Намайг “Эрх чөлөөт Оргио” гэдэг. Энэ бол сошиалд үзэл бодлоо илэрхийлдэг хаяг минь юм. Энэ бол хязгааргүй эрх чөлөөтэй гэсэн үг биш, хариуцлага, сахилга баттай байж эрх чөлөөгөө эдэлнээ гэсэн агуулгатай. Миний нийтлэл бүгдэд таалагдах албагүй. Харин аль болох олон хүний эрх ашгийн төлөө бичих нь миний зорилго. Энэ удаад сүүлийн өдрүүдэд зөндөө их шүүмжлүүлсэн цагдаагийн байгууллагын талаар хэдэн үг хэлье гэж бодлоо.

Эрүүгийн цагдаагийн газрын нэг дарга нийтийн өмнө мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийсэн орой нь нэгэн сайтаас тухайн цагдаагийн даргыг “хятадуудаас захиалга авч, зэвсэгт халдлага үйлдсэн этгээдийг хохирогч болгож мэдээлсэн үү” гэсэн гарчигтай видео нэвтрүүлэг хийгээд фэйсбүүкийн пэйж хуудсаар цацаж гарав. Өөрөөр хэлбэл, түүний танилцуулсан мэдээлэл “таалагдаагүй” бололтой юм. Хэвлэлийн бага хурал дээр хийж буй мэдээллийг нь өөрсдийн хүссэн тайлбартайгаар мэдээ хийж түүнийг “шүүж” тайлбарлалаа. Мөн яг тэр орой бас нэг цагдаагийн ажилтан, мөрдөн байцаагчийг “тус сайтын сэтгүүлчийг хорьж байцаахдаа эрүүдэн шүүж зодсон” гэх гүтгэлгийг тараасан юм. Ингээд анхаарал татсан хэрэг. Мэдээллийн сайтын тухайд нийтлэлч миний 11 дүгээр сард бичсэн нийтлэлийг эх сурвалж ч дурдалгүйгээр өөрийн сэтгүүлчийн бичсэн ажил мэтээр сайтдаа байршуулаад, би өмнөөс нь ичихийн сацуу, гол нийтлэлээ сольсон эсэхийг сонирхон орж хараад даруй таван сарын хугацаа өнгөрч байна. Бусад мэдээ мэдээлэл нь цаг үеийн “цагаан” мэдээ, мэдээллүүд болон цагдаагийн байгууллагын талаар тогтмол нийтэлдэг нь анзаарагддаг. Тэгэхээр тус сайтад сэтгүүлчээр ажилладаг иргэнийг цагдаагийн байгууллага холбогдох гомдлын дагуу гэм бурууг үйлдсэн эсэхийг нь шалгах явцад тухайн хэргийг шалгаж буй байцаагчийг гүтгэн мэдээ мэдээлэл тарааж байгаа нь өөрөө хууль зөрчсөн хэрэг биш юм уу?
Яг үүнтэй зэрэгцэн Хэлмэгдлийн хөшөөний өмнөх эсэргүүцлээ илэрхийлж байсан иргэнийг баривчилсан, ОХУ-ын ЭСЯ-ны өмнө үзэл бодлоо илэрхийлж байсан хоёр ч иргэнийг цагдаагийн байгууллагын ажилтан бүртгэлтэй эсэхийг нь шалгасан зэрэг асуудлуудтай нийлүүлээд цагдааг ерөнхийд нь “харлуулах” давалгааг эхлүүлсэн нь анзаарагдсан. Би өмнө нь ч бичиж байсан. Цагдаагийн байгууллагаар, цагдаагийн удирдлагуудаар ямар үед их “оролддог” вэ гэхээр улстөрчид олноороо гэмт хэрэгт холбогдох үед л тэгдэг. Үүнийг өмнөх Цагдаагийн дарга нарыг огцруулж байсан түүхүүд нотолдог. Ойрын үед Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг гэхчлэн улстөрчидтэй холбоотой хэргүүд хөвөрсөөр байгаа нь энэ удаагийн “цагдааг гутаах” ажлын “шалтаг, шалтгаан” байх магадлал өндөр байна. Гэтэл тэдэнд ч бас үнэлж хүндэтгэх нэр хүнд, хувь хүний нууц, бусад гүтгүүлэн доромжлуулахгүй байх Үндсэн хуулиар олгогдсон эрх бий. Тэр эрхийг нь хэн хамгаалах юм бэ? Яагаад тэд “зодуулж байх үүрэгтэй” болчихов. Угтаа өнөөдөр цагдаагийн байгууллагыг гутаан доромжилдог хэн ч байсан аюул тулгарахад цагдаагаа л дуудна. Тэгэх ч эрхтэй. Эрхээ хамгаалуулахдаа үүргээ бас битгий мартаарай гэдгийг л сануулах ёстой юм.
УИХ-аас баталсан Жагсаал цуглааны тухай хуульд зааснаар “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэдэг л асуудал бий. Ингэж бүртгүүлэхдээ жагсаал, цуглааныхаа зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана. Тухайн Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ. Засаг даргад бүртгүүлсний дараа жагсаал, цуглаан хийх талаар зарлан мэдэгдэнэ” л гэсэн байдаг. Энэ бүртгэлийн утга учир нь тухайн жагсаал, цуглааны үеэр, түүнийг зохион байгуулагч нь нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадах эсэх тухай л баталгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн жагсаал, цуглаанд нь оролцож буй хэн нэгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл гаргахад өмнөөс нь хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ баталж чадахгүй бол яах вэ? Зохион байгуулагч нь зугтчихаад байхад оролцогч иргэн бусдад болон бие биедээ дайсагнасан үйлдэл гаргаад байвал хэн хариуцах вэ?
Нөгөөтэйгүүр төв талбайд жагсаал боллоо гэхэд Төрийн ордны арын хэдэн байрны оршин суугчид нойргүй хонодог. Зам хаахад автомашинаар зорчиж байсан хэдэн хүний эрх зөрчиж, эрх ашиг хохирдог бол? Тэд ард түмний “хэлтэрхий” биш юм уу? Тэдний эрхийг хэн хамгаалдаг юм бэ? Жагсагчид “ард түмэн”-ий нэрийг барьж шаардлагаа тавьдаг. Гэтэл арван мянган хүний жагсаал боллоо гэхэд тэр нь ард түмний хэдэн хувь байна? Тэдгээрээс хэд нь сонгуулиар саналаа өгсөн байдаг юм бол?
Энэ тухай яагаад бичив гэхээр “Бид эрх чөлөөтэй иргэд шүү. Эрх чөлөөгөө эдлэхдээ хариуцлагатай, сахилга баттай байцгаая” л гэж байгаа юм. Товчхондоо хүний эрхээ дээдлэхийн тулд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий төртэй байж, төр нь хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллагатай байх нь дамжиггүй. Тэгэхээр эрхээ эдлэх явцдаа эрхээ хамгаалуулна, үүргээ биелүүлнэ гэдгээ ойлгох хэрэгтэй байна.

