Хүн та бүү зов , бүү шанал, бүү уурла, бүү цухалд, бүү бухимд, бүү зэвүүц, бүү шуналт. Хүн бүр угийн бурханлиг чанартай байдаг юм. Хүн бүр дотоод ухамсартай байдаг юм.

Тохиолдож байгаа бүхэн чинь сэтгэлийн өнгөн хэсэгт буй болж байгаа, хуурмаг төдий зүйл. Угийн төрөлх, мөнхийн сүнслэг чанарт чинь энэ бүхэн огт хамаагүй.

Би зовох л тавилантай юм даа, би яасан их зовж байна даа хэмээн гэж бүү бод. Золбин нохой зоолдог, Зовсон хүн жаргадаг гэдэг үг байдаг даа. Тохиолдож байгаа бүхэн чинь үйлийн үр юм. Замбуутивд жаргалтай, баяр хөөртэй байх гэж ирснээ чи санах нь чухал. Чи энд зовох гэж ирээгүй юм шүү. Угаасаа таны жинхэнэ мөн чанар чинь аз жаргал болохоос зовлон биш юм. Ядуу байна, өртэй байна, өвчтэй байна, би одоо яана аа хэмээн бүү шанал. "Амьд хүн аргатай, ямар ч байсан болно доо" гэдэг энэ ганцхан бодол үйл явдлыг шууд сайнаар эргүүлчихдэг ажээ. Хэцүү, сөрөг зүйлс дээрээ санаа чинь төвлөрөх тутам тэр чинь аривдаад байдаг юм. Муу бодлыг бодох тутам улам дэврээд ертөнцийг бүхэлд нь муухай харагдуулаад байдаг юм. Ертөнцийг чи сайнаар харвал сайхан болно, муугаар харвал муухай болчихдог юм. "Бүх юм сайхан болно оо " гээд л сэтгэлийнхээ долгионыг сольчих. Таны илгээсэн сайн сайхан бүхэн танд эргээд сайнаар ирдэг жамтай. 

Санаа сайн бол заяа сайн. Санаа муу бол заяа муу.  Аз жаргалтай байж л аз жаргалыг татна. Зовлонтой байх юм бол зовлонг л өөртөө татна.

Аз жаргалтай болгох нөхцлүүд бүрдсэний дараа жаргалтай болно, мөнгөтэй болсны дараа жаргалтай болно, ирээдүйд жаргалтай болно гэх биш, яг одоо зүгээр л жаргалтай бай, зүгээр л сэтгэл дүүрэн бай, сэтгэлээ хайр энэрлээр дүүргэ, тэгвэл түүнийг дагаад нөхцөл байдал чинь тань руу сайнаар эргэнэ. Хайр гэдэг үйлдэл биш, орших төлөв гэдэг дээ. Амьдрал бол хүнд хэцүү тэмцэл, ширүүн өрсөлдөөн, амьдрал бол зовлон гэсэн буруу бодлоосоо сал. Буян үйлдвэл жаргал ирнэ, нүгэл үйлдвэл зовлон ирнэ. Сайн явах санааных. Муу явах санааных. Муу бодлоо таягдан хаяж сайн бодол агуул. Бусдад талархаж сур. Аав ээж, амраг хань, алаг үрс, анд нөхөр, амьсгалж байгаа агаартаа хүртэл талархаач. Боди сэтгэлийн шалтгаан болсон Хамаг амьтанд талархаач. 

Амьдрал зөвхөн ганц удаа олддог. Учир иймд бүхнийг амжижолох хэрэгтэй гэдэг буруу үзлээсээ салаач. Чи энэ насандаа амжиж гэгээрэхгүй бол, энэ насандаа сүнслэг оюунлаг байж чадахгүй бол дахин дахин төрөл авч сансарт олон галаваар тэнүүчилсээр байх болно. Нэг галав гэдэг бол 1 сая 360 000 жил гээд бод доо. Дахин дахин төрөл авч дахин дахин үхэх гэдэгүнэхээр залхмаар байгаа биз. 

