“Синдикат Ток” нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч зочлон ирсэн танд их баярлалаа!

Урьсанд тань баярлалаа. “Синдикат Ток” гэдэг энэхүү үзэгч олонтой ярилцлагад оролцож, Ганзориг тантай ярилцах болсон маань таатай бөгөөд олзуурхууштай хэрэг боллоо.

Та Монгол Улсад их чухал хүн учраас надад танаас асуух олон асуулт байна. Хүнс, хөдөө аж ахуй, хүүхдийн эрх, хүний эрх, хөдөлмөр, боловсрол, соёл, мэдээллийн технологи гэх мэт чиглэл чиглэлээр төрөлжсөн НҮБ-ын 20 гаруй агентлаг Монголд бий. Энэ том систем хэрхэн ажилладаг талаар тайлбарлаж өгөөч? Мөн та энэ бүх байгууллагыг удирдаж байгаа хамгийн том дарга нь мөн үү?

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Баярлалаа, Ганзориг оо! Би өөрийгөө том дарга гэж огт боддоггүй. Гэхдээ би НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд Нью-Йорк хотод байрладаг манай дээд удирдлага болох Ерөнхий Нарийн Бичгийн Даргад үйл ажиллагаагаа тайлагнадаг. Иймд миний үүрэг НҮБ-ын системийн байгууллагуудын ерөнхий төлөвлөлт, үйл ажиллагаа болон хөтөлбөр хэрэгжүүлэлтийг ерөнхийд нь удирдан зохицуулж, суугаа улсынхаа Засгийн газар болон бидний үйл ажиллагааны эцсийн үр шим хүртэгчдэд дэмжлэг үзүүлэхэд оршдог.

Таны хэлдэг үнэн. Монгол Улсад НҮБ-ын 20 гаруй агентлаг ажиллаж байна. Бүр тодорхой хэлбэл 23 агентлаг бий. Бид Монгол Улсын урт хугацааны зорилго болох “Алсын Хараа 2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэхэд чиглэсэн 5 жилийн стратеги буюу НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хамтын Ажиллагааны Хүрээг батлаад байна. Энэхүү 5 жилийн стратегид Засгийн Газар болон НҮБ-ын 23 агентлаг гарын үсэг зурсан. Бид энэ стратегийг хэрэгжүүлэх, хөгжлийн төлөвлөлтөд хувь нэмрээ оруулах үүрэг амлалт өгсөн бөгөөд таныг хүсвэл энэ талаар дэлгэрэнгүй ярилцаж болно.

Цар хэмжээ болон хамрах хүрээний хувьд нүсэр ажил байна. НҮБ чухам хэзээнээс Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, түүнчлэн өнөөг хүртэл ямар ямар гол үр дүн, амжилтыг гаргаад байгаа вэ?

Их чухал асуулт байна. Таны мэдэж байгаачлан Монгол Улс 1961 оны 10-р сарын 27-нд НҮБ-д элссэн. Монгол Улс НҮБ-ын гишүүн болоод 60 гаруй жил өнгөрчээ. Хамгийн гол нь тухайн үед Социалист системийн бүрэлдэхүүнд байсан Монгол Улс НҮБ-ын гишүүнчлэлтэй болсноор олон улсын түвшинд шинэ тавцанд гарсан юм. Хэдийгээр 1920-оод онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ч 1961 онд НҮБ-д элссэнээр дэлхийн тавцан дээр өөрийн гэсэн дуу хоолойг илүү жинтэй илэрхийлж эхэлсэн байдаг. НҮБ-д элссэн нь ийм чухал ач холбогдолтой байсан. 

2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхт ойг бид бүгдээрээ тэмдэглэсэн. Монгол Улсад өргөн хүрээнд ажиллаж буй агентлагуудын хувьд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүүхдийн Сан (НҮБХС), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) зэрэг агентлагууд тухайн үед тус бүр өөр өөр хугацаанд салбараа нээсэн байдаг. Тухайлбал, Монгол Улс ХХААБ-д элссэний 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Үүний нэгэн адил өөр бусад байгууллагууд өөр өөр цаг хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Одоогоор бид Монгол Улсад 10 байгууллагын салбар оффистой, 13 байгууллагын гаднаас дэмжих үйл ажиллагаатай ажиллаж байна. Тэгэхээр 10 суурин газартай, 13 суурин бус газартай гэсэн үг. Эдгээр агентлагууд юу хийдэг талаар товчхон ярих нь зүйтэй болов уу. 

НҮБ-ын зорилго нь Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг (ТХЗ) биелүүлэхийн тулд хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжихэд оршдог. Эдгээр ТХЗ-ын 17 зорилгуудыг дэлхийн 193 улс орон 2015 онд санал нэгтэй баталсан. Эдгээр Тогтвортой хөгжлийн зорилгууд нь өмнө нь хэрэгжсэн Мянганы Хөгжлийн Зорилгууд (МХЗ) дээр үндэслэн бий болсон. МХЗ-ууд нь хамтын зорилго, тэмүүллийнхээ төлөө ажиллахад дэлхий ертөнцийгнэгтгэж чадсан сайн сургамж туршлага болсон. Иймд МХЗ-ын 8 зорилгодоо тулгуурлан сайн сургамжаа эш болгож, цаашид үргэлжлүүлэх их үйл хэрэг биднийг хүлээж байсан гэж би боддог. Улмаар 2015 онд 193 улс орон чуулж, ТХЗ-ын 17 зорилгын төлөөх үүрэг амлалтад гарын үсэг зурж нэгдсэн юм.

Монгол Улсын хувьд энэ 17 зорилгоос 16-д нь шууд хамааралтай байдаг. Далай тэнгисийн амьдралын тухай 14-р зорилго нь Монголын цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг эс тооцвол усны нөөц хязгаарлагдмал далайд гарцгүй орон учраас Монгол Улсад төдийлөн хамааралгүй байдаг. Иймд бид Монгол Улсад бусад 16 зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Тухайлбал НҮБХХ хөгжлийн цогц хөтөлбөрүүд дээр ажиллаж байна. НҮБХС хүүхэд болон хүүхдийн эрхэд төвлөрч ажиллаж байна. НҮБ-ын Хүн амын сан (НҮБХАС) нь хүн ам, залуучуудын хөгжил, хүн амын бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр, ХХААБ хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр, ДЭМБ эрүүл мэндийн чиглэлээр, ОУ-ын Хөдөлмөрийн Байгууллага нь хөдөлмөрийн харилцааны асуудал дээр, ОУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь хүн амын шилжилт хөдөлгөөний асуудал дээр, НҮБ-ын Хабитат байгууллага хотжилтын асуудал дээр, НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын газар нь дүрвэгсдийн асуудал дээр ажиллаж байна. Энэ мэтээр бид Засгийн газрыг дээрх зорилгуудыг биелүүлэхэд нь бүх талаар бүрэн цогц бөгөөд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.

