2025 оны Нобелийн шагналыг эдийн засгийн салбарт Голландын эрдэмтэн JOEL MOKYR, Францын эрдэмтэн PHILIPPE AGHION, болон Канадын эрдэмтэн PETER HOWITT нар хүртсэн билээ. Агуулгыг нь уншаад байх тусам маш чухал санаанууд яваад байх юм. Товч орчуулан тоймлоё.

Сүүлийн 200 гаруй жилийн турш аж үйлдвэрлийн хэд хэдэн хувьсгал явагдаж, дэлхийн болон улс орны эдийн засаг өмнө байгаагүйгээр өссөн хэдий ч иргэдийн амьдрал өмнөх үеийнхээсээ тэгтлээ тасарч өөрчлөгдсөн нөлөө мэдэгдсэнгүй. Амьдралын чанар бага багаар дээшилж буй мэт боловч энэ өсөлтүүд удаан үргэлжлэхгүй, тэгсгээд лааны тос шиг урсаад дуусах аж. Тухайлбал, 1300 оноос 1700 оны хоорондох 400 жилийн мөчлөгийг харвал Их Британи болон Шведэд нэг хүнд ногдох ДНБ дөнгөж хоёр дахин өссөн байх юм. Гэтэл энэ хооронд өчнөөн нээлт, аж үйлдвэрийн хувьсгал, технологийн ололтууд гарч байсан шүү дээ.

Illustration

Технологийн инновацийг байнга түүдэг гал шиг тордож байхгүй  бол  хэсэг хугацааны дараа дахиж асахгүй унтраад өгдөг гэх. Тордоно гэдэг нь онолын хувьд батлахаас гадна амьдрал дээр хэрэгжүүлэх, цаашилбал арилжааны хэлбэрт оруулж, олон нийтийн хэрэглээ болгох нь чухал ажээ. Эс бөгөөд ямар ч гоё санаа цаасан хог болон мөнхөрдөг аж. Жишээ нь, Леонардо да Винчи 1400 оны сүүлээр нисдэг тэрэгний дизайн гаргаж байсан ч бодит ажил болгож чадаагүй байх юм.

Illustration

Тордож чадвал бүтээлч устгал бий болох бөгөөд үүний ачаар илүү чанартай, өгөөжтэй, хэмнэлттэй, хурдтай, сайн бүтээгдэхүүнүүд үүсч, хуучин загварууд нь зүгээр хуучраад зогсохгүй хэрэглээнээс бүр мөсөн гардаг. Технологийн инновацийн шинжлэх ухааны прогресстой уяж харилцан шүтэлцээ үүсгэж чадсан учраас сүүлийн 200 жилийн хугацаанд дээр хоёр орон буюу Их Британ, Шведийн нэг хүнд ногдох ДНБ 1825 оноос 2022 оны хооронд 2000-аас 40 гаруй мянган ам.доллар болж өсчээ. Энэ хооронд дэлхийн дайнууд, их хямрал гээд маш том сүйрлүүд болсон ч үр дүн өмнөх зуун жилүүдтэй харьцуулбал шал өөрөөр гарчээ.

Illustration

Гэхдээ бүтээлч устгал, технологийн дэвшил нэг талдаа ялагч нарыг төрүүлж байхын сацуу нөгөө талд ялагдагч нарыг бий болгодог. Хуучин технологи нь хэрэгцээгүй болохын хэрээр ашиг орлогогүй болохоо мэдсэн бүлэг хүмүүс өөрчлөлт шинэчлэл, хөгжил дэвшлийг мэдсээр байж үгүйсгэдэг. Жишээ нь, 1840 онд Франц улсад үндэсний үйлдвэрлэл, дотоод зах зээлээ хамгаалах үзэл нь туйлшраад нийгмийн өвчин болж байв. Лаа үйлдвэрлэгчид гадаадын хямд лааны импортыг хориглохоос гадна өрх бүрийг өдөр ч гэсэн хөшгөө хааж лаа хэрэглэх замаар лаа үйлдвэрлэгчдээ дэмжин, энэ нь улмаар Францын эдийн засгийг сэргээх учиртай хууль батлуулахаар парламентдаа хандан захидал бичсэн тухай онигоо ч юм уу, түүх ч юм уу байна. Бүр нарыг байхгүй болгож орчлонг түнэр харанхуй болгож чадвал Франц лааны экспортоороо эдийн засгаа суга өсгөх тухай нэг нь бурж улстөрчдөө лоббидсон тухай хэтрүүлэг ч байна. Үүнтэй адилхан хөргөгч анх хэрэглээнд нэвтэрч байхад мөс хийдэг компаниуд хөргөгчийг худалдаанаас татуулах гэж алалцаж байсан одоо сонсоход үнэн тэнэг түүхүүд зөндөө тааралдах юм аа ном сонин уншиж байхад. 