Жаргал гэж юү юм бэ. Зарим хүн их мөнгөтэй хүн жаргалтай гэдэг, зарим нь их эрх мэдэлтэй хүн жаргалтай гэдэг, зарим нь олон эхнэртэй хүн жаргалтай гэдэг, зарим нь олон давхар хаустай хүн жаргалтай, эсхүл хамгийн сүүлийн үеийн жип автомашинтай хүн жаргалтай гэдэг.  Холливудын ч юм уу солонгос кинонд нэгэн ядуу залуу бусдын дээрэлхэлт, гадуурхал, доромжлолыг ихэд үзэж зовж байснаа гэнэт зориг шулуудан баян болохоор шийдэжбанк дээрэмдэж үлэмж их баян хүн болоод өөрийг нь доромжилж дээрэлхэж байсан бүх хүнээс өшөөгөө авч хамгийн хөөрхөн үзэсгэлэнт бүсгүйг эхнэрээ болгож амар сайхандаа жаргажээ  хэмээн гардаг.Монгол ардын үлгэрт хөндийгөөр дүүрэн мал сүрэгтэй болж, хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болж, хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж амар сайхандаа жаргажээ хэмээн гардаг. Энэ бол жаргал биш, энэ бол шунал, өшөө авалт, таашаал юм л даа. Хүмүүс жаргалыг шунал, таашаалтай хольж хутгаад буруугаар ойлгоод байдаг.Шунал хүнийг амар амгалан байлгадагүй. Хүний шуналд хязгаар байхгүй. Шунал ихэдвэл шулам болно гэдэгмөн ч их үнэн үг шүү. Атаа сэтгэлтэй, хорон санаатай хүн жаргалтай байдаггүй, хормын төдий ч амар амгалан байдаггүй 

Зопа гэгээнтэн “Жаргалын дор зовлон нуугддаг “ хэмээн айлджээ.Үнэхээр үнэн сургаал. Их идэж, их унтаад байвал зовлон болох нь мэдээж. Эд хөрөнгө,мөнгөнийтөлөө өдөр шөнөгүй зүтгээд байвал зовлон болдог. Хөрөнгө мөнгө ихтэй хүн үүнийгээхулгайд алдаад үлэмж их гутрал харуусалд ордог. Өөрөөсөө илүү баян хүнийг хараад атаархал төрдөг. Энэ нь эцэстээ өвчин болдог. Хонь нь мянга хүрвэл төхөөрч идэх хонь олддоггүй гэгчээр хармын сэтгэлд баригдсан хүн өглөг өгч мэддэггүй.

Жаргал гэхээсээ жаргалд юү саад болдог вэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Жаргалд нисваанис саад болдог. Шунал, уур, мунхаглал гуравдээр суурилсан сэтгэлийн 84 000 гэм саад болдог. Нисваанис гэдэг үг бол сэтгэлийн гэм гэсэн санскрит үг л дээ. Хамгийн их саад болдог зүйл бол хүсэл шунал, уур хилэн, айдас, стресс бухимдал, горьдлого, харуусал, гомдол юм.Үүнээс гарахын тулд сэтгэлд бугшсан зангиралт буюу зууралтыг арилгах хэрэгтэй. Үүнээс яаж ангижрах вэ гэвэлсэтгэлээ хангалуун болгох хэрэгтэй. Байгаа юмандаасэтгэл хангалуун байх хэрэгтэй. Хоосон чанар болон Мөнх бусыг бясалгах хэрэгтэй. Гэтэл хүмүүс бүх насаараа сэтгэл дундуур амьдардаг. Би тэгдэг байж, ингэдэг байж гээд л харамсаад байдаг. 

Сэтгэлд бугшсан зангиралт буюу зууралтыг зүгээр л тавьж явуулах хэрэгтэй. Сэтгэлдээ бүү ачаа үүр. Ачаанаасаа зүгээр л чөлөөлөгдчих. Бүх насаараа сэтгэлдээ гомдол, зэвүүцэл, дургүйцэл, үзэн ядалт,  атаархал гутрал тээж амьдарвал зовлон болно.

