Далай ламын нэг үг бий. “Орчин цагийн Монгол бол дэлхийн буддизмын тулгуур юм” гэж. Монголд гурван удаа дэлгэрсэн, социализмын үед шашингүй, яг үнэндээ бурхны шашны эсрэг улсаараа 70 жил явсан ч монголчуудын олонхид “үндэсний шашин” хэмээн хүлээн зөвшөөрөгддөг нь Бурханы шашин юм. Тийм учраас Дээрхийн гэгээнтний энэ үг “Монгол бол дэлхийн буддын шашинтны төв байх боломжтой” гэсэн давхар санаа, бас лүндэн маягтай. Харин бодит байдал дээр Монгол Улс өнөөдөр олон шашинтны өлгий мэт болжээ. Хуульзүй, дотоод хэргийн яамны цахим сайтад дэлгэсэн албан ёсны зарим тоо баримт үүнийг илтгэнэ.

Сүм хийд

Нийт зургаан төрлийн шашны 20 гаруй урсгал Монголд үйл ажиллагаа явуулж буйг тус яамны шалгалтаар тогтоожээ. Эдгээр нь 848 хуулийн этгээдэд бүртгэлтэй ба тэдний  54.2 хувь нь христийн, 34.6 хувь нь буддын, 5.1 хувь нь исламын, үлдсэн 6 хувь нь бусад чиглэлийн шашны байгууллага байна. Энэ 848-аас 352 шашны байгууллага нь албан ёсны зөвшөөрөлгүй гэжээ. “Зөвшөөрөлгүй” гэдэг бол Монгол дахь шашны үйл ажиллагаа хэт замбараагүйг, сүм хийд байгуулах нь нарийн зохицуулалтгүйг илтгэнэ. Харин зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээс үл хамаараад улсын хэмжээнд талаас илүү нь христийн, гуравны нэг нь буддын шашны сүм хийдүүд байгаа нь асуултын тэмдэг юм. Эндээс нийслэлд бүртгэлтэй шашны байгууллагуудын 61 хувь нь, зөвхөн Баянзүрх дүүрэгт байх 92 шашны байгууллагын 65 нь христийн шашны сүм байгаа нь бүр анхаарлын тэмдэг гэмээр.

Шүтлэг бишрэл

 Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав л ордог Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2003 онд Ажлын албаараа дамжуулан нэгэн судалгаа хийжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 66.8 буддын шашин шүтдэг гэж хариулж байж. Харин үүнээс хойш долоон жилийн дараа 2010 онд улс даяар явуулсан Хүн ам, орон сууцны тооллогоор буддын шашин шүтдэг гэсэн дээрх 66.8 хувь нь 53 хувь болж буурчээ. Үүнээс хойш 8 жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар буддын шашин шүтдэг Монголчуудын тоо хэрхэн өөрчлөгдсөнийг нарийн мэдэхгүй ч, дээрх 53 хувь буурсан байх магдалал нь илүү. Учир нь, сүүлийн  хоёр жилд зөвхөн Улаанбаатарт шашны 44 байгууллага шинээр байгуулагдсаны дийлэнх нь христийнх болохыг яамны Ажлын хэсгийн дүгнэлтэд тодотгожээ. Энгийнээр бодоход эрэлт, зах зээл нь байгаа учраас л ийм олон сүм үүд хаалгаа нээсэн байж таарна. Гэтэл Улаанбаатарт сүүлийн хоёр жилд 44 сургууль юмуу, мөн тооны цэцэрлэг шинээр байгуулагдлаа гэж сонсоогүй.  

Лам санваартан

Үндэсний статистикийн мэдээллээр 2016 оны байдлаар 1731 лам санваартан бүртгүүлсний 1327 нь буддын, 345 нь христийн, 46 нь исламын, 13 нь бусад шашных гэжээ. Тэднээс гадна хувиараа шашны зан үйл хийдэг үзмэрч, зөн билэгтэн, бөөгийн шашны удган, зайран зэрэг иргэд олон. Сүсэг бишрэл бол төрийн захиргаадалт, албадлагаас хүчтэй. Өрх бүрийг компьютержүүлнэ, айл болгон Морин хуур, “Нууц товчоо”-гоо зална гээд л Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Хэдэн айл хэрэгжүүлснийг мэдэхгүй. Харин хуучин цагт айл болгонд нэг лам байсан гэдэг шиг орчин үед бөөн юм болж бөө төрүүлсэн өрхийн тоо илүү олон байж ч магадгүй л юм.

