-Гэхдээ алт ингэж хөрвөдөг юм. Энэ л түүний үнэ цэнэ-

Барилга, хот байгуулалтын яамны сайд, төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хэдэн нөхдүүд энэ жилийн бүтээн байгуулалтад орж байгаа зарим үйлдвэрүүдийг эргэж тойрохоор амралтын өдрөөр хотоос урагшаа гарч давхив. Налайхаас жаахан өнгөрөөд “Монголын алт МАК компанийн Хийт бетоны үйлдвэр” гэсэн хаягтай, төмөр бетонон хийцтэй том байгууламж дээр очлоо.

 Хийт бетон гэдэг нь бидний мэдэх бетон зуурмагт ордог түүхий эдүүд /элс, шавар, шохойн чулуу гэх мэт/-ийг хөнгөн цагааны пүдр /бидний мэдэхээр бол мөнгөн боронз юм даа/ гэх зүйлээр исэлдүүлэн хөөлгөөд, одоо хэрэглэж байгаа бетоныг бодвол гурав дахин хөнгөн, бас дулаахан, бөх бат хийцийг гаргаж авдаг байна. Герман технологитой энэ үйлдвэрийн ашиглалтад авах эхний хүчин чадал нь хоногт 900 мерт.куб. Жилдээ бол 270 мянган метр.кубыг үйлдвэрлэчих юм билээ. Одоо ид яригдаж байгаа гэр хорооллыг барилгажуулах төсөлд хамгийн их тохирох, үр ашигтай бөгөөд чанартай, эдэлгээ сайтай хийц нь хийт бетон. 66 метр.кв талбайтай дундаж гурван өрөө бүхий нэг айлыг сууцыг барихад 44 сая төгрөгийн зардал гарч байгаа аж. Үйлдвэрлэлд оруулсан түүхий эд, техник технологи, ажилчдын хөлс болон борлуулалтыг орлогоо тооцоод худалдан авагчийн гар дээр хүрэх сүүлчийн үнэ нь. Нэг метр.кв-ын үнэ 692 мянган төгрөг гээд болохоор одоо хоёр сая төгрөгөөс давчихаад байгаа нийтийн орон сууцны үнэтэй харьцуулах юм биш. Хэрвээ 100 метр кв-аар дундажлаж тооцвол хоногт есөн айл, жилд 3000 айлын орон сууц үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн үг.

Хийт бетоны үйлдвэрийг үзэж дуусаад чанх урагшаа гарч давхин Дорноговь аймгийн Даланжаргалан сум орлоо. Сумын төвөөс арав гаруй км, Говьсүмбэр аймгаас 60 км, Сайншанд-Замын Үдийн төмөр замын өртөөнөөс 500 метрийн зайд баригдаж байгаа Хөх цавын цементийн үйлдвэрийг очиж үзэв. 40 мянган тоннын багтаамжтай цементийн силос, нүүрсний агуулах, шохойн үйлдвэр, тус бүр 15 мянган тоннын багтаамжтай гөлтгөнө, шохойн чулууны агуулах, цементийн тээрэм, чулуунцарын агуулах гээд 60-90 метрийн өндөртэй нүсэр том төмөр байгууламжуудын дундуур хар, шар арьстай ажилчид явалдах нь эгээ л гадаадад оччихсон юм шиг. Үйлдвэрийн барилга байгууламж гэдэг иргэний барилгыг бодвол огт ондоо технологитой, энэ хэрийн үйлдвэрийг барьчих дотоодын техник технологи, боловсон хүчин байхгүй учраас үйлдвэр барьж байгаа ажилчдын дийлэнх нь гадаад ажилчид аж. Харин үйлдвэрийг ашиглалтад өгсний дараа монголчуудад зориулсан 350 ажлын байр шинээр бий болох гэнэ. 

Үйлдвэрийн барилгыг өнгөрсөн жил эхэлсэн, ирэх жилийн хоёрдугаар хагаст барьж дуусгах төлөвлөгөөтэй. Үйлдвэр барих нийт хөрөнгө оруулалт нь 350 сая ам.доллар. Үүнээс 200 сая орчим ам.долларыг МАК компани дангаараа гаргасан, дахиад 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа гэнэ. Гэхдээ хөрөнгө оруулсан компани маань үүн дээр төсвөөс ч юм уу, бондоос хувь харахаасаа илүүтэй “гаалийн татварыг маань жаахан хойшлуулаад өгчихөөсэй, гаднаас авч байгаа ажилчдын квот дээр харж үзээсэй” гэж байгаа юм билээ. Зөвхөн гаалийн татварт 30 сая ам.доллар төлөхөөс 13 сая ам.долларыг нь арайхийж төлсөн гээд бодохоор арга ч үгүй биз. Уг нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортлосон тохиолдолд гаалийн татвараас чөлөөлөх хуулийн заалттай ч энэ нь зөвхөн жижиг дунд үйлдвэрүүдэд л үйлчилдэг. Гэтэл жижиг дунд үйлдвэр гэдэг маань юу билээ. Тавь хүрэхгүй ажилтантай ЖДҮ-үүд энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй шүү дээ. УИХ-аас баталж гаргасан хууль маань дахиад л төө дутуу харсан байна.

