Манай ахад тохиолдсон явдал
Манай ахад тохиолдсон явдал
Сумын олон жил ашиглаагүй хаягдсан уурхайд Хятадууд хөрөнгө оруулж засаг даргатай нь гэрээ байгуулж жижигхэн үйлдвэр барьж манай ах тэргүүтэй хүмүүс ажилтай боллоо. Машинтай бол сайн байхгүй бол үйлдвэрийн машин барих боломжтой. Ах маань дундаж ачааны машинтай тэрүүгээрээ эргэн тойрны уурхай явна, ажилтай ажилгүй янз бүр байсан бол энэ удаа байнгын ажилтай бас гэрийнхээ хажууд. Машинаа ч томруулаад амжив. Жолоочдоос гадна, нягтлан, нярав, тогооч, үйлчлэгч, ачигч гээд ажлын байрууд нэмэгдэж сумын эдийн засгийн эргэлт нэмэгдлээ. Менежерээр ажиллах боломжтой их дээд сургууль төгссөн залуус хэрэгтэй болж, их сургуулиа төгсөөд ирсэн сумын залуучууд удирдах албан дээр очлоо. Хүнсний дэлгүүрүүд нэмэгдэж, бүр сүпэрмаркэттэй болж, сум анх удаа жижигхэн буудалтай болж, байнгын үсчин гээд хувийн хэвшил дагаад босоод ирэв. Намайг хүүхэд байхад тэр ах дээрээ очоод үсээ засуул (хаяа далий засчихна), аймгаас түр үсчин ирсэн байна гээд явуулдаг байсан юм. Сумын эдийн засгийн эргэлт тэс өөр болов. Худалдан авах чадвар өндөр байвал гоё гоё чихэр жимснүүд нэмэгдэж манай нэг ахын дэлгүүр өргөжөөд явж өгөв. Анх удаа вагоноор ачаа татаж тэрийг нь бид нар өдөржин буулгаж байлаа. Вагон ч бас дуусахгүй их юм багтдагийг тэгэхэд харж байв. Өмнө нь байсан ачигч ах нар уурхайд ажиллаж байгаа болохоор сумын төвийн архи уудаг ах нар бидэнтэй хамт өдөржин зөөж билээ. Уудгийг нь мэддэг болохоор ах мөнгө өгөхгүй, мах, гурил, хүүхдүүдэд нь чихэр боож өгөөд гэртээ аваачаад ир гэнэ. Ирэхээр нь архийг нь өгнө. Гэх мэтээр бизнесийн орчин бүрдэж, томорч хүмүүст ажлын байр төрөл бүрээр нэмэгдэж байлаа.
Гэтэл сонгууль болж шинэ удирдлагатай болж дараагийн засаг дарга нь нөгөө үйлдвэрийг надад мөнгө өгөхгүй бол хаана гэж удаа дараа сүрдүүлж эхэлжээ. Нэгэнт хамаг хөрөнгөө гаргасан хүмүүс гэрээгээ мөрдмөөр байна, бид улсад татвар төлж байгаа, аймагт ийм ийм хөрөнгө оруулалт хийж буй, орон нутагт ажлын байр нэмж байгаа гэж хэлээд нэмэр байсангүй. Бас үйлдвэр эхлүүлэх гэж бүх эрсдэлээ дааж, хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн ч засаг дарга гүрийсээр байгаад овоо хэмжээний мөнгө аваад чимээгүй болжээ. Хятадууд манай нутгийг ухаж байна, хамаг баялаг аваад явлаа гэж нутгийн иргэдээ сумлана. Бүр жижиг хөдөлгөөн ч өрнүүлээд амжив. Үнэндээ Оросууд хаяад явсан хэн ч ашиглахгүй хаягдмал уурхай байлаа. Нинжачид очиж ухаад юм гарахгүй гээд хүн ойртохоо больсон газар байсан юм. Өөр нэг ийм уурхай усанд автаад бид нар очиж сэлдэг байлаа. Хэд хэдэн хүний амь авч одсон доо.
Дараагийн удирдлага солигдлоо эхний бай нь нөгөө үйлдвэр. Улс төрчдийн шунал, байнгын дарамтаас залхаж үйлдвэр ч удалгүй хаагдаж манай ах ажилгүй болов. Энэ үйлдвэр байхад цалингаа цагтаа тавина, ажил зогсохгүй амар байжээ гэж ярина. Одоо энэ лизингээр авсан том машинаараа юу хийх вэ гээд өөр сумдууд руу явж ажил хайна. Олдох олдохгүй хэцүү. Машинаа зарах хэцүү байх хэцүү. Сүүлд нь машинаа хямд үнээр зарж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нэг юм дуусгаж билээ. Анх байсан дундаж машинаа ч авч чадах аа байсан
Манай улсын яг жижгэрүүлсэн хувилбар. Ажил олдохгүй залуучууд нь хот руу нүүнэ. Сум эзгүйрнэ. Яваандаа татан буугдсан сумууд ч байдаг.
Өнөөдөр манай улс 90 хувь нь уул уурхай дээр тогтож байгаа. Бидэнд өөр чаддаг юм алга. Чаддаг болтлоо уурхайгаа түшихээс өөр сонголт бас алга. Та ямар ч ажил хийж байсан олж буй мөнгөний чинь 90 хувийг уурхайгаас л өгч буй гэхэд буруудахгүй. Зарим хүн шууд гар дээр нь ирэхгүй болохоор мэддэггүй юм шиг байгаа юм. Хүмүүс ажилтай орлоготой байж сум бас улс хөгжинө.