Сүүлчийн их нүүдэл

Их нүүдэлд гурван жил бэлджээ. Ингээд 1771 оны нэгдүгээр сарын 5-нд Убаши хаанаар удирдуулсан, Ижил мөрний зүүн эргээр нутаглаж байсан ноёд Зүүнгарын зүг нүүлээ. Тэд хасагийн тал нутгаар дамжин нүүв. Зарим мэдээнд хүн төрөлхтний түүхэн дэх сүүлчийн энэ нүүдэлд 33-50,000 өрх буюу 170-210,000 хүн оролцсон гэдэг нь ялимгүй өсгөсөн тоо биз. Торгууд, хошуудууд нүүсэн бөгөөд Ижил мөрний баруун эргээр нүүдэллэж байсан дөрвөдүүд Орост үлджээ (40-60,000 хүн). Эднийг зөрчилдөөд нүүсэнгүй юу, аль эсвэл Ижил мөрөн хөлдөөгүй байсан нь нүүхэд саад болсон уу гэдэг нь одоо хэр тодорхойгүй.

Хаант засгаас Яик, Оренбургийн хасагуудад халимгуудыг барьж тогтоо гэсэн тушаал буулгасан ч тэд мөн Хаант Орост шахагдаж байсандаа халимгуудын хойноос хөдөлсөнгүй. С.Есениний Пугачёв найраглалд халимгуудыг тогтоон барь гэсэн тушаал авсан Яикийн хасаг атаман:

Хүрэн бор царайтай монгол явлаа

Холын замдаа сайн яваарай

Эх нутгаа зорьсон тэд

Энх амар холдсон нь яамай гэж өгүүлдэг.

Зарим хасагууд халимгуудыг нэхсэн ч цохигджээ. Халимгууд 5 цайз, 6 бэхлэлтийг эвдэн сүйдэлж, Яик голоор гатлав. Халимгууд Оросын харьяат Хасагийн бага жүүз хаан Нуралигийн цэргийн бут цохиж, Манжийн вассал их жүүз Зүүн Казахстанд нэвтрэн Шинжаан руу хөдлөхөөр төлөвлөжээ.

Эхэндээ Убаши хааны төлөвлөгөө ёсоор болж, халимгууд хасагуудыг даран зүүн тийш хөдөлж байлаа. Гэвч Нурали хааны цэрэг аяныхныг тойрсоор, малыг нь тууж, хоцорсон хүмүүс рүү нь халдаж байв. Төв Казахстанд дунд жүүзийн цэрэг нэмэгдэж, халимгуудын байдал хүндэрч, эмэгтэйчүүд, хүүхдүүд олзлогдож эхэллээ.

Халимгууд хүчгүйдэн сульдсан ч Балхаш нуурт хүрч, их жүүзээс тусламж авна гэж санатал Аблай хаан Нурали, дунд жүүзийнхэнтэй хамтран дайрлаа. Халимгууд хүнээр хавьгүй олон дайсантай нүүр тулж, гурван өдөр хэлэлцсэн ч хасагууд атаатан дайснаа нутгаараа өнгөрүүлэхгүй хэмээн цуст тулаан өрнөжээ. Хасагууд аблай хаан манжуудыг хилэгнүүлэхгүй гэсэндээ халимгуудыг нутгаараа өнгөрүүлсэн гэдэг ч үүнийг батлах баримт үгүй. Ямартаа ч 20,000 халимаг бүслэлтээс гарч, киргизүүдэд хөөгдсөөр Манжийн хилд хүрчээ. Үлдсэн хүмүүс нь амь үрэгдэж, эмэгтэйчүүд, хүүхдүүд нь харийн боол болжээ. 

Их нүүдэл их эмгэнэл болж хувирав. Олон халимаг хүн өлбөрч, осгож, хасагуудын ирт мэсэнд өртөж амь алдан, эсвэл хүний нутагт боол болж хоцорлоо. Амьд үлдсэн халимгуудын манжууд Зүүнгарын нутагт суурьшуулав. Тэд үхлээс мултарсан ч эрх чөлөөт нүүдэлчид болж чадсангүй, өөртөө засах эрхтэй ч болсонгүй. Эрх чөлөөтэй Зүүнгарууд ямар аюултай байсныг тэд андахгүй шүү дээ. Дүрвэн ирэгсдийг цэргийн тусдаа тойргуудад суурьшуулав. Тэд нүүн шилжих эрхгүй, өндөр татвар төлж, насаараа цэргийн алба хаших үүрэгтэй байсан тул олон хүн эргээд Орост буцахыг хүссэн нь тодорхой. Гэлээ ч манжуудаас зугтаж Орост гарсан хүн тун цөөн.

Орост үлдсэн халимгуудын хувьд өөр түүх эхлэв. Цагаачдын сууж байсан нутагт орос, герман, татарууд суурьшиж, Хаант Оросын цэрэг армийн нэгээхэн хэсэг болсон халимгууд Манычийн тал, Каспийн тэнгисийн Хар элс хавиар нүүдэллэдэг багахан ястан болж хувирчээ...



Евгений трифонов “Монголын нууцлагдсан түүх” 86-87-р тал