В.Ганзориг: Хүүхэд бидний ирээдүй. Хүүхэдтэй холбоотой эрүүл мэнд, боловсрол гээд хоёр том асуудал Монгол бий. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдээс хоолны асуудал сошиал медиагаар нилээд хөндөгдөж шүүмжлэлд өртөж байна. Нэг хүүхдэд ногдох үдийн хоолны төсөв болох 1500 төгрөгийг нэмэгдүүлэх цахим өргөдөл одоо ид сошиал дээр явж байна. Ийм төсвөөр хүүхдүүд маань сургууль, цэцэрлэг дээр эрүүл, аюулгүй, чанартай, шимтэй хоол хүнс хэрэглэж чаддаг уу?

Д.Буян: Ярвигтай шүү дээ. 100% биш. Учир нь бид хоол хүнсний шим тэжээлийг дөрвөн замаар алддаг. Эхнийх нь тариалалтаас хураалтын явцад. Дараа нь хураалтаас тээвэрлэлтийн явц. Тээвэрлэж авч ирсэн хүнсээ хадгалахдаа дахиад алдаа гаргадаг. Хадгалсан хүнсээ боловсруулахдаа шим тэжээлийг нь нэмж алддаг. Энэ дөрвөн процесст шим тэжээл алдагддаг учраас хүүхдийн үдийн хоол гэлтгүй Монгол Улс даяар шим тэжээлгүй хүнс хэрэглэж байна гэсэн үг. Бид махаа -18 хэмд тээвэрлэж чадаж байна уу? Чаддаггүй! Махаа 0-2 хэмд хадгалж чадаж байна уу? Яагаад хэм гэж яриад байна гэхээр хүнсний бүтээгдэхүүнд байгаа шим тэжээлийг гадагш алдахгүйн тулд хэм гэж байдаг. Үүнийг мөрдөж чадвал бид бие организмд байх ёстой шим тэжээлээр бүрэн хангагдана. Монголд дээрх дөрвөн замнал алдагдсан учраас тодорхой хэмжээгээр шим тэжээл алдагдсан, эсвэл хоосон энерги ч идэж байж магадгүй. Мах эсвэл хүнсний ногоо нэртэй хоосон энерги идэж байна гэсэн үг. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Эрүүл амьдрахад хоолноос гадна олон хүчин зүйл нөлөөлдөг. Ногоон байгууламж бүхий амьдрах орчин, жилийн дөрвөн улирлын турш амьсгалах агаар цэвэр байх ёстойгоос гадна ус маш чухал. Учир нь бие организмын 70% ус байдгаас гадна тархины эд эсний 95% уснаас хамаардаг. Иймээс сайн чанарын ус уух ёстой. Шатдаггүй тос хэрэглэх хэрэгтэй. Хавдрын үндсэн шалтгаан шатдаг тосны хэрэглээнээс үүдэлтэй. Химийн элементгүй цэвэр давс идмээр байна. Далд сахарын агууламжтай, хугацаа нь дууссан, эсвэл хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнийг сургуулийн бүст задалж ширхэгээр хүүхдүүдэд зардаг. Хүүхдүүд мэдээж орц найрлага, хугацаа, шим тэжээлийн тухай мэдээллийг уншихгүй худалдаж авдаг. Эцэст нь сэтгэлзүйн асуудал буюу стресс. Энэ бүх зүйл бол бидний эрүүл амьдрах гол хүчин зүйлсийн өнгөц хэсэг юм. 

В.Ганзориг: Хүүхдүүд байтугай та бид нийтээрээ хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн хувьд маш том асуудалтай байгаа юм байна шүү дээ.

Д.Буян: Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 52% нь эрүүл биш гэдэг статистик тоо гарсан. Айл болгонд элэг эсвэл ходоодны асуудалтай хүн бий. Эндээс таны асуултын хариулт тодорхой болсон байх. Хүүхэд гэлтгүй та бид өөрсдөө хоол хүнснээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай болсон. 

О.Номинчимэг: Хүнснээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг бид өнөөдөр хөндөж байна. Төрийн зүгээс Үдийн цай хөтөлбөрийг сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлдэг. Үүнтэй холбоотой Хоол үйлдвэрлэлтийн хуулийг 2019 батлаад, 2020 оноос хойш Үдийн цай, Үдийн хоол хөтөлбөр болоод өргөжөөд явж байна. Жил болгон энэ хөтөлбөрт тодорхой хэмжээний төсөв мөнгө тавиад цэцэрлэг, сургуульд хамрагдаж буй хүүхдүүдийн үдийн хоолонд зарцуулдаг. Төсвийн хувьд хэрэгцээ шаардлагатайгаа нийцэж байна уу гэвэл чамлалттай. Энэ жил 80 орчим тэрбум төгрөгийг орон даяар үдийн хоол хөтөлбөрт төсөвлөж баталсан. Гэхдээ энэ дүн нэг хүүхдэд ногдох норм, нормативээр хангалттай биш. Хүүхэд гэлтгүй монголчууд бүгдээрээ хоолны шим тэжээлийн талаар хангалттай мэдээлэл, мэдлэгтэй байж чадахгүй байна. 1990-ээд онд бид байгаагаа идээд л өссөн хүмүүс шүү дээ. Би сүүлд гадаадад очоод их сургуульд сурч байхдаа хоолны шим тэжээлийн тухай цэгцтэй ойлголт, мэдээлэлтэй болсон. Иймээс хувь хүн, эцэг эхчүүд өөрсдөө эхлээд эрүүл хоол, хүнсний шим тэжээлийн тухай ойлголт, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Их хоол эрүүл гэсэн үг биш. 

