Шийтгэчихээд өгсөн авсан­даа өлзий болтугай гэх биш дээ. Хүмүүс арга хэмжээ авахуулах дургүйгээс гадна бусдыг шийтгэх, торгох, хаш­раах эрх мэдэлтэн өгөөмөр тусмаа суудал дээрээ удаан тогтдог. Бусдыг загнадаггүй толгойг нь дандаа илж байдаг бол сайн ах, мундаг дарга, жинхэнэ ард түмний нам улс төрийн хүчин бөлгөө.

Нийгмийн харилцааны энэ зүгийн сэдвийг хөндөхөөр бүгдэд тохиолддог ганц мэд­дэг нь тул эцэс төгсгөлгүй санал санаачилга гаргацгаа­гаад  дэвэн дэлхийг хамаад юу ч биш болгоод хаячих юм. Одооны хүүхдүүд хүний үг дуулахаа больчихсон тухай, ахмадын сургаал, хамт олны уур амьсгал, сурлага хүмүү­жил...гээд бүүр явж өгнө.

Хөдөлмөрийн тухай хууль ба МАХН-ын дүрэм дотор “...донгодох, хатуу донгодох” гэсэн заалт байлаа. Одоо бодоход инээдтэй мэт боловч бас их хорлонтой. Архи уусан, авгай хүүхдээсээ сал­сан, ажил ба төлөвлөгөө тасал­сан зэрэг ёс суртахууны алдаа гаргаад байдаг нөх­дийг албан ёсоор хуулийн хүрээнд тохирсон ял шийтгэл оноож буй хэлбэр байсан юм уу даа.

Энэ нь хожим инээдэм биш болж өөр газар ажилла­хаар очих, гавьяа шагналд тодорхойлох үеэр гай болдог тал ч бий. Хөдөлмөрийн дэвтэр, хувийн хэрэг дээр нь уг шийтгэлийг бичиж тэмдэг­лэдэг учир дараагийн дарга боловсон хүчин уншаад “За даа...” гэж бодогдтол нөлөөл­нө. Үгэнд орохгүй өөдөөс цор цор хийгээд байхаар нь зөрүү­лээд хорлож орхидог үндсэн арга энэ байсан юм. Манай МоАХ-ны партизануу­дын социалист нийгэмд амь­дарч байсан үеийн намтар ийм бичээсээр арвин даа.

Одоо энэ “донгоддог” арга хэмжээг жаахан боловсрон­гуй болгоод хэрэглэж үзвэл тийм ч дэмий зүйл биш шиг санагддаг. Загнуулах ахтай, хэлээд өгдөг хүнтэй байх яасан сайхан юм гэх болсон байна. Хүн гэдэг амьтан циркийн сургуультай амьтан, программчлагдсан компью­тер бишээс хойш өдөр тут­мын амьдралд байнга алдаа гаргаж явдаг. Алдаанууд их даамжирвал гэмт хэрэг бүрэл­дэх нөхцөл ч үүснэ. Ханиад үдгэрээд хатгаа болдогтой адил. Тэгэхлээр аль ахмад нь ч юмуу туршилтанд түрүүлж өртсөн этгээд дараа үеийн­хэн­дээ алдаа багатай ажил­лаж амьдрахад нь тус боло­хуйц санаа оноо өгөх үүргийг хуульчлан бий болгоход болохгүй юм юу байхав. Баг дотор хамтрагчдаас аар саар алдаа гаргах тоолонд атаман нь уурладаг. Тэгээд элдвээр зүхэж, доромжилж аягүй бол гар хүрч ч магадгүй. Харин өөдөөс нь одоо үеийнхэн хүний эрх мэрх ярихаас өгсүү­лээд улаан хэрүүл хийж улмаар хоёр тийшээ болц­гоо­дог. Ер нь загнах гэхээр зөрүү­лээд хэрэлдэх гэдэг мэх хэрэг­лэдэг, шүүмжлэхээр тайлбар тавиад няцаадаг хэлбэр алба аминд түгээмэл болчихоод байгаа юм.

Хүний үг сонсохоо больчихлоо гэхээс гадна бас хүнд олигтой үг хэлэх чадвар­тан дутагдаад байна. Тэгвэл хуурамч сайхан ааштангууд, зальт үнэгнүүд шигдсэн дээд хүрээнд, дарга нарын эргэн тойронд “уучлаарай, ажаа­муй, болгоомой” хэмээн нялуурц­гаах агаад тэрнийгээ орчин үеийн соёлч боловсон­гуй байдал гэж үзэцгээнэ. Тэр соёлтой орчныхон нэгэндээ хатуу үг хэлж чадахаа байсан бөгөөд их л сайндаа “Маш харамсаж байна” гээд шамшийна.

Захирагч нь захирагдагч­даа, эхнийх нь дараагийнхан­даа сэтгэл гаргахаа больжээ. Дээшээ хуурамч эелдэг “манж зан”, доошоо улаан хэрүүл хоёрын дунд хавчуулагджээ. Аль алинаас нь залхаж гүйц­лээ. Нийгмийн харьцаа байн­га аль нэг тийш туйлшран ширүүлэхээрээ шорон оронд хийчих гээд эсвэл “хүн юм саначих вий” гэж гөлөлзөөд дутагдлын хажуугаар таг дуугүй мэдээгүй царайлан өнгөрүүлдэг.

