МАН-ын XXV их хурал удахгүй болно. Монголын төрийн эрх мэдлийг хорин жил дангаараа  шахам барьсан улс төрийн хоёр дахь том нам /2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН, АН хоёрын байр суурь нэгэнт солигдсон билээ/ гэдэг утгаараа энэ намын их хурал, үүнээс үүдэн гарах хөдөлгөөнийг олон нийт анхааралтай харж байна. Энэ хурлаар хэлэлцэх ёстой олон асуудлын нэг нь намын даргын сонгууль.

Хүчний харьцаа тэнцвэргүй

Үндсэндээ 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН-ын удирдлагуудын хувьд “бермутын гурвалжин”-д орчихсон мэт нөхцөл байдал үүсээд байгаа билээ. 2012 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын дарга Сү.Батболд, генсек У.Хүрэлсүх нар намынхаа нэрнээс “хувьсгалт” гэдэг үгийг халж, 90 жилийн өмнөх МАН нэрээ шинээр авсан ч эцэстээ нам нь сонгуульд ялагдаж, хариуцлагыг нь тэд өөрсөд дээрээ авсан. Гэвч тэдний дараа намын даргаар томилогдсон Ө.Энхтүвшин, генсек Г.Занданшатар нар ч бас өмнөхтэй ижил шалтгаанаар ажлаа өгч буй. Тэгэхээр одоо болох их хурлаас сонгогдох намын шинэ удирдлагуудын хувь заяа ч бас ирэх 2016 оны сонгуульд МАН ямар амжилт үзүүлэхээс шалтгаална.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд намын даргад ил далд нэр нь яригдаж, албан тушаал горилж буй хүмүүсээс харвал энэ их хурал тус нам дотор төдийлөн их өөрчлөлт авчрахгүй л болов уу. Яая гэх вэ, “лаагаа идэх, луувангаа идэх” тэдний өөрсдийн сонголт.

Намын даргад нэр дэвших хүмүүсийн дотор хотын фракцийг толгойлдог М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нарын нэр одоогоор хамгийн тодоор яригдаж байгаа. 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл намын генсекийн ажил хийж байсан У.Хүрэлсүхийн нэр хальт сонсогдоод өнгөрсөн ч “эхнэрээ эмчлүүлээд” завгүй байгаа тэр энэ албан тушаалд нэг их амбицлахгүй болов уу. Тэгээд ч сонгуулийн дараа “би хариуцлагаа хүлээнэ” гээд албан тушаалаа өгсөн /бүр УИХ-ын гишүүний суудлаасаа хүртэл татгалзан байж шүү дээ/ тэр хүн одоо ямар нүүрээр “Би хариуцлага үүрье” гээд гарч ирэх гэж. Өөр бусад хүмүүсийн хувьд тэгж чадах байлаа ч гэсэн У.Хүрэлсүх шиг бардам хүний хувьд бол арай л “муухай” харагдана.

Тэгэхээр гол өрсөлдөөн хоёр Энхболдын хооронд явах ч хүчний хуваарилалт М.Энхболдын талд илүү гарчихаад байна. Угаасаа нам дотроо хотын фракцийг давж гарах хүч байхгүй, тэгээд ч өнгөрсөн бүх хугацааны турш намын даргын сонгууль шинэчлэлийн бодлого, зорилт гэхээсээ илүү хөрөнгө мөнгө, хүчний харьцаа гэсэн бодит хүчин зүйлд тулгуурлаж ирсэн. Тэр ч зарчмаараа явах нь тодорхой.

Харин Н.Энхболдын хувьд ямар нэг бохир асуудалд хутгалдаагүй, нэр цэвэр, залуу хүн гэдэг утгаараа хуучин дарга нараа бодвол олон нийтийн зүгээс эерэг үнэлэмжтэй явж ирсэн ч сүүлийн жил гаруйн хугацаанд УИХ дахь намын бүлгийг толгойлохдоо өөрийнхөө сул талыг хангалттай харуулчихсан хүн. Шинээр томилогдсон спикерийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн намынхаа гишүүдийг авч чуулганаас зугтаж байгаад намаа бүлэггүй үлдээсэн, У.Хүрэлсүхийг төрийн ордонд хамгаалалтын албаныхны нүдэн дээр хүн зодож байхад нь ганц үг ганхийлгүй тойрч зугатсан гэх мэтчилэн. Ерөнхийдөө МАН-ын бүлгийн даргын хувиар түүний хийсэн алхам бүх намд нь хохирол авчирснаас үзвэл түүнийг “туршлагатай улстөрч” гэж хэлэх аргагүй болсон. Түүнээс нь ч болсон уу, сүүлийн үед МАН-ын бүлэг дотор “дорбинк”-той хүний дуу хоолой л илүү чанга сонсогдох болсон нь Н.Энхболдод өгч буй бас нэг сануулга. Хэрвээ тэр намын даргын сонгуульд ялагдвал бүлгийн даргын байр сууриа ч бас мөдхөн алдах биз. 

