Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн даргаар Л.Наранбаатарыг томилсон үеэс эхлээд л тэрхүү томилгоонд тун ёозгүй хандаж байсан хүмүүсийн нэг нь миний бие мөн. Үүнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тоон үзүүлэлт хараад их сонин сэтгэгдэл төрөв. Хэрвээ…Хэрвээ шүү. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр “сахал” Д.Эрдэнэбилэгт хэвээрээ байгаад, тэрбээр Гүйцэтгэх захирлаараа Л.Наранбаатарыг аваад ажиллуулсан бол ямар богино хугацаанд ямар амжилт гаргасныг нь хараад шагнах байсан байх. Яагаад гэвэл нэг жилийн дотор 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэдэг чинь тоглоом биш шүү дээ. 

Төр бол өөр. Татварт л гэхэд 30 гаруй тэрбум төгрөг төлөөд, шахааг нь дэлгэж “шүгэл үлээгээд” байхад л АТГ-т шалгуулаад, нэгжээд, элдвээр шахаж дарамтлаад үйлийг нь үзээд байгаа харагдана. Ингэхэд түүний үлээсэн “шүгэл” юу байв аа? Төрөөс “өгсөн” ТУЗ-ийн гишүүд нь энэ үйлдвэрийг өөд татахын төлөө юу хийв гэдэг бас сонин. “Шүүр” ажиллагаанд өртөөд ажлаас чөлөөлснийх нь төлөө ажилчдад лоозон бариулж зургийг нь аваад “эсэргүүцлийн” сурталчилгаандаа ашиглаад байгаа тэр нөхөд цэвэр хүмүүс мөн үү гэвэл тун ч эргэлзээтэй байхаар баримтууд олдсоор байна. 

Цемент худалдан авах дарааллыг зөрчиж компани оруулаад цемент өгчихөөд түүнийхээ тонн тутмаас үнийн зөрүү үүсгэж, хувь дансандаа 12 сая төгрөг авсан дансны хуулга нь энд байна. Үүний талаар нийтэд дэлгэх боломжгүй нотолгоонууд ч бий. Мөн ТУЗ-ийн дарга нь компанийн өмчлөл дээрх автомашиныг хувийн зориулалтаар ашиглаж төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн дансны үзүүлэлтүүд ч байна. Цемент авах хүсэлтүүдэд хэн гарын үсэг зурж, хэмжээг тодорхойлж шийдвэрлэдэг байв? Өнөөх л “шахааны хүмүүс”-ийн гарын үсэг дурайж байна. Ийм олон баримт байхад одоо тэдгээр “шахааны хүмүүс”-ийг зайлшгүй шалгах шаардлагатай байгаа биз? Гэтэл ТӨБЗГ-ын дарга нь ч орон гаран мэдээлэл хийгээд, шүүхээр тогтоогдоогүй ховын үгээр Л.Наранбаатарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаан зарлаж байгаагаас үзэхэд “дээрээсээ” тус үйлдвэр ашигтай ажиллаад байгаагаас болоод албан тушаалыг нь булаах сонирхол, “дороосоо” шахаа хийхэд нь шүгэл үлээдэггүй, саад болдоггүй удирдлагатай болох “шаардлага” тэдэнд тулгараад байгаа бололтой юм.

“Шүүр” ажиллагаа бол Л.Наранбаатарын бодож олсон зүйл биш. Засгийн газар, АТГ-ын төрийн өмчид гараад байгаа гэмт үйлдлүүдтэй тэмцэх, нийтийн өмчөө хамгаалах, хууль зөрчиж томилогдсон зарим хүмүүсийг халж цомхотгох акц байсан. Үүнийг төрийн өмчийн компанийн удирдлагаар ажиллаж байгаа хүн биелүүлэх ёстой. Харин ингэснийх нь төлөө байгууллага дотроос нь элдэв хуйвалдаан, зохион байгуулалттай эсэргүүцэл бослого гаргаж байгаа тэр бүлэглэл маш “но”-той байна. 

