Linkin Park
Амралтын өдөр хайртай хамтлагийнхаа дууг сонсоод номыг нь шимтэн уншаад өнжих шиг жаргал үгүй билээ. Амжилт үнэхээр харгис юм. Цаад түүхийг нь мэдэхгүйгээр хүнийг шууд дүгнэж хэзээ ч боломгүй.

Linkin Park хамтлагийн тухай мэдэх тусам, дууг нь сонсох бүр, видеог нь үзэх тусам тэдний гаргасан амжилт бус бүтээсэн, үлдээсэн өвийг илүү их мэдэрдэг. Аав ээж нь бага байхад нь салж, ах эгчээсээ хол ганцаардаж өссөн, өсвөр насандаа дарамт, дээрэлхэлтэнд өртөн зовж, архи дарс, хар тамхинд орж Аризонад бүтэлгүйтэж явсан Честер Калифорийн хип хоп фэн Майк болон түүний баг хоорондоо таарсан түүх нь яг л бурхны зурсан төөрөг зураг шиг.
Энэ хамтлагийн түүх, сорилт, амжилтыг бүтэн өгүүлсэн ном өмнө нь бараг байгаагүй. Харин энэ яг л кино зохиол мэт бичигджээ. Магадгүй удахгүй Linkin Park хамтлагийн киног Холливүүд хийвэл гайхахгүй. Номны эхний бүлэг “The Identity” хэмээн эхэлсэн нь хамтлагын чухам оршихуйг өгүүлжээ. 1977 онд төрсөн Майкл Кэнжи Шинодаг энэ хамтлагийн мастермайнд гэж хэлж болох. Тэрээр 1991 онд Anthrax болон Public Enemy гээд хүнд метал ба хип хоп хамтлагуудын тоглолтыг үзээд яагаад хүнд метал ба хип хоп хосолж болохгүй гэж, яагаад дундуур нь цахилгаан хөгжим, ритм орж болохгүй гэж бодсон нь өнөөгийн алдарт Linkin Park хамтлагийн өндгөн өс бүрэлдсэн үе байжээ.

Шинодагийнэ өвөө Японоос Америк руу цагаачлан ирж, 1939 онд Шинодагийнэ аав болох Мутог Америкт төрүүлжээ. Япончууд Америкийн Сувдан эрэг рүү довтолж дайн өдөөсний улмаас Америк дахь япон гаралтай бүх хүнийг хоморголон баривчилж тусгайлан хорив. Өвөө, аав нь олон жил хорих кампад тусгаарлагдаж гарч ирсэн ч гэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, доромжлуулж, бизнесээ алдаж, нэр хүндээ уландаа гишгүүлж маш том сорилтыг туулав.
Өвөө, аав болон Япон гаралтай энэхүү гэр бүлийнх нь Америк дахь түүх нь Шинодагийн сэтгэл, зүрхэнд гүн сорви үлдээсэн нь сайн анзаарвал өнөөгийн Linkin Park хамтлагийн түүх, дуунаас тод харагдана.
Шинода урлагийн коллежд сурч байхдаа өөртэйгээ адил буюу Ази гэдгээрээ гадуурхагддаг 2-р үеийн америкийн солонгос Жое (Joe Hahn)-тай таарч анд нөхөд болов. Жоеийн аав нь уурхайчин, ээж нь сувилагч байсан бөгөөд 1970-аад оны үед Баруун Германаар дамжин Америкт орж ирсэн байдаг. Улмаар дөнгөж 20 насны босгыг шүргэсэн Жое, Шинода хоёр өөрсдийнхөө өмнө буй проблем, нийгмийн асуудлыг дуу хөгжмөөр илэрхийлэх ёстойгоо ойлгожээ. Дэлхийд алдартай Linkin Park хамтлагийн үүсгэн байгуулагчдын хоёр нь Ази гаралтай залуус байдаг шүү. Одоо ч гэсэн хамгийн күүл хоёр нь. Одоог хүртэл Америкийн рок попийн талбарт гялалзаж яваа Ази гаралтай артистууд бараг байхгүй байх шүү.
