Саяхан хотын захын дүүрэгт найман нэрийн жижигхэн дэлгүүрээр амь зуудаг нэгэнтэй таарлаа. Малчин байснаа хот бараадаж, эхлээд хашаатай, дараа нь ТҮЦ-тэй, тэгээд “найман нэр”-тэй болж хэр чинээгээрээ болж бүтэж, гэр орчноо авч яваа нэгэн. Монголчууд нүүдэлчнээсээ суурьшиж буйн жишээ, жам ёсны зах зээл өөрийн хэрээр үндэслэж байгаагийн нэг жишээ.

Төрөөс бэлэн юм нэхдэггүй “маанаг”,  амьд яваадаа ялархан гоншигнодоггүй “балай”, ард түмэндээ хайртайгаасаа илүү гэр бүлдээ хайртайгаа нуудаггүй “дурак”. Тэр сонгуульд ухамсартайгаар саналаа өгснөөр төр барилцах үүргээ биелүүлсэн гэж үздэг “мунхаг”. Өөрийгөө Оюу толгой, Таван толгойг хэрхэн хуваахад оролцох шаардлагагүй, тэгсэнд орвол авсаархан дэлгүүртээ, эвсээрхэн бараа татаж байх нь зөв гэж “тэнэглэсэн” нэгэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах үүрэгтэй төр засаг байдаг, харин би үр хүүхдээ сайн өсгөөд, хүний гар харахааргүй амьдралтай залгуулах үүрэгтэй гэсэн “богинохон” бодолтой амьтан.  Түүний амь амьдрал нь төрд ч, олон түмэнд ч садаагүй явсаар ирж. Энэ чигээрээ л мөрөөрөө ингээд амь зууна гэсэн “гэнэхэн” бодолтой нэгэн байжээ. Уул нь манай орны нийгэм эдийн засгийн амьдралд гарсан амьд, зөв дэвшлийн нэг жишээ байжээ, байж...

Байжээ, хөөрхий гэдэг шиг, энэ зам нь мухардснаа тэр ярьж байна. Тэмдэгтийн хураамжийн шинэтгэлээр түүний найман нэрийг барааны дэлгүүрийн хураамж зөвхөн нэг удаагийнх нь 10.000.000 (арван сая) байх учиртай болжээ. Хотын төвийн “найман нэр”-үүд бол бараг л өдрийхөө орлогоор инээд хүрээд л төлөх энэ хураамж гэр хорооллын ядмаг бизнесийг зүгээр л ниргэх болж байна. Ийм хураамжийг тэр өөрөө болоод түүнтэй зиндаа нэгтэй олон зуун  эмзэг бүлгийн бизнесчид яагаад ч дийлэхгүй гэж байна. Хотын гэр дүүргүүдийн мянга мянган ийм дэлгүүр хаалгаа барина гэж тэр хэллээ. Нэг дэлгүүр, нэг лангууны ард бүтэн айл, бүлэг иргэний амин зуулга байдаг. Нэгэн лангуу хураагдахад өрх гэр хоосорч, нэжгээд ТҮЦ үүдээ барихад айл аймгаараа амь зуулгаасаа салдаг аж.
Төр байхын тулд татвар байх нь зүй. Харин хураамж бол түүнээс өөр. Төрийн хүнд суртлын зардал маягийн зүйл. Төр дэлгүүрчнээс бүхий л татвараа авдгаараа авч байна. Дээр нь нэмээд гэрчилгээ хэмээх А4 хэмжээний цаасыг жил өнжөөд 10.000.000 (арван сая) төгрөгөөр шахах нь ариун явдал уу, ариун явдал уу... аан?

