Төмөр замын салбарт ширүүхэн өдрүүд үргэлжилж байна. Үүний өмнө Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам”-ыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанитай нэгтгэх үйл явц өрнөсөн. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” компанийн зарим газрын даргыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгджээ.

Тухайлбал, “Монголын төмөр зам”-ын Тээвэр ложистик, төлөвлөлтийн газрын дарга Г.Шижирбаатар, Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Д.Нямлхагва, Худалдан авах хэлтсийн дарга Г.Батсүлд  нарыг ажлаас чөлөөлөх саналаа тус компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуунд хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

Тендер шалгаруулахад хамгийн бага үнийн дүн ирүүлж “сайн үнэлэгдсэн” компанид “Танайхтай гэрээ байгуулах, эсэхийг сайд шийднэ” гэсэн нь салбарын сайдын чихэнд дуулдаж, уур унтууг нь хүргэсэн бололтой. Тэрбээр “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниас зарласан тендертэй холбоотой шүүмжлэлүүд болон төрийн өмч хөрөнгийг шамшигдуулж, ашиг олсон байж болзошгүй мэдээллүүдийг тухай бүрт нь шалгуулж ажиллана гэсэн юм. Түүнчлэн эвдэрсэн зүтгүүрийг үйлдвэрлэсэн компаниар нь засуулаагүй, харин БНХАУ-ын өөр нэгэн компанитай гэрээ хийж, их хэмжээний мөнгө шилжүүлээд зүтгүүр ч үгүй, мөнгө ч үгүй таг болсон ноцтой хэргийг сөхөж,хатуу сануулаад зогсохгүй эхний ээлжид ажлаас нь халж, улмаар хуулийн байгууллагад өгч шалгуулах болно гэжээ.

Тухайн зүтгүүрүүдийн тухайд нийт найм орчим сая ам.долларыг засварын ажлын хөлс хэмээн шилжүүлчхээд байгаа нь төрийн компанид үлэмж хэмжээний хохирол бөгөөд ийм хэмжээний мөнгөөр дахин шинээр зүтгүүр авч болохоор байгаа юм. Үүнд дээрх дарга нарын зарим нь холбогдож мэдэхээр гэнэ.

Үүний өмнө “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ын удирдлагуудын тансаглал, компаниуд хоорондоо вагон түрээсэлж, түрээслүүлж ашиг олдог, 1.2 их наяд төгрөгөөр зуун хувь худалдаад авчихсан байтал өмчийг нь бүрэн хүлээж авахгүй цалгардуулсан үл ойлгогдохуйц, хайнга хандлага нь хэн нэгэн болон хэсэг бүлэг хүнд ашигтай байж болохоор хардлага төрүүлдэг талаар тоо баримттайгаар дурдан хатуухан мэдэгдэж байсан.

Үүнд “Монголын төмөр зам” компанийн бүх дарга нь сард зургаан саяас дээш төгрөгийн цалин авдаг. Цогтцэцийд ажилладаг гэх “хүндрүүлэх” шалтгаанаар халхавчлан, таван саяас дээш төгрөгийн цалинтай албан хаагчид 18-23 хувийн нэмэгдэл олгодог. Үр дүнд нь 2024 оны туршид экспортын ачаа гэж ердөө 430 мянган тонн нүүрс тээвэрлэсэн мөртлөө оны эцэст 912 сая гаруй төгрөгийн урамшуулал хүртсэн баримтууд бий.

“Улаанбаатар төмөр зам”-аас бусдыг нь “Монголын төмөр зам” компанид нэгтгэснээр үргүй зардал их хэмжээгээр буурахаар тооцоолол гарсан аж. Засгийн газрын тогтоолын дагуу энэ ажлыг эрчимтэй хийж эхэлсэн боловч ашиг сонирхлоо хамгаалах элдэв үйлдэл мэр сэр байгаагийн жишээ нь тендер шалгаруулалттай холбоотой дээрх хийдүүлэлт юм. Энэ удаад салбарын сайд нь огт мэдээгүй байхад түүний нэрийг барьж, шалгарсан компанитай гэрээ байгуулахгүй байгаа нь албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгж, иргэнийг хясан боогдуулсан гэх авлигын гэмт хэрэгт холбогдох үйлдэл биш гэж үү.

Ийм байдлыг үл тэвчин, шинж тэмдэг илрэх бүрт хариуцлага тооцоод зогсохгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэдгээ Зам, тээврийн сайд илэрхийлж, эхний ээлжид “Монголын төмөр зам”-ын нэр бүхий газар, хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож буй нь цаашид ийм байдлаар, одоо зарлачхаад байгаа сонгон шалгаруулалтыг явуулах баг учир дутагдалтай гэж үзсэн бололтой. “Монголын төмөр зам” компанийн тухайд экспортын орлого, татвар төлөгчдийн болон бондын мөнгөөр их хэмжээний бараа худалдан авадаг байгууллага гэдгээрээ онцлогтой, тэр ч байтугай маш их хэмжээний хөрөнгө идэж шамшигдуулсан үе үеийн удирдлагуудтай нь холбоотой гэмт хэргийн чанартай үйлдлүүд хуримтлагдсан, бохир түүх бий. Тиймээс ил тод байдал, хөрөнгийн зарцуулалтын үйл ажиллагааг нь зайлшгүй “тунгалагшуулах” шаардлагатай гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, олон нийт шаардаж байдаг билээ. Төмөр замын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх тусам ил тод зарчим хатуу үйлчилж, ашиг сонирхлын зөрчилгүй удирдлагуудыг шилж ажиллуулах ёстой.

