Эрх баригч МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу АН хамтарсан Засгийн газраас гарч, парламентын олонхи Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газраа эмхлэх ажилд ороод байна. Парламентад суудалтай гурван намаас бүрдэж, түүхэндээ хамгийн том бүтэц, бүрэлдэхүүнтэй /19 яам, 23 сайдтай/ байгуулагдсан хамтарсан Засгийн газар хэдий богино хугацаанд ажилласан ч хийж хэрэгжүүлсэн ажил нь чамлахааргүй.

МАН-ын эрх барих дээд байгууллага буюу Бага хурлаас “Сонгуулиар олонхи болсон нам дангаараа Засгийн газраа байгуулах нь зүйд нийцнэ” гэж үзсэн учраас шинээр бүрдэх Засгийн газрын хувьд өмнөхөөсөө цомхон байхаар болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, намуудын хамтрал дор байгуулагдсан Үндэсний хороод буюу яамгүй сайд нарыг хамгийн түрүүнд татан буулгах биз. Тиймээс тэдгээр Үндэсний хороод ямар чиг үүрэгтэй явж, юу хийж бүтээсэн талаар товчхон ч атугай дурьдах нь зөв байх.

Өмнөх парламентын үед ажиллаж байсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны чиг үүргийг өргөтгөж Хорих минутын хот Үндэсний хороог байгуулсан. Товчхондоо 1,6 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, зам харилцаа, дэд бүтэц, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах бодлогын асуудлуудыг Хорин минутын хот Үндэсний хороонд хариуцуулсан. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Р.Эрдэнэбүрэн сайд Үндэсний хорооны веб хуудсаар тайлагнажээ.

Хамгийн нэгдүгээрт, хот байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтэн, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан боловсруулсан “Хорин минутын хот Үзэл баримтлал”-ын баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсныг дурьдсан байна. Үзэл баримтлал батлагдсанаар иргэд оршин суугаа газраасаа 20 минутын дотор нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг авах, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-аар батлагдан гарч байгаа хуулиуд энэ үзэл баримтлалын хүрээнд хийгдэнэ гэсэн үг.

Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль болон бусад дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар удирдах боломжтой болох юм. Энэ асуудлаар “Хорин минутын хот” Үндэсний хорооноос санаачлан Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай” өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газрын шуурхай хуралдаан дээр танилцуулсан.

Тухайн үед “Нийслэлийн хэмжээнд туршилтаар тавигдаад буй 44 камерт сарын дотор 150 мянга гаруй замын хөдөлгөөний зөрчил илэрдэг” гэх мэдээллийг хийж байв. Энэ бүх зөрчилд нэг бүрчлэн хариуцлага тооцогддог уу гэвэл үгүй. Учир нь одоо байгаа хуулиар камерт бичигдэж байгаа зөрчлүүдийг баталгаажуулахын тулд заавал нэг “эрх бүхий албан тушаалтан” бичгээр баталгаажилт хийж байж торгууль бичигддэг. Нийслэлийн хэмжээнд ердөө 15 тооны эрх бүхий албан тушаалтан өдөр шөнөгүй ажиллаж байж энэ 150 мянган зөрчлийн ердөө 7000 дээр нь баталгаажилж хийж амждаг. Энгийнээр хэлбэл “аз нь хаясан 7000”… Үлдсэн 143 мянга нь ямар ч хариуцлага хүлээхгүй, тэр байтугай зарим нь зөрчил гаргаж эсэхээ ч мэддэггүй, ажирдаггүй байх. Энэ шалтгаанаар замын хөдөлгөөний зөрчлийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр нь ч гэсэн түгжрэлийн бас нэг шалтгаан болдог.

Сүүлд нийслэлийн гэрлэн дохио бүхий 176 уулзварт шинээр байршуулсан 2606 камерт өдөртөө 1 сая, сардаа 30 сая зөрчил бүртгэгдэж байгаа, тэдгээрийг баталгаажуулахад 3000 цагдаагийн алба хаагч нэгэн зэрэг ажиллах хэрэгтэй гэсэн байдаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүний тал хувь нь “торгууль бичих” ажилд дайчлагдана гэсэн үг. Тийм хэмжээний хүний нөөц манайд байхгүй. Тийм илүүдээ гарсан зардал ч гэж хаа байхав.

Тэгэхээр энэ давхардлыг арилгаж, зөрчил гаргаж камерт бүртгэгдсэн л бол торгуулийн хуудас хүлээж авдаг байх чиглэл рүү явна гэсэн үг.  Нийтээрээ хөдөлгөөний зөрчилгүй зорчоод сурчихвал тэр хэмжээгээр замын ачаалал, түгжрэл тодорхой хэмжээгээр (38 хувиар гэж тооцсон байдаг) буурах боломжтой. Яг ийм зорилгоор хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх юм. Одоо холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл нь ч бэлэн болгоод байгаа юм байна. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн шинэлчлэлт, өөрчлөлтүүдээс зайлшгүй үргэлжлүүлэх, үр дүнд хүргэх ёстой ажлуудын нэг.

Учир нь нийслэлийн түгжрэл бол нэг яам, Үндэсний хороонд хамаарах ажил биш, нийт иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа том бэрхшээл. Харин энэ асуудлыг үргэлжлүүлж авч явах, ажил хэрэг болгох үүргийг шинэ Засгийн газраас аль яам, тамга нь авч явах юм бол?

“Хиймэл оюун” гэдэг бол цоо шинэ, эсвэл ойлгоход хэцүү зүйл огтоос биш. Бэлэн байгаа өгөгдөл буюу замын ачаалал, хөдөлгөөний эрчмээ тооцоолоод зохицуулалтаа хийгээд явчихна. Гэхдээ үүнд хүний оролцоо шаардахгүй, уулзварууд дээр цагдаа зохицуулахгүй. Наанадаж цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэгдэнэ, цаашлаад зохиомлоор түгжрэл үүсгэхээ болино. Асуудал нь ч, шийдэл нь ч энгийн.

Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тусгай замын автобус (BRT) явуулах төслийг өнгөрөгч оны долдугаар сараас эхлэн төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан. Энэ нь нийслэлийн бүтээн байгуулалтын 24 мега төслийн нэг болон хэрэгжихээр төлөвлөгдчихсөн. Үүний тулд уулзваруудыг дахин инженерчлэх (олон түвшний уулзвар, давхар уулзваруудыг бий болгох) ажлыг санаачилж, зураг төслийг боловсруулсан. Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камер бүхий  автомат хяналт, удирдлагын системийг нэвтрүүлсэн.  

Гэх мэтчилэн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, судалж боловсруулсан ажлуудаа Хорин минутын хот Үндэсний хороо өөрийн вэб хуудсаар дамжуулан тайлагнасан байна. Парламентын олонхи, мөн шинээр томилогдсон Ерөнхий сайд “Засгийн газраа дангаараа бүрдүүлнэ” гэдэг байр суурьтай байгаа учраас Хорин минутын хот Үндэсний хороог татан буулгаж таарах байх. Аль нэг сайдад хариуцуулах байх. Хамгийн гол нь хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Энэ бол Хамтарсан Засгийн газраас шинэ Засгийн газарт үлдээж буй “өв” юм. Ерөнхий сайд Г.Занданшатар ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай билээ. Зун намрын зургаан сарыг зүгээр сууж битгий алдаасай.

inews.mn