Яс хэмлэлдсэн ноход ба “эзэнгүй төрийн эмгэнэл”
Яс хэмлэлдсэн ноход ба “эзэнгүй төрийн эмгэнэл”
Улс төрийн хэрүүлийн өрнөлийг хэн хүнгүй мэдэж байгаа. Булхай бузраа ч уудалж байна. Зарим нь ч зориудаар “бор шувуу” нисгэлээ. Хүн бүр улстөржиж, хаа сайгүй талцал маргаан цадигаа алдлаа. Байнгын хорооны хурлын тов, “Тамгагүй төр” дээр өнөөх хэрүүл одоогоор төвлөрч үргэлжилж байна. Тогоон доторх хэрүүл нь дотоодоосоо хальж, гадаадын хэвлэлд нэгнийгээ бичсэн, бичүүлсэн болж хэрэлдлээ. Эдийн засаг нь уул уурхайгаасаа бүрэн шахуу хамаатай улс байж, бие биенийхээ мууг үзэхээр уул уурхайн салбар бүр цаашлаад өнөөх Оюу толгойгоороо оролдож эхлэв. Хэн нэгэн Амраа, Зандка, Хүрлээдээ асуудлын гол нь биш. Өмнө бичиж байсанчлан институц хоорондын дайн болж байна. Олны ярьж байгаагаар Ерөнхийлөгчийг Засгийн газрын тэргүүний ард байгаа гэлцэнэ. Наанаа бол Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр намын даргад өрсөлдөхөөс эхтэй энэ тэмцэл эцэстээ хаана хүрч зогсох юм бол. Зарим хэсэг УИХ-ын даргаа огцруулах гэж бичиг өргөөд, нөгөө хэсэг нь Засгийн тэргүүнээ унагах бичиг өргөөд. Өнгөрсөн долоо хоногт асуудал шийдэгдэж нэг талдаа гарах юм болж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэсэн боловч хэдэн ч удаа хойшлуулчихав. Тохиролцоо энэ тэртэй нь холбоотой биз. Ер нь бол асуудал хурдан шийдэгдэж, ажил төрлөө бодмоор байгаа юм.
Эв нэгдлийг хангах ёстой Ерөнхийлөгч маань тэмцэлдэгч талуудын аль нэг талд гарсан нь үнэн бол тэр үүргээ умартсантай адил. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Асуудлаа шийдүүлтэл хурал удирдахгүй бай” гээд шахчихсан. Ерөнхий сайд нь Засгийн газраа уначих вий гэж жигтэйхэн сандарч, юун улс орон мантай, амь наана, там цаана л үзэж тарж байна. За тэгээд төрийн тэргүүн нь гадаад айлчлалд явчихсан байдаг. Улсаараа их, багагүй улстөржиж, яс хэмлэлдсэн ноход шиг л боллоо. Хувийн өчүүхэн эрх ашиг, албан тушаалын төлөөх дайн энэ улсын хувь заяанд нөлөөлөх вий гэж тоох хүн алга. Арчаа муутай эзэн нь малаа хайх нэрээр айл хэсэн аяга тагш юм эргүүлэн хоног сараар тэнэхэд, ард үлдсэн хэд нь зутруухан байдагчлан төрийн удирдлагууд нь суудлаа олохгүй тонгочиход төр улс нь хэцүүдэх нь. Эхнээсээ эдийн засагт нь нөлөөлөх шинжтэй болчихлоо. Улстөр нь бужигнаад байгаа ч улс орон нь хөгжөөд байгаа юм алга. Хамгийн хачин нь хөл, толгойгүй их мэдээлэл, хэрүүл тэмцлийг алдалгүй олж үзээд нэг талд нь гарч чадаад байгаа хэрнээ Засгийн газар зуун хоногт юу амжуулсныг тоосон хүн бараг л алга. Үзүүштэй жүжиг шиг улс төрийн хэрүүл сонирхолтой ч амьдрал цааш үргэлжилнэ.