Энэ бүгдээс салж чадахгүй бол хөгжим сонсоод үз. Бясалгалын хөгжим сонс. Жанцаннорвын “Цагаан суварга”, “Мандухай сэцэн хатан” аялгууг сонс. Энэтхэгийн ситар хөгжмийн бясалгалын аялгуу сонс. Эрик Морриконегийн уянгалаг аялгууг сонс. Боди сэтгэлийг бясалга. Боди сэтгэл бол энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, тэгш сэтгэл, төгс баясгалант сэтгэл дээр тогтдог. Хайр энэрлийг  бясалгахдаа хягааргүй хайрыг бясалга. Аав, ээж, амраг хань,алаг үрс, ах дүү, анд нөхөдөө хайрлах нь хязгаарлагдмал хайр юм. Хайр бол хязгааргүй байх нь чухал. Хамаг амьтныг хайрлаж тэгш сэтгэлээр бясалга. Хайр бол үйлдэл бус, орших төлөв юм.

Жаргал бол хэн нэгэн бидэнд олгодог шинэ жилийн бэлэг шиг зүйл биш юм.   Жаргалыг гаднаас хайдаггүй юм. Чи жаргалыг хайж байна гээд Америкт очоод ч нэмэргүй, Ангараг гаригт нисэж очоод ч нэмэргүй юм. Жаргалыг дотроосоо хайдаг юм. Жаргалыг сэтгэлийн амар амгаланг олснооролдог юм. Хүн гадны нөлөөнд ордог бол хэзээ ч жаргалтай болж чадахгүй. Амьдрал биднийг нухалдаг, амьдрал бидэнд нөлөөлдөг. Иймд гадны ямар ч нөлөөнд автахгүй амьдрах хэрэгтэй. Сэтгэл хангалуун хүн жаргалтай байдаг. Сэтгэлдундуур хүн жаргалтай байж чаддаггүй. Жаргахад өвчин саад болдог.Учир иймд өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчингүй эрүүл амьдрах хэрэгтэй. Өвчингүй эрүүл байх нь жаргал мөн шүү. Уур, шунал, гомдол, омог, үзэн ядалтаас үүдэж сэтгэлийн өвчин буй болдог. Сэтгэл өвдвөл бие өвддөг шүү.

Бид өнгөрсөнд шаналж ирээдүйд зовиних ямар ч шаардлагагүй. Өнгөрсөн гэдэг замхарч алга болсон зүйл. Ирээдүй гэдэг бол огт болоогүй хуурамч зүйл. Зөвхөн яг одооны амьсгал,  яг өнөөдрийн амьдрал чухал юм.  Горьдлого хүнийг сүйтгэдэг. Социализмын үед монголчууд бид коммунизмын гэрэлт ирээдүйг агуу Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар байгуулна хэмээн горьдсоор байгаад дэлхийн хамгийн ядуу орны нэг болсон. Юү ч болоогүй. Ямар ч гайхамшигт зүйл болоогүй. Харин ард түмний амьдрал нурж доройтсон. Бурханы шашин, монгол соёлоо устгаад хөлдүү хүйтэн, харгис харанхуй хүмүүс  олширсон. Одоо орчин цагийн монголчууд бид хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна, бид баян чинээлэг улс болно хэмээн горьдсоор байна. Юү ч болохгүй нь мэдээж. Ирээдүй бол хэн ч мэдэхгүй зүйл. Маргааш юү болохыг хэн ч мэдэхгүй ш дээ. 

