Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу?
Дэлхийн уул уурхайн салбарынханы хамгийн том цугларалт болдог PDAC 94 дэх жилдээ Канад улсад зохион байгуулагдаж, энэ жил түүхэндээ анх удаа 130 орчим орны 32 мянга гаруй төлөөлөгч оролцов. Энэ арга хэмжээнд оролцоод ирсний дараа "Уул уурхайн сэтгүүл"-ийн сэтгүүлч Б.Долзодмаа зорьж ирэн ярилцлага авсныг та бүхэнд өөрийн булангаар дамжуулан хүргэж байна.

Канадын Торонто хотноо дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулагч нарын хамгийн том чуулга уулзалт болох“PDAC-2026” болж өнгөрлөө. Энэ чуулга уулзалтад оролцоод ирсэн “Монголын Эдийн Засгийн Форум”-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Синдикат Ток” нэвтрүүлгийн модератор, нийтлэлч В.Ганзоригтой ярилцлаа.
Энэ жилийн PDAC-2026 чуулга уулзалтын гол онцлог юу байв? Энэ чуулганы сонин сайхнаас хуваалцахгүй юу?
Миний хувьд анх удаа энэ арга хэмжээнд оролцлоо. Дэлхийн уул уурхайн салбарынханы хамгийн том цугларалт болдог энэ арга хэмжээ 94 дэх жилдээ зохион байгуулагдаж, энэ жил түүхэндээ анх удаа 130 орчим орны 32 мянга гаруй төлөөлөгч оролцлоо. 5 өдрийн турш 700 орчим илтгэл, танилцуулгууд зэрэг зэрэг хийгдлээ. Дэлхийн улс орнуудын харилцаа ба хүчний шилжилт, гео улс төрийн зөрчилдөөнтэй асуудал, дайн байлдаан, тодорхой бус байдал, өндөр технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ ба дэд бүтэц, эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор уул уурхайн салбарын бараа товаарын үнэ эрчимтэй өсч, тээвэр, ложистикийн хяналт удирдлагын өрсөлдөөн ширүүсч байна. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчид төдийгүй дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид, уул уурхай, эрдэс баялгийн салбарын гинжин хэлхээнд оролцдог бүхий л тоглогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна гэж харагдлаа.

Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын уул уурхай, эрдэс баялгийн хайгуулчид ба хөгжүүлэгчдийн 94 дэх удаагийн чуулган Торонто хотод эхлэхдээ нутгийн уугуул иргэнээр үг хэлүүлж, уул уурхайн хөгжил ба байгаль орчны тэнцвэр, мөнгөн ашиг ба тогтвортой хөгжлийн тэнцвэртэй бодлого барьж, урт хугацааг харсан ирээдүйдээ хөрөнгө оруулах тулхтай төслүүд хэрэгжүүлэх ёстойг онцолсон.
Тэртээ 1932 онд буюу их хямралын үеэр уул уурхайн салбараа хамгаалах зорилгоор байгуулагдсан Канадын энэхүү байгууллагын жил бүр зохион байгуулдаг чуулган, экспо нь өдгөө энэ салбарын ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, бодлогын хэлэлцүүлгийн дэлхийн төв нь болж чаджээ.
Монгол Улс энэ чуулга уулзалтанд 1997 оноос хойш 29 дэх жилдээ тасралтгүй оролцож буйгаас сүүлийн 4 жил өөрсдийн үзэсгэлэнгийн талбайгаа нээж ажиллуулж байна. Хурлын үеэр манай 20 гаруй компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, төслөө танилцуулсан.
Хөрөнгө оруулагчдын хандлага ямаршуу байна. Хаашаа ямар чиглэлд хөрөнгө оруулалтын урсгал чиглэх шинжтэй ажиглагдаж байна вэ?
Энэ жилийн хувьд эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухаан ба чухал ашигт малтмал гэдэг сэдвүүд дээр төвлөрч гол хэлэлцүүлгүүд явагдлаа. Дээр хэлсэнчлэн 130 орчим орноос 32 мянга гаруй хувь хүн, компани, ТББ, төр засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид цугларсан байсан нь яах аргагүй энэ салбарын дэлхийн хамгийн том цугларалт гэдгийг нотолж байв. Өв уламжлалаа тээн, орчин цагт тэнцвэрийг нь барьж ирээдүйгээ урлахаар тэмцэж зорин ажиллаж буй Ed Sackaney хэмээх нутгийн уугуул индиан иргэн өөрийгөө Knowledge and Wisdom Keeper буюу Мэдлэг, сэцэн ухаан, өв уламжлалын хамгаалагч гэж танилцуулсан бөгөөд хурлыг нээж хэлсэн үгэндээ дараах чухал агуулгыг дурдсан. Тухайлбал, байгалийн баялагтай холбоотой Ойрхи Дорнодод саяхан эхэлсэн дайн Канадад өрнөхгүй гэх ямар ч баталгаа байхгүй. 30 жилийн өмнө энэ хуралд би анх энэ хуралд оролцож байхад цор ганцаараа нутгийн уугуул иргэдээ төлөөлж байсан төдийгүй ганцаараа Ази царайтай хүн байсан. Одоо цаг өөр болж байна.