Ингээд хоёр өрсөлдөгч дээр хуваарилагдаж байгаа хүчний харьцааг хараад үзвэл жингийн туухай том Энхболдын талд сууж байна.

У.Хүрэлсүхийн хагас

Намын даргын сонгуультай хамт намын генсекийн асуудал ч бас яригдах учиртай. Угаасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар “намаа ялагдуулсны хариуцлагыг хүлээж, албан тушаалаа өгнө өө” гээд хэлчихсэн шүү дээ.

Генсекийн суудал дээр дахиад хоёр хүний нэр яригдаж байгаа. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нар. Харин сүүлийн үед Байгаль орчны дэд сайд асан Б.Энхмандахын нэр шинээр дуулдах болсон байна. Уг нь түүний өмнө Сү.Батболдын Засгийн газарт Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгуулийн өмнөхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож, дөрвөн сар ажилласан Д.Цогтбаатарын нэр нэлээд эртнээс яригдаж байсан. МАН-ын дарга асан Сү.Батболд тэр хүнийг дэмжин санхүүжүүлж байгаа гэгдэж байсан ч одоо түүний оронд Б.Энхмандахын нэр шинээр орж ирсэн байна. Одоохондоо экс намын дарга “хос морьтой” яваа бололтой. Хэнийг нь сүүлдэж үлдэх нь намын Их хурлын өмнө тодорхой болно. 

Б.Энхмандахын хувьд улс төрд шинэ хүн биш ч, өөрийн гэсэн давуу тал гэх зүйл байхгүй. Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг алагдсаны дараа казиногийн хэргээр УИХ-ын гурван гишүүүн шалгагдахад энэ хэрэгт тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөх Б.Энхмандах мөн холбогдож байсан билээ. Түүний сейфнээс гарч ирсэн их хэмжээний ам.долларыг Казиногийн тухай хуулийг лоббидохоор Макаогийнхоноос өгсөн авлигын нэг хэсэг хэмээн үзэж цагдаагийнхан шалгаж байсан удалгүй замхарсан. Үүнд ч гэсэн Н.Энхбаярын нөлөө бий гэдэг. Харин сүүлд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсны дараа Байгаль орчны дэд сайд, С.Баярын үед Монгол Улсыг төлөөлөн гадаадад суух Элчин сайдаар томилогдож байсан. Одоо бүрэн эрхийн хугацаа нь дуусан буцаж ирээд байгаа юм билээ. Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга О.Магнайн ах гэдгээр нь түүнийг зарим нэг нь илүү мэдэх байх. Өөрөөр бол бусдад танигдаад сүйд болсон зүйл, байгуулсан гавъяа байхгүй. Ерөнхийдөө л улс төрд дандаа “далд” явсан “окопны” байлдагч гэх юм уу даа.

Гэхдээ гол өрсөлдөөн Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат хоёрын дунд өрнөх бололтой. Намын жирийн гишүүдийн дэмжлэг ч гэсэн энэ хоёр дээр төвлөрөөд байгаа.

Ж.Мөнхбатын хувьд анх 2000-аад онд УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах байхдаа яруу найргийн “Болор цом” наадмаас тэргүүн байрын шагнал хүртсэнээсээ хойш олонд ил болсон хүн. Тэр үед МАХН төрийн бүх эрх мэдлийг дангаараа барьж байсан учраас “яруу найргийн наадмын түрүүг хүртэл худалдаж авч өглөө” хэмээн зохиолчдын дунд бөөн бухимдал болж байсан билээ. Дараа нь У.Хүрэлсүхийн байгуулсан МАСЗХ-ны удирдах зөвлөлд байхдаа Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт холбогдож, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр Солонгост казинодсон хэмээн сэрдэгдэж байхдаа гадаадад гарч яваад уг хэрэг шалгагдаж дуусаад У.Хүрэлсүх /УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ шорон луу ачигдах гэж байсан түүний хэргийг сонгуулийн дараа Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон билээ/, Ц.Чимэдцэрэн нар ялаа авсаны дараа эргэж ирсэн.
Ирснээсээ хойш харин намаараа ойр ойрхон эргэлдэж, НАМЗХ дотроо ч тодорхой байр суурь олоод холбооныхоо нэрээ улс төрийн элдэв акци зохион байгуулаад явсан. МАН-ын бас нэг “улаан хамгаалагч”-дын нэг. Хэрвээ үүнийг нь улс төрийн туршлага гэж үзэх юм бол У.Хүрэлсүхийн хагастай л тэнцэх юм даа. Гэхдээ өөрийнхөө насан дээр шүү дээ. Хэрвээ МАН-ын генсек, УИХ-ын гишүүн байгаад өөрийн хүсэлтээр гишүүнийхээ мандатыг буцаасан, улс төрийн бүх карьераа өөрийн гараар бүтээгээд, бас буулгасан одоогийн У.Хүрэлсүхтэй харьцуулах гэвэл угаасаа тийм залуу МАН дотор өөр байхгүй. Гэхдээ магадгүй тэр хүн өрөө Ж.Мөнхбатыг дэмжиж байж мэдэх л юм.