Бид НҮБ-аас сүүлийн хэдэн 10 жилд маш их техникийн болон санхүүгийн туслалцаа авсан байдаг. Гэхдээ Монгол Улс эргээд НҮБ-д ямар хувь нэмэр оруулж байгаа талаар танаас асуумаар байна.

Чухал асуулт байна шүү. Монгол Улс бол хувь нэмэр оруулах асар их боломжтой улс. Байгалийн асар их баялагтай, 1.5 сая ам дөрвөлжин километр газар нутагтай, 3.45 сая хүн амтай боловч 71 сая малтай гээд асар их баялагтай улс.

Энх тайвныг эрхэмлэгч, эрэлхэг зоригт өвгөдийнхөө өвийг тээсэн Монголчууд дэлхий дахинд энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг энд онцгойлон дурьдмаар байна. Хямралд өртсөн улс орнуудын төлөө зогсож, дэмжлэг үзүүлэх энхийг сахиулах ажиллагаа магадгүй Монголын хамгийн том хувь нэмрүүдийн нэг байх. Энхийг сахиулах хүчнийхэн асар хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд Монголын энхийг сахиулагч нар, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, дан ганц цэрэг, цагдаагийн үйл ажиллагаанд бус, нутгийн иргэдтэй харилцах харилцаанд ч мөн гойд сайн ажиллаж ирсэн түүхтэй байдаг. Тэдний зан чанар, биеэ авч явах байдал нь их талархал хүлээж, үлгэр дуурайлал болсоор байна. Иймд Монгол Улс магадгүй НҮБ-ын энхийг сахиулах хүчинд нэг хүнд ногдох энхийг сахиулагчийн төлөөллөөрөө нэгдүгээрт бичигдэх улс бөгөөд Афганистан, Судан, Өмнөд Судан, Конго, Йемен зэрэг асар өндөр эрсдэлтэй хурцадмал зөрчилдөөнтэй улс орнуудад маш хүнд хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэж, туйлын үнэ цэнтэй хувь нэмрийг оруулж, өдгөө ч оруулсаар байгаа юм. Энэ бол асар том хувь нэмэр.

Хоёрдугаарт, Монгол Улс хойд талаараа ОХУ, өмнөд талаараа БНХАУ гэсэн маш хүчтэй хоёр том улстай хиллэж, эдийн засгийн хувьд, ялангуяа эрчим хүч болон бусад хэрэгцээгээрээ хараат, геополитикийн төвөгтэй нөхцөл байдалд ардчиллаа хамгаалж буй “Ардчиллын Өлгий” гэгдсээр байна. Монгол Улс ардчилсан институтүүдээ тууштай дэмжиж, геополитикийн сорилттой бүс нутагт ардчилал болон чөлөөт зах зээлийн эдийн засгаа сахин хамгаалсаар байгаа цагт энэхүү амжилтаа ахиулсаар байх болно. Монгол Улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр дамжуулан гайхалтай үлгэр дуурайлал болж байгаа нь бас нэгэн чухал хувь нэмэр гэж бодож байна. Энэхүү яриа хэлэлцээг бид бүс нутгийн энх тайван болон аюулгүй байдлын сэдвээр хийж ирсэн учраас Монгол Улсын зорилго тэмүүлэл бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа сайн үлгэр жишээ болдог.

Монгол Улс мөн олон улсын түвшинд яриа хэлэлцээрийг зохион байгуулах талаар хэд хэдэн сайн санаачилгыг манлайлан ажилласан. Бид Монгол Улсын Засгийн газартай хамтран “Глобал цахим шилжилтийн яриа хэлэлцээ”-г сүүлийн хоёр жил дараалан Монгол Улсад цахимаар зохион байгууллаа. Мөн хэдхэн хоногийн өмнө “Уур амьсгалын өөрчлөлт ба залуучууд”- сэдэвт олон улсын форумыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Иймд миний бодлоор бид олон чухал санаачилгыг хэрэгжүүлж, сайн үлгэр дуурайллыг үзүүлж байна.

Түүнчлэн Монгол Улс цөмийн зэвсгийг халах, үл дэлгэрүүлэх чиглэлд хатуу байр суурь баримталж, илүү аюулгүй дэлхий ертөнцийг бүтээх ёстой гэж үзсээр ирсэн. Үүгээрээ Монгол Улс аюулгүй байдал, батлан хамгаалал болон энх тайвныг тууштай дэмжин сурталчилдаг. Энэ нь мөн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийг бий болгох хэд хэдэн сайн жишээг харуулсан юм. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн нь бэлчээрийн даац хэтэрсний улмаас газар нутгийнх нь 70 хувь нь цөлжилт болон хөрсний доройтолд өртсөн оронд нэн чухал хөдөлгөөнийг хэрхэн эхлүүлж болох талаарх маш сайн үлгэр жишээ болсон гэж боддог.

Бид энэ улсад хөгжил, дэвшил авчрах боломжуудыг бүтээх шаардлагатай. Монгол орны өвөл хахир хүйтэн бөгөөд зудын гамшиг ойр давтамжтой тохиож байгаагаас гадна ойн түймэр болон бусад байгалийн гамшигт эрсдэлүүд оршсоор байна. Миний бодлоор Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг тэргүүлэх зорилгуудынхаа нэг болгож, сайн үлгэр дуурайллыг бий болгохоор хичээж байгаа. Түүнчлэн, хүний эрх, засаглалын нээлттэй бөгөөд ил тод тогтолцоог бий болгох чиглэлд гойд амжилт гаргасаар байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаараа бүс нутагтаа анхдагчдын нэг болж, хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан юм. 

Тийм ээ, Ази тивдээ анхдагч болсон гэж дуулсан.

Ардчилал болон хүний эрхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгаагаараа бүс нутагтаа ихэд сайшаагдаж байна. Энэ мэтчилэн Монгол Улсыг глобал зангилаа гэж харуулах олон олон сайн жишээ бий. Энэ жил бид Олон Улсын Худалдааны төвтэй хамтран “Дэлхийн Экспортыг Дэмжих Форум”-ыг 6-р сард зохион байгууллаа. Монгол Улсад экспортын асар их боломж байдаг ч одоогоор бүрэн ашиглаж чадахгүй байгаа тул экспортыг хөгжүүлэх зорилготой энэхүү глобал арга хэмжээ чухал ач холбогдолтой болсон юм.

Харамсалтай нь Монголын экспорт голчлон түүхий эд хэлбэртэй байна. Ихэнх нь ашигт малтмал бөгөөд ноос, ноолуур зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хүртэл ихэвчлэн түүхий эд хэлбэрээр хөршүүд рүүгээ экспортолж байна. Иймд нэмүү өртөг шингэсэн боловсруулалт хийж, Монголын арвин их соёлын өвийг шингээсэн өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах боломж асар их байгаа юм. Нүүдлийн арвин их соёл нь өндөр чанартай орчин үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг уламжлалт нүүдлийн соёлтойгоо хослуулах тун сайхан боломжийг Монгол Улсад олгодог. Гэтэл бид эдийн засгийн салбар төдийгүй залуучуудын амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах талбарт ч нэмүү өртөг шингээх боломжоо ашиглахгүй байна.

