Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Хотод хамаарах үе үеийн улстөрчдийн мөрөөдөл шахуу, хүсч тэмүүлж ирсэн албан тушаал. Яагаад гэж үү? Хариулт нь маш энгийн. Лав 1990 оноос эл албыг хашиж асан эрхмүүдээс УИХ-ын дарга, хоёр ч Ерөнхий сайд "төрсөн" юм. Зөвхөн энэ албыг эрхэлж байсныхаа "шагнал"-д УИХ-ын гишүүн, Төрийн сайд болж дэвшсэн нь ч цөөнгүй. Гэхдээ хүссэн болгон нь хотын дарга хийдэг тэгээд УИХ-ын гишүүн, сайд болж дэвшдэг үү? гэвэл үгүй. Даргын, намын эсвэл ардаа том дэмжлэгтэй бас тохироотой байх үндсэн шалгууртай. М.Энхболд Ерөнхий сайд болсныхоо дараа хэний ч танихгүй Багахангайн Засаг даргыг авчраад томилуулж л байлаа. Хоёр жил хэртээ ажилласан Ц.Батбаяр 2008 онд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож л явлаа.

Үндсэндээ Улаанбаатар хот хөгжлийн бодлогын дархлаатай болохоос илүүтэй улстөрчдийн үдлээд буцдаг дундын буудал, албан тушаал ахих гүүр болж ирснээс бусдаар Монгол Улсын нийт хүн амын тавиас дээш хувьд хамаарах амьжиргаа, амьдрал ахуй хэрхэх, тэнд мөрдөж, мөрдүүлэх стандарт ямар байх нь үнэндээ тэдэнд падлийгүй байв. Хожим Э.Бат-Үүл 2012 оны УИХ-д нэр дэвшихгүйгээр хотын намын хороогоо удирдаж, нийслэлд Ардчилсан Нам анх удаагаа багаараа ялалт байгуулсны үр дүнд Засаг даргын тамга гардаж байсныг эс тооцвол шүү дээ! Тэр үеэс хойш буцаад намын, даргын томилгоотой явсан нийслэлийн удирдлагын бүтэц дахин шинэ хуваарилалтад шилжсэн нь 2020 он. Гэдэг нь УИХ-ын гишүүнээр гурав дахиа сонгогдсон Д.Сумъяабазар орон нутгийн сонгуулийн дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Улаанбаатар хэмээх их айл руу буурь сэлгэсэн түүхтэй. Баг нь, бодлого нь, зорилго нь бас эрх үүрэг нь түүнд байсан болоод тэр өөрөө, тийм хэмжээний эрсдэл гаргаж, халдашгүй эрх ямбаасаа татгалзаад Улаанбаатар хотын 34 дэх Засаг даргаар ирсэн байж таарна.

Ямар ч байсан хотын мээр болоод жил хүрэхгүйн хугацаанд "Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг ТУГ-аа болгож, УИХ-ын босго давуулж, батлуулсан нь ердөө хоёр жилийн өмнөхөн. 1994 оны долдугаар сарын 5-нд баталсан анхны хуулиар нийслэл өөрийн гэсэн эрх зүйн зохицуулалттай болсон ч өнгөрсөн 27 жилийн хугацаанд бие дааж хөгжихөөс эхлээд хөрөнгө оруулалт татаж, төвлөрүүлсэн түүх үгүй. Тэр бүгд нь хязгаартай, парламент, Засгийн газраасаа хамааралтай байв. Хот гэдэг статус тусдаа хуулиар, тусдаа бүтцээр явдаг ч тэр нь бэлгэдэл төдий, цагаа тулахад бүх асуудал нь Улсын төсвөөс, Сангийн яамнаас мөнхийн хараат явдаг бодит зовлон сүүдэр мэт дагаж ирсэн хэрэг. Тиймээс л 1994 оны хуулиа шинэчлэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь үе үеийн хотын дарга нарын мөрөөдөл байлаа.

С.Батболд хотын мээр, нийслэлээс угшилтай М.Энхболд УИХ-ын дарга байхдаа ч эл хуулийг зүтгүүлээд бараагүй, тэгсхийгээд таг мартагдсан юмдаг. Магадгүй нийслэлийг бие даасан эдийн засагтай болгох сонирхол Улаанбаатарын уугуул, суугуул хоёр Засаг даргад төдийлөн төрөөгүй, тийм боломжийг эрэлхийлэхийг хүсээгүй байж мэдэх. Гагцхүү 27 жил хав дарагдаж, "хуучирсан" Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар богино хугацаанд хэлэлцэж баталсан нь Д.Сумъяабазар яагаад нийслэлийн Засаг даргаар ирсний эхний шалтгаан, мөн хариулт болсон юм. Энэ хооронд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан нь Монголын парламентад нэн шинэхэн жишиг тогтоосон. 1992 оноос хойш эмхэлсэн парламентын гишүүд хот, хөдөөгөөрөө талцаж, тойргийн хэмжээнд сэтгэж байснаас Монгол Улсын Засаг захиргааны цөм болсон нийслэлд хөрөнгө оруулалт төврүүлэх сэтгэл байсангүй. Тэгэхээр "Хотын хууль"-ийн шинэчилсэн найруулгатай уялдуулж бие дааж хөгжих бүрэн боломжоо ашиглах тухай Д.Сумъяабазар даргын санаачилга, хэрэгжүүлэх гээд байгаа бодлого тийм ч оргүй яриа биш. Цаг үеийнхээ шаардлагаар яалт ч үгүй дэмжих, хийх учиртай зүй ёсны ажил гэдгийг ойлгож болохоор.