Гадаад ажилчдын квот дээр ч харж үзэх ёстой зүйл байдаг л юм билээ. Анх үйлдвэр байгуулахдаа Засгийн газарт өгсөн санал нь 4800 ажилтан оруулж ирэх. Засгийн газар үүн дээр нь дахиад л нөгөө “тал дугуйныхаа” зарчмаар хандаж, 2400 хүний квот олгосон ч явцын дунд дахиад 500-г нь танасан байна. Одоо МАК компаниас хэрэгжүүлж байгаа дээрх хоёр төсөл дээр хүмүүсээ хуваахад нэг төсөл дээр 800 хүн л ажиллаж байна гэсэн үг. Энэ квотод багтаж ажиллана гэвэл үйлдвэрийн барилга ирэх жилийн хоёрдугаар улиралд багтахгүй гэдгийг хөрөнгө оруулагчид хэлж байгаа. Уг нь тэдгээр ажилчдын цалин хөлс болоод татварыг Засгийн газар бус, компани өөрөө төлдөг юм шүү дээ. Нэг гадаад ажилчин оруулж ирэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав нугалсантай тэнцэх хэмжээний татварыг улсад төлж, дээр нь тэдгээр ажилчдын цалин болоод нийгмийн даатгалыг хариуцдаг шүү дээ.

Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орвол хоногт 3000 тонн, жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо манай хэрэглэж байгаа цементийн тал хувь гэсэн үг. Барилга хот байгуулалтын яамныхны хэлснээр дотоодын цементийн хэрэглээ энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр сая 800 мянган тонн гэсэн. Үүнээс сая  тонныг нь есдүгээр сарын 1-ний дотор импортлосон. Дотооддоо 300 мянган тонныг үйлдвэрлэдэг. Ирэх жилд угсрах барилгын ажлын суурийг тавихад дахиад 500 мянган тонн хэрэгтэй гээд тооцохоор нийтдээ сая 800 мянган тонн болж байгаа юм билээ. Хэрвээ барилгын үйлдвэрлэл энэ хэвээрээ өсөлттэй байх юм бол ирэх жилийн хэрэгцээ гурван сая тоннод хүрнэ гэсэн тооцоог албаныхан хийж. 

Уг нь сая УИХ-аар батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд одоо ажиллаж эхлээд, хөрөнгө оруулалтаа татчихаад байгаа энэ мэтийн төслүүдийг хамруулчих болов уу гэсэн хүлээлт байсан ч УИХ-ын гишүүд тийм боломжийг олгоогүй гэдгийг бид мэдэж байгаа. Тийм болохоор ядахдаа үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд гадаад ажилчдын квотоо нэмүүлье, гаалийн татвараа жаахан хойшлуулаад үйлдвэрлэл эхэлсний дараа төлчихье гэдэг нь харж үзэхээр л санал. Даанч манай УИХ-ын гишүүд хууль энэ тэрээ батлахдаа иймэрхүү нөхцөл байдлын талаар төсөөлөл ч байхгүй, тооны машинд хэдэн тоо хийж үзээд, татварын орлогодоо мөргүүлэхээс хэтэрдэггүй л дээ.

Монголд алт байсан, алтаа зарсан. Одоо нүүрс байна, нүүрсээ ч зарах ёстой. Тэгж байж дараагийн шатны чинь үйлдвэрлэл, хоёр дахь шатны хөрөнгө оруулалт явна гэдгийг уг нь энэ ганцхан жишээнээс харчихаж болно. МАК гэж монголчуудын хараалыг идсэн, Монголын хамаг алтыг нь ухсан компани л байсан. Гэтэл одоо барилгын салбарын хамгийн том нийлүүлэгч болоод хувирчихлаа. Тэгэхдээ хамгийн өндөр, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологитойгоор. Бодоход, Монголын алт дуусч л байгаа юм байна даа... Гэхдээ ядахдаа барилгынхаа материалыг өөрсдөө үйлдвэрлээд сурчихвал энэ хэдэн ажилчид маань ирээдүйд хоосон хонохгүй гэдгийг олоод харчихсан л байна шүү дээ. Үр дүнд нь дундчуудын орлогоос давчихаад байгаа орон сууцны үнэ ч гэсэн жаахан бууна биз. Төрийн бодлого ч гэсэн энэ зарчмаар гарах ёстой юм шиг. Юуг зольж, юу хожих вэ гэдгээ бодитой ярих ёстой гэсэн үг. Алтыг ууж болдоггүй, өмсөх ч аргагүй гэдэг юутай үнэн. Гэхдээ алт ингэж хөрвөдөг юм. Энэ л түүний үнэ цэнэ.