошиал нөлөөлөгчдийн контентыг үзэж байгаад худалдан авалтын шийдвэрээ гаргадаг болчихлоо. Өөрөөр хэлбэл бүтээлч байдлын хүчний шилжилт явагдаж байна гэж хэлж болно. Ийм учраас бид шинэ шагналыг бий болгосон. Брэндүүд ч гэсэн аливаа асуудлыг шийдэж, өмнөө тулгарсан сорилтоо давахдаа креаторуудтай хамтарч, GenZ гэх мэт залуу үеийнхэнтэй түншилж илүү бүтээлч байдлаар ажиллахыг эрхэмлэх болсон. Учир нь контент бүтээгч креаторууд өөрсдөө брэнд болж, өөрсдийн гэсэн медиа вант улсаа сошиал дээр байгуулчихлаа шүү дээ. Тэдний бүтээлч, инновацлаг ажлуудыг үнэлэхгүй байхын аргагүй.
Иймээс сүүлийн хоёр жилийн турш Каннын Арслангууд наадам дээр энэ ангиллыг тусгайлан авч үзэж, креаторуудын туршлагыг хуваалцахаас гадна брэндүүдийг холбон өгч байгаа. Энэ жилийн оролцогчдын сэтгэгдлийг харж байхад креаторуудаас илүү ихээр суралцах хүсэлтэй байгаа нь анзаарагдсан. Том компани, брэндүүд мессежээ аунтентик буюу ямар нэг жүжиглэлт, уянгын халилгүй, бодит байдлаар нь зах зээлд хүргэхийн тулд креаторуудтай нэлээд гүнзгий түвшинд ажиллаад эхэлсэн. Брэндийнх нь хэлээр ойлголцож чадах креаторуудыг том компаниуд шүүрээд авдаг болсон.
Таны хэлснээр зарим инфлюенсерүүд хэр баргийн жижиг, дунд медиа, креатив компаниас хамаагүй илүү хүртээмжтэй бас үр дүнтэй ажилладаг болсон. Яваандаа уламжлалт медиа агентлаг болон орчин цагийн инфлюенсерүүд хоорондоо шууд өрсөлдөж эхлэх үү? Эсвэл эхэлчихсэн үү?
Зах зээл дээр аль алинд нь хангалттай орон зай байгаа гэж хэлмээр байна. Хэдий жил бүр бид шинэ ангилалд шагнал гаргаж байгаа ч гэсэн бидний хамгийн анхны ангилал буюу киноны салбарын шагнал хамгийн нэр хүндтэй хэвээр байсаар байна. Брэндүүд хөгжиж, сошиал креаторууд олноор төрж буй ч гол зүйл үнэнч байх буюу бодит байдал дээр зангидагдана. Мэдээж хөгжилтэй, ухаарал хайрласан, хүний сэтгэлийг хөдөлгөсөн энтертайнмент контентоор дамжуулан хүмүүсийн анхаарлыг татна. Энэ бүхэн хүний түүх байдаг. Түүх түүхдээ жинхэнэ хүний бодит түүх байх тусам улам үнэ цэнтэй болдог. Гэхдээ энэ шалгаруулалтанд орж буй хүмүүсээс бид асуудаг. Хүний сэтгэл хөдөлгөм түүхтэй контент хийгээд яг ямар асуудлыг шийдэхийг зорьсон юм бэ, ямар үр дүнд хүрч, бусдад ямар үнэ цэн бий болгохоор төлөвлөсөн бэ гэдэг нь бидэнд чухал байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүст ухаарал өгч, соён гэгээрүүлэх гээд байна уу, эсвэл зүгээр л бүтээгдэхүүн зарах зорилготой байсан уу гээд. Бүтээлч байдал аль аль зорилгыг нь биелүүлэхэд тусалдаг.
Монголын ихэнх компаниуд бүтээлч үйлдвэрлэлд зарцуулж буй нөөцөө хөрөнгө оруулалт гэхээс илүү зардал гэж хардаг. Яагаад компаниуд бүтээлч салбарт мөнгө зарцуулж, мэргэжлийн байгууллагатай ажиллах ёстой юм бэ?
Бид саяхан нэг судалгаа хийж үзсэн. Каннын Арслангууд наадмаас шагнал хүртсэн компаниудын орлого, ашиг нь дараа жилээс нь дандаа нэмэгдсэн байсан. Тухайлбал, эдгээр компаниудын борлуулалт хамгийн багадаа 2.5%-иар өсч, дагаад ашгийн хэмжээ, бүтээлч салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь өссөн дүн байна лээ. Тиймээс бүтээлч салбарыг үнэлэн, мэргэжлийн багтай ажиллавал бизнесээ өсгөж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх төдийгүй бүтээгдэхүүний брэнд, компанийн нэр хүндээ өсгөх боломжтой. Энэ хэрээр бусдаас ялгарч, өрсөлдөх давуу талтай болдог. Энэ их мэдээ, мэдэээллийн урсгал, контентын дайнд бусдаасаа хэрхэн ялгарч, олны анхаарыг татах вэ гэдэг нь брэндүүдийн хувьд хамгийн том сорилт болсон.
