Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай хийсэн уулзалтаас сэдэвлэв.


Нийслэл хот маань өвөлдөө утаандаа дарлуулж, агаар хөрс ус бохирдож, оршин суугчиддаа туйлын халгаатай болсон тухай амны уншлага тасрахгүй. Хичнээн жил ч ярих юм, бүү мэд. Нүүрс түлүүлэхгүй байх тухай шийдвэр 2030 он гэхэд даян дэлхийгээрээ хэрэгжих тул хүссэн хүсээгүй бид нүүрсний эрчим хүчнээс татгалзаж, өөр орлуулах эх сурвалж хайна, олно, хэрэгжүүлнэ. Бултах аргагүй болсон. Тэр хүртэл 7-хон жил дутуу байна. 

Төр засаг маань ажилласаар байна. Бидэнд тоймтой мэдэгдэж, нийтээрээ хүлээлттэй байгаа нь Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хийг Монголоор дайруулах явдал. Энэ талаар үе үеийн Төрийн тэргүүн, Засгийн газрууд ажилласаар ирсэн. 2022 онд ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын гурван удирдагч уулзаж анхны чухал тохиролцоондоо хүрсэн. Энэ бол мэдээж хийн түлшний анхны томхон алхам байх болно. Ашиглалтад ортол бид зүгээр хүлээгээд суух биш, хийн түлшний эрэл хайгуул, гарц боломж эрэлхийлсээр байх нь мэдээж билээ.

Энэ мэт шийдлийг бид Сумъяабазар даргаас асууж шалгаагаад энд бичих сэдвээ олоод авсан ба цааш нь эрж сурвалжилсаар, инженер эрхэм дүү нэг нөхрөөсөө (Ж.Эрхэмбаяр) мэдээлэл цуглуулаад дараахи асуудлыг хөндсөн болно. 

Нийслэл хотын утааг арилгахад байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хийн түлш хэрэглэх нь зөв гэдэг дээр хотын захиргаа санал нэгдэж байгаа бололтой юм. Хийн түлш бол агаарын бохирдлыг бууруулах оновчтой шийдэл, олон улс орон хийн түлшийг хэрэглэж агаарын бохирдлоосоо салсан туршлагатай юм билээ.

Гэхдээ яг ямар хийн түлш яриад байгааг нь мань мэт бүрэн ойлгосонгүй. Дэлхийн дээр шатах шинж чанартай, түгээмэл хэрэглэгддэг хэд хэдэн төрлийн хий байдаг ба юуны өмнө бид хийн түлшнүүдийнхээ ялгааг ойлгож, бидэнд аль хий нь хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авахаас бүх ажил эхлэнэ гэлцэх юм. 

Хийн түлшнүүд нь химийн болон физик шинж чанарын хувьд харилцан адилгүй.Химийн томьёо нь ижил боловч, эх үүсвэр, тээвэрлэлт болон хэрэглээний онцлогоос хамаарч физик шинж чанар нь өөр байж болдог гэнэ. Хийн түлшнүүдийг дурдвал: 1) байгалийн хий; 2) байгалийн шингэрүүлсэн хий; 3) шахсан байгалийн хий; 4) нүүрсний давхаргын метан хий; 5) шингэрүүлсэн нефтийн хий; 6) нийлэг хий; 7) нүүрсний хий буюу диметилийн эфир; 8) био хий; 9) занарын хий гэх зэргээр явж өгөх юм билээ. Технологийн дэвшил, хөгжлийн хурднаас хамаараад өөр ямар ч хийг хүн бүтээж болохтойгоо болсон. Бүгд л шатах шинж чанартай, хатуу түлштэй харьцуулахад агаар орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага, цэвэр түлшнүүд ажгуу.