Бусдыг зэмлэх эрхтэй, бүр үүрэг хүлээлгэмээр. Хүнд юм хэлбэл ад болох, өс санаж ч магадгүй. Тэвчишгүй зөрчлүү­дийг гэм биш зан болгон замруулж байгаа нь хууль гууль болохын эхлэл бие халаалт нь юм. Алдаагүй хичээнгүй ажиллаж амьдра­хад хүний араншин багагүй нөлөөлдөг. Хуулиар арга хэмжээ авах боломжгүй алдаа­нуудыг засч залруулах арга нь бол гэмийг зэмлэх юм. Бид бусдыг зэмлэхдээ цаагуу­раа дарамтлаад доромж­лоод байх юм чинь дараа нь зодоон нүдээндээ тулдаг. Ааг омгоо гаргах далим хайгаад байна уу, үнэн сэтгэлээсээ хандав уу гэдэг хоёрт их ялгаа бий. Бусдаас гашуун ч үнэн үгийг сонсох тэвчээр энэ ялгаанаас хамаардаг. Буруу үйлдэл бүрдээ эрт орой тохир­сон шийтгэлээ амсч л таардаг. Тэр шийтгэл “Гэгээн шийтгэл” байвал нийгэм ном­хорч намуун давамгайлдаг. Энэ талаар бодож үзмээр байна.

Шударга ёс, ардчилалд олон түмэн дасаад эхлэхээр юм л бол орон шорон, ял эрүүгээр заналхийлдэг араншин их хачин сонсогддог болдог юм байна шүү. Дотно бүлээн сэтгэл шингэсэн арга хэмжээ “шийтгэл”-ийн дараа залуучууд “Яршигаа яршиг. Загнуулах гэж төвөг юм” гээд муу зангаа дор нь хаячихаж байна. Хатуу үг зөөлдсөн шийтгэл болдоггүй аж. Хуучин цагт “Муусайн юмнуудыг явуул­даг газарт нь явуулах л хэрэгтэй” гэдэгсэн. Хичээлдээ хичээхгүй хэт шоуддаг оюутан, сурагчид, худлаа хэлж чөлөө авдаг ажилчин, сонгууль, олон нийтийн ажил, субботникоос зугтагсад, хот иргэншлийг гутаан муухай хувцаслаж, бүдүүлэг авир гаргагчид, коммент сайт сэтгэгдлээр бусдыг элдвээр зүхэгчдийг хатуухан зэмлэдэг албан ёсны “ах зах” нээмээр байна.

Тэднийг хариу мар­галдуулахгүйгээр үнэн байд­лыг нь хэлээд өгвөл дотроо дургүй нь хүрсэн ч тэгсгээд зангаа засна. Хууль дүрмэнд заасан торгохоос дээшх шийтгэлүүд тохирсон бүр зөөлдсөн байсан ч шийт­гүү­лэгч өөрийгөө өмөөрсөөр л  үлддэг. Тэгэх эрх нь Үндсэн хуулинд хүртэл заалттай. Ингээд шийтгэл л эцэс төгс­гөл­гүй үргэлжлээд байхаас биш засрал багасдаггүй. Харин загнуулахад дараа нь гарз шархаа нөхнө гэх биш уураа өөртөө л гаргана. Бүр цайчихсан “эрүүгийн эле­мент” л биш бол баргийн хүн дахин дахин хэлүүлээд чих­гүй толгойлоод байж чад­даггүй.

Ёс суртахуун ба ажил мэр­гэж­лийн үй олон жижиг дутагд­лууд аливаа салбарыг аажимдаа дотроос нь ялзал­даг. Монгол загварын хамтла­гууд он удаан эвтэй сайхан явж чадахгүй тараад байд­гийн шалтгаан нь дотно хамт­раг­чаа сэрэмжлүүлж чаддаг­гүй­тэй холбоотой. Компаниуд сайндаа л арваад жил ажил­лаад “Чамаас боллоо” хэмээн нэгнийгээ чичилцгээгээд тар­даг. Мэргэжил дээр техноло­гийн горим алдагдах тутамд нь уйгагүй зэмлэж байдаг орчин баргийн хямралд өрт­дөг­гүй. Хүнээ бус байгуул­ла­гаа хохиролгүй болгох гэсэн албархаг шийтгэл шийдвэ­рүүд эцэстээ мухардалд оруулж хамтдаа дампуурдаг.

Ялангуяа тухайн салбарын мэргэжлийн алдааг мэргэ­жилт­нүүд олдог мөртлөө хэлж шүүмжлэхдээ хажуугаар нь хачир нэмж дургүй хүргэдэг. Юм болгоныг яллах, ялан дийлэх талаас нь харсаар байгаад сэтгэл гаргахаа мартжээ.