Өмнөх нь: http://baabar.mn/article/iii-khugjil-bol-yuu-l-daa

Хуучин цагт ч сайхан байж ээ… эргээд тэр үедээ ганц өдөр ч болтугай очихсон… хэмээн санаашрах социализмын үеийн бүтээгдэхүүнүүд олон. Тэдгээр хомо советикууд “социализмд хүргэж өгөх галт тэрэг хэрвээ байдаг бол тэр нь зөвхөн өргөн царигаар л явж таараа…” гэж дуулах нь холгүй. Цахилгаан вагон хаа сайгүй нэвтэрсэн энэ цаг үед тэд нөгөө л гал түлдэг вагоноо санан дурссаар л. Бөөн утаа униар татуулан түчигнэх мөлхөө төмөр хорхойг оо. Бүх зүйлийг устган сөнөөх үйл явц л тэдний хувьд итгэл үнэмшил төрүүлэхүйц үнэн бодитой зүйл мэт санагддаг биз. Тиймээс ч тэдний үгсийн сан нь их нийтлэг. Хураа, нураа, хорь, цаазал, дүүжил… бүхнийг галдан шатаа, үнс нурам болгоод өг! Өөр нэг ч олигтой үг амнаас нь унахгүй. 

Ер нь коммунистуудын туг болсон үзэл санаа болох марксист философийн уг сурвалж, анхдагч үр хөврөл нь Эртний Грекийн гэнэн материалистуудын нэгэн төлөөлөгч Гераклитаас эхтэй юм. Тэрээр бүрхэг хочтой асан. Түүний сургаал номлол нь хүн уншаад ойлгохын аргагүй оньсоголог, нууцлаг тодорхойгүй байснаас ийм хоч авчээ. Түүнийхээр ертөнцийн мөн чанар бол гал. Гал бол мөнхийн хөдөлгөөнтэй, хувиралтай цорын ганц амьд махбод. Тэр л зөвхөн бүхний үндэс, бүхний шалтгаан, бүгдийг өөрөөсөө төрүүлдэг бас булшилдаг гэж үзсэн. Гераклитын үзлээр бүх зүйлс тасралтгүй урсан өөрчлөгддөг. Иймээс нэг голын усанд хоёр орж болохгүй гэж айлдсан. Гэтэл бид социализмаа эргэн санагалзаад л… бүрхэг багшийнхаа үгийг ч ойлгохгүй. 

Ер нь бол Гераклитын зөв. Бүхий л зүйлс өөрчлөгддөг, хувьсдаг. Нэг муу вирус хүртэл. Альфа, бета, дельта, омикрон ч гэх шиг. Хэд ч хувьсав, энэ богино хугацаанд. Байгалийн хувьд шоовдор хүүхэд гэж байхгүй. Хэрвээ чи өөрчлөгдөж л чадаж байвал амьдрах эрхтэй. Үлэг гүрвэл ч бай, вирус ч бай, хүн ч бай… бүгд ялгаагүй. Байгал тасралтгүй хөдөлж байхыг л бусдаас “хүсдэг”. Харин тэр хөдлөгч нь хэн байх нь түүнд ямар ч хамаагүй. Тиймээс л байгалийн хууль маш харгис юм шиг санагддаг, хэн бүхэнд. “Би таны хайртай бүтээл хүн гээч амьтан байна…” хэмээн хэчнээн уйлж дуулаад нэмэр болохгүй. Юм бүхэн түүний хувьд тэр мөнхийн галыг ноцоох түлээ нүүрс л төдий өчүүхэн амьтад. 

Гэвч нөгөө талаас өнөөх галаа унтраахгүйн тулд түлээ түлшээр тасарч болохгүй. Тиймээс бүхнийг устгаж үгүй болгохын зэрэгцээ мөн өөрөөсөө төрүүлдэг жамтай. Гал нь ус болж хувирдаг, ус нь ертөнцийн үр юм. Ертөнц ийм л эсрэг тэсрэг мөн чанартай. Энэхүү эсрэг тэсрэгийн нэгдэл нь хорвоо ертөнцийг нэгэн цул бүхэллэг зүйл болгодог гэж бүрхэг багш үзжээ.