Уул уурхайн бизнес эрхэлж буй хүн, компаниуд энэ дэлхийн хаана ч ажиллаж байсан гэсэн нутгийн иргэдтэйгээ маш сайн хамтарч, тэдний асуудлыг ойлгож, хамтын шийдвэр гаргах ёстой.
Тэгж чадахгүй бол тулхтай бизнес, тогтвортой хөгжлийг бүтээх боломжгүй шүү гэж захиж байна. Байгаль орчноо дээдлэн амьдардаг уугуул иргэдийн зан заншлийн дагуу бүх зүйлийг урт хугацаанд буюу өөрсдийн хүүхдүүд, ач зээ нартаа юу үлдээх вэ гэж бодож төлөвлөж ажилладаг шигээ уул уурхайн компаниуд ийм тулхтай хөгжлийн төлөвлөгөөтэй ажиллах ёстойг сануулав. Тэр нь багадаа 60 жилээс 100 жилийг харж ажиллах тухайг ч хэлэв.
Ямар ч салбар оролцогч талуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа дээр суурилах ёстой бөгөөд уул уурхайн салбарын хувьд орлого ашгаас гадна олон нийт, бусад оролцогч талуудыг мэдлэг, мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажил хийх нь зайлшгүй зүйл гэдгийг онцлов.
Mining literacy буюу уул уурхайн боловсрол бол зөвхөн мэргэжлийн хүмүүс нь хоорондоо ярьдаг техникийн ойлголт биш бөгөөд эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хариуцлага, технологийн хөгжил, ажлын байр, үнэ цэнийн гинжин хэлхээ, бодлого зохицуулалтын суурь том ойлголт.
Ард иргэд энэ өргөн хүрээнд ойлгохгүй бол хэчнээн гоё бас чухал төсөл хэрэгжүүлж байсан ч дэмжихгүй шүү дээ гэж хэлж байв. Мөн зөвхөн мөнгө олохын төлөө, богино хугацааны ашиг бодож байгаль ээжтэй бизнес хийгээд нэг их хол явдаггүй юм шүү гэдгийг тойруу утгаар үг шидэж байна лээ.
Эцэст нь ямар ч нийгэмд, ямар ч салбарт ажил хийхэд хоорондоо санал нийлэхгүй, зөрчилдөх үе байна. Байх ч ёстой. Гэхдээ энэ зөрчил, ялгаатай үзэл бодлоо ширээ тойрч суугаад хэлэлцдэг, ярилцдаг, оролцогч талууд нийлээд шийдлээ хамтран гаргадаг байх ёстой гэнэ. Тэр утгаараа нийгмийн төрөл бүрийн салбарын төлөөллийг оролцуулсан хурал чуулган, форум, хэлэлцүүлгийн индэр маш чухал гэдгийг онцолж байв. Монголд уул уурхайн хурлууд хийхдээ яг ингэж буюу малчдын төлөөлөл, нөгөө тэмцээд эсэргүүцээд байдаг ТББ, хувь иргэдээс оролцуулан яриулж, зарим нэгээр нь нээлтийн илтгэл тавиулж асуудал, өнцгийг нь зөв талаас нь сонсож, агуулга шийдлийг нь нээлттэй хэлэлцэж, ижил тэнцүү мэдээллийн солилцооны дэд бүтцийг угсарч заншвал одоогийнх шиг буранхуй хуурамч тэмцэгчдийн тоо багасах мэт санагдсан.
Хөрөнгө оруулалтыг хамгийн сайн татаж буй улс орнууд ямар улс орнууд байна вэ?
