(Франсис Вүүдмэн Кливезийн номын санг сурвалжилсан судалгааны аяллын цуврал тэмдэглэл №6)

Өнгөрсөн 10 сард бидний гурван хүн Нью Хампшир мужид очиж, Франсис Вүүдман Кливезийн номын сантай танилцсан тайлангаа таван цуврал нийтлэл болгон уншигч танд толилуулсан билээ. Өдгөө буцах замдаа Хартфорд хотод түр саатаж, алдарт зохиолч Марк Твений гэр музейг сонирхсон тэмдэглэлээ нэмэлт зургаа дахь дугаарболгон барьж байна. Монгол судлалын аялалд Америк зохиолчийн амьдрал намтар, гэр музей ямар холбогдолтой билээ хэмээн уншигч авгай гайхаж мэдэх юм. Дуустал нь уншвал хариугаа олох биз ээ.

Шинэ Англи

Виржиниа муж дахь гэрээсээ гарч зүүн хойд зүгийг баримжаалан хөдөлбөөс нийслэл Вашингтон хотоор халтихан дайраад Мариланд мужийн нутагт ороод явчихна. Хурдны 95 хэмээх их замаар довтолгосоор Филадельфи хотын дэргэдүүр өнгөрөхөд өдгөө ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жое Байдэны аж төрдөг Дэлавэйр муж таарах бөлгөө. Үүний дараа эхлээд Нью Жерси, дараа нь Нью-Йорк мужийг хөндлөн огтлоод Коннектикут мужид орох нь Шинэ Англи хэмээх нутагт хөл тавилаа гэсэн үг юм.

Шинэ Англи гэж АНУ-ын зүүн хойно орших Мэйн, Нью Хампшир, Вэрмонт, Массачусэтс, Рөүд-Айланд, Коннэктикут хэмээх зургаан мужийн газрыг ерөнхийд нь нэрлэдэг бүс нутгийн нэршил билээ. Лондоны бэл бэнчинтэй хүмүүсийн захиалгаар ахмад Жон Смит 1614 онд энэ нутгийг судлан шинжлээд Шинэ Англи хэмээн нэрийдсэнээс хойш Английн пуританчууд олноор ирж суурьшсан төдийгүй Харвард, Ейл хэмээх дэлхийд тэргүүлэх их сургуулиудыг үүтгэн байгуулж, Америкийн хөгжлийн түүчээ болсон түүхтэй ажээ. 

Бид Шинэ Английн зургаан мужаас Нью Хампширт нь ирж, их эрдэмтний номын сантай танилцаад, буцах замдаа Коннектикут мужийн Хартфорд хэмээх хотод байдаг агуу зохиолч Марк Твений гэр музейг үзэхээр хоног тааруулсан юм.

Самуэл Лангхорн Клеменс

Марк Твенийг монгол уншигчдад танилцуулах бараг цагийн гарз биз. Боловсрол мэдлэгтэй монгол уншигчид өнгөрсөн зууны тавь жараад оноос Жонон гуйлгачин хоёр [sic Ханхүү гуйлгачин хоёр], Том Соейрын адал явдал, Гэкэльбери Финний адал явдал [sic Хакллбэри] зохиолуудыг нь уншин хүмүүжсэн, амьдрал намтартай нь дунд сургуулийн уран зохиолын хичээлээрээ танилцаж өссөн билээ. Гэвч энд ахин сануулахын үүднээс, намтарт нь тэр бүр дурдаад байдаггүй цөөн хэдэн сонирхолтой баримтыг дурдсу.

Марк Твений жинхэнэ нэр нь Самуэл Лангхорн Клеменс, Миссури мужид 1835 онд төржээ. Нэрт зохиолч Уиллиам Фолкнер түүнийг Америкийн утга зохиолыг үндэслэгч гэж дүгнэсэн бол утга зохиолын олон шүүмжич АНУ-ын бүх цаг үеийн шилдэг зохиолч гэж үздэг. Эрнэст Хэмингуэйн дүгнэлтээр бол “ерөөс орчин цагийн Америкийн утга зохиол гээч ганц л бүтээлээс үүссэн, тэр нь Хаклберри Финний адал явдал юм”.