За яахав хүнд суртлаа үнэллээ гэхэд орлогын ялгаа, байршлыг харгалзахгүйгээр тэгшитгэх нь үнэхээр уршиг дагуулж байгаа аж. Мянга мянган айл амьжиргаанаасаа салаад зогсохгүй. Нэгэнт зөвшөөрөл авч чадахгүй учраас ихэнх дэлгүүр нууц байдалд орно. Юун хураамж вэ? Татвар ч төлөхөө болино. Учир нь хүмүүсийн жижиг дэлгүүрээр үйлчлүүлэх хэрэгцээ өөрөө байсаар л үлдэх юм чинь. Үүн дээр эргээд жижиг гэлтгүй авилга, ёсон бусын зүйлс цэцэглэнэ. Өөрийн дэг журам тэнд бий  болно. Мэдээж тэр нь төрийн албан ёсны хууль тогтоомжоос өөр байна. Яг ийм суурин дээр мафи, гэмт бүлэглэлүүд үүсдэг тухай Эрнандо Сото сургажээ.

Үнэндээ бол,  мафи нь хүнийг айлгах, дарамтлах маягаар үүсдэггүй, харин төр хийж хүчрэхгүй байгаа зохицуулалтыг нөхөж үүсдэг юм гэсэн. Алаантай кинонд гардаг шиг зуу үсэрдэг автомат барьж ирээд мөнгө нэхээд, намнаад эхэлдэггүй. Эхэндээ яадаг вэ гэхээр, амь зуухын эрхэнд хийж буй бизнесийг нь харалган төрийн дарамтаас, бас гадны халдлагаас хамгаалж өгнө. Татварын, ариун цэврийн байцаагчаас эхлээд хорооны цагдааг найрч өгнө. Айх юмгүй “найман нэр”-ээ ажиллуулж, амь зуух нөхцөл бүрдүүлж өгөөд жааааахааан шан авна. Хүмүүс баярласандаа түүний туслалцааг аваад, талархсан сэтгэлээрээ шангаа өгөөд явдаг. Тэгээд нэг өглөө сэрэхэд мөнөөх сайхан сэтгэлтэй туслагчийнхаа гарт эргэлтгүй орсон байдаг гэж байгаа. Харин мафийг үүсгэн байгуулагч ямагт төр байдаг аж.

     Мөнөөх дэлгүүрчин  хэлж байна . “Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэж яасан үнэн үг вэ” гэж ярьж байна. Ингээд өөрийг нь оролдоод байгаа улс төрийг оролдолцохоор шийджээ. Өөр шиг нь модоо барихдаа тулсан хүмүүстэйгээ нийлж байгаа гэнэ. Тэгээд мөрөөрөө явж байхад нь амьжиргаагаар нь оролдсон төрөөрөө хамтдаа оролдохоор тохирч байгаа юм байна. Түүний зөв өө. Зүгээр байхад нь зүгээр байсан бол зүгээр л байх байсаан. Тэрээр амьжиргаагаа, амин зуулгаа хамгаалах, түүнийхээ төлөө тэмцэх эрхтэй. Эрхтэй төдийгүй, гэр бүлээ тэжээх, амь зуух эрх ашигт нь харшилсан бүхнийг сөрөх, хувийн амьдралаа авч гарах бүр үүрэгтэй.

Цагаан сараар таарахад намбар Вань Энхбаярийг шоолж байсан. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг нь ёс оо” гэж суусансан. Харин одоо түүн дээр очно гэнэ. Олны олон таван цэн гэгчээр нийлээд эсэргүүцвэл тэмдэгтийн хураамжийн шинэ журмыг хүчингүй болгуулж мэднэ гэж найдаж байгаа аж. Оюутолгойн гэрээ муу болсон, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй эсэх, ард түмний хурилдай хийлгэх энэ тэрээ бол түүний огт сонирхдоггүй сэдэв байсан. Хэрэв түүний дэлгүүрийг оролдоогүй бол хэзээ ч тэр Оюу болон Таван толгойчдыг сонирхохгүй байсаар өнгөрөх байлаа.