“Creativity is the last unfair advantage you have as a brand” буюу брэндийн хувьд бусдаас ялгарах хамгийн сүүлчийн, булааж хуулах боломжгүй давуу тал бол бүтээлч байдал нь юм гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Яг адилхан бүтээгдэхүүн зардаг байсан ч гэсэн та бүтээлч байдлаараа өрсөлдөгчөөсөө ялгарах бүрэн боломжтой гэсэн үг. Энэ санааг маркетингийн мэргэжлийн агентлаг гаргаж болно, эсвэл хувь креатор залуу ч гаргаж болно, эсвэл компанийн маркетингийн алба ч гаргах боломжтой. Бүтээлч байдал хаанаас ч үүсч болох хэдий ч гүйцэтгэл нь сайн байж бодитой үр дүн гардаг.
За одоо миний эх орон болсон Монголтой холбоотой асуултууд руу оръё. Каннын тайзан дээр гарч, Каннын арслан шагнал авахыг хүсч буй монголчуудад юу гэж зөвлөх вэ? Уралдаант шалгаруулалтанд бүтээлээ өгөхдөө юуг сайтар анхаарч, шүүгч нарын анхаарлыг яаж сайтар татах вэ?
Маш чухал асуултууд байна. Манайд “Young Lions” гээд залуучуудад зориулсан хөтөлбөр байдаг. Улс орнууд дотроо энэ уралдааныг зохион байгуулж болдог.
Энэ жил Каннд Монголоос хоёр залуу арслан ирж энэ уралдаанд шалгаруулалтанд өрсөлдсөн. Монголын тэргүүлэх зэрэглэлийн үүрэн операторын хоёр залуу бүсгүй оролцож, маш том туршлага хуримтлуулсан.
Сайн байна. Аливаа уралдаан, тэмцээнд формат, дүрэм гэж байдаг. Тэдгээрийг ойлгох, мөрдөх, дагах нь чухал. Тэгж байж амжилт гаргана. Тухайлбал, төслийн товч танилцуулга, саналаа өгөх сүүлийн хатуу хугацаа, уралдааны явцаж заавал дагаж мөрдөх дүрэм, брэндийн заавар гэх мэт. Энэ хүрээнд бүтээлч байдлаа тултал ашиглан үр дүнтэй кампанит ажил хийж, бусаддаа танилцуулан итгэн үнэмшүүлж, тэднийг дэмжлэгийг нь авч, хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Иймээс энэ туршлагыг эхлээд улсынхаа хэмжээнд тогтмол хийж төгөлдөржүүлэн, дотроо өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулж заншвал зүгээр. Үүний дараа олон улсын дэвжээ рүү гарах ёстой. Каннын наадмын үеэр Баасан гарагийн орой Залуу Арслангуудын ялагчдыг тодруулдаг бөгөөд манай наадмын оргил хэсэгт тооцогддог. Энэ жил Турк болон Венесуэл улсаас анх удаа ялагчид тодорсон. Бүтээлч байдлаа л харуулж чадах юм бол ямар ч улсын иргэн, хаанаас ирсэн гэдгээс үл хамааран дэлхийн бүх залуучуудын өмнө Каннын Арслан шагнал хүртэх бүрэн боломж бий шүү. Залуусыг дэмжих нэг жилийн сургалтын хөтөлбөр бас бий. Та бүхэн судлаад үзээрэй. Түүнээс гадна дээр дурдсан бүсийн наадмуудад оролцох хэрэгтэй. Иймээс гэрийн даалгавраа сайн хийж, бүтээлч байдлаа ашиглан ямар асуудлыг ямар үр дүн гаргаж, ямар сонирхолтой хэлбэрээр шийдэж болохыг сайн бодоорой.
