Миний өмгөөлөгч
Миний өмгөөлөгч
Та өөрийг тань өмгөөлсөн өмгөөлөгчид чин сэтгэлээсээ талархан, түүнийг хайрлаж байсан уу. Өргөн дэлхий дээр өмгөөлөгчөө хайрласан хүн зөндөө бий гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад ингэж асуув гэж үү. “Өөрийн өмгөөлөгчдөө хайртай өдөр” гэж байдгийг сонсоод энэ тухай бодол нэрлээ. Дэлхийн бүх өмгөөлөгчдөд энэ өдөр хамаатай.
Хүүхэд нь асуудалд орсон танил эгчид өмгөөлөгч хэрэгтэй болжээ. Нэлээд ахимаг насны өмгөөлөгч олж авч. Шүүх хурал хүртэлх чамгүй урт хугацаанд өмгөөлөгч болон сайхан зантай гэргийтэй нь их л дотносож. Шүүх хурал болох өдөр эгч рүү өмгөөлөгчийнх нь гэргий утасдаад “Санаа зоволтгүй ээ, бүх зүйл сайхан болно. Эгч нь та нарын төлөө сүү өргөөд байж байя” гэж. Шүүх хурал ч боллоо. Нөгөө эгчийн хүү ч эрхээ хамгаалуулж чаджээ. “Бид одоо ах дүүс шиг л сайхан харилцаатай болсон” гэж тэр эгч ярьж билээ. Тэр эгч бол өмгөөлөгчөө хайрласан хүн.
Харин би өмгөөлөгчөө хайрласан уу, үгүй юу гэдгээ өөрт тохиолдсон бодит явдлаас улбаалан хуваалцъя.
Хүний амьдралын замд юу эс тохиолдоо билээ. Агуу суутан ч цаазын тавцан дээр зогсож, яг гүйцэтгэлийн өмнө амь аврагдан, хүн төрөлхтөний унших дуртай гайхалтай бүтээлээ туурвисан нь бий. Өнөөдөр хөдөөх сумын алсханд хонь хургатай ноцолдож яваа бяцхан жаал ертөнцийг гайхшруулсан юу ч бүтээгээ билээ. Албан тушаал, алдар нэр, эд баялгаараа гайхагдаж явсан нэгэн алдаж оноод унахыг ч таахын эцэсгүй. “Биетэй хүн хүний биеийг хэлдэггүй, үртэй хүн хүний үрийг хэлдэггүй” гэж эмээ минь хэлдэг байсан юм. Хүний заяаг онож төрсөн бол өдөр бүр жаргаж, эсвэл өдөр бүр зовно гэж үгүй. Бас хэнд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй. Бусдын зовлонг өөрт ирэхгүй мэт дамшиглан даапаалах хэрэггүй. Хэрэндээ л хууль дүрмээ ягштал биелүүлж амьдардаг гэж сэтгэж явсан би ч хуулийн байгууллагын дуудсанаар гэрчийн мэдүүлэг өгөхөөр хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь бол хэвлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүс ийм дуудлага авах нь гайхмаар зүйл биш. Тийм л нэг дуудлага хэдэн жилийн өмнө надад ирлээ. Давхиад очлоо. Эхний удаа бол хэдэн асуулт асуугаад явуулав. Бас болоогүй нэг албан бичиг танайд ирсэн үү гэж асуусан. “Би санахгүй байна. Хэдэн жилийн өмнөх юм болохоор бичиг цаасаа үзэж байж хэлье” л гэлээ. Ажил дээр ирээд л хамаг юмаа онгичин байж өнөөх бичгийг нь олоод байцаагч руу нь жигтэйхэн баяр баясгалантай явууллаа. Ингээд л өнөөх хүн таг болсон. Энэ бичиг л хэрэгтэй байж гээд, тэрүүхэн тэндээ тус