Хүүхдүүдийнхээ хоолны шим тэжээл дээр бид мэдээж анхаарах ёстой. Үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр хэд хэдэн эерэг нөлөө гарсан. Нийслэл хотын гэр хороололд амьдарч буй өрхийн нэлээдгүй хувь нь ядуу болон эмзэг бүлэгт хамаарагддаг. Эдгээр өрхүүдэд мэдээж хүүхдүүд байгаа. Сургуулийн үдийн цай хөтөлбөр үдийн хоол болсноор хүүхдүүдийн сургуульд хамрагдах байдал нэмэгдсэн. Үдийн хоолны чанар, амтын талаар судалгаа хийхэд боломжийн гэдэг хариулт ирдэг. Гэхдээ Боловсролын ерөнхий газар ЖАЙКА-тай хамтарч үдийн хоолны шим тэжээлийн судалгаа хийсэн. Уг судалгаагаар сургуулийн сурагчид өдөрт авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байгаа нь харагдсан. Ялангуяа Д витамины дутагдал өндөр, өдөрт авах ёстой кальцийн хэмжээ хоёроос дөрөв дахин бага гарсан. Сүү, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэж байна, хүүхдүүд шим тэжээлийн дутагдалтай байна гээд нэлээд нарийвчилсан судалгаа хийгдсэн. Бид одоо байгаа нөөц дээрээ тулгуурлан хүүхдэд өгч буй хоолны шим тэжээлийг сайжруулах, хүнс тээвэр дээрээ анхаарах, хоол бэлтгэл, хүнс боловсруулалтын арга зүйгээ сайжруулах зэргээр тал талын оролцоогоо хангаж байж энэ асуудлыг шийднэ. 

Ц.Гэрэлчимэг: Энэ асуултанд ээж хүний хувиар хариулмаар байна. Би цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. 10 сард хүүхдүүдээ анх удаа цэцэрлэгт өгч үзсэн. Орой хүүхдээ авахаар очих үед тухайн өдөр хүүхдэд өгсөн хоолны дээжийг шилэнд хийгээд тавьсан байдаг. Эндээс эцэг, эхчүүд хүүхэд нь өдөр юу идэж, уусан тухай мэдээлэл авахаас гадна долоо хоногийн хоолны менютэй нь танилцаж болдог. Гэхдээ би эндээс миний хүүхдэд ямар будаагаар хоол хийж өгсөн, боорцог нь чихэртэй юу, үгүй юу, транс тосоор хайрсан эсэхийг хоолны дээжийг нь хараад мэдэхгүй. Менюг нь уншаад орц найрлага, шим тэжээлийг нь мэдэхгүй учраас цэцэрлэгийн хоол эрүүл гэдэгт эргэлздэг. Харахад лав нүдэнд шим тэжээлтэй харагддаггүй. 

Б.Дөлгөөн: Халдварт бус өвчнөөр нас барах магадлал дэлхийн дундаж нь 18% байхад Монголд 30% байдаг. Үүнээс болоод дундаж наслалт бага, нас баралт өндөр байна. Эрүүл төрсөн хүүхэд амьдралынхаа туршид өвчтэй болдог. Халдварт бус өвчин манай нийгэмд маш их байна гэсэн үг. Энэ өвчний шалтгаан яах аргагүй хоол хүнс, амьдралын хэв маяг байдаг. Ирээдүй болсон хүүхдүүддээ анхааръя гэвэл энэ Монгол Улсын номер нэг эсвэл хоёр дахь чухал асуудал байх ёстой. Дөнгөж төрсөн эсвэл тав, арван настай хүүхдүүдийг бид нэн яаралтай эрүүл амьдралын хэв маягт оруулж, хоол хүнс, боловсрол дээр нь анхаарч, эрүүл бас аюулгүй орчинг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ хэлэлцүүлгээр чухал сэдвийг хөндөж буйд баярлалаа.

В.Ганзориг: Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт мөрдөгдөх ёстой. Улсын сургуулиуд дээр нөхцөл байдал ямар байгаа бол? Нэн тэргүүнд ямар асуудлыг шийдэх боломжтой байна вэ?

О.Номинчимэг: Нийслэл хотын хэмжээнд 380 мянган хүүхэд төрийн өмчийн 163 ерөнхий боловсролын сургуульд хамрагддаг. Улаанбаатар хотын хүн ам 30 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдсэн. 1992 онд хагас сая хүнтэй байсан хотод өнөөдөр 1,7 сая хүн амьдарч байна. Албан бус тоо үүнээс өндөр байх магадлалтай. Энэ өсөлтийг сургууль, цэцэрлэгийн хүртээмж гүйцэхгүй байгаа. Энэ асуудал дээр анхаарал тавьж Засгийн газар 2021-2022 оны хооронд 200 тэрбум төгрөгөөр шинээр цэцэрлэг барьж, бүр боломжгүй газруудыг түрээсийн байраар ханган ажиллаж байна. 2019 онд батлагдсан хуулиар сургууль, цэцэрлэгүүд зориулалтын гал тогоотой байх ёстой болсон. Одоогоор 75 сургууль өөрийн гэсэн гал тогоотой болсон. 2024 оны нийслэлийн төсөвт 3,5 тэрбум төгрөг суулгаж, 42 сургуулийн хоол үйлдвэрлэл буюу гал тогоог нь шийдэхээр ажиллаж байна. Улсын төсөвт нэмж 30 тэрбум төгрөг суусан бөгөөд энэ мөнгөөр сургуулиудын хоолны газрын тоног төхөөрөмжийг шийдэхэд зарцуулагдана. 

Ц.Гэрэлчимэг: Энэ тохижуулахаар төлөвлөж буй сургуулиудын гал тогоог түрээсийн эсвэл өөрийн эзэмшлийн гэж ангилсан уу?