Энэ жил бид 96 улсаас нийтдээ 27 мянган бүтээл хүлээн авснаас 48 улс Каннын Арслан шагнал хүртсэн. Каннын Арслангууд наадамд 79 орны шүүгчид ажилладаг. Аль болох олон орон, олон соёлын бүрэлдэхүүнийг наадамдаа оруулах нь бидний хувьд чухалд тооцогддог. Каннын наадамд бүтээлээ ирүүлэхдээ дараах хэдэн зүйлийг анхаараарай. Соёл, зан заншил, уламжлалын хувьд шүүгчид юуг заавал мэдэж, ойлгож, анхааралтай бөгөөд болгоомжтой хандах ёстойг тодотгоорой. Бүтээлч санаанд туссан зүйл чинь танай улсад анх удаа хийгдэж буй ажил уу, эсвэл уламжлалын дагуу байнгын болдог процесс уу гэх мэт. Зарим улсын хувьд түгээмэл стандарт шахуу байдал зүйл бусад улсад хориотой шахуу байдаг шүү дээ. Үүнийг шүүгчид мэдэх ёстой. Дараа нь таныг энэ бүтээлч ажлаараа ямар асуудлыг шийдэхийг зорьсон бэ гэдгийг шүүгчид үнэлдэг. Яагаад ийм кампанит ажил хийв, заавал хийх шаардлага, бодитой үндэслэл байсан эсэх нь чухал бөгөөд энэ асуудлыг яагаад тэр брэндтэй холбож уясан учир шалтгаанаа тайлбарлан нотлох ёстой. Эцэст нь таны гаргасан бүтээлч шийдэл бодит үр дүнд хүрсэн үү, нийгэмд өөрчлөлт хийж чадсан уу гэдэг нь чухал. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж орхиод ямар ч үйлдэл хийлгэж чадаагүй бол үр дүнд хүрээгүй гэсэн үг. Зүгээр л бараа бүтээгдэхүүн зарах кампанит ажил бол нийгмийн өөрчлөлт хийх зорилготой холбогдохгүй гэсэн үг. Гоё сайхан түүх таныг Каннд авч ирж болно. Гэхдээ тэрхүү түүхийг хэрхэн өгүүлж чадахаас хамаарч Каннын Арслан шагнал таны гар дээр очно. Иймээс мэргэжлийн багтай ажиллах шаардлага гарна.
Хэчнээн бүтээлч санаа, санаачилга гаргасан ч Монгол шиг жижиг зах зээл, хязгаарлагдмал нөөцтэй компаниуд дэлхийн том групп компаниуд, олон жилийн туршлагатай аварга медиа агентлагуудтай Каннын дэвжээн дээр өрсөлдөөд өрсөлдөөд барах уу гэдэг айдас байдаг. Энэ айдас, өөрсөддөө үл итгэх байдлаа бид хэрхэн давах ёстой вэ?
Гэрийн даалгавар сайх хийх ёстой. Онлайнаар маш их хичээл, туршлага судлах материалууд чөлөөтэй ашиглаж болохоор тавигдсан байгаа. Заримдаа хүмүүс эдгээр бэлэн нөөцийг ашиглаж мэддэггүй. Түүнчлэн хүсвэл жилийн 365 хоногийн турш хамтран ажиллаж, дэмжин чиглүүлэх манай баг бэлэн байж байна. Бид улс орнууд дахь төлөөлөгчийн газраа угаасаа дэмжин ажиллах үүрэгтэй. Үүнд Монгол Улс ч багтдаг. Хэрвээ та бүхэнд гайхалтай санаа бүхий кампанит ажил бүтээж үр дүн гаргасан ч Каннын Арслангууд наадам руу хэрхэн, яаж явуулахаа мэдэхгүй эргэлзэж байвал бид хэзээ л бол хэзээ үнэ төлбөргүй туслахад бэлэн байна.
Мөн шүүгч нарын дүгнэлт, шүүмж, зөвлөмжийг бид хуваалцаж болно. Өөрөөр хэлбэл, шүүгч нар яг ямар бүтээл хүсээд байдаг юм, ямар шаардлагуудыг эн тэргүүнд тавьдаг, ямар өнцгүүдийг онцолж дүгнэдэг зэргийг бид та бүхэнтэй хуваалцаж мэдээлэл өгөхдөө таатай байх болно. Манай сайт дээр шүүгч нарын ийм тусгай булан байгаа. Бид шүүгч бүртэй 30 минут ярилцаж, яагаад ямар бүтээлд хамгийн өндөр оноо өгч шалгаруулсан бэ, ямар өнцгөөр хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг оролцогчидтой өрнүүлсэн бэ гэдгийг нь яриулдаг юм. Иймээс энэ бичлэгүүдийг манай сайтаас заавал үзээрэй гэж та бүхэнд эн тэргүүнд зөвлөмөөр байна.