Канад, Австрали болон Африкийн орнууд маш идэвхтэй ажиллаж байна. Жишээ нь, хурлын үеэр Канад Улс уул уурхай салбарт том тоглолт эхлүүлж буйгаа зарласан. Тэр нь нэг өдрийн дотор 12.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 30 critical minerals буюу чухал ашигт малтмал, газрын ховор элементийн гэрээг шууд Apple, Panasonic, Siemens, Rio Tinto болон 12 чухал түнш компани, улстай байгуулж зөвхөн уул уурхай төдийгүй нийлүүлэлтийн гинжин хэлхээний талбарт хүчээ нэгтгэж байна. Уурхай байгуулахад дунджаар 18 жил зарцуулдаг бөгөөд Канад эцсийн хэрэглэгчидтэйгээ түншилснээр энэ хугацааг богиносгох зорилготой ажээ. Яг энэ цаг мөчид Монгол Улс ч гэсэн энэ салбарт өөрийн гэсэн байр сууриа эртхэн батжуулаад яг ийм гэрээнүүд дэлхийн том компаниудтай шууд байгуулаад явах боломж нээлттэй харагдсан. Түүнчлэн хурлын үеэр дэлхийн уул уурхайн хоёр аварга том компани болох Glencore ба Rio Tinto хоорондоо нэгдэх яриа эрчтэй явж, энэ хэрээр салбарын оролцогчид бужигнаж байсан. Энэ хэлцлийн мөнгөн дүн 260 тэрбум долларын хэмжээнд яригдаж буй бөгөөд нэгдвэл дэлхийн хамгийн том уул уурхайн мега нэгдэл болсон компани үүсэх юм.
Хөрөнгө оруулалтын урсгал ямар эрдэс баялаг руу чиглэж байна вэ. Газрын ховор элемэнт, зэсээс гадна өөр төрөл рүү сонирхол явж байна уу?
Хөрөнгө оруулалтын урсгал ярихаас өмнө Канад шиг уул уурхайн салбараа амжилттай удирдаж буй менежментийг ойлгох ёстой юм билээ. Канадын уул уурхайн компаниудын хэд нь төрийн өмчит вэ, ер нь төрийн болон хувийн хэвшлийн компаниудын харьцаа энэ салбарт хэд орчим байвал “эрүүл” зохистой вэ гээд асуусан чинь “Манай Канадад төрийн өмчийн оролцоотой нэг ширхэг ч уул уурхайн компани байхгүй. Яг юу асуух гээд байгааг нь ойлгохгүй байна” гээд Канадын уул уурхайн холбооны дэд ерөнхийлөгч гайхаад байна лээ. Мөн энэ улсад уул уурхайн салбарын нэгдсэн том баялгийн сан гэж байдаггүй. Тэгэхээр улс орны бодлого, систем, дэд бүтэц, засаглалаас хамаараад янз бүрийн загвар байж болдог байх нь. Ийм учраас гадны амжилттай кэйс болгон Монгол Улсад тохирохгүй байх магадлалтай бөгөөд манай улсын болж бүтэхгүй байгаа асуудлуудын дийлэнх бусдаас гэхээс илүүтэй бид нараас шууд хамааралтай гэдэг нь илт мэдэгдэж байв.
Энэ жилийн тухайд газрын ховор элемент болон чухал ашигт малтмалууд яагаад тийм чухал үнэтэй, үнэ цэнтэй болоод байгаа вэ гэсэн чинь улс орнуудын батлах хамгаалахын төсөвтэй нэг талаараа шууд холбогдож байна.
Алт, мөнгө, зэс ч ялгаагүй! Герман Улс жишээ нь чухал ашигт малтмал суурьтай мэдээллийн технологи болон цэрэг зэвсгийн зориулалттай батлах хамгаалахын салбарын төсөв зардлаа даруй 25%-иар нэмж буйгаа зарлаж байхад АНУ төсвөө 1 ихнаяд ам.доллараар тодотгож буй мэдээлэл ч явж байв. Радар, сансрын технологи, хиймэл дагуул, дата төв, сервер, шөнийн дуран зэрэг цэрэг, армийн нарийн техник, зэвсэг, тоноглолд хамгийн ихээр хэрэглэгддэг түүхий эд материалууд нь газрын ховор элемент болон чухал ашигт малтмалууд байдаг юм байна.

Арга хэмжээний нээлтийн үеэр Канадын парламентын гишүүн, Эрчим хүч ба Байгалийн баялгийн сайдын парламент дахь төлөөлөгч Claude Guay дараах чухал агуулгыг хуваалцсан. Тухайлбал, Уул уурхай, эрчим хүчний салбарын амжилт тухайн улсын байгалийн нөөц, ашигт малтмалын хэмжээгээр биш харилцан итгэлцэл, үйл ажиллагааны найдвартай байдлаар хэмжигддэг гэж хэлсэн нь онцгой байв. Дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт эргэлт буцалтгүй явж буйг хүлээн зөвшөөрч, үүнд өөрсдийгөө бэлдэх ёстойг зөвлөв. Энэ шилжилтийн аж үйлдвэрийн дөрөв бараг тав дахь хувьсгалтай зүйрлэж болохоор байна.
Уул уурхайн салбарын түүхий эд материал, бүтээгдэхүүнүүд болох эрдэс баялаг, үнэт металуудгүйгээр орчин цагийн технологи, мэдээлэл, харилцаа холбооны салбар, агаарын тээвэр, сансар судлал, батлах хамгаалах салбар оршин тогтнох боломжгүй болжээ.