О.Номинчимэг: Ангилсан. Сургуулийн барилга стандартын дагуу цайны газартай байдаг. Харин өөрийн гэсэн байргүй, түрээсийн газар байдаг сургууль, цэцэрлэгүүдэд зориулалтын цайны газар байдаггүй. Бид аль аль газрынх нь цайны газрыг засаж тохижуулж, тэнд сурч хүмүүжиж буй хүүхдүүдийн гал тогоо, хоол үйлдвэрлэлийн орчинг стандартад оруулахаар ажиллаж байна. 

Ц.Гэрэлчимэг: Сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлыг ирэх жил сургуулийн амралтын үеэр буюу зургаагаас найман дугаар сарын хооронд л хийх боломжтой гэсэн үг үү?

О.Номинчимэг: Богино хугацаанд хийчих дотоод засварын ажлыг боломжоороо буюу улирлын амралтын үеэр хийнэ. Төрийн байгууллагын нэг онцлог, нөгөө талаасаа яг үнэнийг хэлэхэд бидний хувьд зовлон болдог нэг зүйл бий. Тэр нь Тендерийн хууль. Төрийн мөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах нөхцөлд заавал хуулийн процессоор явдаг. Энэ нь түргэн шуурхай ажиллах гэхээр хуулийн процесст баригдаад хугацаа алддаг. Иймээс барилгын томоохон засвар үйлчилгээнүүд яах аргагүй зунаас л хийгдэх боломжтой. 

В.Ганзориг: Гэрэлчимэг “Beyond Nutrition” нэртэй яг энэ ярьж байгаа асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа. Нилээд хэдэн сургууль, цэцэрлэгээр явж бодит нөхцөл байдалтай нь танилцсан. Хүүхдийг эрүүл, шимтэй хоолоор хангаж, аюулгүй хоол үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэхийн тулд нэн яаралтай ямар ажлыг хийх ёстой гэж харагдсан бэ?

Ц.Гэрэлчимэг: “Beyond Nutrition” төслийн хүрээнд бид Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай уулзаж, хүүхдийн эрүүл мэнд, хоолны шим тэжээлийг сайжруулах шаардлагатай сургууль, цэцэрлэгийн жагсаалт авсан. Богино хугацаанд үр дүнтэй төсөл хэрэгжүүлж улсын хэмжээнд жишиг стандарт болгохыг зорьж байна. Энэ төсөл дээр мэргэжлийн тогооч Д.Буян бид нартай хамтарч, энэ сургууль, цэцэрлэгүүдээр цуг явж орчин нөхцөлтэй нь танилцаж, үнэлэлт дүгнэлт гаргасан. Маш богино хугацаанд үр дүн гаргая гэвэл сургууль, цэцэрлэгүүдийн гал тогоог зориулалтын аяга, таваг угаагчаар хангах юм билээ. Учир нь Монголд хеликобактерийн тархалт өндөр байгаа учраас сургууль, цэцэрлэгүүд дээр нян бактерийг өндөр хэмд устгадаг зориулалтын аяга таваг угаагч машинтай болгох улсын жишиг стандартыг төслөөрөө дамжуулан хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ ажлаас төслөө эхлэх ёстой гэж харсан. Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогоонд юу болохгүй байна, ямар зөрчлүүд байсан гэдгийг Буян тогооч илүү ярих байх. 

В.Ганзориг: Гал тогоо цэвэрхэн байхаас гадна тогооч эрүүл байх ёстой гэж Буян тогооч ярилцлага өгсөн байсан. Энэ бүх нөхцөл хангагдаж байна уу?

Д.Буян: Амны хөндийн эрүүл мэндийн тухай заавал ярих ёстой. Хүмүүс эрүүл байхын тулд зүрх, элгээ хайрлах ёстой гэж ярьдаг. Хүн эрүүл байх эсэх нь амны хөндийгөөс эхэлдэг. Амны хөндийн өвчлөлийн 80% дотор эрхтэн рүү нөлөөлж, олон өвчний голомт болдог. Та бид гурав эсвэл зургаан сар тутам мэргэжлийн эмч дээр очиж амны хөндийгөө үзүүлж занших ёстой. Учир нь ямар ч гоё, супер, эрүүл хүнс идээд та амны хөндийн өвчлөлтэй байвал нэмэр байхгүй. Улсын хэмжээнд нийт 1,2 сая хүүхдээс 700 мянга нь Улаанбаатар хотод байдаг. Эдгээр хүүхдүүдийн 98% нь амны хөндийн ямар нэг өвчлөлтэй байна. 1000 хүүхэдтэй сургууль дээр очиход 10 хүүхэд тутмын 9 нь амны хөндийн өвчлөлтэй байдаг. Нэг биш таваас есөн шүд нь өрөвсөлтэй, хорхой идсэн явж байдаг. 

В.Ганзориг: Ийм орчинд тэр нэг хүүхэд ганцаараа эрүүл байх бараг боломжгүй юм биш үү?

Д.Буян: Боломжгүй. Бид нарын очсон цэцэрлэгийн ангийн 16 хүүхдээс 15 нь хорхой идсэн шүдтэй байсан. Энэ 1,2 сая хүүхдээ эрүүл байлгахын тулд бид сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хоол хүнснээс гадна амны хөндийн эрүүл мэндэд нь зайлшгүй анхаарах ёстой. Үүнээс гадна та бид нар буюу хувь хүмүүс жил бүр бүтэн биеийн оношилгоонд орж байгаач ээ. Хагас жил тутам биохимийн шинжилгээ өгч цусан дотор юу агуулагдаж байна, юу нь багадаад, юу нь ихсээд байгаагаа шалгадаг байх ёстой. Үүнийгээ мэдсэний дараа хоол хүнсээр дамжуулж эрүүл мэндээ удирдах боломжой. Ийм байж чадахгүй учраас бид дур мэдэж янз бүрийн эм хэрэглэдэг. Монгол Улсын хэмжээнд 55-аас дээш насны хүмүүсийн 80% нь эмийн хамааралтай болсон. Байшин болгоны дор эмийн сан байна. Энэ бол манай нийгэм эрүүл бус байгааг илэрхийлнэ. 