болчихлоо хэмээн додигор бодоод өнгөрлөө. Нэг өдөр нөгөө газраас дуудлага ирлээ. Өмнөхөөс өөр хүн ярьж байна. “Ир” л гэлээ. “Надаас тайлбар авчихсан шүү дээ. Одоо миний хэрэг байгаа юм уу” гэж гайхав. Өнөөх байцаагчийн дуу ширүүсээдаймар ууртай “Заавал ир” гэж байна. Одоо тэгээд яахав дээ. Дахиад яваад очлоо. Юм асууж байна. Хариуллаа. Өмнөхтэй бараг адил боловч өнөөх аваачсан бичгийг минь айхтар тодруулж асуулаа. Он сар өдөр, энэ тэрийг асуугаад л. Яг хэзээ ирсэн бэ гээд. Өнөөдрийнхөө сар өдрийг өөрөөс нь асуусан би аль хэдэн жилийн өмнөх он сар, өдрийг яаж санах вэ дээ. Санахгүй байгаагаа хэлсэн. За тэгээд ер нь их ширүүн дориун ааш авиртай бололтой хүн юм. Гэнэт л яллагдагчаар татах юм болоод явчихлаа. Юу болоод байгааг ойлгосонгүй. Гэтэл тэр ирсэн бичиг дээрхи он,сар нь ч гэнэ үү, тоот нь ч гэнэ үү давхардсан байна. Чи мэдсээр байж худлаа ярилаа. Ийм бичиг ер нь сүүлд нөхөж хийгээд өөрт чинь өгсөн үү ч билүү, юм асуугаад байдаг. Манайд ирсэн албан бичгийн тоот, он сар, өдөр зөв бурууг би яаж ч мэдэх билээ. Өнөөх яллагдагчаар татагдах гэдэг үгийг нь сонсоод эхлээд тоглоод байгаа юм уу ч гэж бодох шиг, ийм аргаар айлгаж ямар нэг юм хэлүүлдэг юм болов уу ч гэж бодох шиг. Юундбуруутаад байгаагаа ойлгосон ч үгүй. Ээж минь өвдөөд, найдваргүй гээд сонсчихсон, ойрхон хэдэн хагалгаанд орлоо. Эмнэлэг, хуулийн байгууллага, хажуугаар нь бас ажил төрлөө зохицуулна. Юм юм л давхцлаа. Нэг өдөр байцаагчийн өөдөөс харан сууж байтал утас нь дуугарч, ярих юм. Аавынхаа биеийг асуугаад л...
“Би ч гэсэн эмнэлэгт үхэл, амьдралын заагт шаналж байгаа ээж рүүгээ явъя л даа” гэж хашгирмаар байв. Тэр ааш муутай байцаагч залууд хувийн зовлон яриад ч ойлгохооргүй шинжтэй. Тиймээс учир байдлаа хэлье гэж ч бодсонгүй. Юу юугүй л гэмт хэрэгтэн мэт хүнтэй харьцах түүнийг хуучин цагийн ногоон малгайтнуудын үед байсан бол ямар олон хүн хэлмэгдүүлэх бол гэсэн шүү юм бодоостой. Хэдий авир ааш тааруу ч уг нь тэр ажлаа л хийж байгаа нэгэн шүү дээ. Бие сэтгэлийн зовлон дүүрсэн тэр өдрүүдэд өнөөх байцаагчийн асуулт хол сонсогдож, хурдан хариулаад гарах юмсан гэхээс өөр хүсэлгүй. Угаас чанга, цолгиун хоолойтой ч биш, дуу улам л суларсаар. Хэцүү бүхнээ хоёр хөмсөгнийхөө дунд овоолчихсон амьтан л сажлах болов. Өөрөө ч учрыг нь ойлгохгүй байсан энэ тамалгаат өдрүүд үргэлжилж байхад ээж минь тэнгэрт дэвшсэн юм. Мөнхийн аз жаргал, мөнхийн зовлон гэж үгүй. Эвлэрэхийг хүсээгүй ч жамыг яалтай. Энэ талаар өмгөөлөгчдөө ч бараг хэлээгүй санагдана. Шаналгаат өдрүүд үргэлжилсээр.
