Хэдэн жилийн өмнө нэг их цастай өвөл би Дундговь аймагт ажлаар явж байгаад шөнө замаа алдан төөрчихлөө.

Энэ хавьд эртний нэг анд маань өвөлждөг байсан гэсэн шуу юм бодоод нутгийн жолоочоос асууж өнөөх айлаа  тэр хавиар эрж давхилаа.

Шөнө хоёр ч айл олоод гэрт нь ороход  гаднаа малаа хашчихаад гэрээ эзэнгүй орхиод  явчихсанд ихэд гайхаж;

-Танай нутгийн энэ айл амьтан чинь яачихсан юм бэ?  Говийн ганц айл гэдэг энэ үү ? хэмээн жолоочоосоо асуувал ;

-Хэн нэгнийдээ архидаж байгаа биз. Хөдөө ийм болоод удсан шүү дээ. Эхнэр хүүхэд нь төврүү сургуульд хүүхдээ дагаад явчихдаг юм. Ганц бие харчууд ийм шүү дээ  гэж билээ.

Би угийн хотын хүн учрыг ч нэг сайн ухсан ч үгүй дэмий толгой дохиод жолоочоос Буянзагийнх үүгээр л өвөлждөг байсан юм даа гээд харанхуй шөнө хайсаар андынхаа гэрийг олоод очлоо. 

Нохой шуугиулсаар гэрт ортол анд маань хүйтэн гэрт гав ганцаараа унтаж байснаа босож сүйд майд болж баярлан угтав.   

-За чи чинь яагаад гав ганцаараа гал усчгүй хохийчхоод унтаж байдаг билээ?  Эхнэр хүүхэд хаачсан? Арай энэ чинь…гэхэд тэрээр гал түлэх зуураа санаа алдаад;

-Төвд эхнэр хүүхэд байгаа манай бага сургуульд орсон шүү дээ. Хөөрхий бөгсөө ч арчиж чадахгүй зургаатай амьтан ээжгүй бол яаж ганцаараа төвд байх билээ дээ. Би энд хар хүйтэнд гав ганцаар хэдэн малаа маллах гэж ёстой нусаа хацартаа нааж  байнаа. Одоо аягүй бол нэг ч биш хоёр жил ганцаар амьдрах болох нь дээ. Хонь гаргаад гэдсээ ч арилгаж чадахгүй жалганд хаячихна…  За тэгээд зарим нь ч салж сарниж л байх шиг. Бид нар наймтай сургуульд ордог байсан юу нь буруутсан юм? Энэ нэг төв суурин улсын хуулийг дуурайж ёстой галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг болох юм даа… гээд авдраа уудлан нэг шил юм гаргаж аяганы ширээн дээр тавьж билээ.

Тэр цагаас эхлэн нээрээ энэ ямар гээч улсынхаа хуулийг хуулаад тавьчихсан юм бол ? гэж бодох болсон юм.

Энэ жил короно вирус гээд намар сургууль эхлэх үгүй нь ч тодорхойгүй байгаа учир хэдэн жилийн өмнө анхлан бодсон зүйлээ эргэн санаж бусад улс оронд ямар байдгийг хайж үзлээ.

Дэлхийн улс орнууд өөр өөрийн амьдралын онцлог, цаг агаар зэргээсээ болоод харилцан адилгүй  бөгөөд ихэнхдээ хүүхдээ 5-7 настай сургуульд оруулдаг боловч таван наснаас эхэлдэг нь цэцэрлэг шахуу манайхаар бол бэлтгэл анги байх ажээ. 

Дэлхийн улс орнуудын ихэнх буюу 100 орчим улс 5-6 наснаас, харин Финланд, ОХУ, Сингапур, Өмнөд Африк, Швэйд, Афганистан, Болгар, Швейцарь, Эстони, Унгар, Казахстан, Индонези, Киргиз, Лихтэнштэйн, Литви, Латви, Молдав, Польш, Хойд Солонгос,  зэрэг 36 улс  7 насаас, АНУ сургуулийн ангилал төрлөөс  хамаарч 5- 8 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсүүлдэг ажээ.


.

Монгол улс дэлхийн хойд хэсэгт хамаарах эрс, тэс уур амьсгалтай орны дээр мал аж ахуй гололсон орон учир малчин түмнээ бодож хуучин шигээ 8 настай сургуульд оруулахаа байг гэхэд 7 наснаас ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ сургадаг болбол галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн  үлгэрээс салж, гадаад л юм бол гоё хэмээн сэтгэх нийтлэгөвчин илаарших болуужин хэмээн энэ өчүүхэн бичвэрийг тэрлэв. Мэргэн дээдэс хэрхэхийг мэдтүгэй!