Дараагийн хэлэх ёстой зүйл бол сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ажиллаж байгаа мэргэжлийн тогооч нарыг дахин мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Түүнээс гадна тэнд ажиллаж байгаа тогооч хүн эрүүл баймаар байна. Тогооч хүн амны хөндийн асуудалгүй, хеликобактергүй, гегапит B, C вирусгүй, заавал эрүүл байх ёстой. Монголд 10 хүн тутмын 8 нь хеликобактер тээгч байна. Үүнийг аяга тавагны угаалгын машинаар л байхгүй болгоно. Ганц сургууль цэцэрлэг биш, айл өрх болгон, нийтийн хоолны бүх газар ийм жишиг стандарт руу шилжих ёстой. 

1950 онд Швейцар улсад яг манайх шиг байсан. Хеликобактер, гепатит В, С вирусын тархалт өндөр, дотор эрхтний өвчлөл өндөр байсан. Эрүүл мэндийн сайд нь зориулалтын аяга таваг угаагчийг бүх нийт хэрэглэхийг уриалж, амны хөндийн эрүүл мэндээ хувь хүн өөрөө хариуцах хууль гаргаж, иргэдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг нь халаастай нь ярьж эхэлсэн. Нэг удаа эмчид үзүүлэхэд 50 франк төлөх бол шүдээ хорхойд идүүлээд эмч дээр олон удаа очвол үзлэгийн төлбөрийг 1500 франкийн үнэтэй болгож ард иргэдэд сонголт хийх эрхийг нь өгсөн. Ингэснээр хүн бүр 50 франк буюу хамгийн хямд төлбөр төлөхийн тулд өөрийн эрхгүй 3 сар, 6 сар тутам мэргэжлийн эмч дээр очиж гэр бүлээрээ эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн түүхтэй. Энэ төсөл 10 жил үргэлжилж байж үр дүнд хүрсэн. 

Иймээс хүүхдийн хоолны чанар, шим тэжээл гээд ярьж буй сэдэв рүүгээ эргээд ороход аяга таваг угаагчаас гадна тогооч хүн эрүүл байх ёстой. Хамгийн чухал нь хүүхдүүдийн боловсрол дээр бид ажиллах ёстой. Нэмээд ээж, аавууд, сургуулийн ажилчид, багш, удирдлагууд мэдлэгтэй, хариуцлагатай байх ёстой. Дахин хэлэхэд, аав ээжүүд, сургуулийн удирдлага ажилчид, тогооч нар, хүүхдүүд хоорондоо хамтарч ажиллаж байж амны хөндийн эрүүл ахуй, шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хоолыг хийнэ. Энэ дөрвөн бүлгийн нэг нь оролцохгүй л бол асуудал шийдэгдэхгүй. Иймээс мэргэжлийн гал тогоо гэж ярьвал Монголд асуудалтай байгаа.

В.Ганзориг: Швейцар улсын маш гоё жишээг сая хэллээ. Шүд, амны хөндий, нийтийн эрүүл мэндтэй холбоотой том хөтөлбөрүүд орон даяар хэрэгжиж эхлэх гэж байгаа гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч.

Б.Дөлгөөн: Монгол хүний өвддөг гурван өвчин байдаг. Тэр нь амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн, зүрх судас. Энэ гурван төрлийн өвчний суурь шалтгаан нь амны хөндийн өвчлөл байдаг. Энэ бүхэн судалгаагаар бүрэн нотлогдсон. Хүний биед байж болох хамгийн хоруу чанартай нян бактерууд амны хөндийд байдаг. Энэ бактер үржихээр цус буюу судсаар дамжин бүх эрхтэн тогтолцоонд өрөвсөл үүсгэж зүрх хүртэл явдаг. Хоёрт, хоолойгоор дамжин шууд ходоодонд очиж хоол боловсруулах эрхтнүүдийн эмгэгийн суурь болдог. Иймээс амны хөндий эрүүл байж гэмээнэ хүн эрүүл амьдарна. Гэтэл Монголд шүдэндээ ломбогүй хүн бараг байдаггүй. Шүд угаасаа цоорч л байдаг, иймээс ломботой шүдтэй байх нь энгийн зүйл гээд ойлгосон. Энэ энгийн биш! Шүд цоорох ёсгүй, цоолохгүй байж болдог. Үүнийг 100% урьдчилан сэргийлэх боломжтой зүйл. 

Дэлхийн дундаж статистикаар бол хүн амын 60% нь шүдний цооролтгүй байдаг. Манайд 10 хүнд үзлэг хийхэд бүгд цооролттой гардаг. Энэ цооролт бүр хүүхэд наснаас нь эхэлсэн байдаг. Иймээс хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд гэж бид өнөөдөр яриад байна. Шүд цоорох өвчний тархалт хүүхдүүдийн дунд наснаасаа хамаараад 70-аас 80%-тай байна. Зарим газар энэ үзүүлэлт 90% давдаг. Үүний шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуй ба хоол хүнсний зохисгүй, эрүүл бус хэрэглээ. Ялангуяа сахар өндөртэй бүтээгдэхүүний тухай заавал ярих ёстой. Иймээс бид ирээдүй болсон хүүхдүүддээ одооноос эхлэн эрүүл амьдралын хэв маягийг суулгаж хэвшүүлэх хэрэгтэй. Энэ зуршил нэг өдрийн дотор бий болохгүй, олон жил шаардагдана. Гэхдээ тэр эрүүл орчинг та бид бий болгож өгөх ёстой. 