Хоёр сар дутуу төрсөн түүнийг хүн болно гэдэгт үнэмших хүн байсангүй, нялх балчраасаа бие муутай байсаар долоон нас хүртлээ байнга өвдөж зовоодог байж. 

Багад нь эцэг нь нас барсан учраас сургууль соёлоор явж чадсангүй, бүтэн цагийн ажил хийх хэрэгтэй болжээ. Анхны ажил нь сонины бичээч байлаа. 

1857 оноос усан онгоцны залуурчийн туслахаар ажиллах болсон, энэ нь түүний амьдрал, уран бүтээлтэй нягт холбогдоно. Ийм ажилтай болсноор дэлхий даяар аялж, юм үзэж нүд тайлсан нь зохиол бүтээлд нь нөлөөлсөн гэдэг. Самуэл Лангхорн Клеменс гэж нэрээ орхиж, уран бүтээлийн нэр авсан нь ч усан онгоцтой холбоотой. Марк Твен гэдэг нь усан онгоц аюул бартаагүй явж чадах усны гүний хэмжээг илэрхийлэх “Хоёр алд” гэсэн утгатай үг аж. 

Амьдрал нь адал явдлаар дүүрэн, цэрэг болж, буу барин иргэний дайнд ч оролцож явсан тэрбээр дараа нь “Алтны халуурал” гээчийн үед Калифорниад гараар алт ухаж ч үзжээ. Манайхны хэлээр бол “нинжа” болж үзсэн гэсэн үг юм. 

Ливи

Дэлхий даяар Марк Твен нэрээрээ алдартай боловч хэн ч түүнийг Марк гэж дуудаж байсангүй, анд нөхөд нь ч тэр, өдгөө гэр музейг нь ажиллуулж байгаа түүхчид ч тэр, бүгд л их зохиолчийг Сам хэмээн дуудна. Тэдний ярьснаар Сам тээр жил Хартфорд хот хийгээд Оливиа хоёрт бараг зэрэг дурласан гэх. Оливиа буюу Ливи нь Самаас арван нас дүү бүсгүй байлаа. Ливигийн ахтай Сам усан онгоцоор хамт аялдаг найзууд байж. Тэгээд нэг удаа дүүд нь дурласнаа хэлбээс, “За даа бараг бүтэхгүй л болов уу? Чи бол авьяаслаг зохиолч, гэхдээ хөрөнгө мөнгөөр гологдох байх аа даа. Манайхны хөрөнгө мөнгийг чи мэднэ ээ дээ?” гэж анхааруулж байж. Үнэхээр Ливи-гийн эцэг Жэрвис Лангдон өчнөөн уурхай, ой мод эзэмшдэг саятан байсан бол Марк Твен хэдий алдартай ч энгийн л нэгэн зохиолч байжээ. Гэвч асуудлыг хөрөнгө мөнгө биш хайр сэтгэл шийдэж, 1870 оны Хоёрдугаар сард Сам Ливи хоёр гэрлэв. Самуэл Клэмэнс 34, Оливиа Лангдон 24 настай байлаа. 