Дуудаж асуугаад байгаа энэ хэрэг нь төрийн байгууллагаас хэвлэлүүдэд ирсэн албан бичигтэй л холбоотой. Тэр албан бичигт гарын үсэг зурсан эрх бүхий хүнтэй л холбоотой шалгаж эхэлсэн юм билээ. Бусад хэвлэлүүд тэр байцаагчид юу гэж хэлээд зүгээр өнгөрснийг ч мэдэх юм алга. Айхтар гэмт хэрэг биш байхад сүржигнэлээ гэж зарим хүн бодох байх. Би ч мөн адил тэгэж бодоод л өмгөөлөгч авалгүй очсон юм. Одоо тэгээд яахав. Би бодвол хэдэн жилийн өмнөх юмыг сайн санахгүй буруу зөрүү хариулсан уу, юутай ч тэр асуудалтай нүүр тулсан л юм. Ингээд найз хуульчиддаа хандаж, өмгөөлөгч хэрэг болсноо хэллээ. Бас зүгээргүй, “сайн өмгөөлөгч хэрэгтэй шүү” гэж нэхээд байгаа юм аа. Тэдний санал нэгтэй зөвлөсөнхүн нь “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн Л.Данзанноров өмгөөлөгч. Бүгд дуу нэгтэй санал болгосон болоод ч тэр үү, уулзахаасаа өмнө сүрдчихсэн юм шиг байгаа юм. Хүнээр дамжуулж холбогдлоо. Ашгүй уулзахаар болов. Маргааш өглөө нь өмгөөлөгчийнхөө ажил руу болзсон цагтаа яваад очлоо. Туршлагатай, сайн өмгөөлөгч гэж ам уралдан ярьсан найз нарын үгхижээл насны, өөртөө итгэлтэй нэгэн байх гэх төсөөлөлөгсөн юм байлгүй. Ер нь өмгөөлөгчөө их л ширүүн дориун, ахимаг насны хүн гэж бодоод хүлээж суутал цайвар арьстай, залуухан хүн инээмсэглэсээр хүрч ирээд мэндчилэв. Энэ тэгээд дуулиантай хэргүүд дээр сүрхий амжилттай ажилласан туршлагатай өмгөөлөгч гэж үү...Ядах нь ээ, яасан ч даруухан төрхтэй хүн юм. Эргэлзээ, итгэлийн дундуур учир байдлаа ярилцсаны эцэст гэрээ байгуулахаар болов. Тэр “Гэрээтэйгээ танилцаад гарын үсгээ зураарай” гэв. “Юу ч бодсонгүй. Өнөөх “сайн” гээд байсан өмгөөлөгч нь зөвшөөрсөн болохоор шууд л гарын үсгээ зурчихлаа. “Та гэрээгээ уншихгүй юм уу” гэж өмгөөлөгч асуухад нь нээрээ юу билээ гэж зогтусангаа “Танд итгээд шууд зурчихлаа” гэтэл “Ингэж болохгүй шүү дээ. Та ингээд л асуудалд орчихсон юм биш үү” л гэж зэмлэж байна. Нээрээ юу билээ. Юутай ч гэрээгээ уншлаа. Эргэлзэх юмгүй өмгөөлөгчдөө хамгаа ярьж аваад өмгөөлж хамгаалуулах л чухал байв. За ингээд сайн өмгөөлөгчолсноо алхам тутамдаа мэдэх болов. Өмгөөлөгчтэй болсноос хойш өнөөх түмэн зовлонгийн тал нь алга болсон мэт хэрэндээ л тайван болж. Өмгөөлөгчтэйгөө хамт очиж, өөрийнхөө өгсөн тайлбар, мэдүүлгээ дахин үзэхдээ нэг юм анзаарсан нь он, сар, өдрийг би ягштал хэлсэн байх юм. “Би ингэж хэлэх боломжгүй дээ. Он, сар, өдрийг ийм тодорхой санахгүй. Миний хэлсэн нь дутуу хэрнээ хэлээгүй юм ч энэ цаасан дээр байна” гэж өмгөөлөгчид хэлсэн даруй л хүсэлт бичээд бичлэг үзэх боломжтой болов. Ингээд цаас, бодит бичлэг дээрх миний яриа хоёр зөрж байх нь тэр. Өмгөөлөгч маань гараа атган ихэд олзуурхсан өнгөөр “yes” гэж байна. Юм л бол өмгөөлөгч рүүгээ итгэл тээн харах болсон би “За намайг буруугүйг нотлох юм олж харж дээ” гэж бодлоо. Өмгөөлүүлж байгаа хүн өмгөөлөгч рүүгээ итгэл найдвар, горьдлого тээн харах бол байнгын юм билээ.
Зүгээр байхгүй, элдэв долоон юм асууж, ярьж байгаад хоёр ч удаа зэмлүүлсэн болохоор даруухан энэ тэр гэж бодож байсан маань худлаа ч юм шиг. Юутай ч түүнд найдъя.
Урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Өмгөөлөгч арын эгнээнд сууж байв. Намайг өмгөөлөхөөр хэлсэн эхний өгүүлбэрүүдийг сонсоод өөрийн эрхгүй эргэж харав. Ёстой л супер баатар гэх үү, аврагч тэнгэр гэнэ үү хамаа ч алга. Хэн нэгнээр өмгөөлүүлж, хамгаалуулах чинь ийм сайхан билүү. Хаана алхаж яваагаа, өдөр хоногууд хэрхэн өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй тэр үед ганц сайхан үгээр ч дутаж явжээ. Тэр цөөхөн өгүүлбэр яг дэс дарааллаараа одоо ч толгойд хадаастай байна. Чанга биш нэг хэмнэлээр ярих хэрнээ, өөртөө итгэлтэй. Миний төлөө хэлж байгаа үг, гаргаж байгаа цаг хугацаа, үйлдэл бүр нь хайрламаар байгаа юм чинь. Тэр хүртэл би олон өмгөөлөгчтэй ярилцлага хийж, уулзаж байсан ч тэдний чухлыг огт анхаарч бодож яваагүй юм билээ. Өөр дээр тулж ирэхэд л тэд ямар чухлыг ойлгосон. Өвдөж зовоод эмнэлэгт очихдоо эмчид өөрийгөө бүрэн даатган найддаг шиг, асуудал тулгараад эрхээ хамгаалуулах хэрэгцээтэй үед өмгөөлөгч бол аврал юм билээ.
Гэвч миний өмгөөлөгч нэг л өдөр намайг өмгөөлөхөө больж байгаагаа хэллээ. Тэр “Өмгөөлөгчдийн холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож. Хуулиараа холбоогтэргүүлж байхдаа өмгөөлөл хийдэггүй бололтой юм. Айдас, хүйдэс. Түүнд хамгаа даатгаад найдчихсан байдаг. Энэ тухайгаа ч өөрт нь хэллээ. Одоо бодоход инээд хүрмээр. Тэр үе би цэцэрлэгт очсон анхны өдрөө аав, ээжийгээ дагаад бөөн уйлаан майлаан болдогхүүхэд шиг, ямар өрөвдөлтэй харагдсан болоо. Гэвч өмгөөлөгч маань “Санаа зоволтгүй ээ, сайн өмгөөлөгч олж өгнө өө” л гэсэн. Үнэн ажээ.
За тэгээд түүний санал болгосон Б.Мөнхбат гэж өмгөөлөгчтэй нүүр тулах боллоо. Б.Мөнхбат өмгөөлөгч олон таван үггүй. Анхны уулзалтаар л түүнд эргэлзэх хэрэггүйгээ ойлгов. Намайг буруугүй гэдэгт ч эргэлзээгүй итгэж байгаа нь өнөөх цөөхөн, товчхон үгнээс нь мэдэгдлээ. Шүүх хурлын явцад Б.Мөнхбат өмгөөлөгч асуудалд ёстой л жин, тан ханддаг нь тодорхой харагдлаа. Өөр шүүх хуралд суугаад харуй бүрий болж байсан ч ажил руу ирээд ярилцана. Тэр намуухан хүүрнэн ярих хэрнээ итгэл найдварыг минь огт алга болгоогүй. Нэг зүйл үнэхээр сайхан. Өмгөөлөгч өөрийнхөө өмгөөлж байгаа хүний буруугүйг нотлох, шүүх хуралд ялалт байгуулахдаа яг л үйлчлүүлэгчтэйгээ адил догдлон баярладаг юм билээ. Нүүрэнд нь инээмсэглэл тодроод л. Нэг талаас өөрийнхөө ажлын үр дүнгээ мэдрэх, нөгөө талаас хүн аврах, ялалт байгуулах тэр мэдрэмж ямар гоё байдаг бол. Бид ялсаан. Сэтгэл хөдлөл багатай гэж харсан өмгөөлөгч маань ч үнэхээр догдлоод, өөрийн эрхгүй баярлаж байгаа нь илт. Б.Мөнхбат өмгөөлөгчдөө талархлын үгээ хэлээд анхны өмгөөлөгч Л.Данзанноров руу сайн мэдээтэй, талархлын мессэж бичлээ. Шууд л утас дуугарлаа. “Ямар сайхан мэдээвэ. Угаас буруугүйг чинь мэдэж байсан болохоор ялалтанд чинь итгэж байсаан” гэсээр чин сэтгэлээсээ баярласан хоолой нь утасны цаанаас сонсогдох нь таатай. Ингээд хөл хөнгөн сэтгэл тэнүүн, өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодрон гэрийн зүг алхлаа. Хаврын урь орж, хамаг бүхэн дэлгэрч байгааг сая л анзаарав. Нялх ногоо цухуйж, модод гөлөглөөд, нар ээж, байгаль сэргэжээ. Ээж минь, хаа нэгтэйгээс харж байгаа бол охин нь дажгүй, ээ..