Засгийн газраас “Эрүүл шүд” гэдэг тогтоол гаргасан. Хүүхдүүд рүү чиглэсэн энэ хөтөлбөр 2024 оны 1 дүгээр сараас эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд сургуулиудтай хамтран ажиллана. Энэ асуудлыг шийдэхийн тулд боловсрол ба эрүүл мэндийн салбар хамтарч ажиллах ёстой. Сургууль бол зөвхөн боловсрол олгох биш хүүхдүүдийг хүн болгон хүмүүжүүлдэг байгууллага. Бүх хүүхдэд тэгж боломж олгон эрүүл амьдралын зан үйлийг суулгах боломжтой хамгийн том институт. Иймээс сургууль дээр үдийн хоолны дараа хүүхдүүдийн шүдээ угаадаг, гар угааж эрүүл мэндээ сахидаг орчинг бий болгох ажлууд энэ хөтөлбөрт багтсан. Цаашлаад ганц шүд гэлтгүй хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг боловсролын байгууллагуудтай хамтрах замаар шийдэхээр ажиллаж байна. 

В.Ганзориг: Хотын орлогч дарга олон сургууль тохижуулж эхэлж буйгаа хэлсэн. Шүд хөтөлбөрийн тухай сая ярьлаа. Гэрлээ, Буян тогооч хоёр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны шим тэжээл, гал тогооны аюулгүй байдлыг хангах “Beyond Nutrition” төсөл хэрэгжүүлж байна. Энэ бүх нөөцөө нийлүүлээд хамтдаа ажиллаж болохгүй юу? Нүсэр биш юм аа гэхэд нэг сургууль, нэг цэцэрлэг сонгож аваад жишиг байдлаар хөгжүүлж сайжруулах боломжийг юу гэж бодож байна?

Б.Дөлгөөн: ”Эрүүл Шүд” хөтөлбөр 2024 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэнэ. 

О.Номинчимэг: 2024 онд яг энэ тал дээр хийхээр төлөвлөж буй ажлууд нилээд бий. 2023 оны 11 сард Нийслэл хот НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд ба хоолны шим тэжээл дээр хамтран ажиллахаар тохирч санамж бичиг үзэглэсэн. Түүнчлэн хүүхдүүдийн дунд газар аваад байгаа хэрх өвчинтэй тэмцэж, урьдчилан сэргүүлэх тал дээр ажиллана. Эхний ээлжинд 10 сургууль сонгож аваад хүүхдүүдийн эрүүл мэнд, шим тэжээлтэй холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Сургуулийн гал тогоог тохижуулж, шүд угаах кабинет байгуулж, сэтгэлзүйчээр хангах юм. Хуулиар сургууль бүр сэтгэлзүйчтэй болох ёстой. Энэ чухал мэргэжилтний хүртээмжээс гадна чадавхийн асуудал хөндөгдөөд эхэлсэн. Хүүхэд стрессдээд очиход зөв зүйтэй зөвлөгөөг өгч чадаж байна уу гээд... 

В.Ганзориг: Жендерийн асуудал үүсээд эхэлсэн сураг байсан. Хөвгүүд жишээ нь эмэгтэй сэтгэлзүйч дээр ороод хамаг асуудлаа ярьдаггүй. Эрэгтэй сэтгэлзүйч бараг байдаггүй гээд...

О.Номинчимэг: Харин тийм. Иймээс сургуулийн сэтгэлзүйчдийг чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн хүүхдүүдийн дунд байдаг бие биенээ дээрэлхэх, үүнээс үүдэлтэй асуудлыг системтэй шийдэх олон улсын жишиг стандарт, хөтөлбөрийг оруулж ирэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний тулд нийслэлийн 10 сургуулийг эхний ээлжинд сонгож аваад сургууль тус бүр дээр цогц өөрчлөлт хийнэ. Энэ 10 сургуулиа арай сонгож амжаагүй байгаа. Саяхан манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүүхдийн үдийн хоолны хажуугаар хүүхдүүдийн кальцийн дутагдлыг нөхөхийн тулд сүү, баяжуулсан сүүн бүтээгдэхүүн өгөх санаачилга гарсан. Эдгээрийг нэгтгэн хэрэгжүүлж үр дүнг нь харж байгаад бусад сургуулиуд руу орно. 

В.Ганзориг: Буян тогоочийн дурдсан автомат аяга таваг угаагчийг улс, нийслэлийн хэмжээнд нийтийн хоолны бүх газар, сургууль, цэцэрлэг заавал авч хэрэглэх ёстой гэдэг хууль, журам гаргаж болохгүй юу? Эсвэл байдаг ч гэсэн хэрэгжихгүй байна уу?

Д.Буян: Рестораны түвшинд ийм шаардлага тавигддаг. Бүх ресторандууд ийм төхөөрөмжтэй байх ёстой. Харин гуанзууд гараараа л угааж байгаа. 

О.Номинчимэг: Бид бусдад хуулийн шаардлага тавихдаа эдийн засгийн тооцооллыг давхар хийх ёстой болдог. Бидний ярьж буй асуудал явсаар байгаад эдийн засгийн чадавхи, ядуурал, хөдөлмөр эрхлэлттэй холбогдоно. Иймээс аливаа шийдвэр гаргахаас өмнө эдийн засгийн үл нөлөө, уг шийдвэр амьдрал дээр бодитой биелэх нөхцлийг судлах ёстой. Сургууль болгон дээр аяга таваг угаагч тавих шийдвэр гаргаад төсөв мөнгийг шийдлээ гэхэд энэ шийдвэрийн үр дүнд хеликобактерийн тархалтыг хэдэн хувиар бууруулж чадах вэ гэдэг асуудлыг ярих болно. Иймээс зөвхөн сургууль, цэцэрлэг дээр аяга таваг угаагч байрлуулах шийдэл дангаараа асуудлыг шийдэхгүй. 