Ийм учраас энэ салбар олон улс орнуудын хувьд стратегийн хувьд чухалд тооцогдож, уул уурхай энгийн нэг бизнес биш гео улс төр бүхий улс орнуудны түншлэл болж хувирч байна. Энэ үнэт зүйл дээр хамтрах дэлхийн бүх улсуудыг Канад урин дуудаж буйгаа индэр дээрээс зарласан.
Ийм учраас уул уурхайн салбар улс орнуудын зөвхөн эдийн засгийн хөдөлгүүрээр зогсохгүй бүрэн эрхт улсын тусгаар тогтнолын дархлаа бас баталгаа, хамгаалалт болоод эхэлсэн гэдгийг хэд хэдэн удаа давтан хэлэв. Цаашлаад Канад улс энэ жилийн улсынхаа төсвөө хийж батлахдаа уул уурхай, тэр дундаа чухал ашигт малтмалын салбараа онцгойлон анхаарч хөгжүүлэхээр дизайнаа гаргажээ. Үр дүнд нь G7 буюу өндөр хөгжилтэй улсууд дотроо эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх зорилт тавьсан байна. Ийм учраас Канад Улс чухал ашигт малтмал дээрээ хайгуул хийхэд нь tax credit буюу татварын хөнгөлт үзүүлээд эхэлсэн байна. Өнгөрсөн хэдхэн хоногт олон арван тэрбум долларын үнэ бүхий асар олон гэрээнүүдийн Канадын уул уурхайн салбарын байгуулаад дэлхийд зарлаад эхэлчихлээ.
Манай улсыг хөрөнгө оруулагчид хэр сонирхож байна вэ. “Mongolia Day 2026” арга хэмжээгээр манайх гол юу танилцуулав. “Яагаад Монголд хөрөнгө оруулах вэ? Уул уурхайн хөрөнгө оруулалтын найдвартай, хариуцлагатай, түнш” гэх мэт сэдвийн хүрээн дэх панел хэлэлцүүлэг хэр амжилттай явагдав. Манай улс PDAC-2026 –д ямархуу байр суурьтай оролцов. Ямар төслүүд танилцуулж оролцов?

Энэхүү арга хэмжээнд жил бүр Монгол Улс идэвхтэй оролцдог юм билээ. Монголын үзэсгэлэнгийн талбай болон “Mongolia Day” арга хэмжээг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, хувийн хэвшлийн байгууллагууд, уул уурхайн компанийн төлөөллүүд амжилттай зохион байгуулсан. Монголоос 6 илтгэл танилцуулгыг гадна хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Танилцуулгын дараа сайд болон компанийн захирлуудтай уулзах гээд багагүй урт дараалал үүсч байна лээ. Би тусгайлсан уулзалтууд нь ороогүй болохоор яг юу яригдсан гэдгийг нь мэдэхгүй байна.
Манай улс уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон эрдэс баялгийн ямар түүхий эдэд илүү түлхүү анхааарч, хаашаа хаашаа чиглэж ажиллах шинжтэй байна вэ?
Монгол Улс нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, жонш, газрын тос зэрэг цөөхөн хэдхэн уул уурхайн бүтээгдэхүүнтэй. Эдгээрийг солонгоруулахаас гадна алт, зэс, ган боловсруулах үйлдвэр барих дээр хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчид уриалсан. Монголын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай. Тэр уул уурхай дотроо дан ганц нүүрснээс дахиад шууд хамааралтай байж болохгүй. Тэр утгаараа уран, зэс, газрын ховор, чухал ашигт малтмалуудын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэмээд 1 тэрбум ам.долларын өртөгтэй гангийн үйлдвэр болон Эрдэнэт дээр зэс хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэр болон бусад эрдэс баялгийн боловсруулах үйлдвэрүүдийг Монголд байгуулах бодлого баримталж буйгаа салбарын сайд дурдаж, хөрөнгө оруулж хамтран ажиллахыг уриалж байсан.
Уул уурхайн салбар Монголын ДНБ-ийн 25%-ийг эзэлж, аж үйлдвэрийн нийт салбарын 79%-ийг дангаараа бүрдүүлдэг. Нэмээд Монгол Улсын экспортын нийт орлогын 93%-ийг бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74%-ийг эзэлдэг. Төсвийн орлогын бараг 30%-ийг дангаараа бүрдүүлдэг чухал салбар боловч дээрх тоо харьцаануудыг харахаар бид бүх өндгөө нэг сагсанд хийсэн байгаа нь харагдаж байна.