Амьжиргаагаа хамгаалах төрөлхийн зөн нь түүнийг өөрт заналхийлсэн төрийн эсрэг болгонтой нэгтгэж байна. Дэлгүүрээ булаалгасан түүний зовлон лицензээ булаалгасан, уурхайгаа хураалгасан,  албан тушаалаа алдсан,  авилгаасаа хагацсан мянга мянган “зовлон”-гийн урсгалд өөрийн эрхгүй нэгдэнэ ээ. Түүний гомдол цөхрөл нь Монгол төрөөс сонгуулийн замаар шахагдсныхаа өшөөг авахаар тэмцэгчдэд шинэ эрч нэмнэ. ТЭД мань хүнд ердөө л дэлгүүрийг нь эргүүлж өгөхөөр амлана. Ердөө л мөрөөрөө л амьдрах гэсэн мянга мянган хүн ТЭДЭНД Монголын төрийг авч өгнө. Төр эргэх мянга мянган шалтгааны ердөө нэг нь л харалган удирдагчдын энэхүү “тэмдэгтийн хураамж”-ийн талаарх мунхаг шийд. Тэгэхдээ ааймааааар бодитой, зөвтгөлтэй шалтгаан.

 Монгол төр эсэргүүцлийн бизнесээр амь зогоодог иргэний байгууллагаа дийлэхгүй хэвтэж, нэмж дээр нь шинэ шинэ эсэргүүцэгч ийнхүү бэлтгэлээ. Одоо тэр мөрөөрөө амьдран татвар төлж төрийг бүтээгч байсан бол  нураагч болох болно.

Тэрээр арга барагдвал татвартаа нухуулан амь тавих дэлгүүр хашаагаа зараад металл хайгч авдагч юм уу гэж бодож байгаа аж. Нарийндаа “Нинжа нар чинь хаданд гараад байгаа юм биш үү” гэж тэр итгэлтэй ярьж байна. Одоо тэр мөрөөрөө амьдрагч биш байгаль хөнөөгч болно. Тэр яван явсаар Монголын байгаль хамгаалах сэдэвтэй 602 дэх ТББ-ыг байгуулах хэрэгтэйг олж харна.  Тэгээд ойр хавийн уул уурхайг дарамтлах замаар мөнгө олох шинэ шинэ аргыг аяндаа мэднэ. Олон юм сурна. Мөрөөрөө амьдрахаас бусад аж төрлийн олон эрдэм эзэмшиж таарна. Тэр хэрээрээ шударга амьдарч байсан үеэ “тэнэгтээ тэгж явж” гэж тогтооно... Иргэн ийм болохын хэрээр төр өөрөө ирээдүйгүй, хэврэг болно. Төр хэвийн болохын тулд иргэн хэвийн болох учиртай. Эвдэрсэн иргэн эргээд хэвийн хүн болгох зардал дэндүү их. Түүний дэлгүүрийг хураамжаар тонож олсноос хавьгүй өндөр, бүр хэтийдсэн өндөр байх болно.

Иргэн буруугүй. Харин түүнийг мөрөөрөө явахад нь төр эхлээд оролдсон, өөрийнхөө тэтгэгч байсан нэгнийг өөрөөрөө оролдогч, дайсагнагч болгосон. Тэрээр өөрийг нь зэрэмдэглэсэн төрийг эргүүлээд зэрэмдэглэнэ. Логик нь: Төр иргэнээ оролдохгүй бол иргэн төрөөрөө оролддоггүй...

...Саяхан хотын захын дүүрэгт найман нэрийн жижигхэн дэлгүүрээр амь зуудаг нэгэнтэй таарлаа. Малчин байснаа хот бараадаж, эхлээд хашаатай, дараа нь ТҮЦ-тэй, тэгээд “найман нэр”-тэй болж хэр чинээгээрээ болж бүтэж, гэр орчноо авч яваа нэгэн байв. Одоо төр эргээд арай гэж хөлөө олж яваа жам ёсны зах зээлээ өөрөө нурааж, монголын төр өөрийгээ нураагчдыг өөрөө бэлтгэж байгаагийн жишээ болсон байх юм. Одоо тэр төрөөс нэхэгч, зөвхөн нэхэгч, хашир туршлагатай, ханадаггүй, нарийн мэргэжлийн нэхэгч болно.

 Тэр өчүүхэн ч гэлээ зах зээлийг тэтгэгч донорхон байсан, одоо түүнд бусдынхаа бүтээснээс, нийгмийн хангамжаас, байгалийн баялгаас сорох хувалзхан болох сонголт тулгагдсан.