Эх орондоо боломж хомс байна гэж үзсэн олон залуучууд өөр боломж эрэлхийлэн эх орноо орхин явахад хүрч байна. Миний бодлоор Монгол Улс түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингэсэн боловсруулалт хийдэг улс болж хөгжихийн төлөө илүү ихийг хийж болох бөгөөд дижиталчлал, сэргээгдэх эрчим хүч болон өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний асар их боломжтой байгаа юм.

Гэсэн ч Монгол Улс чамлахааргүй амжилттай яваа. Цаашдаа иргэддээ, ялангуяа залуучууддаа хөгжиж дэвших илүү их боломж олгохын төлөө ажиллах хэрэгтэй байна. Бидэнд боловсруулах салбар, үйлчилгээний чиглэлээр ч дэлхийд өрсөлдөх боломж бий гэж би итгэж байна. 

Дараагийн асуултаараа дахиад НҮБ-ын бүтцийн талаар асуумаар байна. Миний санахын өмнө нь НҮБ-ын Суурин Зохицуулагч гэх албан тушаал байгаагүй. Таныг Монгол дахь НҮБ-ын 23 агентлагийг удирдаж байгаа гэж ойлголоо.Зөвхөн Монголд ийм байна уу эсвэл дэлхийн бусад бүх оронд ийм бүтэцтэй байна уу? Энэ шинэчлэлийн давуу тал нь юу вэ? Энэ шинэ бүтцээс бид хэрхэн үр өгөөж хүртэж болох вэ?

Энэ бүтэц НҮБ-ын санаачилгаар бус гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагаас урган гарсан. 2018 оны 6-р сард Ерөнхий Ассамблейгаас НҮБ-ын хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд нэг шийдвэр гаргасан байдаг. Өмнө нь Суурин Зохицуулагч гэж байдаг байсан ч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг байсан. Одоогийн Суурин зохицуулагч нь тухайн орон дахь НҮБ-ын аюулгүй байдлын албаны тэргүүн, Хүмүүнлэгийн багийн тэргүүн зэрэг олон чиг үүргийг давхар хавсардаг. 

2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд улс улсынхаа НҮБ-ын системийг удирдах илүү эрх мэдэл бүхий, хараат бус Суурин Зохицуулагчтай болох шаардлагатай гэж үзэж уг шийдвэрийг гаргасан. Учир нь өмнө нь НҮБ-ын бусад агентлагууд Суурин Зохицуулагч нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг давхар удирдаж байсан тул тус агентлагтаа бусдаас илүү их дэмжлэг үзүүлж, бүх агентлагийг ижил тэгш төлөөлж чадахгүй гэж үзэж байсан байх талтай юм. Магадгүй ийм шалтгаанаар хараат бус бөгөөд эрх бүхий Суурин Зохицуулагчийн албан тушаалыг бий болгож өөрийн гэсэн бие даасан албатай болгосон байх. Суурин Зохицуулагчийг НҮБ-ын системийн үйл ажиллагааг стратегийн өндөр түвшинд удирдахад нь судалгаанд үндэслэсэн анализ дүн шинжилгээ хийж, дэмжлэг үзүүлэх чадавх бүхий хүний нөөц болох Суурин зохицуулагчийн газрын ахлагч, хөгжлийн бодлогын шинжээч, эдийн засагч, түншлэл хариуцсан мэргэжилтэн зэргээс бүрдсэн боловсон хүчин бүхий бие даасан албатай болгосон болов уу.

Одоогоор дэлхийн 131 оронд Суурин Зохицуулагчийн Газар байгуулагдан ажиллаж байна. Суурин Зохицуулагч нь ажил хэргээ аль нэг агентлагт бус, харин НҮБ-ын Хөгжлийн Зохицуулалтын Газраар дамжуулан Ерөнхий Нарийн Бичгийн Даргад тайлагнах үүрэгтэй бөгөөд тухайн улс орондоо НҮБ-ын хөгжлийн системийн хамгийн өндөр албан тушаалтан юм. Суурин зохицуулагчийг дипломат төлөөлөгчийн газар, төлөөлөгчийн газрын тэргүүдийн адил түвшинд авч үздэг. Суурин Зохицуулагч нь дан ганц НҮБ-ын системийг стратегийн хувьд удирдан зохицуулагч үүрэгтэй аливаа нэг агентлагийн чиг үүргийн үйл ажиллагаа эсвэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил гүйцэтгэхгүй бөгөөд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд Засгийн газрын бодлого, шийдвэрт дэмжлэг үзүүлэх стратегийн үүргийг гүйцэтгэж, бүх агентлагуудаа нэгтгэн зангидаж, хамтдаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа төлөвлөх, үр дүнд нь мониторинг хийх, тайлагнах болон мэдээлэхэд туслах чиг үүргийг гүйцэтгэдэг.

Тэгэхээр үүрэг нь илүү стратегийн талдаа, илүү тэгш хамруулсан байдалтай бөгөөд тиймдээ ч эрх мэдлийн хувьд хараат бус байж суугаа улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын дарга болон бүх яамны сайд нартай хэлэлцэх, хамтран ажиллах боломжтой болдог. Суурин Зохицуулагч нь хөгжлийн хамтын ажиллагааг илүү сайн зохицуулахын тулд ажил, үүргийн давхардал, давхцал болон хийдэл үүсэхээс сэргийлж нийт НҮБ-ын агентлагуудыг өмнөх үеийнх шиг ганц нэгээрээ салангид тусдаа ажилладаг явдлыг зогсоож, үйл ажиллагааг нь уялдуулж, нэгдсэн удирдлагаар хангаж байна. 

Иймд Суурин Зохицуулагчийг найрал хөгжмийн удирдаачтай зүйрлэж болно. Тэрээр нийт багаа нэгтгэн удирдаж, найрал хөгжмийн удирдаачийн хувьд найрлаас сондгойрч, хөг алдах явдлыг арилгаж, хэн нэгэн нь тусдаа бөмбөр цохих, лимбэ үлээх эсвэл буруу аккорд тоглохоос сэргийлж, багийн бүх гишүүдээ нэгтгэдэг. Ингэхдээ бүх хандивлагчидтай харилцаж, түншүүд болон Засгийн газрын удирдлагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн, эрдэмтэн судлаачид зэрэг бүх оролцогч талуудыг хамруулж, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэх нэгдсэн төлөвлөгөө рүү чиглүүлдэг. Иймд Суурин Зохицуулагчийн гол зорилго нь НҮБ-ыг зорилгодоо илүү нийцсэн байлгаж, бүрэн цогц бөгөөд уялдаатай нэгдсэн удирдлагаар хангаж, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэх боломжтой болгохыг зорьж байна.