Уул уурхайн тээвэр, ложистик энэ цаг үед шинэ сорилт болсон байна. Иймээс зөвхөн хайгаад олборлоод, боловсруулаад дуусах биш дэлхийн уул уурхайн салбарын нийлүүлэлт, худалдаа, тээвэр, санхүү, даатгалын нэгдсэн сүлжээ, дэд бүтэц рүү бид өөрсдөө орж, тэндээ дуу хоолойтой тоглогч болох ёстой гэж анзаарагдсан. Эцэст хэлэхэд Монголын газар нутгийн 3%-д хайгуулын, 1%-д нь ашиглалтын лицензтэй юм билээ. Өөрөөр хэлбэл бид газрын дор юу байгаагаа бүрэн мэдэхгүй гэсэн үг. Хайгуулын хэсгээ сайн хөгжүүлж чадвал бид өөрсдөө ч мэдэхгүй том боломжуудыг шинээр нээхээр юм билээ. Нэмээд АМНАТ-ыг орон нутагт түлхүү үлдээх, уул уурхайгаас орж ирж буй орлогыг Баялгийн сангаар дамжуулан зөв удирдах гэх мэт асуудлуудыг цогцоор нь төлөвлөж, хооронд нь уяж замын нэгдсэн зураг, алсын хараа, стратегиа базах, эргэж нэг харах, шинэчлэх ёстой мэт бодогдсон.
Энэ жилийн уул уурхайн PDAC-2026-д ямар ямар төслүүд танилцуулагдаж байна. Анхаарал татсан онцгой төслүүдээс танилцуулаач?
Монголын уул уурхайн салбарын нүүр царай болж, сүүлийн лав миний мэдэхийн 20 гаруй жил улсаа тасралтгүй олон улсад эерэгээр сурталчлан, маш амжилттай бизнес хийж буй хамт олон бол яах аргагүй Эрдэнэ Ресурс компани. Канадын уул уурхайн чуулганд энэ хамт үйл ажиллагаа, төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, эх орныхоо тухай маш сонирхолтой чухал мэдээлэл өгсөн. Энэ компани өөрөө Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэл хийсэн анхны компани юм. Сүүлд нэмэгдсэн орж ирсэн стратегийн түнш нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation юм. Өөрөөр хэлбэл, Монгол, Канад, Хонг Конгийн хөрөнгийн захад бүртгэлтэй, нээлттэй компаниуд нэгдэн ажиллаж буй нь компанийн засаглал, салбарын эрсдэл, компанийн нэр хүнд, уул уурхайн бизнесийн стратеги талаасаа маш гоё жишээ, жишиг болж байна. Тэд саяхан “Баян Хөндий” төслөөсөө 7434 унц алт олборлон борлуулж, 31 сая ам.долларын борлуулалт хийснээ зарласан.

Монголчууд дараа дараагийн Оюу Толгой, Таван Толгой, Эрдэнэ Ресурс компаниудтай болох ёстой. Гэвч ийм ордуудыг хайгуул хийж баталгаажуулахад асар их зардал, тоймгүй их хөрөнгө оруулалт ордог бөгөөд Монгол Улс дангаараа ийм хэмжээний эрсдэл үүрэх боломжгүй бөгөөд шаардлагагүй. Иймээс гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголын уул уурхайн салбарт маш чухал. Канадад боловсрол эзэмшээд, сургуулиа төгссөнийхөө дараа тэндээ цайрын уурхайд ажиллаж туршлага хуримтлуулсан “Asian Battery Minerals” компанийн захирал З.Ган-Очир Монголд уул уурхай хөдөлж эхлэх үеэр эх орон руугаа буцах шийдвэр гаргаж байв. Өдгөө Австралийн хөрөнгө биржид бүртгэлтэй уул уурхайн компанийг удирдаж буй бөгөөд Монголдоо Эрдэнэт, Оюу Толгойн дараа орох зэсийн 3 дахь үйлдвэр байгуулахаар зорин ажиллаж буйгаа Канадад энэ хурлын үеэр зарласан.
Гадаадын том компаниудын хувьд хиймэл оюун ухааныг энэ жил нилээд ярьлаа. Хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн товаар, эрдэс баялгийн үнийн савалгаа, ирээдүйн таамаглал, хөрөнгө оруулах боломжууд, мөн гарч болох эрсдлүүдийг 360 хэмээр харуулж тооцоо хийж хоорондоо хэлэлцдэг юм билээ.
Энэ PDAC-ийн үеэр дайны нөхцөл байдал мөн олон улсын дэг журам, геополитикийн уламжлалт чиг хандлага, хүчний тэнцвэрт харьцаа өөрчлөлт түүний уул уурхайн салбар эдийн засагт ирэх үр дагавар, асуудлууд яригдаж байна уу?