Хамтлагийн бусад гишүүд болох бөмбөрчин Роб (Rob Bourdon) еврэй бөгөөд мөн л бага залуудаа нийгмийн ялгаварлан гадуурхалтанд өртөж, бусдад дээрэлхүүлж, архи тамхинд орж сэтгэлээр унаж хүнд замыг туулсан байдаг. Хамгийн хүнд үедээ бөмбөрөө тоглож сэтгэлээ зогоодог байсан гэдгээ энэ номондоо бичжээ. Мөн л түүнийг урлаг аварсан байх нь. Би ч гэсэн Австралид ганцаараа миарч байхдаа энэ хамтлагтай анх танилцаад шууд фэн нь болж байсан болохоор бас л сэтгэл зүрхээрээ шууд нэвтэрсэн байх энэ тэр ккк.
Багаасаа зовлон үзсэн залуус нэг дор цугласан нь Linkin Park хамтлагийн амжилтын нэг гэж хэлж болохоор. Учир нь өсвөр насаа дөнгөж үдсэн залуус сав л хийвэл шоудаж дэрвэх нь элбэг. Тэдний хувьд шоудахаас илүү нэгнийхээ гэрт очиж дуугаа зохиож, хөгжмөө тоглодог байжээ. Энэ талаар Шинода хэлэхдээ
“Шоудах гэж юу байдгийг бид мэднэ. Нэг газар хэдүүлээ цуглана. Ууж иднэ, согтоно, бүжиглэнэ, дэрвэнэ буюу юу болох нь ойлгомжтой байдаг. Харин дуу хөгжим зохиох үед юу болохыг бидний хэн ч урьдчилан мэдэж чаддаггүй. Энэ нь л хамгийн сонирхолтой, хамгийн гоё байдаг”
гэж хэлсэн байдаг.
1993 оны сүүл гэхэд Америк болон дэлхийн рок талбар оршихуй болон танигдахуйн хямралд (Identity crisis) орсон байсан гэж судлаачид үздэг аж. Альтернатив рок явахаа байсан тэр мөчид Нирванагийн Курт Кобэйн нас барсан нь энэ салбарт хүчтэй цохилт өгчээ. Гранж рокийн од тэнгэрт хальсны дараагаас буюу 1990 оны дундаас рок хөгжим нэлээд хэдэн салбарт хуваагдаж эхлэв. Тухайлбал, пост гранж, поп панк, бритпоп, ска панк гэх мэт. Энэ хооронд рэп хамтлагууд зөрөөд хүчээ авч эхэлжээ. Рэпийн сэргэн мандлын үр дүнд рэп рок урсгал хөгжив. Нэмээд технологийн дэвшил ашиглан цахим электрон эффэкт орж ирснээс гадна хип хоп урсгалын нөлөө рокд нэвчжээ.
Майк анх XERO гэдэг хамтлаг байгуулаад анх удаа тайзан дээр гарсан түүх нь үнэн хөгжилтэй. Уг шоуны овоо хэдэн билетийг зарж борлуулж чадвал тайзан дээр гаргана гэдэг нөхцөлтэйгээр анхны шоундаа орж байв. Найз нөхөд, хамаатан садан гээд байж болох бүх хүнд шоуны билетээ шахаад азаар тайзан дээр гарч чадсан боловч үзэгчдэд арай л хөөгдөлгүй бууж ирсэн түүхтэй. Гэсэн нь үзэгчдийн дунд тэдний анхны продюсер Жеф сууж байсан нь тэдний аз болжээ.
Энэ хооронд буюу 1996 онд Честер Бургер Кингд цагийн ажил хийж байв. Хэд хэдэн хамтлагт дуулж халтуур хийж явсан ч тэргүүлэх байр суурь олж чадаагүй тэрээр урлагийн салбараас бүр мөсөн гарахаар нэгэнт шийдээд байв. Түүний шүтээн нь алдарт Depeche Mode хамтлаг байв.