ИЙМ УЧРААС эдийн засгийн бодит өсөлтийг дан ганц тоогоор буюу ДНБ-ээр хэмжихгүй ээ, харин иргэдийн амьдралын чанараар үнэлэх ёстой гэдгийг баталсан дээрх эрдэмтэд энэ жилийн эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.

Амьдралын чанар гэдэгт эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж, хүнс хоолны чанар, цахилгаан, дулааны ашигт үйлийн коэффицент ба иргэдийн төлж буй мөнгөний өгөөж, интернэтийн хүртээмж, харилцаа холбооны боломж нөхцлүүд хамгийн багадаа чанарын үзүүлэлтэнд тооцогдох ёстой аж. Дээрх эрдэмтэд мэдлэг, мэдлэгийн урсгал өөрөө тулхтай эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр гэж мэтгэжээ. 

Illustration

Ингэхдээ Mokyr мэдлэгийг Propositional болон Prescriptive гэж хоёр хуваав. Propositional буюу томъёолсон мэдлэг нь ЯАГААД гэдэг асуултанд хариулах бол Prescriptive буюу зааварчилсан мэдлэг нь ЯАЖ гэдэг асуултанд хариулах учиртай аж. Тухайлбал, шинийг санаачлах, нээлт хийх үйл явцын зарим нь санамсаргүй хийгддэг. Гэхдээ хэн нэгэнд хангалттай шинжлэх ухааны мэдлэг байсан сан бол тэр хүн мөнхийн хөдөлгүүр зохион бүтээх, эсвэл алхими ашиглан алт үйлдвэрлэх гэх мэт хэзээ ч бүтэхгүй туршилтуудыг анхнаасаа эхлүүлэхгүй байх ёстой байжээ.

Illustration

Хүн төрөлхтөн өмнөх аж үйлдвэр, технологийн хувьсгалуудаас жигд үр дүнг нь хүртэж чадаагүй шалтгаан нь инновацууд нь голцуу зааварчилсан мэдлэг суурьтай байв. Тэр нь хүмүүс яаж юм ажиллаад болоод байгааг нь мэдээд байдаг боловч яагаад гэдгийг ухан судлах дээрээ дутуу ажиллажээ. Энэ чинь угаасаа л тэгдэг шүү дээ гэж хэлэхээс бус яг яагаад гэдгийг нь асуухаар баргийн хүн тайлбарлаж чаддаггүйтэй яг адил гэсэн үг. Гэхдээ томъёолсон мэдлэг ч гэсэн түүхэнд бичигдэх гавъяаг зөндөө байгуулсан. Нэг жишээ нь 19-р зуунд Унгарт тохиолджээ. Унгарын эмч Ignaz Semmelweis эмч, эмнэлгийн ажилтнууд ажил дээрээ зөвхөн гараа савандаж угааснаар нярайн эндэгдлийг эрс багасгах боломжтойг олж харж нэвтрүүлсэн байдаг. Гараа угааж ариутгаснаар аюултай бактерийг үгүй хийж, эсвэл эрс багасгаж болно гэдгийг мань эр магадгүй нэлээд эрт тооцож судалсан байж таарна.

Харин 16, 17-р зуунаас эхлэн хүмүүс дээр дурдсан томъёолсон болон заваарчилсан мэдлэгийг хольж ашиглаж эхэлснээр соён гэгээрлийн шат руу шилжсэн аж.

Жишээ нь, агаарын даралт болон агааргүй орчны талаар илүү ихийг мэдсэнээр уурын машинаа улам сайжруулж чадсан бол хүчилтөрөгч хайлсан төмөр ширмээс нүүрстөрөгчийн нэгдлийг бууруулдаг гэдгийг ухаж мэдсэнээр гангийн үйлдвэрлэл дараагийн шатанд шилжжээ. Харин орчин цагт хиймэл оюун ухаан дээрх хоёр мэдлэгийг холбох бат бөх гүүр болж, улмаар хүн төрөлхтний мэдлэгийн сан, архивыг сайтар удирдаж чадна гэж Mokyr үзэж байна. 