Хуучин уул уурхайн компаниуд зөвхөн ашгийн төлөө түншилдэг байсан бол одоо улс орнууд like-minded countries буюу адилхан үнэт зүйлтэй, ижилхэн үзэл сурталтай улсуудтайгаа дэлхийн уул уурхайн салбарт түншлэл, эвслийг байгуулаад эхэлжээ. АНУ, Хятад, Канад, Европын холбоо, БРИКС-ийн улсууд, Орос, Африк, Ойрхи Дорнод, Япон, Солонгосын уул уурхайн салбарт баримталж буй бодлогуудыг томоор нь харж нэгтгээд газрын зураг дээр буулгавал тун сонирхолтой дүр зураг маш тодоор ялгаран харагдахаар байна. Улс орнууд ингэж нэг талдаа гаран фракцаараа өрсөлдөн эвсэж байгаа яг энэ цаг үед нүүрс, алт, зэс дээрээ л дулдуйдан уул уурхай эрхэлж эдийн засгаа хөдөлгөж буй Монгол Улс төмрийн хүдэр, газрын ховор, чухал ашигт малтмал, уран зэргээ зэрэг зөв бодлогоор буюу ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж харахаас гадна дэлхийн том гүрнүүдийн хүчний тэнцвэрийг зохистой хангах байдлаар эхлүүлбэл бүс нутагтаа маш том давуу тал үүсгэх мэт санагдсан. Үүн дээр нэмээд уул уурхай гэхээр ялангуяа хөгжиж буй улсууд хайгуул, олборлолт дээр л голцуу төвлөрдөг байсан бол энэ сорилттой цаг үед уул уурхайн салбар боловсруулах үйлдвэр буюу нэмүү үнэ цэн бүхий эцсийн бүтээгдэхүүн өөрсдөө гаргаж байж, мөн нийлүүлэлт, тээвэр, ложистикийн гинжин хэлхээг угсрах, дэлхийн энэ сүлжээнд холбогдож байж стратегийн давуу талыг үүсгэж чадахаар болж байх шиг байна. Үүнтэй холбоход нэг тэрбум долларын өртөгтэй Гангийн үйлдвэрийг Дарханд байгуулахаар болсон гэдгийг Г.Дамдинням сайд Канадад зарлахын сацуу бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн буйгаа хурлын оролцогчдод хэлж урьж байна билээ.

Энэ чуулганаас хэдхэн хоногийн өмнө Ойрхи Дорнодод болсон "Эрдэс баялгийн ирээдүй" форумд илтгэл тавьсан алдарт Robert Friedland зэсийн үнэ одоогийнхоос 2 дахин өсөх нь тодорхой байна. Хэрэв зэсийн үнэ ингэж өсвөл зэсийн компаниудын хувьцааны үнэ 10 дахин өсөх болно гэж мэдэгдсэн. Тэр нь улс орнуудын цэрэг дайн, батлан хамгаалах салбарын төсвийн тэлэлттэй шууд холбоотой гэдгийг маш нээлттэй хэлсэн. Өнгөрсөн оны сүүлээр буюу 4 сарын өмнө Австрали болон Канад улсууд "Ховор буюу чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тунхаглал"-д гарын үсэг зурсан. Ингэснээр энэ хоёр улс литий, кобальт, ховор элемент, графит, никель зэрэг ашигт малтмалын нөөцөө хамтран удирдах, харилцан боловсруулах, дэлхийн зах зээл дээрх үнэ тогтоолт дээр хамтрах, хамгийн чухал нь Америк болон Хятадтай харилцахдаа нэг дуу хоолойгоор харилцахаа харилцан тохирсон. Гэтэл бид нүүрсий хулгай, зэсийн маргаан гээд дотроо хэрэлдэж байх хооронд уул уурхайн дараагийн том давалгаа биднийг тойроод явчих вий дээ гэдэг айдас төрсөн.
Та олон улсын хөрөнгө оруулагчтай яриа хөөрөө өрнүүлсэн байх. Монгол Улсын талаарх тэд нарын хандлага, ажиглагдаж буй хууль эрх зүйн орчин, хөрөнө оруулалтын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Уул уурхайн салбар асар ихээр даяаршсан салбар юм байна. Маш олон орны төслүүд хөрөнгө оруулагч олох гээд хоорондоо өрсөлдөж байдаг. Хайгуулыг илүү ихээр дэмжсэн бодлогыг гадны улсууд биднээс харж буй нь илт байв. Одоо байгаа ордууд хэзээний сонин биш. Учир нь хөрөнгө оруулагч, тоглогчид нь тодорхой болсон учраас шинэ боломж, шинэ орд, шинэ хэлэлцээрүүдийг бид дэлгэн тавьж чадвал хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам ихээр татахаар байна. Уул уурхайн салбарын процессийг бүтэн зураглалаар нь харвал уг нь хамгийн шинжлэх ухаанч салбар байгаад байдаг. Гэтэл ард түмний дунд ойлголт, мэдээлэл, мэдлэгийн нэлээд том зөрүү яваад байх юм. Иймээс хими, физикийн шинжлэх ухаан, геологийн шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд тасралтгүй тогтвортой заавал түгээж байх ёстой юм байна. Бусад улсуудтай харьцуулахад манай улсын энэ чиглэлийн хөгжил, хийгдэж буй ажлууд тааруу юм.