Нэр заасан дээрхи хийнүүдийн тухай товчхон ойлголт. Байгалийн хийг хол зайд их хэмжээгээр тээвэрлэхийн тулд эзлэхүүнийг нь багасгаж нягтруулах хэрэгтэй. Ингэхийн тулд байгалийн хийг 1620С -ээс нам темпаретурт хөргөж эзлэхүүнийг нь 600 дахин багасгана. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр 600 литртэй тэнцэх хийг 1 литртэй тэнцүү хэжээтэй болгож нягтруулна гэсэн үг. Үүнийг Шингэрүүлсэн байгалийн хий /LNG/ гэж нэрлэдэг. Шингэрүүлсэн байгалийн хийг усан замаар танкер ашиглан алс зайд тээвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай. Дэлхийд Катар, АНУ, Канад гэх улсууд шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг.

Шингэрүүлсэн байгалийн хийн танкер


Шингэрүүлсэн байгалийн хийг хадгалах, тээвэрлэх технологийн нарийн горимтой. Учир нь -1620С гэдэг нам температурыг тогтмол барихын тулд тусгай давхар ханатай саванд хийх ба хадгалах явцад шингэн төлөвөөс хийн төлөвт шилжсэн хий нь голдуу агаарт хаягддаг тул байгалийн хийг нам хэмд шингэрүүлэхээс гадна хорогдолгүй өндөр даралтын доор 20-25 мпа даралтын доор хадгалж, тээвэрлэгдэг үүнийг шахсан байгалийн хий /CNG/ гэдэг.

Нүүрсний давхаргын метан хий /CBM/. Гаргаж авах эх үүсвэр нь нүүрс боловч үндсэн бүрдүүлэгч метан байдаг. Био хий нь хүчилтөрөгчгүй орчинд биомассын исэлт болон задралын үр дүнд бий болдог шатдаг хий юм. Био хийн гол эх үүсвэр нь малын өтөг, тариа ногооны хаягдал ба бусад хөдөө аж ахуйн органик хаягдлыг ерөнхий тархсан технологиор исгэж бактерийн боловсруулалтанд оруулаад метан хийг ялгаж авдаг. Гаргаж авах эх үүсвэр өөр боловч үндсэндээ байгалийн хий гэсэн үг. 

Нийлэг хий /SG/ нь янз бүрийн харьцаатай устөрөгч ба нүүрстөрөгчийн дутуу ислийн холимог юм. Энэ хий нь ихэвчлэн нүүрстөрөгчийн давхар исэл, метан агуулдаг. 

Нүүрсний хий /DME/. Голдуу нүүрснээс гарган авах бөгөөд байгалийн хий болон шингэрүүлсэн нефтийн хийтэй харьцуулахад төдий л түгээмэл биш. Учир нь байгалийн хий болон газрын тосны үнэ өндөр байх үед тус хийг үйлдвэрлэх нь ашигтай. Эсрэгээрээ байгалийн хий, газрын тосны үнэ хямд байхад үнийн хувьд өрсөлдөх чадваргүй. Гэхдээ манай улс нүүрсний арвин нөөцтэй учир тус хийг үйлдвэрлэх, хэрэглэх бүрэн боломжтой.

Шингэрүүлсэн нефтийн хийн /LPG/. Гол бүрдүүлэгч нь пропан, бутан бөгөөд гол төлөв газрын тосыг боловсруулах явцад дайвар бүтээгдэхүүн болж гардаг. Байгалийн хийтэй харьцуулахад зөөж, тээвэрлэхэд хялбар, алс зайд төмөр зам, авто замаар хүргэх боломжтой. Одоогоор манай улсад хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа шатах хий юм. 

Эдгээр хийнүүдээс дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг хий бол байгалийн хий юм. Өндөр хөгжилтэй улс орнуудын хот суурин газрын барилгууд нь байгалийн хийн шугам хоолойн системтэй холбогдож бие даасан халаалтын эх үүсвэртэй байх ба үүгээрээ ч агаарын бохирдол гэх асуудлыг амжилттай шийдвэрлэсэн ажээ. Ийм ирээдүй биднээс хол биш, ойр буй. Нийслэл маань тэр замаар замнана.


- Үргэлжлэл бий