Өглөө заншил ёсоор эмч халуун үзсэн. Бүгд зүгээр гарав. Өрөө ашгүй дулаахан хоносон байлаа. Асуудал гарсан уурын зуухны тогоогоо шөнөдөө янзалсан бололтой. Тэмдэглэл олонд хүрэхийн хэрээр манай өрөөнийхөн жаахан тухгүй болж буй нь анзаарагдав. Өөрсдийнхөө тухай биш янз бүрийн асуудлыг нь шүүмжлэн, зураг хөрөгтэй оруулаад байхаар амралтын газар болон эмч нарт асуудал үүсгэх вий гээд надад эелдэг сануулав. Тухайлбал, уурын зууханд асуудал гараад халаалтгүй хонолоо гэдгийг бичих эсэх дээр манайхан ээ л дээ, хамаагүй юм бичиж болж байгаа юм уу гэж дуугарч байсан. Үйлчилж байгаа хүн амьтныг гомдоохгүй, асуудалд оруулахгүй хүслийг нь ойлгож байгаа ч яагаад бид өөрсдөө ийм орчинд байгаа хэрнээ асуудлыг нь шийдүүлж, улам гоё болгохгүй юм аа гэхэд хэвийн нөхцөлд аваачихад нь хувь нэмэр оруулж болохгүй билээ? Энэ үйлдлээр бид хэн нэгийг рекетлэх эсвэл матах ч юм уу зүй бус, хууль бус үйлдэл хийж буй хэрэг огт биш уг нь.

Ер нь энэ жишээ ч биш, том зургаар нь харвал бид хэний янаагүй байгаа байдалтайгаа дасаад, үг хэлж, үйлдэл гаргахаа байжээ. Энэ хэрээр бид муу, муухай, стандарт бус, эсвэл хууль бус үйлдэл, орчинг байх ёстой хэм хэмжээ мэт хүлээж аваад сурах гээд байна. Сайн, сайхан болгох тухай юм ярьж бичихээр “Энэ чинь угаасаа Монгол ш д, битгий сүржигнэ” гэдэг хандлагатай үнэхээр боломгүй байна аа. Миний постны редакцийн бодлогод бүү оролц гээд л хэлчихлээ энэ хэдэд. Сүүлийн үед энэ муу хэдтэй амь л нээвэл түг так гэх гээд болсон байна лээ. Уйдаж, эсвэл эсрэгээрээ бүр дасч эхэлж байгаа юм байлгүй дээ энэ хэддээ ккк. Бүр дараа нь ухаж ойлгосон чинь ах хүүтэй барьцаад бас тэмдэглэлийн туслах дүр мүр болчих гээд надад туниад байгаа бололтой. Ирдаакцийн бодлого руу оролцохгүй шүү, оролцмоор байвал мөнгөө төл гээд дахин дахин хэлье даа энэ хэддээ:)

Орой Боловсрол ТВ-ээр Токио хотод Япон зочинтой хийсэн Синдикат ярилцлага маань гарав. Цагтаа харинтийнд орохоосоо өмнө би чинь бас хааяа зурагтаар гардаг, аятайхан залуу байсан шүү гэдгээ өрөөний хэддээ харуулж, баталж аваад санаа амарлаа. Тэгэхгүй бол нээрэнгээсээ зарим гарууд нь энэ нэг үс ноосондоо баригдсан юм сайхан нааж байна даа гээд итгэхгүй байсан юм. Гэснээс манай өрөөнийхөн дунд ТВ үздэг хүн бараг байхгүй юм билээ. Ах хүү бол сүүлийн нэг жил ТВ огт үзээгүй гэж дуугарсан шүү. Тэгсэн атлаа ах нь нэг фэйсбүүк нээдэг юм билүү гэж авч байна лээ. Санаа нь өөрийгөө л унших гээд байх шиг байгаа юм:)

Фэйсбүүк дээр миний харинтийний хугацааг сунгах аян маягийн юм өрнөх шинжтэй. Зарим нь намайг Diamond Princess рүү явуулсан бол гоё байхгүй юу ч жигшиг. Муухай дураараа юм бодох юм. Зураач Цогоо ах бол тэмдэглэлээр ном хэвлэж гаргана, гэхдээ 14 хоног хангалтгүй байна ч жигшиг. Энэ нөхдүүдтэй ах аа, эгч ээ гээд аятайхан харьцаж байгаад хоногоо дуусгаад хурдан гарахгүй бол танил тал, арын хаалга ихтэй, соц үеийн арга барилтай айхтар ах, эгч нар аягүй бол нээрэнгээсээ миний хугацааг сунгаж чадна шүү ккк. Тэмдэглэлээр ном гаргасан ч гэсэн ашгийн тэдэн хувийг чинь шууд авна гэж хэлээд сийх ч үгүй сууж байхаар л мэдрэмж төрсөн дөг зүгээр хаха. Номны ковер зургийг лав хэдийнэ Цогоо ах зурсан бололтой. Энд хавсаргав кккк.

Гээд байж байтал ашгүй олон улсын зах зээл дээрээс сонирхолтой санал ирлээ. Мяньмар найз маань гүүгл транслэйт хийгээд миний бүх тэмдэглэлийг уншаад бас хальт “фэн” болсон юм уу даа. 14 хоногийн дараа бүгдийг нь хэвлээд зохиол болгоно гэнэ ээ. Та нар итгэхгүй л дээ. Тэрийг чинь мэдээд мессенжерийн скрийн шотыг нь орууллаа. Ингээд олон улсын зах зээлд гардаг юм байжээ ккк.