Та саяхан Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг надад илгээж, Глобал цахим шилжилтийн яриа хэлэлцээг Монголд цахимаар зохион байгуулсан. Тэгэхээр Монгол Улсын хувьд цахимжилт буюу дижиталчлал болон засаглалын асуудал хэр ахицтай явж байгаа вэ? Мөн хамгийн том сорилт нь юу байна вэ?

Далайд гарцгүй гэдэг статус нь тухайн орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл биш гэдгийг Монгол Улс харуулж байна. Далайд гарцгүй ч оюуны чадавх, сэтгэлгээгээрээ хязгаарлагдаагүй цагт боломжууд оршсоор байдаг гэдгийг, мөн дижитал орон зай ямар ч хил хязгааргүй байж аливаа заагийг давж болдог гэдгийг харуулж чадсан гэж би боддог. Миний санахын Монгол Улс 2019 онд E-Mongolia цахим порталыг эхлүүлснээр дижитал шилжилтийн аянд гарсан. Дижиталчлалын стратегийг тухайн үед Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар (ХХМТГ), өдгөө Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ) хэрэгжүүлж байгаа бөгөөд бид бүр анхнаас нь ХХМТГ болон ЦХХХЯ-тай хамтран ажиллаж, дижиталчлалын стратегийн зургаан тулгуур баганаа НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын глобал дижиталчлалын стратегийн 8 тулгуур бүхий замын зураглалтай хэрхэн уялдаж байгааг шинжлэхэд нь дэмжлэг үзүүлсэн бөгөөд маш сайн уялдсан байсан. 

Би нарийн тоог нь сайн мэдэхгүй байгаа ч E-Mongolia цахим порталаас 560 гаруй төрийн үйлчилгээг авч болдог. Миний бодлоор дижиталчлал нь татвар, халамжийн үйлчилгээнээс авахуулаад маягт эсвэл тусгай зөвшөөрөл бөглөх хүртэлх төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр ашигтай, үр нөлөөтэй бөгөөд ил тод байдлаар хүргэх арга замыг бий болгоно. Иймд энэ бүх үйлчилгээ ялангуяа Монголын аймаг, сумд болон алслагдмал нутгийн иргэдэд хүрч байх нь чухал. Миний хувьд өвөлдөө -50’C хэм хүрдэг Увс аймгийн Тэс сум зэрэг алслагдсан Монголын бүх нутгаар ажиллахад дижитал технологид холбогдсон байдал нь маш сайн байсан.

Би анх таньтай Архангайд таарч байсан.

Цэцэрлэг суманд байсан санагдаж байна. Миний хувьд энд өнгөрүүлсэн 4 жилийнхээ хугацаанд олон газраар аялж, малчин, нүүдэлчин ард түмэнтэй уулзаж, аймаг, сум, багуудаар явж, үзэсгэлэнт Монгол орны ихэнх нутгийг нүдээр үзэх их завшаан тохиов. Энэ үедээ би дижитал технологид холбогдсон байдал их сайн байгааг анзаарсан. КОВИД-19-ийн үед боловсролын үйлчилгээг дижитал платформоор үзүүлж цахим сургалтыг өргөн нэвтрүүлсэн. Мөн бид сургуульдаа биечлэн очиж чадахгүй болсон хүүхдүүдийг сурлагын хоцрогдолгүй байлгахын тулд цахим сургалтыг дэмжиж, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай ойр ажилласан юм. Ингэснээр сургалт тасалдаагүй. Ийнхүү бид КОВИД-ын үед уг платформуудыг бий болгохын төлөө НҮБХС, НҮБХАС болон НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-тай хамтран ажиллаж ирсэн. Нэг удаа бид Архангай аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байхдаа нэгэн бага сургуулийн багш эмэгтэй ойр хавийн айлын хүүхдүүддээ сургалтын шинэ хэлбэрт суралцахад нь тусалж байсан сонирхолтой тохиолдолтой тааралдсан маань санаанд орж байна.

Иймд дижиталчлалыг дан ганц цахим арилжаа болон цахим худалдаанд бус өөр салбарт ч ашиглах арга зам байдаг. Цахим худалдааны талаар удахгүй бага зэрэг дэлгэрүүлж яримаар байна. Гол нь Монголд байгаа дижитал үйлчилгээ бол маш зөв зүйл. Би хувьдаа хэзээ ч банканд очиж үйлчилгээ авч үзээгүй. Монголд бүх зүйлийг цахим банкаар хийж болдог бөгөөд үлэмж сайн хөгжсөн гэдгийг анзаарсан. Жижиг сум, тосгон эсвэл багт очоод картаараа төлбөр төлөхийг хүсвэл маш хялбархан төлж болдог. Тэгэхээр таатай орчин маш сайн бүрдсэн гэсэн үг. E-Mongolia цахим портал дээр ч боломжтой бүх үйлчилгээг ил жагсаасан байдаг. Энэ бол маш гайхалтай дэвшил. Монголд бизнесийн байгууллагуудын худалдааны чадавхыг дээшлүүлж, онлайнаар бизнес хийх боломж олгох E-Business платформыг эхлүүлэхээр хэлэлцэж байгаа.

Гурав дахь хэсэг нь дан ганц Монголын дотоодын бус бусад улс орнууд руу экспорт хийх цахим худалдаа юм. Энэ хүрээнд бид цахим худалдааны бэлэн байдлыг судалж үзсэн. Монголд ажиллаж буй суурин бус агентлаг болох НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн Бага Хурал (НҮБХХБХ) манай Хамтын Ажиллагааны Хүрээ буюу стратегийн бодлогыг гаднаас дэмжин ажиллаж байна. Тэд бол худалдааны чиглэлээр тэргүүлэх агентлаг юм. Тэд сүүлийн 2 жилийн хугацаанд ажиллаж цахим худалдааны бэлэн байдлын тайланг гаргасан. Бид тус тайлан дээр хамтран ажилласан юм. Монгол Улс бүх оролцогч талуудыг хамруулж, одоогийн нөхцөл байдалдаа маш нээлттэй бөгөөд ил тод үнэлгээ хийж, цахим худалдааны платформыг үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй бий болгохын тулд дижитал гарын үсэг болон бусад шаардлага зэрэг хууль эрх зүйн хүрээг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэйгээ тодорхойлсон сайн үлгэр жишээг харуулсан. Энэ ажил өрнөсөөр бидний зорьсон зорилго биелэх болно. Мөн өмнө хэлсэнчлэн "Дэлхийн Экспортыг Дэмжих Форум" ч үр өгөөжөө өгөх болно.