Эдгээр тооны хүрээнд хийх дүгнэлт бол Монголд өнөөдөр:

  • Буддын шашныг шүтэгсэдийн тоо буурч, христэд итгэгчид нэмэгджээ.
  • Сүм, хийдийн тоогоор христосын шашных олон болжээ.
  • Уламжлалт, үндэснийх учраас буддын шашны лам нар нь олон байна.

Үүнийг ерөнхийд нь, “Орхимж үнэгүйдэж, хар нөмрөг үнэд оржээ”, “Далай ламын хэлснээр Монгол Улс дэлхийн буддизмын төв нь байх боломжоо алдаж байна” гэх зэргээр сүржин дүгнэх боломжгүй бөгөөд тийм эрхгүй юм. Харин Монголчуудын сүсэг бишрэлийн хүндийн төвд буддын шашин цаашид хэвээр байх, эсвэл үгүйд, хэрвээ байна гэвэл Бурханы шашнаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс дэмжих ёстой юу, үгүй юү гэсэн асуулт гарна. Хэн хариулахыг мэдэхгүй. Гэхдээ төр, шашин хоёр холын танилууд шиг явах ёстой ч, өнөөдрийнх шиг огт танихгүй мэт явбал улам л холдоно. 

Судалгаагаар дэлхийн нийт хүн амын 84 хувь нь ямар нэгэн шашин шүтдэг. Арван хүн тутмын 8 нь гэсэн үг. Тэдэнд Монголын сүсэгтнүүд багтана. Шашин шүтдэг нийт хүмүүсийн 76 хувь нь шашныг ямар нэгэн байдлаар  хязгаарласан улс оронд амьдардаг байна. Энэ нь бас судалгаа бөгөөд энд харин Монгол Улс багтахгүй. Монголд амьдарч, ажиллаж байгаа хэн боловч шүтэх эрх чөлөө нь нээлттэй, ямар нэгэн хориг, хязгаарлалтгүй. Үүнийг гуравхан ерөнхий ойлголтоор Монгол Улсын Үндсэн хуульд суулгаж баттай хамгаалсан байдаг. Эхнийх нь, “...хүн бүр шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй”, нөгөө нь, “...төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ”, харин гурав дахь нь, “... шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж үл болно” гэж. Үндсэн хуулиар хамгаалагдсан энэ эрх чөлөөнд төр засаг ч халдах, хязгаарлах эрхгүй. Гэхдээ Монгол Улсаа шашны мөргөлдөөнгүй байлгах нь төрийн үүрэг. Сүүлийн 100 жилийн түүхээр нь авч үзвэл Монголд төр, шашин хоёр тэрсэлдэж байснаас бус, шашны мөргөлдөөн гарч байсангүй. Энэ нь сайн хууль, дүрэмтэйнх бус, гагцхүү Монгол Улс ганцхан шашныг хүлээн зөвшөөрч, шүтэж ирснийх юм. Гэтэл өнөөдөр бүх шашныг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн байхад, бүгдээрээ нийлж шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг уриалдаг хэсэг хүмүүс бий. УИХ-д христийн шашинтай гишүүн ч бий. Христэд итгэгч хуульчдын бүлэг байдаг гэж сонссон. Тэдний шүтэх эрхийг мэдээж хүндэтгэнэ. Гэхдээ зарим зүйл дээр хэм хэмжээ, мөнхүү мухар сүсэг ба шүтлэг бишрэлийн ялгаа, зохицуулалт хэрэгтэй болсон шиг санагддаг. Малчин аав ээж нь хотод сурдаг оюутан хүүхэддээ өвлийн идэш явуулахад нөгөөх нь “Идэх хоол илгээсэн Ертөнцийн эзэндээ баярлалаа” гээд залбирсан тухай уншиж л байв. О.Баасанхүү гишүүний зохион байгуулсан МАХН-ын их хурал гэгчид орон нутгаас Христийн сүмийнхэн олноор иржээ гэсэн мэдээ гарч л байв. Монголд өнөөдөр гоё нэрийн дор аль нэгэн шашныхан нэгдээд нам байгуулах, эсвэл хэд хэдэн сүм хийд нийлээд аль нэгэн намыг дэмжигчдийн  холбоо байгууллаа гэхэд түүнийг мэдэх боломж, хориглох хууль бараг л байхгүй. Шашны зан үйлийг сонгуульд ашиглахыг л хуулиар хориглосон. Гэтэл бусад олон оронд шашны байгууллагыг улстөрийн үйл ажиллагаанд  оролцох, эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хориглож, шашны байгууллагууд нь улс төрийн хүчин болох вий гэдгээс ихэд болгоомжилдог байна. Учир нь шашин бол ямарч нийгмийг бүтээн байгуулах чадах оюун санааны хамгийн хүчтэй зэвсэг гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Олон ч номонд тэгж бичсэн харагддаг. Тэгэхээр “Айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр монголчууд бид шашны талаарх уламжлалт ойлголтоо өөрчлөх цаг болсныг дээр өгүүлсэн зарим тоо илэрхийлэх биз ээ.