Залуу хос 1871 оноос Хартфорд хотод газар хайж эхэлжээ. Хүссэн газраа авсныхаа дараа тухайн цагтаа тэр хавьдаа хамгийн алдартай архитекторч нь байсан Эдвард Такерман Поттертой гэрээлэн, шинэ байшингаа босгох ажлыг даатгасан байна. Поттер 1873 оны хавраас ажилдаа оров. Сам Ливи хоёр шинэ байрныхаа ерөнхий зургийг мэдсэн учир таван сард Европ руу удаан хугацаагаар аялсан нь гэрээ гоёх эд зүйл, тавилга сэлт цуглуулах гол зорилготой байжээ. 1874 оны Дөрөвдүгээр сарын 15 гэхэд байшин бэлэн болж, зарц ажилчид нь ч өрөө өрөөндөө тухалсан бол шинэ эзэд нь харин бүр Есдүгээр сарын нэг их бороотой өдөр байрандаа нүүн ирсэн гэдэг. Энэ гэртээ 17 жил амьдрахдаа Марк Твен “Хаклберри Финий адал явдал”, “Ханхүү гуйлгачин хоёр”-оос өгсүүлээд ихэнх алдарт зохиолоо бичжээ. Өдгөө миний бие тэр байшинд ирээд байна. 

Марк Твений гэр. Өдгөө музей болоод буй

Урьд хожид байгаагүй бүлээн дулаан гэр

Марк Твен, Оливиа Лангдон хоёрын олон жил амьдран суусан, зохиол бүтээлээ туурвиж асан энэ байшин одоо музей болоод байна. Бяцхан толгой дээр, хүрэн улаан өнгийн тоосгоор барьсан гурван давхар үзэмжит сайхан байшин ажээ. Өдгөө машин тавьж буй тэр газар Марк Твений үед бяцхан горхи урсдаг байж гэнэ. 

Арван долоон жил аз жаргалтай амьдрахдаа Марк Твен зохиол бүтээлдээ гол анхаарлаа хандуулдаг байсан бол Оливиа гэрийн сайн эзэгтэй байж, айл гэрийн аж ахуйн бүх хэргийг эрхлэхийн зэрэгцээ нөхрийнхөө зохиолын редактороор давхар ажилладаг байжээ. Оливиа Самыг “Хүү минь” гэж дууддаг байв. Насыг нь бодоход Самуэл Клэмэнс эхнэрээсээ арван насаар ах шүү дээ. Гэтэл Самын гэнэн томоогүй зан, алиа хошин ааш аяг, Ливи-гийн аж ахуйч сайн эзэгтэй зэргийг бодвол тийн дуудахад ер гайхах юмгүй, харин ч зохидог байсан юм хэмээн найзууд нь дурссан байдаг. 

Гэрээсээ нүүх болохдоо Марк Твен “Энэ байр минь зүрхтэй, сэтгэлтэй, нүдтэй байшин юм шүү дээ. Хамт сэтгэж, хамт хардаг байшин сан. Урьд хожид байгаагүй бүлээн дулаан гэр минь билээ” хэмээн харуусан дуу алдсан билээ.

Музейн түүхч нар зочдыг дагуулан, өрөө бүрээр аялуулж, эд хэрэгсэл, тавилга сэлт зэргийг чухам аль нь яг Марк Твений хэрэглэж байсан эд болох, аль нь сүүлд ижил загварыг нь олж нөхсөн эд болохыг тайлбарлан ярьж явлаа. 

Өрөө бүрийн хананд хуучны телефон хэмээх утасны төхөөрөмж байх бөгөөд түүгээр цай цүү, аль өрөөнд юу хэрэгтэй байгаагаа дамжуулдаг, зарц нар нь хүргэж ирдэг байжээ. Марк Твен хэдийгээр телефон утсыг хамгийн анх ашиглаж үзсэн хүмүүсийн нэг боловч удалгүй өнөөх нь зогсоо зайгүй хангинаж, амар заяаг нь үзүүлэхээ болиод, сүүлдээ бүр үзэн ядах болсон гэдэг юм билээ.

Манай Монголд эмэгтэй хүн гарч болдоггүй уул гэж байдаг. Гэтэл Марк Твений үед Америкад бас тийм ёс байсан ажээ. Хамгийн дээд давхар буй биллиардын өрөөнд эмэгтэйчүүд орох эрхгүй байсан гэнэ. Самын эрэгтэй найзууд ирэхдээ л тийш ордог, тэр өрөөндөө Сам алжаалаа тайлдаг, бас номоо бичдэг байжээ. 