Би яг энэ тухай асуух гэж байлаа. Та бүхэн 6-р сард “Дэлхийн Экспортыг Дэмжих Форум”-ыг Монгол Улсад зохион байгуулсан байх аа? Та Монголын эдийн засгийн хөгжлийг хэрхэн харж байна вэ? Мөн эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн салбараас салган төрөлжүүлэх гэсэн энэ том сорилтыг хэрхэн дүгнэж байна?

Энэ асуулт Монгол Улсын ирээдүйг тодорхойлох учраас Монголын хувьд туйлын чухал асуулт. Миний эхэнд хэлсэнчлэн Монгол Улс бол маш их хувьтай улс. Очирваань болон бүх бурхад Монгол Улсад асар их байгалийн баялгийн хишиг хүртээсэн гэж би боддог. Гэхдээ бид ашигт малтмал болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цөөн хэдэн түншид, тэр дундаа манай экспортын 85 хувийг, импортын 60-70 хувийг бүрдүүлдэг гол түнш болох өмнөд хөршдөө экспортолдог байгалийн баялагт түшиглэсэн улсын статусаа хувирган өөрчлөх шаардлагатай байна. Тэднээс хамааралтай байх нь ямар үр дагавартайг КОВИД цар тахлын үеэр хил хаагдахад бид үзсэн. Монголын эдийн засаг БНХАУ-тай харьцуулахад жижиг учраас илүү их нөлөөлөлд өртсөн. 

“НҮБ-аас Монгол улсад хэрэгжүүлэх Хамтын Ажиллагааны Хүрээ” стратегийн баримт бичгийн дагуу Монгол Улсад дэмжлэг үзүүлж буй 23 агентлагийн нэг болох Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ), мөн Гадаад Харилцааны Яам, Эдийн Засаг, Хөгжлийн Яам болон Монгол Улс дахь НҮБ түншилж, Дэлхийн Экспортыг Дэмжих Форумыг (ДЭДФ) удирдан зохион байгууллаа. Энэ үеэр бид Далайд Гарцгүй Хөгжиж Буй Орнуудын (ДГХБО) хурлыг хийсэн. ДГХБО-уудын асуудал эрхэлсэн Орлогч ерөнхий нарийн бичгийн дарга (ОЕНБД) хүрэлцэн ирсэн. Бид далайд гарцгүй орнуудын худалдаа болон экспортын хөгжил, сорилт, асуудал болон боломжуудыг онцгойлон анхаарч, цаашдын гарц шийдлүүдийг эрэлхийлэн хуралдлаа.

Монгол цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг асуултдаа та эдийн засгийн төрөлжилтийг чухалчилсан байсан. Өнөөдөр таны харж байгаачлан манай экспортын 85 гаруй хувь нь түүхий эд байна. Бидний нэмүү өртөг шингэсэн боловсруулалт маш хязгаарлагдмал байна. Тиймээс бид юу хийх шаардлагатайгаа, ямар орон зай байгаа талаар идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Нэмүү өртгийг хаана шингээвэл хамгийн их үнэ цэнийг бүтээх вэ гэдгийг, тухайлбал дижиталчлалд уу эсвэл ноолууран бүтээгдэхүүн зэрэг дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнд үү гэдгийг бодох хэрэгтэй.

85 гаруй хувь нь түүхий эд хэлбэрээр гарсан экспортын зарим нь тодорхой хэмжээнд боловсруулагдаад эргэж импортлогддог гэж дуулсан. Гэхдээ тэр боловсруулалтыг яагаад энд хийж болохгүй гэж? Манайд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг Говь, Гоёо зэрэг том компаниуд байна. Дэлхийд танигдаж буй компаниуд шүү дээ. Бид нэмүү өртгийн сүлжээг нүүдэлчин, малчин хүмүүст хүргэж, боловсруулалтыг хөдөө орон нутгийн түвшинд хүртэл хийж яагаад болохгүй гэж? Тэгснээр хөдөөгийн хөгжлийг дэмжиж, ноос ноолуур угаах, утас ээрэх түвшинд нэмүү өртөг шингэсэн боловсруулалтыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж, хөдөөгийн болон нийт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг ч дэмжиж болно.

Аялал жуулчлалын салбарын хувьд ч гэсэн миний бодлоор Монгол Улс эко, адал явдалт болон соёлын аялал жуулчлалд их анхаарч байгаа. Энэ бүхэнд асар их нөөц боломж бий. Экспортын хувьд Монгол Улс сэргээгдэх ногоон эрчим хүч экспортлогч болох боломж бас бий. Энэ бүхнийг хийж болно гэж бодож байна. Боломж бол байна, гэхдээ бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол өөрчлөлтийг сэтгэлгээндээ хийх хэрэгтэй. Бид монгол хүмүүс шиг бодох хэрэгтэй. Нэмүү өртөг шингээхгүйгээр түүхий эдээ гадагш зарж, чадавх боломжоо бүрэн ашиглахгүй байж болно гэж үү?

АНЭУ эсвэл Саудын Араб зэрэг Арабын ертөнцийн орнуудыг авч үзье л дээ. Тэдэнд газрын тосны нөөц байдаг ч тэд нөөц нь шавхагдана гэдгийг мэдэж байгаа учраас газрын тосондоо түшиглэн бусад үйлчилгээгээ хөгжүүлж байна. Иймд түүхий эд болон байгалийн баялгаас хараат байгаа үедээ илүү их нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чадавхаа нэмэгдүүлэхгүй бол ирээдүйд илүү их асуудалтай тулгарах болно. Тийм учраас бид Монголчуудын хүмүүн капиталыг хөшүүрэг болгох хэрэгтэй. 98-99 хувь нь боловсрол эзэмшсэн маш өндөр боловсролтой ард түмэн. Гэхдээ бид зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцтэй байх ёстой. Ур чадварын дутагдлыг арилгаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулалтыг эрчимжүүлж, дэлхийн зах зээлд экспортлоход илүү тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх нөхцлийг бий болгох хэрэгтэй.

Дараагийн асуултаараа танаас уур амьсгалын өөрчлөлтийн талаар асууя. Бидний мэдэж байгаачлан Монгол Улс НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын өмнө 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 27.2%-иар бууруулах үүрэг амлалтыг хэдийнээ өгсөн. Гэсэн ч харамсалтай нь дан ганц Монголд төдийгүй дэлхий дахинаа их олон хүн уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцэх буюу уур амьсгалын өөрчлөлтөд үнэмшихгүй байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт бодитоор тохиож байна уу гэдгийг асуумаар байна.

Энэ асуултыг асуусанд баярлалаа, Ганзориг оо! Нотлох зүйлс нь нүдний өмнө ил болсон энэ үед эл асуултыг асуухад хэтэрхий оройтсон байна. Ямар ч мэдээ сэлтийг үзсэн бай өрнөж буй бүхнийг харсан ч тухайлбал, Канадад болж буй ойн түймэр, түүнээс дайжиж, зугтаж байгаа хүмүүсийг харсан ч нөхцөл байдал тодорхой байна. Хавайн арлууд, Мауи, Грек, Европ, Ази болон дэлхийн бусад хэсгүүд хэт халалтын улмаас шатаж байна.