Мөн бидний байнга зөвлөдөг нэг зүйл байдаг. Оролцогчид бүтээлээ ирүүлж өрсөлдөхдөө шагналын ангилал, төрлүүдийг эхлээд хараад байдаг. Уг нь өөрсдийнхөө ажил, төсөл, кэйс, бүтээлч байдал дээрээ эхлээд 100% төвлөрөх ёстой. Хүсэл тэмүүлэл, зорилго, шаардлага дээрээ үндэслэж бүтээл, кампанит ажлаа сэтгэл гаргаж хийсэн байхад тэрхүү ажлыг чинь багтаах ангилал, шагналын төрөл Каннд хангалттай бий. Иймээс энэ дарааллыг битгий алдаарай гэж хэлэхийг хүсч байна. Таны бүтээл баатар чинь бөгөөд шагналын ангилал, төрөл бол тэр бүтээлийг харах линз буюу томруулдаг шил гээд ойлгоход болно. Энэ бүх түвшинд манай баг төв оффисоос монголчуудыг дэмжин ажиллахад бэлэн байгааг дахин хэлье. Шүүгч нар бүтээлч байдлыг л нэн тэргүүнд хайж хардаг. Канн бол бүтээлч байдлын фестиваль гэдгийг бүү мартаарай.
Монголчууд бид ахиц дэвшилтэй яваа. Хоёр залуу маань энэ жил Young Lions-т өрсөлдлөө. Каннд Монгол Улс өөрсдийн булангаа засч албан ёсоор түншилж оролцлоо.“Spikes Asia”-аас гадна энэ жилийн Каннын Арслангийн Outdoor ангилалд анх удаа монгол шүүгч сонгогдон ажилласан. Гэхдээ энэ бүхэн миний хувьд хангалттай биш байгаа. Учир нь Монгол Улс анхны алтан арслангаа авмаар байна. Монгол Улс Каннд ямар хувь нэмэр оруулж, ямар үнэ цэн үүсгэж чадна гэж та бодож байна вэ?
Бүтээлч байдал хил хязгааргүй оршдог. Монгол Улс өөрсдийн анхны алхмаа хийж, Каннд хүлээнд зөвшөөрөгдсөнд маш их баяртай байгаа. Хүчтэй амбиц, тууштай тэмүүлэл байна аа гэдэг чинь цаана нь ямар нэг ажил зогсолтгүй хийгдэж байна гэсэн үг. Энэ хэрээр маш том хаалгыг бусаддаа нээж өгч буй гэдгээ ойлгох хэрэгтэй. Та бүхний асуудлыг тодорхойлох, шийдэх, бүтээлчээр хандан шийдэл гаргах хандлага, арга зүй бусдаас өөр байж болно. Тэгэх тусмаа сонирхолтой, тэгэх тусам илүү бүтээлч үр дүн гардаг. Энэ дундаас л ид шидийн гэмээр амжилт бий болдог. Нэг ижил асуудлыг өөр аргаар шийдсэнийг жишээ нь Гуатемал улс та бүхнээс хараад урам зориг авахыг үгүйсгэхгүй. Эсрэгээр өөр улсын сайн жишээг та бүхэн Монголдоо амжилттай нутагшуулж хэрэгжүүлэх боломжтой. Танай хөрш улс болох Казакстан хэдхэн жилийн өмнө анхны Каннын арслан шагналаа хүртсэн. Үүнээс хойш бүсийн наадмаас Гран При зэрэг олон шагналуудыг түүхээс гадна улсынхаа бүтээлч салбарын босго стандартыг өндөрсгөж чадсан. Энэ маш чухал зүйл юм шүү. Учир нь технологийн хөгжлийн эрин үед хүний манлайлсан бүтээлч ажлууд үргэлжид чухал тооцогдсоор байх болно. Энэ ажлыг нь салбар нь, дэлхийн дэвжээ болох Канн хүлээн зөвшөөрч, шагнаж урамшуулна гэдэг нь илүү сайн, илүү сайхан рүү тэмүүлэх нийтийн зорилгын нэг хэсэг нь болдог.
Сүүлийн асуултыг танд үлдээе. Хэлж яръя гэж байсан ч би асуугаагүй үлдээсэн зүйлс байна уу?
Бүтээлч байхаас гадна амбицтай байгаарай гэж хэлмээр байна. Каннын фестиваль бол зөвхөн бүтээлч байдал төдийгүй амжилтаа хамтран тэмдэглэх, бусдаас суралцах, бусадтай түншлэх дэлхийн хамгийн том наадам юм. Бидний энэ зорилгыг ойлгож чадвал та бүхний ажил зөвхөн аль нэг бизнес эсвэл ямар нэг брэндийн төлөвлөгөөг биелүүлээд зогсохгүй нийгмийн өмнө тулгамдсан том асуудлууд болох тогтвортой хөгжил, ялгаатай, олон талт байдлыг дэмжих гэх мэт асуудлуудыг шийдэх, байгаа орчноо хэрхэн улам сайхан болгох ёстой гэдгийг мэдрэнэ. Бүтээлч байдал бизнест шууд нөлөөлдөг. Нийгэмд ч гэсэн. Энэ бүх эерэг нөлөөллүүдийн давалгааг та бүхнээс тасралтгүй хармаар байна.