Учир нь, хотыг хөгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Түүнийг хөрсөн дээр буулгах бодлого хэрэгтэй. Мөн баг хэрэгтэй. Өнөөдөр Д.Сумъяабазарт энэ бүхэн байна уу? гэвэл байна. Харин түүнд ганц л юм алга. Тэр нь хөрөнгө оруулалт. Бүр их хэмжээний. Яг өнөөдрийн нөхцөлд тийм боломж энэ Засгийн газарт, парламентад ч байхгүй. Харин дэмжлэг бол хангалттай байна. Ядаж л тэр Түр хорооны 24 гишүүнээр дамжуулж УИХ-тайгаа ам хэлээ ололцоод чадаж байна. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатараар төлөөлүүлж, Засгийн газартайгаа ойлголцоод явж байна. Засгийн газрын хуралдаанд оролцох эрхтэй, саналаа шууд оруулах хуулийн дархлаа нь ч бас байна. 1990 оноос хойшхи хотын дарга нарт олдоогүй л боломж, улстөрчийн хувиар бий болгож чадаагүй харизм. Гэвч түүнд мөнгө алга.

Угтаа бол 1.5 сая гаруй иргэн амьдарч байгаагийн хувьд хаана хамгийн их хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ? гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал. Хотод л хэрэгтэй. Тийм атал өнгөрсөн 27 жилийн хугацаанд зөвхөн улсын төсөвт дулдуйдсан арга замаар нийслэлийг хөгжүүлэхээр зорьсны гор нь бие даахад тушаа болж, бусдаас хараат болгосон хэрэг. Гол нь, энэ бүхэнтэйгээ эвлэрээд явбал Улаанбаатараас хөгжил хүлээгээд нэмэргүйг нийслэлийн Засаг дарга олж хараад, өөр зарчмаар цааш явахаа ил тод зарлаж эхэлсэн нь үнэнтэйгээ эвлэрч, бодит байдлаа хүлээн зөвшөөрч буйн илрэл. Үүнийхээ түрүүч болгож "Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-ыг Яармаг дахь хотын шинэ захиргаанд хийхээ мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар 114 хотын төлөөлөл оролцохоо илэрхийлжээ. Бүгдээрээ хөрөнгө оруулалт хийх ганц зорилготой. Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь гадагшаа айлчлал хийх үеэрээ хоттой холбоотой хөрөнгө оруулалтын талаар ярилцаж, хөнгөлөлттэй зээл, бас бус асуудлаар гарын үсэг зурдаг байдал ард хоцорч, нийслэл өөрөө бие дааж тэдгээр асуудлаа зохицуулах эхлэлийг тавих нь. Гаднын хөрөнгө оруулагчид ч өөрсдөө Улаанбаатарыг зорьж ирээд хаана, хэдий хэмжээний мөнгө "цутгах"-аа хотын түвшинд шийдвэрлээд явахад эерэг мессеж өгнө өө л гэсэн үг.

27 жилийн дараа сая нэг гар хүрч, шинэчилсэн хуулиар нийслэлийн үнэт цаас, концессын асуудлыг нарийвчлан тусгаснаар Засгийн газрын зөвшөөрөл, хяналт дор бие дааж гаргах, хэрэгжүүлэх зохицуулалттай болсон. Урт хугацааны хөрөнгө оруулалтыг шат дараатайгаар төвлөрүүлэх боломж нийслэлд бүрдсэн хэрэг. Үндсэндээ хөрөнгө оруулалт татах хамгийн боломжит хувилбар болох Бонд гаргах эсэх асуудал нь нийслэлийн бүрэн эрхийг нийслэлд олгосон нь энэ. 

Ажил хийж байгаа хүн ямар нэгэн байдлаар шүүмжлүүлж, хардуулж, чичлүүлэх нь мэдээжийн асуудал. Үүгээр өнөөдөртөө Хотын мээр шиг муу хүн алга! Гэхдээ бидний хүсээд байгаа хотыг байгуулах нь дан ганц Д.Сумъяабазарт хамаатай асуудал биш. Нийт Улаанбаатарчуудад хамаарах асуудал. Тэгэхийн тулд нэн тэргүүнд хөрөнгө оруулалт л шаардлагатайг товчхон сийрүүлэхэд ийм л юм.

UZEG.INFO