Өмнөд Солонгост саяхан Дэлхийн скаутуудын цугларалт болох ёстой байсан ч цаг уурын таагүй нөхцлийн улмаас цуцлагдсан байна. Пакистан болон дэлхийн олон газарт удаа дараалсан үер болж байна. Дэлхийн дулаарал бодитой гэдгийг үер усны аюул тодорхой харуулж байна. Энэ 7-р сар хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн хамгийн халуун сар боллоо. Хүлэмжийн хийн ялгаруулалтын (ХХЯ) улмаас дэлхийн дулаарал бий болж, ийм олон гамшиг тохиож байна шүү дээ. ХХЯ нэмэгдэж, агаарын температур өсөж, далайн түвшин дээшилж, мөнх цэвдэг хайлж байна. Энэ бүхэн бодитой гэдгийг шинжлэх ухаанаар нотолсоор байна.

Хүүхдүүд хүртэл үүнийг ойлгоно. Монголд сүүлийн хоёр жил бид уур амьсгалын өөрчлөлт болон залуучуудын оролцооны талаарх олон улсын форумыг зохион байгуулсан юм. Нэг нь дөнгөж саяхан дууслаа. Хүүхдүүд энэ асуудлыг маш тодорхой ойлгож байгаа санагдсан. Бид шалтгааныг нь судлахаас гадна, шийдлийг нь ч мөн ярих хэрэгтэй. Бидэнд хараахан үнэмшихгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд хүүхдүүдтэй ярилц, шинжлэх ухааны өгөгдлийг үз, нотлох баримтыг судал, тэгээд ярилцъя гэмээр байна. Бид толгойгоо элсэнд булчхаад чоно яваад өгсөн гэж боддог тэмээн хяруул шиг байж болохгүй. Харахгүй байна гээд чоно явчихгүй шүү дээ.

Бид одоо л арга хэмжээ авахгүй бол энэ сорилт улам томорсоор байх болно. Ийм учраас энэ жилийн 11-р сарын 20-нд бид бүх улсын төрийн тэргүүнүүдийг хамруулсан Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний уулзалт зохион байгуулах бөгөөд төрийн тэргүүнүүд үүрэг амлалтын түвшнээ шинэчлэн дээшлүүлэх болно. Монголын хувьд Үндэсний тодорхойлсон хувь нэмэртээ (ҮТХН) 22.7 хувь гэсэн үүрэг амлалт өгсөн бөгөөд тодорхой нөхцөл бүрдвэл 27.2 хувь болгоно гэсэн байдаг ч энэ талаараа төдийлөн ярихгүй байна. 22.7 хувиа л баримталсаар байгаа бөгөөд бид үүнийг эргэн харах хэрэгтэй. Бид саяхан Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлийн багийг байгууллаа. Бид хэрхэн ахицаа хамтран үнэлж, Засгийн газар болон энэ салбар дахь манлайлагчидтай ойр ажиллаж, уур амьсгалын асуудлаарх Монголын оролцоог нэмэгдүүлж, стандартыг сайжруулж, үүрэг амлалтын түвшнийг дээшлүүлэх талаар судалж байна.

Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт бол бодитой зүйл. Монгол Улс 2026 онд Цөлжилтийн асуудлаарх олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан би Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад яамдын хүмүүстэй хамт Дундговь аймагт болох Монголын цөлжилт болон хөрсний доройтлын асуудлаарх бага хуралд оролцоно. Ингэхдээ бид Монголын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг амлалтын бэлэн байдал төдийгүй, цөлжилт болон хөрсний доройтолд үзүүлэх нөлөөллийг судлах болно. 

Гол нь бид “нийгмийг бүхэлд нь хамруулсан” үүрэг амлалттай болох хэрэгтэй. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийг нэг хүн үүсгэдэггүй бөгөөд Монголын хүн бүр нөлөөлж байгаа юм. Хүлэмжийн хийн ялгаралд хувь нэмэр оруулдаг хоёр томоохон салбар бий. Нэг нь хөдөө аж ахуйн салбар, нөгөө нь эрчим хүчний салбар. Хог хаягдлын менежментийн салбар, аж үйлдвэр болон тээвэрлэлтийн салбар мөн нөлөөлдөг. Гэхдээ нөлөө нь маш бага. Хоёр гол нөлөөлөгч болох ХАА болон эрчим хүчний салбар нийт ялгаруулалтын 46, 51 хувийг тус тус үүсгэдэг. Энэ хоёрт анхаарч ажиллаж чадвал бид хүлэмжийн хийн ялгарлыг ихээхэн бууруулж чадна. Бид дөнгөж 3.45 сая хүн амтай учир ялгаруулалтын хувь маш бага байдаг. Гэвч газар нутгийн хэмжээ том учраас нэг хүнд ногдох ялгаруулалт маш өндөр болдог. Хэрвээ бид зохих стандартуудыг чанд мөрдүүлж, дасан зохицох болон сааруулах чиглэлд хоёуланд нь үр нөлөөтэй арга хэмжээ авч, сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлж, сэргээгдэх эрчим хүч, түүний хаягдал бүтээгдэхүүнийг хөшүүрэг болгож, ХАА-н салбар болон эрчим хүчний салбартаа сайтар анхаарч чадвал хүлэмжийн хийн ялгарлаа ихэд бууруулж чадна гэдэг би итгэлтэй байна.

НҮБ хэдхэн долоо хоногийн дараа буюу 9-р сард Нью-Йорк хотноо Дээд Хэмжээний Уулзалт зохион байгуулна. Дэлхийн 193 улсын төрийн тэргүүн оролцох энэ Дээд Хэмжээний Уулзалтад Засгийн газартай хамтран хэрхэн бэлдэж байна вэ? Хэрэгжүүлэхэд хамгийн бэрх, хамгийн том сорилт яг юу байгаа талаар та шуудхан хэлж болох уу?

Энэ зөвхөн Монголд бус дэлхий дахинаа чухал асуулт гэж бодож байна. Гэхдээ Монголын хувьд илүү чухал болов уу. Яагаад гэвэл Монгол Улс 2050 он хүртэлх урт хугацааны алсын хараагаа тодорхойлж, үндэсний хэмжээнд эхний 10 жил, дунд 10 жил, сүүлийн 10 жил гэсэн гурван мөчлөг тодорхойлсон. Эхний 10 жил нь Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-той уялдсан учраас Монголын хувьд маш чухал болно. Учир нь Монгол Улс ТХЗ-уудыг биелүүлсэн тохиолдолд дэлхийн улс орнуудын Монголд итгэх итгэл нэмэгдэж, Монголд хөрөнгө оруулах хүмүүс олширно. Зүйрлэвэл, Дорнодод очих замдаа Хэнтийд хүрч байгаа нь таныг зөв чиглэлд, ахицтай урагшилж байгаа гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр бид эхний зорилгоо биелүүлж чадвал дэлхий даяар Монголчуудад итгэх итгэл нэмэгдэж, 2050 оны алсын хараагаа биелүүлж чадна гэж итгэж, энэ улсад урт хугацааны хөрөнгө оруулалт хийе гэж шийдэх хүмүүс олшрох болно. Ийм учраас ирэх 7 жилийн хугацаа бол Монголын хувьд том сорилт, том шалгуур байх болно.