Цагдаагийн байгууллага цагдаагийнхаа төлөө юу хийв?


Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн судалгаагаар 2020-2022 оны хооронд улсын хэмжээнд нийт 728 удаагийн жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт зохион байгуулагдсан байх юм. Үүнд 2020 онд 258, 2021 онд 225, 2022 онд 245 удаагийн жагсаал, цуглаан тус тус зохион байгуулагдсан гэсэн тоо олдлоо. Жишээ нь он гарсаар улсын хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ 334, жагсаал, цуглааны хэлбэр агуулсан 67 удаагийн арга хэмжээ зохион байгуулагдсан байгаа юм. Гэтэл зөвхөн 2022 оны байдлаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас гэмт хэргийн шинжтэй 210 үйлдэлд 238 алба хаагч өртөж, хохирчээ. Гэмт халдлагад өртөж хохирсон алба хаагчдын сэтгэл зүйн байдалд хийсэн судалгаанаас үзэхэд 49.5 хувь нь тухайн нөхцөлд харилцаанд бэрхшээл үүссэн, уур бухимдалтай, түрэмгий харьцаатай, зодоон үймээн үүсгэсэн этгээдтэй харьцсан, 38.2 хувь нь албан үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл зүйн хувьд айдас мэдэрч, дургүйцэл төрж, яахаа мэдэхгүй, ирээдүйд гаргах тодорхойгүй байдалд санаа зовнил үүссэн байдалтай, мөн алба хаагчдын 59.1 хувь нь эрсдэлтэй нөхцөлд тусгай хэрэгсэл ашиглаагүй бөгөөд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ур чадвартаа эргэлзсэн, дараа гарах үр дагавраас айсан байдалтай байсан гэсэн байна.
Ардчилсан тогтолцооны хувьд хүний үзэл бодлоо илэрхийлэх, санал шаардлага шийдвэр гаргах үйл явцад хүргэх хэлбэрийн нэг тод жишээ бөгөөд цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, тэгш байдлыг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас иргэдийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж, аливаа тайван жагсаал, цуглаан, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх асуудалд нээлттэй, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна. Энэ бол эрхээ хамгаалуулж байгаа иргэний хувьд ч, “бид цагдааг цалинжуулж байна” гэж ханхалздаг татвар төлөгчдийн хувьд ч хамааралтай мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл том болоод цагдаа болж иргэдийг аврах, хамгаалах мөрөөдөл тээсээр энэ албанд ороод урам зоригтойгоор алба хашиж буй тэр цагдаа улс төрийн зорилгоор зохион байгуулсан жагсаал цуглааныг тараах гэж очоод улайрсан олон хүний дайралтад өртөөд харах нүдгүй болоод амьд үлдсэндээ баярлаж хоцроход ар гэрийнхнээс нь өөр хэн ч түүний зовлонг ойлгодоггүй юм.