Манай улс шашны харицлааг зохицууласан ганцхан хуультай. Тэр нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль. Нэрнээс харвал төр, сүм хийдийн буюу байгууллага хоорондын харилцааг зохицуулах зорилготой хууль. Одоо энэ хуулийг Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хууль болгон шинэчлэн найруулж төслөө УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль хуулийг баталж байх 1993 онд Монгол Улсын хэмжээнд сүм хийдийн тоо ердөө 93 байжээ. Өнөөдөр түүнээс 3 дахин их буюу 2016 онд 360 сүм хийд тоолуулж. Хуульзүй дотоод хэргийн яамны шалгалтаар илрүүлсэн дээрх шашны 848 хуулийн этгээд бол бүгд сүм хийд биш бөгөөд энд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй олон улсын ТББ бас багтана.  Яамны сайтад “...эдгээр 848 хуулийн этгээдийн 352 нь ямарч зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж байсныг шалгалтаар тогтоолоо...”, “...өөр нэрээр халхавчлан хэчнээн ТББ шашны үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлох боломжгүй...” гэжээ. Ерөнхийлөгчийн Соёл, шашны асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Хулан саяхан хэвлэлд  өгсөн ярилцлагадаа мөн иймэрхүү санааг дурдсан харагдсан. Яам, Ерөнхийлөгчийн зөвлөх хоёрын энэхүү ижил хоршил цаанаа ямар “подтекст”-тэйг мэдэхгүй ч, албаны үгээр энэ нь “ноцтой л өгүүлбэр” шиг санагдаж байна. 

Эндээс одоо бидний өмнө Монгол Улс:

  • Урьдын адил шашны мөргөлдөөнгүй улс хэвээр байх уу ?
  • Өнөөдрийнх шиг шашны асуудал нь замбараагүй явах уу ?

Энэ хоёр асуултын өмнө иржээ. Иргэдийнхээ шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд халдахгүйгээр Монгол Улсаа шашны мөргөлдөөнгүй, зөрчилгүй улс байлгах нь төрийн л үүрэг. Төрөөс тавих хяналт нь сул байвал шашны байгууллагууд улс төрийн нам хүчин болох гээд байдаг тухай, ийм зарим жишээг уншсан хүн цөөнгүй байх аа. Бас ямарч төр, засаг нь тухайн шашныг бус,  зөвхөн иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалахын тулд л шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг гэдгийг бүх шашинтнууд ойлгодог, мэддэг л байх.

Эцэст нь, Далай багшийн хэлснээр  Монгол Улс бурханы шашинтны тулгуур, бас төв байх боломжоос татгалзах, үгүйсгэх монгол хүн байхгүй болов уу. Их хөлгөний шашны гурван том институтийн нэг Халхын Х Богд Монголоос тодорч, Монголд байвал “тулгуур, төв”-ийн тухай энэ үг бүр л баталгаажина. Шашин ном, шүтлэг бишрэл, бусад шалтгааныг нь тооцохгүй байлаа гэхэд дэлхийн буддистуудад хүлээн зөвшөөрөгдсөн Х Богд Монголд байхад  хамгийн наад зах нь эдийн засаг, аялал жуулчлал. Монголчуудын л гэхэд хойшоо Итгэлт хамба, урагшаа Утай Гүмбүм явдаг урсгал татарна, манай хойд хөршид байх 1.5 сая орчим буддистуудаас наашаа жуулчилна. Энгийн энэ жижигхээн жишээгээр бодоход шашин бол хувь хүний шүтлэг дээр суурилсан оюун санааны хамгийн хүчтэй зэвсгээс гадна аялал жуулчлалаар мөнгө хийж болох бас л том эдийн засаг ажээ. 

Иймд айл өрх хүртэл аливаа зочин угтах, аль нэгэн тойм үйл явдал-баярын өмнө гэр орноо цэвэрлэж, ундуй сундуй бүхнээ цэгцэлдэг. Түүнтэй нэгэн адилаар Х Богдыг тодруулна гэхээсээ өмнө 25 жил явсан хуулиа сайжруулж, замбараагүй явсан шашны асуудлаа цэгцлэх субботник хийх нь зөв дараалал, ойрын илүү бодитой ажил ч байж магадгүй л юм.