Биллиардын тэр өрөөнд Марк Твений нэр дээр бичсэн 200 мянган долларын чек байхыг харж, энэ их мөнгийг хэн юуны учраас өгснийг сонирхвоос АНУ-ын 18-р Ерөнхийлөгч, иргэний дайны үеийн алдарт генерал Улисс Грантын намтрыг бичсэнийх нь төлөө охиных нь бичиж өгсөн чек гэнэ. Урьд хожид ийм шагналаар намтар бичиж байсан тохиол огт үгүй, яагаад ийм юм болсныг лавлан үзвээс харин Улисс Грант их баян байсандаа ч тэр биш ажээ. Харин ч эсрэгээрээ, насныхаа төгсгөлд нэлээд ядуурч, эхнэр охиноо дампууруулах нь хэмээн айж байж. Марк Твен түүнийг ятгаж, амьдрал намтраа хэлж үлдээ, би бичиж ном болгоё гэжээ. Ингээд за зү болж, Грант ч ярьж эхэлсэн, Твен ч бичиж эхэлж. Гарамгай сайхан намтар болж, гарсан даруйдаа хэдэн зуун мянган хувиар зарагдаж, Грантын эхнэр гэрээнийхээ дагуу 450 мянган доллар олсон нь одоогийнхоор бол 12 сая доллартай тэнцэх мөнгө ажээ. Үүнээс Марк Твенд ирсэн хувь нь тэр аж. 

Марк Твений номын сан

Марк Твений гэр музей дэх монгол зураг

Хартфорд хот дахь Марк Твений гэр музей сүүлд нэгэн шинэ байшин барьжээ. Дэлхийн олон жуулчин ирдэг газар, шууд Марк Твений гэр лүү ороод байвал зохисгүй, ингээд тасалбар сэлтээ авах байр, номын сан, хичээлийн өрөө, Марк Твений үйл амьдралыг үзүүлэх танхим галлерей бүхий орчин цагийн байшин нэмж барьснаар уг музей зүгээр нэг үзүүлэн төдий газар бус сургалт боловсролын төв болж чадсан байна. 

Марк Твений бичгийн машин, алдарт бүтээлүүдийнх нь анхны хэвлэл зэрэг мөнөөх хүрэн улаан байшинд байгаагүй боловч чухал холбогдолтой дурсгалуудыг байршуулах тусгай танхим бэлдэж. Тэгээд тэр өрөөний гурван ханыг чимэглэх зургийн уралдааныг АНУ даяар зарлажээ. 2000 оны явдал. Тэр цагт Монгол улсаас дөнгөж ирээд байсан зураач Дамбын Цолмон уралдааны зарыг олж хараад, нэгэнт бага наснаас Марк Твений бүтээлийн уншиж өссөнийх, үзээд алдахаар шийдсэн байна. Ингэхдээ салангид олон зураг зурсангүй, ерөөс гурван ханыг нэг үргэлжилсэн континуум хэмээн үзээд панорама зураг зурж. Бараг Монголын нэг өдрийн өгүүлэмж шиг шахуу, гэхдээ бүх үйл явдал нь Марк Твений зохиол. 

Энэхүү үзмэрийн цаадах зураг бол Дамбын Цолмоны бүтээл

Уралдааны дүн гарахад Дамбын Цолмоны бүтээл тэргүүлжээ. Америкийн уран зохиолыг үндэслэгч эцэг хэмээгдэж буй их зохиолч Марк Твений гэр музейн ханыг монгол зураачийн бүтээл чимэглэсэн түүх энэ. 

Зураач андынхаа уран бүтээл, ялангуяа гарын үсгийг нь Америкийн утга зохиолын түүхэн дэх шилдэг зохиолчийн музейд олж хараад ихэд бахархсанаа нуух юун. Үүнийг уншиж суугаа монгол хүн бүр бахархаж болох сайхан мэдээ энэ мөн.

Монгол зураачийн гарын үсэг