Одоогоор бид хаана байна, ямар сорилтууд тулгарч байна вэ гэвэл Монгол Улс энэ жилийн 7-р сард энэ бүх асуудлыг судалсан хоёр дахь Үндэсний Сайн Дурын Илтгэлээ (ҮСДИ) хүргүүлсэн. Тэгэхээр бид юу хийж байна, бас юу хийхгүй байна гэдэг дээрээ маш дэлгэрэнгүй анализ шинжилгээ хийж, Дээд Хэмжээний Уулзалтын бэлтгэл ажил болгож цаашид бидэнд туслах хөгжлийн хурдасгууруудыг тодорхойлсон. Тэгэхээр Нью-Йорк хотноо болох ТХЗ-ын Дээд Хэмжээний Уулзалтад оролцож, улсаа төлөөлөн шинэчилсэн үүрэг амлалт өгөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор, мөн Эдийн Засаг, Хөгжлийн Яам болон бусад яамдын дэмжлэг, манлайлал дор, бид хөгжлийн хурдасгууруудыг тодорхойлох оролцогч талуудын цуврал шинжилгээ хэлэлцүүлэг хийсэн.

Монгол Улс ТХЗ-уудыг хэрэгжүүлж, “Алсын хараа 2050”-д хүрэхийн тулд төвлөрөх шаардлагатай 11 чиглэлийн хурдасгуур байна. Бид одоогоор эдгээр хурдасгууруудын талаар оролцогч талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын манлайлал дор НҮБ Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Гадаад Харилцааны Яам болон бусад бүх яамдтай хамтран ажиллаж, бүх оролцогч талуудыг хамруулан Дээд Хэмжээний Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 9-р сарын 7-ны өдөр Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний Форум зохион байгуулахаар болсон байгаа. Учир нь ТХЗ зөвхөн засгийн газрын зорилго бус, нийт нийгмийг хамруулсан зорилго байх ёстой. Ерөнхийлөгч маань 9-р сарын 18-19-ний өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагад үг хэлэхдээ улс орныхоо хамтын дуу хоолойг илэрхийлж, ТХЗ-уудыг биелүүлэхийн төлөө юунд зорьж буйгаа хэлж, үүрэг амлалтуудаа өгөх болно.

Бид ийм бэлтгэл ажил хийж байна. Монгол Улс ТХЗ-уудыг бүхэлд нь үнэлж, шалгуур үзүүлэлтүүд болон зорилтуудыг нягтлан үзэж, одоо хаана байгаагаа, юу дутагдаж байгаагаа, цаашид юу хийх шаардлагатай байгаагаа, хэрэгжилтийг хурдасгахад юу хэрэгтэй байгаагаа тодорхойлж байна. Ингэснээр, 9 сарын 18-19-ний өдрүүдэд Дээд Хэмжээний Уулзалт дээр Монгол улс шинэчилсэн үүрэг амлалтыг танилцуулахдаа дан ганц Засгийн газрын дуу хоолой бус нийгмийн бүх төлөөллийн дуу хоолойг бүрэн дүүрэн тэгш хамруулсан байх шаардлагатай. 

Тэгэхээр бидний бэлтгэл ажил сайн байгаа. Ерөнхийлөгч болон Еасгийн газрын манлайлал дор бүгд нэг баг болон ажиллаж, улс орноо бүхэлд нь хамруулж, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, хөдөө орон нутгийн иргэд, хөгжлийн түншүүд, засгийн газрын агентлагууд, түүнчлэн залуучууд болон хэвлэл мэдээллийнхэн зэрэг бүх оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь тун сайн хэрэг болсон гэж бодож байна.

Миний санаж байгаагаар ТХЗ-оос өмнө Мянганы Хөгжлийн Зорилгууд (МХЗ) гэж байсан. Та тэр зорилгууд бүрэн гүйцэд, амжилттай хэрэгжсэн гэж үзэж байгаа юу? Одоо бид 2030 он хүртэлх ТХЗ-уудын талаар ярилцаж байна. Цаашид юу болох бол? Та хувь хүнийхээ хувьд, мөн НҮБ-ын төлөөлөгчийн хувьд, 2030 оноос хойш юу төлөвлөж байгаа вэ? Дэлхийн эсвэл бүс нутгийн хэмжээний урт эсвэл дунд хугацааны шинэ зорилгуудыг тодорхойлсон байгаа юу?

Ярилцлагын эхэнд миний дурдаж байсанчлан, ТХЗ-ууд нь Мянганы Хөгжлийн Зорилгуудын (МХЗ) сургамж хийгээд туршлагад суурилсан байдаг. МХЗ-уудыг 2000 оны 10-р сард тодорхойлсон бөгөөд 2001-2015 онд хамаарч байсан юм. МХЗ-ын хувьд 8 зорилго байсан бөгөөд Монгол Улс засаглалын тухай 9-р зорилгыг дэвшүүлэх шаардлагатай гэж ярьж байсан. Энэ ч бас Монгол Улсын оруулсан том хувь нэмэр байсан юм.

Миний бодлоор үүний дүнд тэрхүү дутагдаж байсан засаглалын талаарх зорилго ТХЗ-ын үр нөлөөтэй институтүүд болон шударга ёсны талаарх 16 дахь зорилго болж хэлбэржсэн. Ийнхүү бид МХЗ-уудыг шинэчилж, дэлгэрүүлж, заримыг нь нэгтгэж, илүү тодорхой, зорилтууд болон шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан илүү сайн хэмжих боломжтой 17 зорилгыг тодорхойлоод байна. Тэгэхээр бид өмнөх зорилгуудаасаа суралцсан гэсэн үг. Өмнөх зорилгууд маань их сайн суурь болсон. МХЗ-ууд нь НҮБ болон дэлхийн түүхэнд анх удаа бүх улс орныг нэгтгэж, хамтын зорилгод зангидсан үйл явдал болсон.

Эндээс л бид үүрэг амлалтаа тодорхойлж, ажиллаж эхэлсэн. Тодорхой хэмжээний ахиц гарсан боловч бид уг МХЗ-уудыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Гэхдээ энэ нь ч бас сайн сургамж болж, цаашид илүү сайн ажиллах замыг нээж өгсөн юм. Бид зарим шалгуур үзүүлэлт, зорилт болон зорилгыг илүү тодорхой зааглаж өгөх шаардлагатайг ойлгосон юм.