Дуунд дуртай тэрбээр сүмийн хаалга цонх эвдэн орж микрофоныг нь хулгайлан найзуудтайгаа хамтран хамтлаг болж дуулан хөгжилддэг байв. Саяхныг хүртэл тэр үүнийгээ хулгай гэж боддоггүй байсан бөгөөд харин бурхны өгсөн даалгавар гэж хэлдэг байжээ.
Бага насанд асар хүнд амьдралыг туулж, ганцаардаж өссөн түүний ганц хань, ирээдүйн итгэл найдвар, гэрэл гэгээ нь хөгжим байв. Гэсэн ч мөнгө орлого олж чадахгүй байсан болохоор амьдралын эрхээр бууж өгчээ. 1999 оны 3 сарын 20-нд 23 насныхаа төрсөн өдрөөр хөгжмийн салбараас тэтгэвэртээ гарсан гэж өөрийгөө бодож байсан түүнд Лос Анжелес хотоос утасны дуудлага ирж, Шинодагийн XERO хамтлагт гоцлол дуучнаар урьсан явдал санамсаргүй бөгөөд гэнэтийн төрсөн өдрийн бэлэг нь болов.
Аризонагийн америкийн америк нөхөр, мөн Япон ба Солонгос гаралтай эрлийз америкууд, америкийн хоёр еврэй, философиор эрдмийн зэргээ хамгаалсан сонин сонин, бие биенээсээ тэс өөр гарууд нийлээд Ну метал (Nu metal) буюу хүнд метал, рок, рэп, хип хоп хослуулсан, үнэн бөгөөд хатуу ширүүн дууны үгтэй урлагийн шинэ урсгалын түүчээ болж чаджээ. Супер айдентити гэсэн үг.
Linkin Park хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг нь яах аргагүй IN THE END билээ. Зах зухаас нь нэг иймэрхүү байдлаар эх хэлээрээ буулгахыг хичээлээ.

Галзууртлаа хичээж байгаа ч
Ганц зүйлийг яагаад гэдгийг ойлгодоггүй
Зүггүй өнхөрөх амьдралдаа тайлбар нэмэхээр
Зүрх сэтгэлээсээ энэ хөгийг эгшиглүүлье
Цаг хугацаа хязгааргүй ч цаглашгүй үнэ цэнтэй
Цагираг мэт эргэлддэг гэдэг ч буцааж болдоггүй гэмтэй
Өдөр хоног нөхцөөж өөрийгөө хуурах зуур
Өнөөдөр минь өчигдөр болон хувирах юм
Цагтай уралдан урсах одох миний амьдрал
Цонхны цаашаа цойлон холдож буй хэдий ч
Бүхнээ чамдаа би зориулсан гэж бодоод
Барих гэж оролдсонгүй, буцаах гэж ч хичээсэнгүй
Гэхдээ хором бүрийг мэдрэх гэж тэмүүлсээн
Гэвч холдож буй нь мэдэгдэхгүй алсрах юм
Хичээсэн бүхэн минь тэр хэрээр хийсэн одож
Харамсал болж зүрхний шигдээс болж хатгалаа
Хүний оршихуй хормын төдий юм биш үү
Хүсэл мөрөөдлөө салхинд бүү хийсгээрэй
Хичээл зүтгэл үнэнчийг илэрхийлэхгүй юм байна
Харин хувь тавилан чамайг чимээгүй шүүх болно
Намайг үгүйсгэн доромжилсон чи минь
Намрын навч шиг таягдан хаясан гэж бодсон уу
Хэн нэгний өмч биш өөрийн оршихуйтай би
Хэцүү зөрчил дундаас чамайг биш өөрийгөө олсон
Өнгөрсөн бүхнийг би санаж байгаа ч
Өнөөдөр чамайг танихгүй буй нь гайхмаар
Хэн байснаа чи хуурамч царайлан үгүйсгэж болох ч
