Заншил ёсоор өглөө 8 цагийн үед эмч өрөөнд орж ирж халуун хөгжил дотор халуун үзлээ. Үргэлжлүүлж өглөөний цайгаа хүлээж байгаад уугаад ус халааж үс толгойгоо угаав. Өнөөдөр наргүй бүрхэг өдөр байсан болохоор өрөө нэлээд жиндүү байна. Үсээ арчаад ноосон малгай өмсөж аваад хөнжилдөө шургасан чинь үд хүртэл унтчихсан байна. Өдрийн хоол тансаг зоог ирлээ. Хуйцаа, төмсний хучмал.

Цонх онгойлгож болохгүй учир гадаа үүдний хаалгаа онгойлгон агаараа сэлгэж байна. Олигтой сэлгэж байгаа юм алга л байх шиг байна. Эмчдээ удаа дараагийн хүсэлт тавьж тавьж гадаа 30 минут гарах юм боллоо. Өрөөгөөрөө нийлээд хамаг байдаг зузаан хувцасаа давхарлаж өмсөөд эмчээ дуудаад гаръя гэтэл буруу ойлгосон байна. Та нарыг гадаа гаргахгүй. Зөвхөн корридорт л гарч болно гэж наадийн. Хэдэн бээвийсэн юмнууд корридортоо агаарлаж хэсэг зогслоо. Тэгсэн ашгүй хажуугийн тагттай өрөө хүнгүй байгаа тул тэр тагтан дээр гаргаж болох нь уу асууя гээд эмч яваад өглөө. Удалгүй түлхүүр авч ирэн бид карантинд ирснээс хойш анх удаа цэвэр агаар амьсгаллаа. Уйлах гэж байна лээ шүү. Наргүй ч гэсэн гадаа ямар гоё байв аа. Хагас цаг зогсоод аргагүйн эрхэнд даараад буцаад орсон доо. Эмч байнга хажууд цагдаастай. Тагтнаас үсрээд зугатна гэж боддог юм уу хаашаа юм. Эхлээд уур хүрч байснаа сүүлдээ ажлыг нь бодоод өрөвдсөн гэж. Өдөр бүр ингээд цэвэр агаар амьсгалаад байвал дархлаа энэ тэрд ядаж нэмэртэй дээ. Гэхдээ 3 давхрын балконоос усны хоолойгоор дамжаад буувал буух л юм билээ. Салхилж байхдаа “юмыг яаж мэдэх вэ” гээд бас иймэрхүү юмаа харж ажиглаад, тиймэрхүү тооцоо хийгээд зогсоод байгаа юм аа хаха.

Тагтан дээр салхилаад зогсож байхад 2 давхарын тэр нэг өрөөнийхөн их “далжигнаж” байна аа. Тас тас хөхрөөд л дан хүүхнүүд бололтой дуу нь тэрүүгээр нэг хадах юм. Гэтэл манай өрөөнийхний байж байгаа царай нь нэг нябо нь компьютер дээрээ тайлан, балансаа шивээд, нэг нь ном уншаад таг суучихна, нөгөө нь хичээлээ хийгээд нам сууна, би өөрөө бас чихэвчээ зүүгээд нөүтбүүкээ тэврээд буйдангийн буланд шигдэнэ. Гаднаас хүн амьтан сонсвол энэ өрөөнд хүн амьдардаг гэж хэлэхгүй ээ. Хамгийн уйтгартай хоёроо доод өрөөний тас тас хийсэн хоёр хүүхнээр солъё гээд эмчид тоглоом болгоод хэлсэн чинь өөрсдийгөө уйтгартай гэж бодсонууд нь тоглоом ойлгохгүй уурлаж барих гээд зүгээр ккк. Уг нь ах хүүг сольчих атгаг санаа байсан л даа хаха. Зарим хүмүүс тоглоом даахгүй юм. Зарим нь тоглож байна ч гэж ойлгохгүй юм шиг байна. Хэцүү байна өө энэ карантинд чинь. Жаахан удсан чинь өрөөнийхөн хоорондоо муудалцаад, тусдаа фракц энэ тэр үүсгэх гээд байдаг болчихдог юм байна. Нэг нөхөртэй нийлээд фракц үүсгэх гэсэн чинь толгойлогчоо сонгож чадахгүй хоёулаа хоорондоо талцсаар байгаад фракцаа үүсээгүй байхад нь тараачихлаа хаха.

Салхинд гардаг тагттай өрөөнд яагаад хүн авахгүй байгааг асуухад хүн байлгах ариун цэврийн шаардлага хангахгүй гэнэ. Цонх, хана нь нил мөөгөнцөр. Яг үнэндээ манай өрөө үүнээс илүү гарна уу гэхээс мөөгөнцөрөөрөө дутахгүй. Ингэж хэлэх гэж байгаад хэлээ хазаад зогссон. Эмчийг гомдоох байх гэж бодсоноос гадна засаг төр хамаг чадлаараа хичээж байхад муу сайн гадаадаар зугаалж яваад ирсэн дөвчигнөсөн хэдэн гарууд гэж зарим хүмүүс коммент бичнэ гэж бодоод жон жон гэхээ больсон гэх юм уу даа. Гэхдээ баримт болгоод өрөөнийхөө хоёр цонхны зургийг өмнөх постоор оруулчихсан л даа.

Гэснээс өнөөдөр анх удаа өрөөгөө цэвэрлүүлсэн шүү нээрээ. Настай байрын нэг эгч хувцас, маск, хэрэглэлтэй орж ирээд өрөөний тоос соруулаад гарлаа. Гэхдээ нойтон цэвэрлэгээ, ариутгал энэ тэр огт хийсэнгүй. Маргааш дахиад л эмчдээ хэлнэ ээ. Хажуу өрөөний тагтан дээр агаарлаж байгаад буцаад өрөөндөө орж ирэхэд манай өрөөний агаар бас л хүнд байна лээ дээ. Орой унтахын алдад эмч орж ирээд дахиад халуун үзэж байна. Манай өрөөнийхөн бүгд хэвийн гарлаа ашгүй. Эмч нар маань өдөрт хоёр гурван ч удаа орж ирж үздэг болж байна. Гарахаасаа өмнө эмч нарынхаа царайг маскгүй үед нь ганц харчих юмсан гэсэн шүү дэмий юм бас бодогддог л юм билээ:) Тэр царай марайг нь бүтнээрээ нь харж яах гээд ч байгаа юм Ккк. Баярлаж байгаа шүү эмч нартаа!

Үргэлжлэл бий...