Хамгийн чухал нь Sustained (Тогтвортой) болон Sustainable (Тулхтай) өсөлт гэдгийн ялгааг маш сайн ойлгож, ялгаж салгаж хэрэглэхийг зөвлөжээ. Урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлт нь та бидний болон нийгмийн сайн сайханд зөвхөн эерэг нөлөө үзүүлдэггүй. Инновац заримдаа эсрэгээс сөрөг үр дүн үүсгэдэг. Иймээс тогтвортой өсөлт бол тулхтай хөгжилтэй адил утгыг огт заахгүй гэнэ. Хөгжлийн зарим шийдэл, шинэчлэлүүдийг анхнаас нь зөв бодлого гаргаж удирдахгүй бол сөрөг үр дагаварыг нийгэмд үүсгэх аж. Мокирын үзэж буйгаар ийм сөрөг үр дагавар нь заримдаа асуудлын шийдлийг илрүүлэх үйл явцыг зөв эхлүүлдэг боловч зөв удирдахгүй бол хүний оролцоогүйгээр технологи өөрийгөө “засаад” гэхдээ хадуураад цаашаа явчихдаг аж. Иймээс бодлого, алсын хараа, стратеги машид чухал ажээ. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, антибиотикийн тэсвэржилт, тэгш бус байдал, байгалийн нөөцийн зохисгүй хэрэглээ зэргийг бодлогоор удирдахгүй бол технологийн хөгжилд тэр чигт нь даатгаж болохгүй аж. 

Нөгөө талдаа компаниуд олноор бий болох, эсрэгээр дампуурч зах зээлээс арчигдах нь эдийн засгийн өсөлтийн зүрх нь болсон процесс гэж онцолсон байна. Энэ дундаас шинэ, шилдэг туршлагууд үлдэн улам чамбайран нийгмийн шилжилтийг түргэтгэж байдаг ажээ. Иймээс зарим нэг компани эсвэл салбарыг хүчээр авч үлдэхийг оролдох нь өөрөө урт хугацааны тулхтай хөгжлийн эсрэг үйлдэл болох бололтой. Мань эрдэмтэд патент, судалгаа, шинжилгээний ажил, зардалтай холбоотой бас маш сонин бөгөөд айхтар дүгнэлт хийжээ. Патент, зохиогчийн эрх, эсвэл худалдааны тэмдэг нь тухайн компанийг өрсөлдөөнөөс хамгаалах, монополь байлгах нэг хэрэгсэл болдог. Гэхдээ нөгөө талдаа түүнээс илүү инновац, нээлт гаргах эрх, эрх чөлөө бусад компанид бий. Хэрэв өрсөлдөгчид нь сулхан байвал гол патент эзэмшдэг компаниуд орлого, ашгаа хамгаалахын тулд түүнийгээ төгөлдөржүүлэхээр улам их мөнгийг судалгаа, шинжилгээндээ зарцуулж, шууд болон шууд бусаар хөрөнгө оруулж эхэлдэг. 

Illustration

ГЭВЧ урт хугацаандаа ингэж цутгаж буй их мөнгө инновацийн хурдыг бууруулдаг ажээ. Улмаар голлох том компаниуд эдийн засгийн өсөлтийг удаашруулах, бүтээлч устгалын хурдыг сааруулах саад тотгор болж, вакуумаасаа гарахыг хүсэхээ больж зэвэрдэг байх нь. Үүнийг өрх гэр, хувь хүний хадгаламжтэй зүйрлэн тайлбарласан байна. Жишээ нь, хадгаламжийн хүү өндөр болох тусам хүмүүс хэрэглээндээ мөнгө зарцуулахаас багасгаж хадгаламжийн дүнгээ нэмэгдүүлдэг. Энэ хэрээр эдийн засаг дахь мөнгөний эргэлт багасч, өсөлт буурч, худалдааны эргэлт зогсонги байдалд ордог. Энэ хэрээр компаниудын инновац, технологийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт үгүй болдог аж. Гэхдээ судалгаа шинжилгээнд оруулах хөрөнгө оруулалтын зохистой хэмжээний талаар хоёр талаас нь онол, магадлал дэвшүүлсэн байна билээ. Нийгэмд тустай боловч хувийн хэвшил дийлэхгүй нөхцөлд төрөөс татаас өгч дэмжих ёстой гэсэн нэг аргумент байхад нөгөө эсрэгээр яадаг ч байсна татвар төлөгчдийн мөнгийг ийм юманд зарцуулж болохгүй гэдэг өнцөг яригддаг ажээ. 