Хүүхэд сургууль дээр хоол идэхээс гадна гэртээ, гадуур хооллож таарна. Гэр бүлийн орчин, эцэг эхийн үүрэг хариуцлага, ухамсар давхар яригдаж таарна. Иймээс нийтээрээ хамтран ажиллаж байж эдийн засаг, нийгмийн үр нөлөө өндөр гарна. Хүний ухамсар, амьдралын дадал, соёл, зуршил өөрчлөгдөхөд цаг хугацаа орно. Иймээс одооноос хүүхэд, эцэг эхчүүд рүү хандаж хариуцлагыг нь өндөр болгосон ажлуудыг давхар хийх ёстой. Ингэж байж төрөөс гаргасан дүрэм журам амьдрал дээр бодитой хэрэгжих болов уу.

В.Ганзориг: Одоо байгаа үдийн хоолны нэг хүүхдийн 1500 төгрөгийн төсвийг хэдэн төгрөг болгож байж шим тэжээлтэй хоол хийх боломжтой вэ?

Д.Буян: Ковидын өмнөх жилүүдэд бид туршилт хийж үзсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд хотын хойшоо явж гэр хорооллын дундах сургуулиуд дээр ажилласан. Одоо байгаа 1500 төгрөгийн төсөвт багтааж болгосон. Тухайн сургууль хаанаас, юу, хэдээр худалдаж авч байгаагаас хамаарч хоолны менюг тав хоногоор гаргасан. Боломжит хувилбар гарсан боловч улсаас шаарддаг ногоон, улаан номон дээр заасан шим тэжээлийг энэ төсвөөр авч чадахгүй. Энэ бол ямар ч боломжгүй зүйл! Гэхдээ бид 1500 төгрөгөнд нь тааруулаад меню хийсэн гэсэн үг. Хүүхдүүд болсон хойно шим тэжээл гэхээс илүү гэдсээ дүүргэж цадахыг хүсдэг, нэмүүлэхийг хүсдэг. 

2023 оны байдлаар буюу хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тооцоод хэлбэл одоогийн 1500 төгрөгийн сурагчдын үдийн хоолны төсвийг шинэ үеийн гал тогооны (Novel cuisine) стандартаар хийвэл 5000 төгрөгт багтаан шим тэжээлтэй хоолны меню зохион хийх боломжтой. Дээр үеийн цэсэнд 50-аас 60 хүнд зориулсан нэг тогооны хоол буюу зөвхөн нүүрс усаар хангах меню явдаг. Үүнд шим тэжээлээр хангах асуудал багтаагүй. Учир нь бүх юмаа нэг тогоонд буцалгаад ялз болгоод өгдөг. Иймээс шинэ үеийн гал тогооны стандартыг оруулах ёстой. Учир нь одоо Монголд маш олон төрлийн нарийн ногоо орж ирдэг болсон. Хүмүүс үүнийг зөв боловсруулж идэж мэдэхгүй байна. 

Дараагийн зүйл гэвэл бид махны сонголтоо асар буруу хийдэг. Малын хөдөлгөөнт хэсэг буюу гуя, хааны махаар зөвхөн нойтон буюу нэгдүгээр хоол, харин хөдөлгөөн бага буюу хонго, сүүж, сээр, нурууны махаар хоёрдугаар хоол хийх ёстой. Гуя, хааны махаар хийсэн хоёрдугаар хоол хуурай хатуу болдог учраас янз бүрийн юм нэмж хүчээр чийг өгдөг. Тэр нь кепчуп, майонез, кимчи, цуу, жан гэх мэт нэмсээр байгаад байж болох бүх давсны хэрэглээгээ өндөр болгодог. Махны сонголт буруу учраас буруу хоол болдог. Үүнийг би маш олон жил тайлбарлаж байгаа. Иймээс малын хөдөлгөөн ихтэй хэсгийн махаар зөвхөн нойтон хоол буюу гуляш, рагу, карри, эсвэл чанах, шөл хийх ёстой. Харин малын хөдөлгөөн бага хэсгийн махаар хоёрдугаар хоол хийдэг. Үүнийг ойлгуулж чадвал хоол хийх талаасаа тодорхой хэмжээнд өөрчлөлт гарна. Нөгөө талаас бид будаатай хоолонд броккили, төмс, лууван хийгээд ялз болгочихдог. Шинэ үеийн гал тогооны зарчмаар энэ бүгдийг тус тусад нь болгодог. Нийлүүлэхээр өртөг нь яг л адилхан болно. 

Шинэ үеийн гал тогооны стандарт дэлхийн хэмжээнд 1953 онд стандарт болсон бөгөөд Монголд 2010 оноос эхэлсэн үү, эхлээгүй юу явж байна. Энэ стандартыг хэвшүүлж чадвал хоол боловсруулах арга дээр том дэвшил гарч, хоолны шим тэжээл эрс сайжирна. Гал тогоог нь супер тохижуулаад, эрүүл тогооч нь сайхан хоол хийсэн ч гэсэн хоолоо хийхдээ буруу боловсруулаад байвал хүүхдэд шим тэжээлээ бүрэн өгч чадахгүй буюу ямар ч нэмэргүй гэсэн үг. Иймээс бид одооноос хоол боловсруулах арга дээрээ анхаарч технологио шинэчлэх ёстой. Шинэ үеийн гал тогооны (Novel cuisine) стандартаар хийвэл 1000 хүүхдийн гал тогоонд хүний нөөц асуудалтай байгаа өнөө үед ердөө дөрвөн тогооч ямар ч асуудалгүй хангалттай ажиллаж чадна. Бид үүнийг нэг хувийн сургууль дээр туршин хийж үзсэн. Ямар түүхий эд материал хэрэглэж буйгаас хамаар нэг хүүхдийн хоолны зардал тэр үед 4500-с 8000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан. 5000 төгрөгөөр нэг хүүхдэд хангалттай шим тэжээл авах жишиг меню гаргах боломжтой. 

