Хөгжлийн банкны талаар хөөсөрсөн олон мэдээлэл байдаг ч энэ хугацаанд яг ямархуу үйл явц болж өнгөрөв гэдгийг товчхон ойлгуулья. 2011 онд нь гадаадаас валют татаж, дотоодынхоо хөгжилд зарцуулах үндсэн гоё зорилготойгоор Хөгжлийн банкийг анх байгуулжээ. Дэлхийн улс бүрт байдаг систем. Сурах бичигт “Монголд хоёр төрлийн банк байдаг бөгөөд Монгол банк ба арилжааны банк юм..” гэдэг дээр нэмээд Хөгжлийн банк гэж цоо шинэ “гурав дахь төрлийн” банк бий болов. Өөрийн гэсэн хуультай, дүрэмтэй. Анх байгуулагдсанаас өнөөг хүртэл Хөгжлийн банк нийтдээ 3.5 тэрбум доллар гаднаас татаж /зээлж/ дотроо зарцуулсаныг /зээлүүлсэнийг/ багцлаад үзвэл 1.4 тэрбумыг нь эргэн төлөх нөхцөлтэй “хөгжлийн” төслүүдэд зарцуулж, 1.1 тэрбумыг нь эргэн төлөгдөхгүй /улсын төсвөөс төлөх/ зам, барилга, гудамж төсөл мэтэд зарцуулж, 0.5 тэрбумыг нь дамжуулан санхүүжүүлэх хэлбэрээр зарж, үлдсэн 0.5 тэрбумыг нь гоёор хэлбэл “өрийн удирдлага” муухайгаар хэлбэл “өрийг өрөөр дарах” процесстоо үрж дуусгасан ийм нөхцөлтэй байна. 

Хөгжлийн банк үндсэндээ хоёр удаагийн хуулиар ажилласан нь 2011 оны анхны хууль ба 2017 онд өөрчлөгдсөн одооны хууль. 2011 оны хуулиараа бол Засгийн газар нь нэг “лист” оруулж ирээд л түүнийг шууд баталдаг байв. Ингээд 2012-2016 онд Засгийн газрын нийт 120 /зуун хорин/ тогтоолоор 2.5 тэрбум долларын зээл олгожээ. Тэр “лист” нь “Эрэлийн Байшин үйлдвэрлэх комбинат”, “Шинэ Яармаг”, “Мон-лаа компаний Төмрийн үйлдвэр”, “Бэрэнгрупп” зэрэг одоо асуудал болоод буй ажлууд, “Эгийн голын УЦС”, “Сайншандын АҮ парк” гэх мэт хэдэн арван сая доллараар хэдэн цаас үйлдвэрлэсэн төслийн нэгжүүд. Энэ үл бүтэх листүүд нь ядаж өөрсдөө төслөөсөө эргэж төлөхөөр мөнгө байсан бол эргэн төлөх төсөл ч үгүй, зүгээр улсын төсвөөс гаргуулж төлөх гудамж төсөл, шороон далангийн овоолго гэх мэтэд 1.5 тэрбум ам.доллар заржээ. Тендэрийн сонгон шалгаруулалт, авсан мөнгөнийхөө зарцуулалтыг салбарын яам нь хариуцах бөгөөд төслийн судалгаа, эдийн засгийн тооцоололд Хөгжлийн банк оролцдоггүй байв. Ингэж явсаар 2016 оны эцэс гэхэд Хөгжлийн банк бараг улсын төсвийн шинжтэй, яамдын өг гэснийг нь л өгдөг нэг том “касс”-ны машин, АТМ үүрэгтэй болсон байна. Энэ арай буруу юм байна гэж ойлгоод 2017 онд хуулиа өөрчилж УИХ, Засгийн газраас элдэв компаний “лист” батлаж тулгахгүйгээр Хөгжлийн банк өөрөө бие даан шийдвэр гаргаж, шийдвэрийнхээ хариуцлагыг тус банкны эрх бүхий албан тушаалтнууд хариуцахаар зохицуулсан юм. Энэ нь ч учир дутагтайлтай учир одооны нөхцөл байдал үүсч, “өр төлүүлэгч” захирал Н.Мандуул Хөгжлийн банкны шинэ хуулийн төсөл танилцуулахаар бэлдэж буй. Аль болох хүний оролцоогүй систем өөрийгөө авч явах тийм хууль хэрэгтэй юм.