Энэ хүртэл уншаад үзэхэд Дарвины хувьслын онол таны толгойд орж ирсэн байх. Хэн илүү дасан зохицож чадсан нь амьд үлддэг гэх. Хүн бол байгалийн хосгүй бүтээл. Учир нь түүнд оюун ухаан буй. “Оюун ухаан бол өөрчлөлтөд дасан зохицох чадвар юм” гэж алдарт физикч Стивен Хоукинг айлдсан. Хүнээс бусад амьд биетүүд өөрийн хувь заяаг байгальд даатгасан. Харин хүний тухайд байгаль залхуурсан. “Хувь заяагаа өөрсдөө мэдэж яв” гэж тэр бидэнд хэлжээ. Яг л, айл гэрт арай гайгүй аминдаа арчаатай, ухаан сийрэг хүүхдээ зөнд нь хаячих тал байдаг шиг. За, тэр байгаль гээч асран хамгаалагчийн үүргээ хөсөр хаясан өөдгүй амьтны тухайд нэг иймэрхүү. 

Харин энэ нь нийгмийн амьдралд хэрхэн буудаг вэ? Нийгэм ч гэсэн цаг үеэ дагаад тасралтгүй өөрчлөгдөж байх ёстой. Гэвч социалист нийгэм тэгж чадаагүй, тэгээд сүйрсэн гэж дээр дурдсан. Тэгвэл капитализм яагаад одоог хүртэл амь тавихгүй оршсоор байна вэ? Их хямрал ч, дэлхийн дайнууд ч, элдэв янзын тахал өвчнүүд ч, нөгөө социализм маань ч түүнийг дийлэлгүй… сүүлд нь өөрөө өнхрөөд өгсөн. Энэ нь ямар учиртай вэ? 

Оросын социализмын эцэг, тэгээд сүүлд нь өөрөө түүндээ идүүлсэн хүн бол Г.В.Плеханов. Тэрээр өөрийн улс төрийн гэрээслэлдээ: “Капитализм бол ангийн тэмцэлд асар хурдан зохицдог, арга хэлбэрээ өөрчилдөг, социализмын үзэл баримтлалыг ч биедээ аваад наачихдаг, нийгмийн маш уян хатан шат бололтой юм. Хэрвээ нээрээ л тийм бол капитализмыг булшлахыг хүсэгчдэд ажил олдохгүй. Ямар ч нөхцөлд түүнийг атаархам ирээдүй хүлээж байна.” хэмээн социалист лагерийн сахилгад үхлээ хүлээн хэвтэж байхдаа капитализмын зүг санаашрангуй хараа бэлчээнгээ ийм төлгө буулгажээ. Түүнээс хойш 100 жил өнгөрчээ. Нээрээ л капитализмыг атаархам ирээдүй хүлээж байж. Учир нь тэр үргэлж хөдөлж байдаг. Хөдөлгөөн бол өөрчлөлт гэж хэн хэллээ дээ. Харин коммунистууд…

Энэ бүхний эцэст хоёр хулганын тухай үлгэр санаанд буулаа. Хоёр хулгана аягатай сүүнд унажээ. Эхний хулгана шууд бууж өгөн живж үхсэн. Харин хоёр дахь нь сүүг цөцгий болтол нь самардсан гэдэг. Тэгээд аяганаас гарч амьд үлдэж чаджээ. Мэдээж энэ хоёр хулганыг хэн гэдгийг та мэднэ. Ер нь тэгэхээр хөгжил гэдэг чинь тасралтгүй хөдөлгөөн л юм биш үү? Гээд энэ тодорхойлолт ч мөн өөрчлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл хөгжих ёстой…

/Үргэлжлэл бий/