Үйл явдал ийм л юм болсон. Дуулиантай, анхаарал татам хэрэг биш ч, гэм зэмгүй явснаа гэнэт буруутан болчихсон бол яах билээ гэж бодохоос аймшигтай. Тэд намайг өмгөөлж чадсан. Бүр чин сэтгэлээсээ шүү. Тийм болохоор би өмгөөлөгчийг хайрлана. Дэлхий дээр сая, сая ийм чин сэтгэлтэй, ажил мэргэжлийн ур чадвартай, хамгийн чухал нь дотоод хүн нь гэгээтэй, ёс зүйтэй өмгөөлөгч нар бий гэдэгт эргэлзэлгүй итгэж байна. Мэдээж ажил хөдөлмөр, мэргэжил бүхэнд сайхан ч тал бий, бэрхшээл ч бий. Байнга бусдын зовлонг сонсоод тэднийг аврахын төлөө сэтгэл санаа, оюун ухаанаа чилээнэ гэдэг амаргүй. Өмгөөлөгчийн ажил бусдад итгэл, найдвар, амар амгалан, аз жаргал өгдөг ньсайхан юм. Өмгөөлж байгаа хүнтэйгээ хамт шаналж, хамт бэрхшээлийг туулж, хамтдаа ялагдал, ялалтын мэдрэмжийг хүртдэг юм билээ, тэд. Манайхан дуулиант хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийг гэмт хэрэгтэн мэт зүхэж, хэвлэл, олон нийтийн сүлжээгээр “балбаж” харагддаг. Тэд чинь ажлаа хийж, үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс. Тэд өмгөөлөх л үүрэгтэй. Эмч хүн өвдсөн хүнийг ялгалгүй л эмчилдэгтэй адил. Тиймээс асуудал тулгарвал эрхийг тань хамгаалж өгөх өмгөөлөгчид заавал хандаарай.
Хорвоо юм хойно түмэн жорын хүн багтаад л амьдарч байна. Аль ч салбарт эвтэй, эвгүй нөхөд байх нь тодорхой. Гагцхүү эвгүй нөхдөөс болж бүтэн салбараар нь үгүйсгэх нь шударга бус. Өмгөөлөгчид гомдолтой явдаг хүн байхыг үгүйсгэхгүй ээ. Харамсалтай нь танд тиймхэн хүн л таарч. Хэрэв тэр алдаа гаргасан бол мэргэжлийн байгууллагад нь хандаад өмгөөлөх эрхийн асуудлыг нь ч хөндөж болно. Гэхдээ гомдоогсдоос илүү хайрламаар, талархмаар нь дэндүү олон байдаг шүү.
Дахин дахин талархлаа. Өдөр бүр талархлаа илэрхийлээд байдаггүй ч чин сэтгэлийг нь мартаагүй. Өмгөөлөгчийг муулах хүн хаа нэгтээ таарвал сайн өмгөөлөгч байдаг тухай хэлж, өмгөөлдөг болсон шүү, та нарыг. Гэрэлт өдрүүдийг минь авчирсан өмгөөлөгчдөө баярлалаа. Миний төлөө санаа чилээн гайхалтай өмгөөлөгчийг зааж өгсөн хуульч найз нартаа ч бас талархъя. Ингэхэд өмгөөлөгч гэдэг үг чинь утга агуулга дүүрэн, сайхан үг юм байна шүү. Би ч ингээд өмгөөлөгчдөө хайраа зарлачихлаа. Та ч бас өмгөөлөгчдөө хайр, талархлаа илэрхийлмээр байвал оройтоогүй л байна.