Нөгөө талаас манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад улс төр нь өөрөө энэ салбарын хамгийн том эрсдэл болчихсон. Дарга нар тогторгүй байж болно шүү дээ. Гэвч бодлого тогтвортой байх ёстой. Монгол байтугай мөнгөтэй баян, өндөр хөгжилтэй гэгддэг Америк, Австрали, Канадууд хоорондоо өрсөлдөж, эх орондоо хөрөнгө оруулалт татахаар бараг цусаа гартал үзэлцэж байна шүү дээ. Энэ дунд Монгол юугаараа, яаж өрсөлдөх ёстой юм бэ, бидний туйлын болон харьцангуй давуу тал бас сул тал юу вэ гэдгээ тооцоолж маш хариуцлагатай ажиллах ёстой цаг дор бид амьдарч байна. Төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэд, эрдэмтэн судлаачид бүгд хамтарч ажилласан нөхцөлд л хамгийн амжилттай гаднаас хөрөнгө татах боломжтой байна. Дотроо бид нэг цул болж чадахгүй бол хүссэн хөгжлөө уул уурхайн салбараас харах боломжгүй.
Хэрвээ та мөнгө бизнесмен байсан бол Монголын уул уурхайн салбарт бодитой хөрөнгө оруулах байсан уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.
Тийм бол яагаад, үгүй бол яагаад гээд. Нэмээд хэдүүлвээ амжилттай яваа уул уурхайн төслүүдээ хамтраад олон улсад сайтар сурталчлах ёстой юм билээ.
Манай улсад уул уурхайн популизм улам хүчирхэгсээр байна. Уул уурхайн популизм хэзээ арилна гэж боддог вэ?
Уул уурхайг эсэргүүцсэн болон улс орныг хагалан бутаргаж талцуулах эсэргүүцэл хөдөлгөөн, тэмцэл жагсаалыг гол санхүүжүүлдэг хүмүүс нь гадаадад байдаг нутаг нэгтнүүд гэдэгэ судалгааг Оксфордын их сургуулийнхан хийж гаргасан байсан. Учир нь тэд эх орондоо байхгүй бодит мэдээллээс хол учраас машид амархан тархиа угаалгаж популист улстөрчид болон хуурамч тэмцэгчдийн хялбархан олз нь болдог гээд. Канадууд шинжлэх ухаан, эрдэс баялгийн салбар, нийгэм дэх үүрэг, ач холбогдлын талаар мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээж, хүмүүсийг зөв ойлголттой болгохын тулд тогтмол ажилладаг аж. Уул уурхайн боловсролоор дагнасан олон идэвхтэй ТББ байна. Манай ШУТИС зэрэг мэргэжлийн их дээд сургуулиуд контентуудаа хялбарчилж хөнгөлөөд олон нийтэд зориулсан хэрэгцээтэй соён гэгээрүүлэх ажлуудыг хийж болдоггүй юм байх даа гэж тувт бодогдож байв. Жишээ нь, гар утас тэр чигээрээ газрын ховор элемент, чухал ашигт малтмалаас бүрддэг аж. Уул уурхайг мугуйдлан эсэргүүцээд гар утсаараа тувт лайв хийдэг хоосон тэмцэгчид өөрсдөө үлгэрлээд ухаалаг гар утас, интернет (хиймэл дагуул, чип, сервер мөн л газрын ховроор бүтээгддэг) хэрэглэхээ болих ёстой юм билээ уг нь. Тэд тэгж чадах уу?
Популизмгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө бид юу хийх ёстой вэ?
Орон нутгийн иргэдийн харилцаа ба боловсрол гэж хэлмээр байна. Канад Улсын уул уурхайн салбарын зүрх нь нутгийн уугуул иргэд байсан, байгаа, байх ч болно гэдгийг төрийн төлөөлөл нь маш тодоор хэлж байсан. Нутгийн уугуул иргэд буюу индиануудын омог бүлэгтэй 500 гаруй гэрээ байгуулан, зарим орд дээрээ тэднийг шууд уурхай, компанийн хувь эзэмшигч болгох замаар түншлэл үүсгэн ажилладаг аж. Нэмээд олон нийтэд зөв мэдлэг, мэдээлэл өгсөн, соён гэгээрүүлэх энгийн бүтэцтэй контент манайд асар ихээр дутагддаг. Энэ дээр цөөн хэдхэн уул уурхайн компани нөөцөө зарцуулж ажилладаг ч тогтмол байж чаддаггүй. Иймээс энэ чиглэл дээр төр, хувийн бүх компаниуд ялгаагүй анхаарч тогтмол хэлбэрээр ажлаа төрөлжүүлж хийж, олон нийттэй харилцах харилцаагаа тогтмол бас илүү өгөөжтэй болгох шаардлагатай.