Үүнтэй холбогдуулан ер нь манайд нийт хэдэн вагон хаагуур явах, ер нь яагаад дутаад байсан вагон илүүдэх болов гэдэг талаар сонирхлоо. Гол төмөр замаар нийт 11 мянган вагон явах ёстойгоос одоогоор 15 мянган вагон байна. Яагаад илүүдчихэв? Энэ бол “Монголд вагон олдохгүй байна гэнэ” гээд Оросоос их хэмжээний вагон оруулж ирсэнтэй холбоотой юм байна. Гэтэл бодит байдал дээр илүүдсэн 4000 вагон нь гол зам дээрээ багтахгүй, яг хотын түгжрэл шиг өртөө, зөрлөгүүд дээр зогсож байна.

Эндээс тээвэр зуучийн компаниудтай холбоотой зөрчил бас үүсээд байдаг. Тэдгээрийн цаад эзэд нь голдуу орос, хятадууд, ил хаяг дээр нь монгол компани, монгол иргэдийн нэр дээр байдаг. Харамсалтай нь эдгээр вагоны цаадах санхүүгийн эх үүсвэр нь бэлэн мөнгө байдаг, өөрөөр хэлбэл, төгрөгөөр орж ирээд, ам.доллараар Орос руу урсаад гарчихаж байна. Ингэж гаднын компаниудыг эс үйлдлээр дэмжээд байж болохгүй учраас тэдгээр вагоныг шахаж гаргаад, тэдний орон зайд Монголын үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр шинэ вагон оруулж ирсэн бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрнө, үүгээрээ дотоодын компаниудаа тээвэр зуучийн салбарт дэмжиж байгаа юм. Ингээд вагон түрээслүүлсэнгүй гэх ашиг сонирхлын зөрчил үүссэн. Дээр нь нэмээд тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулах зүй бус өрсөлдөөн үүсэж, үүнд “РЖД” НХН-ээс хүртэл шахалт үзүүлсэн байдаг.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гол ач холбогдол нь нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, үүний нөгөө талд говь нутгийн хөрсийг эвдэж сүйтгэхгүйгээр, төрд үрэлгэн зардал багатайгаар тээвэрлэх явдал. Энэ ажилд “Чайна энержи” гэдэг том компани орж ирээд буй нь нүүрсийг машинаар зөөж ашиг олдог байсан хүмүүсийн эрх ашигт сөрөг байх нь ойлгомжтой. Мөн адилхан төрийн өмчит төмөр замын компани мөртлөө төрийн өмчийн хоёр компанийн нэг нь нөгөөдөө түрээслүүлж мөнгө олдгоороо ашиг хонжоо олдог байсан, бүр сүүлдээ нүүрс олборлодог компани нь өөрөө нүүрсний машинтай тээвэр логистикийн ажил хийхийг санаархах болсон зэрэг хууль бус үйлдлүүдийг хязгаарлаж Засгийн газрын тогтоолоор эмх цэгцэнд нь оруулж, тээвэрлэлт гэдэг үйлдлийг зөвхөн тухайн салбар мэддэг болгож өөрчилсөн нь олон хүний эрх ашгийг хөндөж байгаа нь энэ өдрүүдэд тодорсоор байна.

Хэдийгээр вагон ч, ачааны машин ч худалдаж аваад нүүрс тээвэрлэж мөнгө олох гэсэн иргэн, ААН-үүдийн буруу биш боловч илүүдээд байгаа учраас зохицуулалт хийх нь төрийн үүрэг.

Энэ удаад ч гэсэн “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” аль аль нь гурван жилийн өмнө хувийн компаниас 1.2 тэрбум ам.доллараар худалдаж авсан төмөр замын өмч хөрөнгийг одоо болтол гүйцэд шилжүүлж аваагүй байгаа нь төрийн өмчид хайнга хандсаных. Арваад сая ам.долларыг зүтгүүр засуулна гэж өгчихөөд мөнгөө ч нэхэхгүй, зүтгүүрээ ч засуулж авчрахгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүйнх биш гэж үү. Өнөөдрийг хүртэл цалин хангамжаа ажлын үр дүнд нийцүүлэх арга хэмжээ авахгүй, үрэлгэн зардлаа хассан шийдвэр гаргахгүй, тендер шалгаруулахдаа аж ахуйн нэгжийг төөрөлдүүлэн хясан боогдуулж байгаа нь анхаарал хяналт тавьж, яаралтай цэгцлэх зайлшгүй шалтгаан үүссэний гарцаагүй баримттай үндэслэлүүд мөн.

Энэ бүх шалтгаан, нөхцлийн улмаас төмөр замын салбарт хийх хөрөнгө оруулалт нэмэгдэх, томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх тусам ил тод зарчим хатуу үйлчилж, ашиг сонирхлын зөрчилгүй удирдлагуудыг шилж ажиллуулах ёстой.