Жаргалыг эрж буй хүн эхлээд Бурхан багшийн зовлонгийн тухай сургаалийг заавал мэдэх хэрэгтэй, зовлонгоос салж амар амгаланд хүрэх арга замыг сурах хэрэгтэй. Бурхан багшийн гэгээрсэнийхээ дараа айлдсан анхны бөгөөд гол сургаал бол Хутагтын дөрвөн үнэн юм. Энэхүү сургаал нь амьдралын мөн чанарын тухай болон зовлонгоос хэрхэн ангижрах замыг заадаг. 1. Зовлон үнэн (Dukkha): Амьдралд төрөх, өтлөх, өвдөх, үхэх тэргүүтэй төрөл бүрийн зовлон, сэтгэл ханамжгүй байдал оршдог. Юмс бүхэн мөнх бус учраас түр зуурын жаргал ч эцэстээ зовлон болон хувирдаг гэж үздэг. 2. Зовлонгийн шалтгаан үнэн (Samudaya). Зовлон нь өөрөө аяндаа үүсдэггүй, харин шунал тачаал, мунхаг болон уур хилэн зэрэг сэтгэлийн нисваанисаас үүдэлтэй. Юмсыг байгаагаар нь бус, өөрийн хүслээр харах гэсэн тэмүүлэл нь зовлонгийн үндэс болдог. 3. Зовлонг гэтлэх нь үнэн (Nirodha). Зовлонг бүрмөсөн зогсоож, амар амгаланд хүрэх боломжтой. Энэ нь сэтгэлийн хүлээс, шунал тачаалаас ангижирч, Нирваан дүрийг олохыг хэлнэ. 4. Зовлонгоос тонилох зам мөр үнэн (Magga).Зовлонг эцэслэхэд хөтлөх тодорхой арга зам байдаг бөгөөд үүнийг Хутагтын найман мөр гэдэг. Энэ зам мөр нь гурванхэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв амьдрал, Самади буюу сэтгэлийн хяналт, Пакка буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх тухайтад байдаг. Хутагтын 8 гишүүнт зам мөр: 1.Зөв үзэл, 2.Зөв бодол. 3.Зөв үг,4.Зөв үйл, 5. Зөв амьдрал, 6.Зөв хичээл зүтгэл, 7.Зөв дуртгал, 8.Зөв бясалгал.

Будда хутагтын дөрвөн  үнэнийг шүтэн барилдлагын хуулиар тайлбарладаг. “Мунхаг болон шунал хоёр байгаа учраас бид тооцоолшгүй цагаас эхлэн дахин төрөхүйн урсгалд хөвж байгаа билээ. Бид төрөл авснаар янз бүрийн зовлонт мэдрэмжийг мэдэрч, үхэж дараа нь дахин төрөх мэтээр энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ” гэж Будда айлдсан бөгөөдүүнийг Сансар гэж нэрийджээ. Будда айлдахдаа: “Энэхүү  процесийн учир шалтгааныг шунал хүслээс үүсдэг болохыг ухаарч, төрөл төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрийг устгаж мөн шинээр нэмж шунал хүслийн үйлийн үр үүсгэхгүй байх аваас тэр хүмүүн юунд ч үл автах сэтгэлийн төгс төгөлдөр байдлыг олно.” Шунал хүслийг үндсээр нь устгасан хүний сэтгэл туйлын амар амгаланд оршиж, дахин хэзээ ч төрөл авахгүй болдог.  Энэ бол бүх зовлонгийн хүлээснээс салсан Нирвааны оршихуй юм. Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн бөгөөд энэ үл төгсөх оршихуйн гинжин хэлхээг таслах аргыг олсон юм. Будда гадаад ертөнцийн юмс сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн ажээ.  Хүн биеийн тав болон сэтгэлийн мэдрэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биенд мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ.  Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна. Харин шүтэн барилдлагын гинжин хэлхээнд хүрэлцэхүйгээр мэдрэхүй үүснэ, мэдрэхүйгээр хүсэл шунал үүснэ гэдгийг Будда сургажээ. Иймээс хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь ямар нэгэн гадны зүйл бус харин бидний дотор орших мэдрэмж болдог ажээ.Хэрэв бид шунал хүслээс буюу зовлонгоос ангижирахыг хүсвэл  өөрсдийн дотоод мөн чанартай нүүр тулан ажиллах ёстой буюу энэ нь мэдрэмжтэй ажиллана гэсэн үг юм. Үл захирагдах сэтгэлийн дадал нь мэдрэмжид дурлах байдаг ба мэдрэмж бүрийн зүг шуналыг үүсгэсээр байдаг. Хэдийгээр эдгээр мэдрэмжүүд нь түр зуурын мөнх бус байдаг ч гэсэн энэхүү мэдрэмжийг чухалд авч түүний зүг тэмүүлэх сэтгэлийн явцыг ажиглаж сурах нь чухал юм. Мэдрэмж бүр түр зуурын байнга хувьсан өөрчлөгдөх мөн чанартайг дүгнэн ойлгож, зөвхөн хөндлөнгийн ажиглагч байж сурснаар мэдрэмжид дурлах буюу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхад суралцах нь чухал. Ингэж ямар ч хариу үйлдэл хийхгүй ажиглан байх хором бүхэнд бидний урьдын хураасан ийм сэтгэлийн дадал бага багаар арилж сэтгэл ариусдаг ажээ. Сэтгэл нь ариуссан,сэтгэл нь номхорсон хүн гэгээрэх нь мэдээж. 