Түүнчлэн бас нэгэн чухал асуудлыг хөндсөн нь зах зээл дээр компаниуд болон бизнесийн төвлөрөлийг судалжээ. Зах зээлийг цөөн хэдхэн компани хуваан удирдаж байгаа нөхцөлд инновац зогсонги байдалд ордог. Хэт олон компани байхад мөн адилхан гэнэ. Иймээс зах зээлдээ тохирсон тооны компанитай байж бүтээлчээр өрсөлдөх орчинг бүрдүүлэх ёстой гэнэ. Эс бөгөөд технологийн хөгжил байтугай нөгөө тогтвортой өсөлт, тулхтай хөгжлийг авч ирж чадахгүй ажээ. Технологийн өндөр хурдны нэг сул тал нь ажлын байрыг олноор үгүй хийх эрсдлийг үүсгэдэг бөгөөд хөдөлмөрийн зах зээлд үүсэх шокийг заавал зөв удирдах ёстойг Нобелийн шагналт эрдэмтэд сануулж байна. 

Тогтвортой өсөлт мэдээж баталгаатай зүйл огт биш. Ийм өсөлтийг бий болгохын тулд багагүй ажиллах ёстой. Өсөлт гэхээс илүү эдийн засгийн бууралт, өсөлтгүй үеийн тухай бид голцуу ярьдаг бас мэддэг. Иймээс эдийн засгийн үргэлжилсэн өсөлтийг тэнгэрийн умдаг гэж бодохоос илүүтэйгээр бурхны хараал гэдэг талаас нь өнгийж харж байхыг сануулжээ. Учир нь бодлогоор удирдаж чадаагүй ийм өсөлтийн үед дараах эрсдлүүд гардаг аж. Тухайлбал, цөөн хэдхэн компани зах зээлийг бүрэн атгаж хяналтандаа оруулахаас гадна шинэ тоглогч оруулахгүй, шинэ өрсөлдөөн үүсгэхгүй, ирээдүйн өрсөлдөгчөө хэвлийдээ бойжиж байхад нь үгүй хийнэ. Академик орчин буюу их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаач нарын эрдмийн эрх чөлөө аандаа хязгаарлагдаж эхлэх буюу аль талд хүчээр үйлчлэх болно. Мэдлэг, мэдээлэл хүн бүрт жигд тарахгүй бөгөөд үүнийг цөөн хэдхэн хүн өөрсдийн хүрээнд зөвхөн өөрсөддөө ашигтайгаар хэрэглэдэг болно. Улмаар нийгмийн эмзэг, доод болон дунд давхаргынхан энэхүү шударга бус байдлыг эсэргүүцэн бослого хөдөлгөөн гаргах болно гэж дүгнэжээ. 

Эдгээр эрсдлийг удирдаж, урьдчилан тооцож зайлуулж чадахгүй бол нөгөө өсөлтийг бий болгож байсан машин мотороо унтрааж, бүтээлч устгал маань өөрийгөө устгаж, эдийн засаг эргээд зогсонги байдал руу орох болно оо гэнэ дээ. Иймээс хүртээмжтэй, тулхтай хөгжлийг бий болгохын тулд дээрх мэдлэгүүдээс гадна практикал болон техникийн, хамгийн гол бизнес болон арилжааны мэдлэг хэрэг болохоос гадна нийгэм өөрөө өөрчлөгдөх хүсэлтэй, өөрчлөлтөнд бэлэн байх ёстой ажээ. 

Хамгийн чухал нь тогтвортой ӨСӨЛТ ба тогтвортой ХӨГЖИЛ хоёр шал хоёр өөр зүйл шүү гэж мэтгэжээ. Зөв удирдахгүй бол нэг нь бүр нийгмийн хөгжилд сөрөг нөлөөтэй гэж байна. Энэ судалгааг дэлгэрүүлж үзье гэвэл ЭНД дараарай! Би дундуур нь өөрийнхөө ганц хоёр санаа, жишээг дураараа оруулаад өм цөм жаахан яргалаад л орчуулчихлаа.