Карантины хоол маань улам, бүр улам л гоё болоод байгаа. Талхаа өөрсдөө эндээ барьдаг. Хааяа гоё шив шинэ бараг халуун шахуу талх орж ирнэ. Манай байр арай хүн цөөтэй, тусдаа гал тогоотой болохоор часхийсэн гоё, чанартай хоол гарч байна. Бусад байрныхан ямар байгааг мэдэхгүй. Тогооч нь ямар хүн байдаг бол. Маш их баярлалаа гэж манай өрөөнийхөн бүгд дамжуулмаар байна.

Илчлэг ихтэй өдрийн хоолоо идээд хэсэг нам унтжээ. Унтаж босоод оройн хоолноос өмнө, нар буухаас өмнө нөгөө тагтан дээрээ гарч бөөнөөрөө агаар амьсгалав. Аз болж хажуу тагтны залуустай цуг агаарлаж таарлаа. Японоос ирсэн 4 залуу байна. Нэг нь нөгөө ирж байхдаа өмдөндөө шээх шахдаг залуу байв. За чи гарахдаа наад шээс, баасаа сайн зохицуулна шүү, хот ороогүй байхад дахиад шээе ээ гээд байв аа гэсэн хөөрхий толгойгоо маажаад инээж байна лээ. Москвагаас онгоцонд суухын өмнө бие засаад л Санзайд иртлээ 00 ороогүй юм байна. Тэгэхээр арга байж уу дээ. Бараг 7 цагийн нислэг, буугаад бид бараг энд иртлээ бараг 4 цаг болсоон. Ямар ч хүн тийм нөхцөлд орох байсан. Тэр залуу вирусээс болгоомжлоод онгоцны 00 ороогүй байх. Би ч гэсэн яг тэгсэн. Гэхдээ онгоцонд огт хоол идээгүй болохоор арай гайгүй ирсэн дээ.

Тэр өрөөний залуустай танилцаж хоёр тагтан дээр хэсэг хөгжилдлөө. Тэдний өрөө наран талдаа болохоор хамаагүй дулаахан гэнэ. Мөн ажиллагаагүй байсан тенийг өөрсдөө засаад асаагаад хэрэглэж байгаа юм байна. Бидний хажууд бол тансаг өрөөнд байгаагаа гайхуулж гайхуулж орно билээ. Гэхдээ тэдний өрөө зурагтгүй л дээ. Тенээ зурагтаар солих уу гэсэн бас тэгье гэхгүй байгаа юм аа аминдаа арчаатай “хогнууд” чинь. Карантинд орогсдын хаалттай групп фэйсбүүк дээр үүсгэн жаргал, зовлонгоо хуваалцах санааг бас ярилцав. Одоо бас дахиад нь хэн группын толгойлогч болох дээрээ өрсөлдөнө өө. Багаар ажиллана, хүн удирдана гэдэг үнэхээр ажиллагаа ихтэй юм байна аа ккк. Нэмээд удахгүй гарах гэж байгаа тул нийлээд гарахаасаа өмнө “хонхны баяр”-аа ямар хөтөлбөртэй, яаж хийх тухай ч санал солилцов. Дараагийн тагтан дээрх уулзалтаар төсөв мөнгөө хэлэлцэж батлана даа. Нөгөө тагтныхан төгрөг байхгүй иэнээр мөнгөө өгч нийлнэ гэвэл ханшийн эрсдэлд орчих гээд савласан төсөв хийгдэх гээд зовлонтой байна аа. ккк. Санхүүгийн юм хэцүү шүү.

Гэснээс надтай Жаргалантад байгаа карантинаас хүн холбогдсон. Тэд хоол унд сайтай, дулаахан, халуун устай, шүршүүрт ордог тухайгаа бичээд гайхуулна билээ. Уур, атаархал хөдлөөд тэр нэг хүнийг блоклох шахсан гэж хэхэ. Мөн өмнөх постуудаар дамжуулан доод өрөөний, хажуу байрны залуустай холбогдсон. Өөрийн эрхгүй л харинтийний мафийн толгойлогч болох зам руугаа шуудраад байх шиг ккк. Өөрийг чинь харантийний толгойлогч болговол намайг туслахаараа авах уу ч жигшиг эрээ цээргүй ДМ илгээж байдаг шүү манай доод давхрын тэр нэг ..... За худлаа худлаа. Энэ олон хүний итгэл, сэтгэлийг дааж явах бяд байх нь уу энэ чинь ч жигшиг.

Өдөр сайн унтсан болохоор орой нойр хүрсэнгүй ээ. Тэгэхээр HBO дээр Том Хэнксийн тоглосон The Terminal эхэлж байхаар нь дуустал анхааралтай дахиад үзэв. Кино дуусахад гэрээ санаад үхэх гэж байв. Эх оронгүй болсон хүн онгоцны буудал дээр гацдаг шиг эх орондоо ирсэн ч аюулт вирусаас болж гэртээ очиж чадахгүй гацсан бидний түүх чухам агаар нэгэн байлаа.

Үргэлжлэл бий...