Ихэнхи хүмүүс ажил их хийж их зовсон хүмүүс жаргалд хүрдэг хэмээн буруугаар боддог. Ажил хийж болно, гэхдээ заавал зовох албагүй. Нэгэн жишээ хэлье. Нэгэн тариачин Буддагаас асуужээ:- Та яагаад ажил хийдэггүй юм бэ? Би Таныг хараад л байдаг юм. Та ихэнхдээ модны дор нүдээ анин суудаг. Хааяа Таныг зорьж ирсэн хүнтэй юм ярьж байгаа харагддаг. Бас тэдэнтэй хамт чимээгүй сууна. Ингээд л гүйцээ, таны амьдрал. Юу ч хийж бүтээхгүй байх утгагүй юм биш үү? Гэтэл би газар хагалж, тариа тарьж, хийж бүтээж байна шүү дээ гэхэд нь Будда:- “Та намайг бас тариачин гэж харахгүй байна уу? Гэхдээ миний тариан талбай ондоо хэмжээсэнд оршдог юм. Би хүний сэтгэлд буяны үр суулгаж, жаргалын цэцэг ургуулдаг. Үр нэгэнт суусан бол зохист улирал нь болоход аяндаа дэлгэрнэ. Би өөрөө цэцэглэсэн учраас тийм тариачин болсон юм. Миний дотор руу өнгийж, цэцэгсээр дүүрэн хөндийг Та хараач” гэжээ. Буддагийн гэгээрсэн мэлмийг ширтсээр уярч хайлсан тариачин: - Би хүний насыг хоосон элээсэн хуурамч тариачин ажээ. Та жинхэнэ бүтээлч, үнэн тариачин ажээ хэмээгээд Буддад мөргөсөн гэдэг. 

Бидний стресс бухимдлын дийлэнх хэсэг нь энэ амьдарч буй нийгэм, эргэн тойрноо жигшин зэвүүцэх сэтгэлээс үүсдэг. Өөрсдийн зовлон, сэтгэл ханамжгүйн шалтгааныг нийгэм, төр засагт тохож, гаднаас бурууг эрсээр байдаг. Цаг хугацаа, эрч хүчээ ийм бухимдалд зориулах тутам хүн өөрөө гутарч гунддаг. Монголчууд бид дайсныг үргэлж гаднаас хайдаг байсан. Манж нар, хятадууд, оросууд, феодалууд, улаантнууд бүгд л бидний дайсан хэмээн боддог. Тэгвэл ертөнцийг өөрөөр харж, илүү гэгээлэг, урам зоригтой амьдрах аргыг лам багш нар бидэнд заасан. Бохир нийгэм, зовлонт ертөнц балчиг шавар шиг байж болно. Чи тэр дундаас бадамянхуа шиг дэлгэрч болно шүү дээ. Аливаа бэрхшээлийг өөртөө хөгжих боломж болгон хувиргаж ашигла. Хүн төрөлхтний сор болсон мэргэд, агуу бүтээлчид, агуу хаад бүгд л хатуу цаг үе, хэцүү бэрх сорилт дунд гэрэл гэгээгээ цацруулж наран мэт бусдыг гийгүүлж иржээ. Эзэн Чингис хаан гэхэд л эцгээ алдаж өнчин өрөөсөн, гээгдэж хоцорсон хувь заяан дундаа л тэр үнэнч нөхөд, өрлөг баатруудаа олж, бутарсан улсаа хурааж, дэлхийн хамгийн том эзэнт их гүрнийг байгуулсан. Дарлал доромжлол, өширхөл хорсолд үйсэн амьдралаа гэгээрэл болгож хувиргасан Мила богдын түүх гайхамшигтай. Түүний түүх бол нүгэлтнээс гэгээнтэн болсон түүх байдаг. Далай ламуудын намтар, Монголын Богд гэгээнтнүүдийн намтар гайхамшигтай байдаг. Учир иймд бусдыг буруутгаж цаг үе, нийгмээ жигших бус, чи өөрөө өөрийгөө л гэгээрүүлчих. Бусад хүмүүс аяндаа чамайг хүндлэх болно.Бусад хүмүүс чамайг хүндлэхгүй бол гутраад хэрэггүй. Чи өөрөө өөрийгөө хүндлэхэд л болоод явчихна. 

