Засгийн газар “зад тэнэгтсэн”-ий дараа иргэнийхээ хувиар Төрийн тэргүүнд зөвлөгөө өгтлөө зад “тэнэгтмээр” санагдав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ нүүрсний хулгайн тухай баахан урт өгүүлбэр “шүршчихсэн”. Үүнээсээ болж багагүй баалуулж, бараг л “салаавчин дунд” амьдрах шив. Түүний мэндчилгээнд “Нүүрсний хулгай” гэдэг сэдэв яах аргагүй жин дарсан. Сүүл рүүгээ л Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийнхээ Гутайн даваа, Асгат, Салхит мэтийг ярьж хадуурсан болохоос биш.

Ерөнхийлөгч Та шинэ жилийн мэндчилгээндээ “Хот айл муудалцахад холын дайсан баярладаг”, “Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” гэхчлэн эшлэснээс чинь ердөө 5-хан хоногийн дараа Оюутолгой зэрэг эдийн засгийн үр ашигтай төслүүдийг, эрчим хүчний салбарын хөгжлийг гацааж чөдөрлөсөөр ирсэн Ц.Даваасүрэн, НХХ-ийн сайдаар ажиллахдаа олигтой үр дүн гаргах нь байтугай тус салбарын “үүц”-ийг “Капитал” банкны барьцаанд тавиад алдчихсан С.Чинзориг нарын нийгмийн өөрчлөлтийг үргэлж эсэргүүцэж байдаг “мөнхийн гомдогчдыг” сайдаар томилж “үзүүлэв”. Олон нийт үүнд бухимдалтай байна. Мөн “Дараагийн Ерөнхий сайд”-ын таамаглалд дандаа нэр нь дуулдаж бүр ингэж хочлогддог болсон, Эдийн засгийн хөгжлийн сайддаа эдийн засгаа хөгжүүлж ч эхлээгүй байхад нь Шадар сайдаар давхардуулан томилж завхрал гаргалаа. Энэ нь мөн л сонгогчдын дургүйцлийг төрүүлж, олонхиороо засаглаж, ааглаж, даапаалсан шийдвэр байв.

Тэд Ерөнхийлөгч таны дээрх эшлэлүүдийг ингэж далимдуулав. Анзаарч байна уу?
Мэндчилгээ дэвшүүлсний маргаашаас зохион байгуулалттай бүлэглэлүүд Ерөнхийлөгчийг гутаан доромжилсон пост, мэдээнүүд үйлдвэрлэж “дайралт” эхэлснийг мэдэгдлээ. Тэгж бодохгүй байя гэсэн ч анзаарагдмаар “хүч” үйлчилж эхэлсэн. Энэ “дайралт”-ын уур амьсгал, үүсэл гарал нь “Нүүрсний хулгайчдын зүгээс” гэж хардаж болохоор байгаа юм. Түүнд өнөөдөр “дайсан” их, эрх мэдэл бага болж. Тэмцэнэ гэж амласан бүхэнтэйгээ тэмцэж чадахгүйгээр Үндсэн хуулийн заалтаар бүслэгдсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед түүнээс салгаж авсан хамаг эрх мэдлээ Засгийн газарт буюу өөр дээрээ авчихаад одоо Ерөнхийлөгч Х.Баттулгынхаа байр суурин дээр алдсан эрх мэдлийнхээ араас санаашран хуруугаа ч хөдөлгөж чадахгүй суугааг харахад даажигнал ч гэмээр. Тэр үед Ерөнхийлөгч болохоо мэдсэн биш гэж бодохоор инээд ч хүрэх шиг.

Ингээд та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий. Шүүх, прокурорын байгууллага хуульд захирагдаж, шударга ажиллах ёстой. Үүний төлөө би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэж хэлсэн үгэндээ эзэн болох боломжгүй болчихсон. Тэр ч байтугай Ерөнхийлөгчөөр сонгогдонгуутаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө хуулиа дээдлэн ажиллахыг Улсын Ерөнхий прокурорт захисан. Одоо хэн, юу засаглаж байна вэ, та хариул даа. Цаашилбал, яг тэр жилийнхээ 10 дугаар сарын 11-нд нийт шүүгчийн анхдугаар чуулганд оролцохдоо “Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжих болно” гэчихсэн. Одоо яаж дэмжих юм бэ? Болохгүй байгаа биз?

Хараат бус л бол хараат бус. Гэхдээ томилох эрх чинь “амьтай” байгаад байдаг. Гэтэл эрхээ хэрэгжүүлдэггүй. Юу гэж ойлгох вэ? Ингээд өнөөдрийг хүртэл өмнөх Ерөнхийлөгчийн томилсон Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор нартай хамтран ажиллаж ирэв. Гэтэл тэднийг томилсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдрийн байдлаар олдож буй мэдээллээр “Хамгийн том нүүрсний хулгай”-тай холбогддог.

Уг нь иргэн би ч, олон нийт ч ойлгохдоо Ерөнхийлөгч, Засгийн газар аль аль нь “Нүүрсний хулгай”-тай тэмцэж энэ ойлголтыг эцэслэх нь гэж ойлгосон. Одоо хэрхэн өрнөж байна?
“Нүүрсний хулгайчууд”-ыг зайлуулна гэтэл “нүүрсний хулгайчууд”-ын зүгээс “Х.Баттулгын” оффтэйк гэрээгээр далимдуулж өөрийг чинь адилхан хулгайч болгож харагдуулаад байна. Өөрөөр хэлбэл, “Нүүрсний хулгай”-тай тэмцээд ч байгаа юм шиг, тэврэлдээд ч байгаа юм шиг ойлгомжгүй нөхцөл байдалд Засгийн газрын өчигдрийн томилгоо, МАН-ын Удирдах зөвлөлийн гэнэтийн шийдвэр гарлаа. ҮНХӨ хийхэд саад болоод байгаа хэсэг бүлэг хүнтэй тохироо хийхээс аргагүйд хүрч ийм хачин томилгоонууд хийлээ гэж бодсон юм. Гэтэл өмнө нь сайдын алба хашиж байхдаа ажлын хариуцлага алдсаныг нь бодолцохгүйгээр, их өөр “тактик”-аар томилгоо хийлээ. Залгуулаад Ерөнхий сайд маш сонин, омогтой, “зарын чанартай”, сүрдүүлэг ч гэж хэлж болохоор “ингэнэ шүү”, “тэгнэ шүү” гэсэн мэдэгдэл хийлээ. Төмөр замаар, боомтоор гэхээр яг таны томилгоо хүмүүс “онилогдсон” гэсэн үг биш гэж үү? Цааш юугаар үргэлжлэх вэ? Юу болоод байгаа юм бэ?

Энэ мэтчлэн нам бус болсон Төрийн тэргүүндээ хандаж асуух шаардах зүйл маш их байгаа боловч эдгээрт хариулт авсны дараа үргэлжлүүлье. Иргэн надтай ижил асуулт тавих, ирэх хариултыг анхааралтай хүлээх иргэн олон байгаа гэдэгт дэндүү итгэлтэй хүлээж байя.