В.Ганзориг: Яг үүнтэй холбоотой асуултыг Номинчимэг даргад тавьмаар байна. “Beyond Nutrition” төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, төрийн худалдан авах газартай уулзаад явж байхад хоолны түүхий эд худалдан авах сонголт сургууль, цэцэрлэгийн удирдлагад байхгүй, нэр бүхий хэдхэн компаниас заавал авах ёстой, тэр нь чанаргүй, үнэтэй хүнс нийлүүлдэг гэж ажиглагдсан. Энэ процедурыг нээлттэй, тунгалаг, хурдан, хариуцлагатай болгож болдоггүй юм уу?

О.Номинчимэг: Тендер болон Худалдан авалтын шинэ хууль 2024 оноос үйлчилж эхлэнэ. 2019 онд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсан. Сургуулийн хоол бэлтгэлийг тендерийн журмаар нээлттэй хийх, эсвэл орон нутгийн өмчит газар ашгийн төлөө бус ажил гүйцэтгэх шийдвэр гарсан. Эдгээр газруудад зориулалтын агуулах, тээвэр, эрүүл ахуйн шаардлагуудыг тавьж байгаа. 

Одоо Улаанбаатар хотын ихэнх ЕБС-иуд www.tender.gov.mn дээрх онлайн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүнүүдээ авдаг болсон. Тэнд тогооч нарын ажлыг хөнгөвчилсөн, хэрчээд бэлдсэн хоолны түүхий эд материалуудыг бэлдээд зардаг болсон. Нийслэлийн хувьд 65 жилийн түүхтэй сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг хариуцаж ирсэн дөрвөн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буюу компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр компаниуд ашгийн төлөө байгууллагууд гэсэн үг. Шинэ хуулиар эдгээр компаниуд нээлттэй тендерээр сургууль, цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлэх ёстой, эсвэл төсвийн байгууллага болох буюу ашгийн төлөө бус ажиллах ёстой болж байгаа. Энэ дөрвөн компани одоо нэг газраас хүнсний материал аваад тээвэрлээд сургууль, цэцэрлэгт хүргэж өгдөг дундын зуучлагч маягийн үйл ажиллагаа явуулдаг. Яг одоогийн байдлаар энэ дөрвөн компанийн аж ахуйн тооцоот учраас хүүхдийн үдийн хоолны 1500 төгрөгнөөс 20 хувийг нь үйл ажиллагааны зардал, НӨАТ-ийн зардал гээд суутгаж авдаг. 

В.Ганзориг: Хүүхдийн хоолны мөнгөний 1500 төгрөгөөс энэ дөрвөн компани 20%-ийг авдаг болж таарах нь ээ?

О.Номинчимэг: Тийм. Хүүхдийн үдийн хоолны мөнгөнөөс хасагддаг гэсэн үг. Үүнийг хотын шинэ удирдлагын баг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулж аж ахуйн нэгжийн хэлбэрийг өөрчлөх замаар шийдэхээр ажиллаж байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг харахаар хүнс тээвэрлэлт, агуулах, хадгалалт дээрээ хэцүү нөхцөлтэй байдаг. Иймээс дунд хугацаандаа нийслэлийн хүнс хангамжийг бүрдүүлэх агуулахуудыг хаана, яаж байршуулж байгуулахыг стратеги төлөвлөгөөнд оруулах шаардлагатай байгаа. 

Хуулиараа сургуулиудыг зөвхөн тэр онлайн дэлгүүрээс хүнсээ ав гэж заасан байдаг. Энд цэцэрлэг хаягдаад үлдсэн. Иймээс цэцэрлэгүүд нөгөө дөрвөн компаниас л авах ёстой болоод байгаа юм. Гэхдээ энэ байдлыг бид өөрчилж, нээлттэй, өрсөлдөөнтэй сонголтыг бий болгож байгаа. Цаашид Нийслэлийн зүгээс цэцэрлэгүүдийг зөвхөн энэ дөрвөн компаниас хүнсээ ав гэж шахахгүй. Сургуулиудын авдаг онлайн дэлгүүрээс найдвартай, эрүүл, шинэ, хямд бүтээгдэхүүнийг сонголттойгоор авах боломжийг нь бүрдүүлсэн. 

В.Ганзориг: Тэр онлайн дэлгүүрт нь дурын компани, ЖДҮ, тариачин, ногоочин, малчин шаардлагыг нь хангаж байвал бараа бүтээгдэхүүнээ байршуулах боломжтой биз дээ?

О.Номинчимэг: Бүрэн боломжтой. Тэгж байж өрсөлдөөн бий болж, чанар сайжирч, үнэ буух нөхцөл бүрдэнэ. 

Д.Буян: Улсын хэмжээнд уураг тодорхойлох лаборатори байдаггүй. Уургийн агууламжтай бүтээгдэхүүн би аваад үүнийгээ шалгаж баталгаажуулж чадахгүй байна. Номинчимэг даргад үүний талаар мэдээлэл байна уу?