Монголбанкны 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн 55 хувь нь буюу 1.8 их наяд төгрөгт хүрсэнийг дүгнэж, олон нийтэд дэлгэсэнээр өнөөдрийн энэ бүх үйл явдал эхэлсэн билээ. Харин “олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны үлдэгдэл” буюу товчхондоо Хөгжлийн банкны өөрийнх нь гадагшаа төлөх ёстой өр 2.6 их наяд төгрөг байна. Энэ нь 2012 онд Засгийн газар болон Хөгжлийн банкны авсан Чингис бонд, Евро бонд, тэднийг дахин санхүүжүүлсэн бусад бондууд, Самурай бонд гэх мэт юм. Ном журмын дагуу бол гадаадаас 10 их наядыг зээлж авч ирсэн бол түүгээр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрөөс 20-30 их наядын өгөөж Монгол улсад оруулж, суурь дэд бүтэц, хүнд үйлдвэрүүдэд суурилсан солонгорсон эдийн засаг бий болон хөгжиж, хувийн хэвшлийнхэн чадавхжих учиртай байв. Гэвч одоо ямар ч олигтой бүтээсэн зүйлгүй, баахан өртэй л хоцорчээ. Хөгжлийн банкийг энэ чигээр нь дампууруулж үлдээгээд, улсын төсөвт бүх ачааг нь үүрүүлэх санаатай хүмүүс ч олон байсныг, одоо ч олон байгааг үргэлж санаж, сэрэмжилсээр байх хэрэгтэй. Засаг, олон нийт, Хөгжлийн банкны удирдлагуудын бүтэн жил үргэлжилсэн “өр төлүүлэх” процессийн хүрээнд өнөөдрийн байдлаар 915 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг иргэний журмаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна. Эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. АТГ-с эхний байдлаар 19 зээлийн хувийн хэрэгт холбогдох хянан шалгах ажиллагааг багцалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах шатандаа орсон байна. Өнөө 80 эзэн холбогдогчтой түүхэнд байгаагүй том хэрэг. Харин эргэн төлөлтийн хувьд одоогоор нийт 777 тэрбум төгрөг буюу 690 тэрбум төгрөг нь бэлэн мөнгөөр, 87 тэрбум төгрөг нь үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдөж, 365 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагджээ. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3%-аас 16%-д хүрч зохистой хэмжээнд хүрэв. Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр Самурай бондыг бүрэн төлөх 30 тэрбум иений хадгаламж бүрдүүлээд байна.

Нэг жилийн өмнө Хөгжлийн банкны хэрэг ингэтлээ эрчимжиж, зээл аваад төлөхгүй шийдчихсэн дийлдэхгүй том хулгайч нар зээлээ төлж, 80 хүнтэй эрүүгийн хэрэг үүсгэгдэж, 800 тэрбум төгрөг бэлэн төлөлт хийгдэж, түүгээр нь Самурай бондыг бүрэн төлөх 30 тэрбум иений хадгаламж үүсгэж, 300 тэрбумын үл хөдлөхүүдийг өр төлөлтөнд хурааж, цаашлаад ч өр төлүүлэх процесс дараа дараагийн шатандаа ороод явна гэсэн бол үнэндээ хэн ч үнэмшихээргүй, мөрөөдөл домог байлаа. Учир нь Хөгжлийн банкны мөнгийг идэж уугаад дуусчихсан, ер нь хэн ч бараг өрөө төлөхгүй дээ гэсэн гутранги үнэмшил нийтэд арай илүү бодитой санагддаг байсан юм. Гэхдээ л хэдэн “хэнхэг” залуус үүнийг эхлүүлж дөнгөсөн юмдаа. Хамгийн гол нь Засгийн дэмжлэг, улс төрийн дэмжлэг, олон нийтийн дэмжлэггүй энэ ажил урагшлахгүй байлаа. Энэ бол хамтын хүч, магадгүй 80 -аад оныхны романтизм байв. Магадгүй өмнөх үеийнхний төлөөлөл давамгайлж, өнөө л хэдэн ах эгч нар гарсан бол одоо ч хар прагматик ухаанаараа асуудлыг тэгсгээд бөөрөнхийлж өнгөрөөгөөд, Хөгжлийн банк маш их өртэйгээ хамт жамаараа нүд аньж ч магадгүй байсан биз. Нэг жилийн дотор сайн сайхан нийгмийн төлөө хийсэн нэг бодит алхам мөн юм. Ардчилал бол хүрэх цэг биш үргэлжлэх процесс гэдэг, Хөгжлийн банкны хэрэг ч бас дахиад удаан үргэлжлэх нэг том процесс юм.