Яагаад ТӨБЗГ-ын даргад Хөтөлөөс ирж тэр үйлдвэр болохоо байчихаад байгаа мэтээр мэдээлэл өгөв, бас яагаад ТӨБЗГ-ын даргыг тус үйлдвэрт очиход нь “зуух галлаж” үйлдвэрийг хэвийн ажиллуулсных нь төлөө нэг дарга нь нөгөөгөө “шүүгээд” сууж байдаг билээ? Яагаад төрийн өмчийн энэ компани “ажиллагаагүй зогсож байгаа” мэтээр ТӨБЗГ-ын даргад ойлгуулах, харлуулах сэдэл төрөв? Энэ бүхэн үйлдвэрлэлийн гэмт хэрэг биш юм уу? Хувийн үйлдвэрийн удирдлага ийм гэмт хэрэг гаргасан хүнийг шууд шүүхэд өгч хохирлоо төлүүлнэ. Төрийн мэдлийн үйлдвэрт харин яадаг юм бол?

Өнөөг хүртэл бид өмч төрийн мэдэлд очихоор мууддаг гэж боддог, ярьдаг байв. Гэтэл Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрт нөхцөл байдал нь өмнөх он жилүүдийн түүхэнд байгаагүй ололт, амжилтуудыг авчирчихжээ. Үүнд хэн, юуны учир дургүйцээд байгаа юм бэ?

Үнэн хэрэгтээ Засгийн газраас, МАН-аас Л.Наранбаатар өөрөө гуйж энэ үйлдвэрийн дарга болоогүй. Үүнийгээ телевизийн ярилцлагаар удаа дараа хэлж байсан. Тэгж яривал түүний ажлаа хүлээн авсан цаг үе яг л “Торгуулийн суман” шиг, гадаад дотоод нөхцөл байдал нь дэндүү хүнд үе байлаа. Ковидын нөлөөлөл хэвээрээ, барилгын сезон орчихоод байхад цементийн үйлдвэрээ яаж ажиллуулах вэ, хэнийг ажиллуулах вэ, ажилчдынхаа хувийн асуудлыг нь яаж шийдвэрлэх вэ, Дарханы замыг дуусгах цементийг хангах, барилгын салбарт шаардлагатай цементийг аль болох нам дор үнээр худалдаалах гэхчлэн тал талын давагдашгүй хавчлагыг даваад оны эцэст ашигтай ажиллуулчихсан амжилт нь Л.Наранбаатарын өнөөдрийн “дайсан” болчихоод байна. 

Ийм үед нь анхнаасаа хувийн үйлдвэрийг төрийн өмчид авч ажиллуулахаар шийдвэрлэсэн, тэр тусмаа Л.Наранбаатарыг томилж удирдуулахаар шийдсэн тэр Засгийн газар энэ зүй бус “зодоон” дээр байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Олон нийтийн өмнө хэд хоногийн турш ТӨБЗГ-ын дарга нь авч ч болохгүй, хаяж ч болохгүй орон гаран мэдээлэл хийж төрийн өмчит компанийн захирлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан шүүлээ. Юу гэж бодож байна, Ерөнхий сайд аа? Та хэнийг томилчихсон юм бэ? Хэний, ямар эрх ашиг танд чухал вэ гэдэг дээр үгээ хэлэх хэрэгтэй байна. 

Нөгөө талаар “Шүүр” ажиллагаа, “Шүгэл” ажиллагаа чинь шүгэл үлээсэн, шүүрдсэн дарга нарын гэрт нэгжлэг хийхээр эхэлж байгаа юм бол яаж дуусах нь асар ойлгомжгүй байгаа юм. Яагаад гэвэл тэдгээр дарга нарыг Засгийн газар л томилсон. Харин ч тэдний үлээсэн “шүгэл”-ийн дагуу хэн, ямар үнээр үйлдвэрээсээ “хулгай хийж” цементийн үнэ дээр хувийн дансандаа ашиг хийв? Хэн төмрийн хаягдлыг худалдахдаа хувьдаа ашиг хонжоо олов? Хэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж албаны машиныг хувьдаа шилжүүлж, шатахуунаа үйлдвэрийн зардлаас гаргуулж зугаалав? Хэн тус үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, зуух ажиллалаа гэж цухалдаад байна вэ гэдгийг шалгах ёстой. Энэ бүхнийг холбогдох байгууллагаар шалгуулж байж төрийн өмчит компанийг ашигтай, амжилттай ажиллуулсных нь төлөө тэр менежерийг яаж “шийтгэхээ” шийдсэн нь дээр байх.

 Дахин хэлэхэд хэрвээ Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хувийн компани байсан бол маш богино хугацаанд ашигтай ажиллуулж, ажилтан ажилчдынх нь асуудлыг шийдвэрлэсэн энэ захирлыг ТУЗ нь яаж шагнах байсан бол? Харин Төр яаж “шийтгэх” бол?