Харам сэтгэлтэй бол хаан хүн ч жаргадаггүй гэдэг. Нэгэн жишээ хэлье.Монголын Хүлэгү хаан Исламын ертөнцийг байлдан дагуулж байсан үе байлаа. Багдадын Халифыг ялаад Халифын хаан ордонд Хүлэгү хаан морилж байхад нь Халифын өргөмөл хүү нь монголчуудын талд урваад шан харамж, хэргэм зэрэг горьдож иржээ. Хүлэгү хаан: Чамайг төрсөн үр шигээ хайрлаж явсан хаан эцгээсээ урвасан хүн бол чи. Эцгээсээ уравсан чамд би яахин итгэх билээ хэмээгээд түүнийг цаазалжээ. Хөрөнгө мөнгөөр үлэмж баян Халифыг Хүлэгү хаан барьж аваад хааны ордныхоо шалан дор нуусан үлэмж их алт эрдэнэс,сан хөмрөгий нь ил гаргаад “Халиф чи ядуу гуйлгачин ард олондоо энэ их хураасан хөрөнгөнийхөө ядаж талыг нь зориулсан бол ард түмэн чинь чиний төлөө амиа ч өгөхөөс буцахгүй тулалдах байлаа. Чи энэ бүх хөрөнгөө хойд төрөлдөө авч яваад баян амьдармаар байна уу, бирд минь” гэж өгүүлээд түүнийг өлбөрүүлж тонилгожээ. Монголын Хүлэгү хаан Халифын үлэмж их хөрөнгийг ядуу ардуудад нь тараасан гэдэг. 

Жаргалын замд уур, шунал хоёр их саад болдог.Монголчууд “Уул морийг зовооно, Уур хүнийг зовооно” гэдэг. Шуналтай хүн зовлонтой. Муу бодолтой хүн зовдог. Сайн бодолтой хүн жаргадаг. Буян үйлдвэл жаргал ирдэг. Нүгэл үйлдвэл зовлон ирдэг. Сэтгэл ханамжгүй хүн бол зовлонтой л хүн гэсэн үг. Сэтгэл ханамжтай хүн амар жаргалтай хүн. Жаргалтай хүнд айдас, горьдлого, уур, шунал, хардалт, харуусал байдаггүй юм. Хүн сэтгэлээ номхруулж чадахгүй бол хүний сэтгэл яг л намрын царцаа шиг энд тэнд үсчиж байдаг. Жаргалтай хүн гэж сэтгэлийн амар амгаланд хүрсэн хүнийг л хэлээд байгаа юм. Жаргалтай хүн гэж бүх зүйлд талархдаг, хамаг амьтныг хайрладаг боди сэтгэлтэй хүнийг л хэлээд байгаа юм. Хамаг амьтан Боди сэтгэлийг олж, Гэгээрэлийн хутгийг олох болтугай.

                                    Доржийн СҮХБААТАР             2026.02.26