“Шинэ” цагдаагийн цалинг 78 хувиар, хуучин” цагдаагийнхыг 20 хувиар нэмсэн гэж үнэн үү?


Энэ нөхцөл байдлаас үүдэн цаашид хэн цагдаагаар ажиллах вэ гэдэг асуудал үүсч байна. Товчхондоо энэ салбарын тулгамдсан асуудал, реформ хийх шаардлагатай, урт хугацааны зорилтот бодлогын дүнд хүний нөөцөө чадавхжуулахыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байна гэсэн үг. Нэг шийдвэр “олдлоо”. 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдсан жагсаал, цуглааны хамгаалалт, зохицуулалтад ажилласан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 5132 алба хаагчийг урамшуулах хүсэлтийг ЗГХЭГ-т хүргүүлж, нэг сарын үндсэн цалингийн хэмжээгээр урамшуулахад шаардагдах 4.2 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, алба хаагчдад олгосон байна. Энэ зөв шүү. Тэд иргэдийг гэнэтийн халдлагаас хамгаалж байгаа юм. Улаан гараараа тэмцдэг тэдний эрүүл мэндэд төр анхаарахгүй, хэн анхаарах ёстой гэж? Үүний төлөө цагдаагийн байгууллага нь юу хийж байгаа бол? Лав л цагдаагийн байгууллагын алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтран ажилланаар БНСУ-ын Нямьяанжу хотын Эль эмнэлэг, Квангжу хотын Чамчуван эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо гэсэн мэдээ уншсан. Өөр гавьтай юм алга.
Он гарсаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан. Уг хуулиар дотоодын цэргийн алба хаагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих, аймгийн төвөөс алслагдсан суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын тэтгэмжийг 5 жил тутамд 1 удаа олгох, алба хаасан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохын зэрэгцээ нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэхдээ цагдаагийн алба хаагчтай нэгэн адил баталгаа эдлэх зэрэг эрх зүйн болон нийгмийн баталгаатай холбоотой заалтууд орсон байна билээ.  Түүнчлэн сүүлийн арваад жил огт нэмэгдээгүй цагдаагийн алба хаагчдын цалин нэмэгдсэн нь шинээр цагдаагаар ажиллах хүсэлтэй хүмүүс болон орон нутаг, алслагдмал суурин газруудад ажиллаж буй алба хаагчдын урмыг нэмсэн бодлогын арга хэмжээ болж мэдэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр “Шинэ” цагдаагийн цалинг 78 хувиар, хуучин” цагдаагийнхыг 20 хувиар нэмсэн гэлцэж байна. Ямартай ч цалинг нэмэх бодлого нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтоо биелүүлсэн гэж үзэж болох юм. Харин албан үүрэг гүйцэтгэхтэй нь холбоотой хувь хүний нэр хүндэд халдсан, гутаан доромжлогдсон байдал нь хүний эрхийн бусад асуудалтай хамтдаа тавигдаж явах ёстой байх. Цалин багатай ч цагдаа нэрэндээ хайртай, зүтгэлтэй, хамгийн гол нь тангарагтай тэр хүмүүс хэлмэгдэх ёсгүй.