Өвөл хаяанд ирчихсэн, бэлтгэл ажил хэр хангагдсан нь тодорхой бус. Нэн чухал хуулиуд, төсөв гээд тулчихсан асуудлаа хэлэлцэж байгаа юм алга. Сахил хүртээд шал дордов гэгчээр 126 гишүүнтэй болчихоод улстөржилтөөсөө болоод байнгын хороогоо ч хуралдуулж чадахаа байв. Байнгын хорооны хуралдааны танхимд ярайтал эгнэх хоосон сандал л харагдаж байна лээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор улстөржөөд байгаа асуудлыг хэлэлцэх ёстой ч хэд хэд хойшлов. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулах нь тодорхой гишүүдийг Ерөнхийлөгч гадаад томилолтоор аваад явчихаж. Уг нь Их хурлын дарга төрийн ажлыг саадгүй явуулах үүднээс хэлэлцэж буй асуудлыг хуулийн хугацаанд дуусгах ёстой учраас гишүүдийг түр хугацаанд гадаад томилолтоор явахгүй байх захирамж гаргасан юм гэсэн. Ерөнхийлөгчийн гадаад томилолтын багт яваа улстөрчдийн нэрсийг хэвлэлээр жирийтэл өрөөд зурагтай хөрөгтэй нь тавьчихаж. Засгийн тэргүүнийг шүүмжлээд байсан нөхөд ихэнх нь харагдана. Үнэхээр цохолж авч явсан бол энэ их улстөржилтийн ард төрийн тэргүүн байгаа нь үнэн болж таарах нь. Энэ бүхнээс харахад хөл, толгойгоо алдсан улстөржилт үргэлжлэх нь гарцаагүй. Монгол Улс парламентын засаглалтай. Эрх баригч намын бүлэг хуралдахгүй, байнгын хороо нь хуралдахгүй, төсвөө хэлэлцэхгүй, өрөө өрөөндөө хэсэг бүлгээрээ хор хутгаж, ултөржихөөс хэтрэхгүй байна. Үйл явдлын өрнөл, Засаг унагах, УИХ-ын даргыг огцруулах зэргээр тогтохгүй. Улс төрийн дараагийн нүүдлийн төлөөх дайны эхлэл гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн сонгууль, дараагийн УИХ-ын сонгуулийн том зургийг гаргаж, хэн нам удирдах, Ерөнхийлөгчид хэн нэр дэвших зэрэг үйл явдлуудтай өнөөдрийн тэмцэл холбогдох юм. Тэр хүртэл энэ улс төрийн зодоон үргэлжилнэ гэсэн үг.
Үндсэн хуулийн сүүлийн өөрчлөлт бол хэд хэдэн асуудлыг цэгцлэх гэсэн оролдлого байсан. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, Засгийн газрыг тогтвортой байлгах гэх мэт. Гэвч энэ янзаараа Засаг нь ч тогтвортой байх бололцоо алга. Яг л Засгаа унагаж тоглож байсан он жилүүдийн үйл явц давтагдаж, илүү хурц хэлбэртэй болон өөрчлөгдсөн байна. Байх ёстой байрандаа байдаг юм алга. Парламент нь бэхжих нь бүү хэл засагтаа захирагдаад хурлаа ч хийж чадахаа болио юу даа. Парламентын засаглалтай хэрнээ байнгын хороогоо ч хуралдуулж чадахгүй, гишүүд нь ирцээр бойкот хийгээд орж ирэхгүй. Яс хэмлэлдсэн ноход мэт тэмцэлдэх зуур парламентын хэвийн үйл ажиллагаа доголдохдоо тулчихлаа.
Энэ улс оронд болж бүтэж байгаа юм нэг ч байхгүй мэт хар бараан түмэн мэдээллээр ёстой л бөмбөгдүүллээ. Тэр тусмаа улс төрийн мэдээллүүд галзуу хурдаар түгэж байна. Улстөржилтийн энэ шуургандаа улс орноо хийсгэчихгүйхэн шиг л байгаасай.