Эрх баригчид, төрийн түшээд хууль тогтоомж өөрчлөөд асуудал шийднэ гэдэг ч ингээд нөхцөл сайжрахгүй гэдгийг 30 жилийн үйл явц нотолж байна. Хөрөнгө оруулалтыг татах амьдралд буусан бодитой шийдэл юу байж болох вэ?
Чухал хуралд суугаад хэрэгтэй мэдээ, мэдээлэл авах нь гоё байгаа ч өөрсдийнхөө байгаа байдлыг эргээд харахаар харамсалтай л байлаа. Бид Канад шиг ажиллах бүрэн боломжтой. Бүр болъё гэхэд наад зах нь Казакстан улс уул уурхайн дээрээ ямар зөв бодлого явуулж, ямар богино хугацаанд нүдэн дээр тасраад алга болж буйг анзаараарай! Өрсөлдөөн ширүүсч, уул уурхайн эдийн засагтай орнууд өөр өөр фракц блокт хуваагдахын хэрээр хэн хурдан ажиллаж, ордуудаа эргэлтэнд оруулж, боловсруулах үйлдвэрүүдээ барьж, дэлхийн зах зээлийн сүлжээнд нэгдэж чадсан нь хожихоор байна. Төрийн оролцоог энэ салбарт багасгах ёстой. Энэ нүүрсний хулгайгаа хар л даа. Төрийн өмчит уул уурхайн компаниудтай хэчнээн олон хүн, улстөрч ял сонсож, шоронд орсон билээ?
Та энэ удаагийн PDAC-2026-д оролцоод уул уурхай ашигт малтмалын салбарт өрсөлдөх ямар боломжууд байна вэ гэж харсан бэ?
Ний нуугүй хэлэхэд би энэ хуралд ороод Монгол уул уурхайн улс биш юм байна гэж дүгнэсэн. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамаардаг хэдий ч бидний дэлхийн уул уурхайн салбарт оруулж буй хувь нэмэр, оролцоо өчүүхэн юм билээ. Гэхдээ цаг үе өөр болж байна. Аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгал гээд яриад эхэллээ. Энэ нь хүн төвтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн дараагийн шинэ давалгаа бөгөөд хиймэл оюун ухаан, асар том дата төв, ажилчингүй 24 цагаар ажилладаг аварга үйлдвэрүүд, робот, дижитал технологийг хүний үнэ цэн, ёс зүйтэй уялдуулан залж удирдахыг зорьж буйгаар өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудаасаа ялгаатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн технологийн дэвшил бус нийгмийн сайн сайхны төлөө тэнцвэртэй гарцийг эрэлхийлж байна гэсэн үг. Технологийн салбар уул уурхайн салбарыг залдаг том хөдөлгөгч хүч болчихлоо гэсэн үг. Манайх шиг далайд гарцгүй, хоёр том хөрштэй улсын хувьд технологи стратегийн салбар байж, бидний туйлын давуу тал болох бүрэн боломжтой. Хятад Улс жишээ нь газрын ховор, чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын дэлхийн төв нь болчихсон байна шүү дээ. Тэднээс суралцах, харилцан ашигтай хамтран ажиллах маш олон боломжууд харагдаж байна.
Монгол Улсын геологийн чадавх, дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд эзлэх байр суурь эртнээс хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг Торонтогийн чуулганы өмнөхөн PDAC буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооны Ерөнхийлөгч Карен Рийс хэлсэн байна лээ. Энэ бол бидний давуу тал бас ирээдүйн том боломж юм. Гэхдээ та бидний хамгий том сорилт бол эдийн засгийн тулхтай бөгөөд хамгийн чухал нь хүртээмжтэй өсөлтийг бий болгох, уул уурхайн орлогыг зөв удирдах болоод байна гэж хардаг. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд “Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-г олон улсын Сантьяго зарчмуудтай бүрэн нийцүүлж, улс төрөөс 100% хараат бус, мэргэжлийн удирдлагаар хангах нь маш чухал гэж бодож байна.

Эх сурвалж: Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, мэдээллийн улирал тутмын "Уул уурхайн сэтгүүл"-ийн 2026 оны дугаар №1 /77/. Тус сэтгүүл нь уул уурхайн чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх эрхтэй хэвлэл бөгөөд 28 дахь жилдээ улирал тутам гарч байна.