Хэн ч биш байсныг чинь би хэзээ ч мартахгүй нь
Унаж босоод амьдралд би бүхнээ алдсан
Ухаарал ирэхэд хэдийнэ хожимдсон байна
Хайрлаж хүлээн, харамсахгүй зүтгэсэн хэдий ч
Хамаг сүүлд нь хов хоосонтой нүүр туллаа
Ну метал урсгалаар явж рэп болон рокийг хослуулах тул 1999 онд XERO хамтлаг нэрээ HYBRID THEORY болгон өөрчлөв. Энэ шинэ урсгалыг нь шинэ продюсер болох Дон хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэг байлдсан байдаг. Честер ч боож үхэхээ шахаж продюсертэйгээ муудалцан, хэд хэдэн хараалын үгтэй дууг түүнд зориулсан хийсэн түүхтэй. Хип хоп, поп, панк, электро, альтернатив, рок гээд баахан юм нийлсэн дууг нь продюсер нь хүртэл аль ангилалд оруулахаа мэдэхгүй паниктаж байжээ.
Анхны сингл болох алдарт One Step Closer дууг гаргах үеэс эхлэн лэбэлүүд, продакшнууд, продюсерүүр хамтлагийн нэрээ солихыг шахаж шаардаж эхэлжээ. Улмаар HYBRID THEORY нэрээ анхны цомгийнхоо нэр болгон авч үлдээд, хамтлагаа LINKIN PARK хэмээн нэрийджээ. Энэ нэртэй цуг Plear, Platinum Lotus Foundation гэдэг нэрс өрсөлдөж байв. Улмаас төрөлх хот болох Санта Моникад байдаг Lincoln Park цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг сонгож, дуудахад хялбар болгох зорилгоор LINKIN PARK болгосон түүхтэй билээ.
Чаддаг сан бол Linkin Park хамтлагийн бүх дууны үгийг утга яруу, уянга төгөлдөр монгол хэлээр орчуулахсан. Честерийн гэнэтийн үхлийн дараа ONE MORE LIGHT дуу нь түүний сэтгэл хөдлөл, дотоод тэмцэл, бидэнд өгсөн сүүлчийн мессеж болон хувирсан мэт.

Гүн харанхуй тэнгэрт анивчих сая сая оддын дунд
Ганц гялбаа бүдгэрээ л биз гэж хэлэх амархаан
Гэтэл тэр гэрэл хэн нэгний амьдрал байсан бол
Гялбах гэрлийн дохиог хэн ч анзаарахгүй юм гэж үү?
Хэрвээ бид ердөө л нэгэн агшин юм бол
Хэн нэгний цаг дуусах нь тийм хурдан юм бол
Хөх тэнгэрт цойлох нь ийм амархан юм бол
Хүний орчлонд үлдсэн бидэнд тэр нь хамаагүй юм гэж үү?
Хаа нэг гэрэл бөхөх ер нь хэнд хамаатай юм гэж үү?
Харин ч надад хамгийн их хамаатай!
Будант тэнгэрт бүдэгхэн гялалзах
Бидний дунд байсан тэр л гэрэл
Харагдахгүй болсон нь байхгүй гэсэн үг биш
Харин ч улам үнэ цэнтэй оршихуйд шилжжээ
Чамд хэлээгүй үгсээ би нандигнаад
Чин сэтгэлдээ шивнэн үлдээдэг шиг
Чи бүдгэрч алга болсон ч гэсэн
Чиний гэрэл миний дотор асдаг юм шүү
Хаа нэгтээ гэрэл унтрах нь хэнд хамаатай юм гэж үү?
Харин ч надад хамгийн их хамаатай!
гэж зарим хэсгээс нь буулгав.


Баярлалаа!