О.Номинчимэг: Бүрэн хэмжээний мэдээлэл байхгүй байна. ШУТИС дээр хүнсний шим тэжээл, аргазүйн том төсөл хэрэгжихээр яригдаж байгаа. Энэ төсөлд улсын хэмжээнд лабораторийн асуудал багтсан эсэхийг лавлах ёстой. Нийслэлийн хэмжээнд ийм лаборатори байхгүй. 

Д.Буян: Бид хүнсний бүтээгдэхүүний хувьд гаднаас хамааралтай улс. ДЭМБ-аас энэ хамаарал 45%-иас илүү гарвал хүнсний аюулгүй байдал эрсдэлд орсон гэж үздэг. Гэтэл гаднаас орж ирж буй хүнсээ шинжлэе гэхээр ийм боломж, ийм лабораторигүй байгаад байна л даа. 

Б.Дөлгөөн: Мэргэжлийн хяналтын газрын харъяа байсан лабораториуд татан буугдсан. Үүний үрээр тэнд байсан лабораториуд, мэргэжлийн байцаагчид өөр өөр газрын харъяанд орж шилжсэн. Одоогоор нэгдсэн байдлаар шинжилгээ хийх боломжгүй болсон гэдэг бол яах аргагүй үнэн. 

О.Номинчимэг: Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын байцаагчид шинжилгээ хийх гэхээр өөрсдөд нь лаборатори байхгүй учраас Улсын Онцгой Комисс юм уу эсвэл улсын харъяа аль нэг байгууллага руу явуулах болдог. Тэнд ачаалал ихтэй учраас уддаг, эсвэл авдаггүй учраас Нийслэлийн хэмжээнд лабораторийн асуудал хурцаар тавигдаж байгаа. 

В.Ганзориг: Энэ сэдвийг нэг нэвтрүүлгээр хөндөхөд хангалттай биш тул цуврал байдлаар хэлэлцүүлэг хийх ёстой юм байна. Гэхдээ энэ дугаараас хэдүүлээ нэг нэг зүйл амлаж аваад, шийдэл гаргаад бага ч гэсэн урагшаа алхая гэвэл ямар уриалга, амлалт та бүхний зүгээс гаргах боломжтой байна вэ?

О.Номинчимэг: Миний хувьд Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар томилогдоод ажиллаж байна. Иймээс миний ажил яах аргагүй хүүхэд рүү чиглэнэ. Энэ ажлууд дээр ТББ, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил гээд хамтын оролцоогоо нэгтгэж байгаад дорвитой ажил хийх зорилготой байгаа. Иймээс та бүхний хэрэгжүүлэх гэж буй төсөл дээр Нийслэлийн зүгээс дэмжээд, хамтраад явах бүрэн боломжтой, бэлэн байна гэдгийг хэлье. Дээр хэлсэн 10 сургуулиас нэгийг нь сонгоод цогц байдлаар хамтраад ажиллахыг урьж байна. 

Д.Буян: Би амны хөндийн эрүүл мэндээ анхаараач ээ гэж хүмүүст зөвлөмөөр байна. Жилдээ нэг удаа бүтэн биеийн массаж биш бүтэн биеийн оношилгоонд орж заншаарай. Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж 3 сар тутам эмчид үзүүлж, биохимийн шинжилгээг 6 сард тутам өгч байгаач ээ гэж уриалмаар байна. Ингэж чадвал бид ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. 

Ц.Гэрэлчимэг: Би эцэг, эхчүүддээ уриалга хэлмээр байна. Эцэг, эхчүүд хэтэрхий завгүйгээс болоод хүүхдийнхээ сургууль, цэцэрлэг дээр идэж буй хоол, хүнсэнд анхаарч чадахгүй байна. Өнөө орой хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа хеликобактер тархахгүй зориулалтын аяга таваг угаагч ашигладаг эсэх, сургуулийн гал тогоонд нь эрүүл, аюулгүй орчинд хоол хүнс бэлдэж буй эсэхийг нь шалгаад мэдчих хэрэгтэй. Хуулиар сургууль дээр хяналтын зөвлөл ажиллах ёстой. Эцэг, эхчүүдийн энэ зөвлөл сургуулийн хоолны цэс, гал тогоо, хоол бэлтгэлийн орчинг шалгаж, тайлан гаргаж, хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэг дээр юу идэж, ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгж байгааг нь мэддэггүй. Багш, сургуулийн удирдлагад шаардлага тавьж, эрүүл ахуй, аюулгүй байдал талаас нь шалгадаг байхёстой. Эцэг, эхчүүдээ хүүхдийнхээ төлөө хариуцлагатай байгаач ээ гэж уриалмаар байна. 

Б.Дөлгөөн: “Эрүүл Шүд” арга хэмжээг нийтээрээ дэмжээд амны хөндийн эрүүл мэнд дээрээ анхаараарай гэж хүсмээр байна. Эцэг хүний хувьд саналаа хэлмээр байна. Сургууль, цэцэрлэгийн хоол, хүүхдийн эрүүл ахуй, шим тэжээлтэй холбоотой асуудлыг хариуцах төгс хяналт ард иргэд буюу эцэг эхчүүд өөрсдөө байдаг. Иймээс эцэг эхчүүдийн зөвлөл анги тохижуулах, ширээ сандал зохицуулах гэх мэт аж ахуйн асуудлаас илүүтэйгээр сургуулийн үйл ажиллагааг хянадаг, гал тогоо, хоол үйлдвэрлэлийн процессийг нь шалгадаг, шаардлага тавьдаг, хариуцлага тооцуулдаг нээлттэй систем рүү шилжих хэрэгтэй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой хяналтыг төрд өгөхөөс илүүтэйгээр өөрсдөө хариуцаж оролцоотой байгаасай гэж хүсдэг. Энэ боломжийг удирдлагууд нь бүрдүүлж өгөх ёстой.