Содон нэгэн

Хамгийн сүүлчийн буюу бас эхний хувилбар нь УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар. 2012 оны сонгуулийн дараа МАН-ын дарга нарыг шинээр томилоход Ж.Сүхбаатар гнсекийн албан тушаалд Г.Занданшатартай өрсөлдөөд нэг удаа ялагдсан. Энэ удаа даагаа нэхэх нь тодорхой. Өмнөх гурваа бодвол төрийн ажлын гайгүй туршлагатай. ЗГХЭГ-ын дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга хүртэл хийж байгаад 2008 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Намын бүлэг дотроо төдийгүй УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын хорооны гайгүй хэл амтай гишүүдийн тоонд багтдаг байсан. Хуульч мэргэжилтэй гэдэг утгаараа өмнөх УИХ-ын үед эхлүүлсэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн давалгаанд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, гишүүн Ж.Сүхбаатар нарын хувь нэмэр их бий. Өмнөх үеийн МАН-ын хуучин хуульчид бараг бүгдээрээ салбарын яамных нь сайдтай хамтраад хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлийн эсрэг зогсч байхад  шинэчлэлийн бодлогын авторуудад түшиг болж өгсөн нь МАН-аас энэ хоёр л.

Сонгуулийн шинэ хуультай холбоотой автоматжуулсан систем, иргэний цахим үнэмлэх, хууль зөрчигчдөд тооцох хариуцлагын асуудал дээр ч гэсэн тухайн үед Ардчилсан нам цөөнхийн бүлгээс дэмжлэг авна гэдэг хэцүүхэн даваа байсан билээ. Харин Ж.Сүхбаатар үүн дээр намынхаа бүлгийг төлөөлж гол ажлыг нугалсан хүн. Ерөнхийдөө төрийн алба ажилд чигч байдлаар зүтгээд сурчихсан хүний хувьд гэх юм уу намын эрх ашиг гэж ярихаасаа илүүтэй нийтийн эрх ашгийг түлхүү харж шийдлүүдийг хийж байсан хэрэг. Харин энэ нь одоо намын генескийн сонгуульд өрсөлдөхөд нь хэр тус болохыг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан намын даргад өрсөлдөж байгаа М.Энхболдтой адил “Намаа сонгуульд ялуулахын төлөө хийж болох бүх зүйлийг хийнэ” гэдэг үг одоогоор амнаас нь гараагүй. Хэрвээ “зорилго нь аргаа зөвтгөдөг” гэдэг шиг юм яриад хуультай, хуульгүй дайраад байвал энэ нам нэг хэсэгтээ сэхлээ олохгүй нь л лав. Ядахдаа л дээр дуугарч байгаа хүний үгний хийг доорхи нь засаад явчихдаг байвал явдалд тустай. Угаасаа намын генсек байна гэдэг улс төрийн аливаа асуудалд намын даргаас ч илүү “шинжлэх ухаанч”-аар, үндэслэл судалгаатайгаар хандахыг шаарддаг зүйл. Асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүй. 200 гаруй мянган гишүүнтэй намын боловсон хүчний асуудлыг хариуцна, 20 хүний дунд үг хэлнэ гэдэг тэс өөр зүйл. У.Хүрэлсүхийг бараг ганц алдаа нь энэ байсан биз.

Угаасаа МАН-ын залуу үе нэг хэсэгтээ л МАСЗХ-ны үеэс У.Хүрэлсүх шиг, Ж.Мөнхбат шиг, бүр Н.Номтойбаяр шиг хүмүүсээр имижээ хийсээр ирсэн шүү дээ. Энэ имижийг өөрчилж байгаа хүн нь Ж.Сүхбаатар гэж харагддаг.