Уг зорилгуудын дутагдалтай талуудыг нөхөж, дэлгэрүүлэн 17 зорилго болгож дэлхий нийтээр санал нэгдсэн. Сүүлд НҮБ-ын Хөгжлийн Тогтолцоо (НҮБХТ) шинэчлэгдсэнээр илүү таатай бүтэц бий болж, түүнийг дагаад НҮБ-ын систем шинэчлэгдэж, системийн харъяа агентлагуудыг Суурин Зохицуулагч нэгдсэн удирдлагаар хангаж, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хамтын Ажиллагааны Хүрээ (НҮБТХХАХ) зэрэг бүрэн цогц төлөвлөлт дээр илүү тодорхой ажиллах боломж бүрдсэн юм.

Монгол Улсад хамааралтай хүрээ учраас бага зэрэг дэлгэрүүлж ярья. Ирэх 5 жилд буюу 2023 - 2027 онд хэрэгжүүлэх энэхүү Хамтын Ажиллагааны Хүрээнд бид 4 үр дүнгийн зорилт бүхий стратегийн 3 тэргүүлэх зорилгыг дэвшүүлсэн. Стратегийн эхний тэргүүлэх зорилго нь хүний хөгжил болон хүмүүсийн сайн сайхан байдал юм. Үүнд эрүүл мэнд, боловсрол, ундны ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй, хүнсний баталгаат байдал, нийгмийн хамгаалал болон хүмүүсийн амьдралыг сайжруулахад туслах бүх үйлчилгээ багтана. 

Харин хоёр дахь тэргүүлэх зорилго нь эдийн засаг ба байгаль орчин гэсэн хоёр талт зорилго бөгөөд байгаль орчинд ээлтэй эдийн засаг, эдийн засагт ээлтэй байгаль орчин гэсэн зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ. Бид үүнийг ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт гэж нэрлэж байгаа юм. Үүгээрээ бид байгаль орчин болон эдийн засгийг ногоон хөгжил, ногоон өсөлтөд чиглүүлэн нэгтгэх шинэ хэмжээсийг бүтээхээр оролдож байна.

Стратегийн гурав дахь тэргүүлэх зорилго болон үр дүнгийн дөрөв дэх зорилт нь хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхэд чиглэж байна. Учир нь хүртээмжтэй хөгжил нь бүрэн утгаараа хүний хөгжилд суурилах учиртай. Хүний эрхийг хөгжлийн үндэс сууриа төдийгүй, гол цөм, тэргүүн шугамд тавьж байж л ард иргэдийн эрхийг бүрэн хамгаалж, хүндэтгэж, хангуулж, улмаар хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийг бий болгох боломжтой юм. Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр нь үр нөлөөтэй засаглалаас асар их хамаардаг. Миний бодлоор Монгол Улсын засаглал харьцангуй ил тод бөгөөд хүмүүс авлигын асуудлыг хаана ч, нээлттэй ярьж чадаж байна. Авлигатай тэмцэх талаар Засгийн газрын тэргүүн буюу ерөнхий сайд, мөн бусад парламентын гишүүд ил тод, эрчимтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Нүүрсний дуулиан, боловсролын зээлийн сангийн дуулиан болон ЖДҮ-ийг дэмжих сангийн талаарх дуулианыг бид үзсэн. Засгийн газар эдгээр асуудлыг нээлттэй хэлэлцэхийг дэмжиж байгаа бөгөөд үр ашигтай байдал, үр нөлөөтэй байдал болон ил тод байдлыг сайжруулахын төлөө хичээн ажиллаж байгаа нь харагддаг. Дижиталчлал нь энэхүү ил тод байдлыг үр ашигтай болгох том түлхэц болж чадна гэж бодож байна. Тэгэхээр засаглал бол том асуудал. Сүүлийн үед бид НҮБ-ын Эдийн Засаг, Нийгмийн Асуудал Эрхэлсэн Газартай (НҮБЭЗНАЭГ) хамтран ажиллаж байна. Тэд Инчеон хотод НҮБЗТГ (НҮБ-ын Засаглалын Төслийн Газар) гэх төслийн салбар төв байгаа. Бид Монгол Улсад засаглалыг илүү үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй болгох чиглэлд тэдний засаглалын экспертүүдтэй, мөн Удирдлагын академи болон засгийн газартай хамтран ажиллаж байна.

Бидний зорилго хүмүүсийн сайн сайхан байдал болон хүний хөгжлийг, мөн ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бодитоор хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалж, хангуулахын тулд засаглалыг гол түлхүүр болгон ашиглахад оршдог. Жендэрийн тэгш байдлыг мөн хамгаалж байна. Бид бүхий л асуудал, сорилтуудыг даван туулж, эрх зүйт ёс болон шударга ёсыг хүн нэг бүрд хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж байна. Бид хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан ажилладаг. Тэгэхээр энэ л цаашдын хамгийн гол зорилго болж байгаа юм.

Дотоодод болон олон улсын хэмжээнд ТХЗ-ын шагнал гэж байдаг. Үнэндээ манай компани Монголын өөр хоёр компанитай хамтран дээрх үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, улмаар олон улсын шагналд нэрээ дэвшүүлж байсан удаатай. Дотоодын шагналын хувьд, хэдэн компани эсвэл хувь хүн хүртсэн бэ? Олон улсын шагнал хүртсэн тохиолдол Монголд бий юу?

Шагнал гэдэг асар их нэр төрийн хэрэг гэдгийг Ганзориг та мэдэж байгаа байх. Шагнал олгосноор хүмүүс сайн сайхны төлөө ажиллах улам их сэдэлтэй болдог. Өнгөрсөн жил бид Монгол Улсад ТХЗ-ын Нээлттэй өдөрлөг зохион байгуулсан.

Сүхбаатарын талбай дээр болсон арга хэмжээ мөн үү?

Тийм. Сүхбаатарын талбай дээр 9-р сарын 10-нд болсон. Бид хүн бүрийг нээлттэй урьсан. 5,000 гаруй хүн хүрэлцэн ирж, ТХЗ-ыг биелүүлэх чиглэлээрх сайн туршлагуудаа дэлгэн танилцуулсан 150 гаруй байгууллагын асраар зочилсон. Уг өдөрлөгийн гол зорилго нь бид хүрсэн ололт амжилт, хийж бүтээсэн зүйлс, сайн туршлага, мөн цаашдын төлөвлөгөөгөө сурталчлан таниулахад байсан юм. Одооноос улс орон даяараа хуран чуулж, ТХЗ-ын талаар танилцуулах бус, харин хэрхэн эдгээр зорилгуудыг бодитоор хэрэгжүүлэхэд нэгдэн, гар бие оролцох нь чухал болж байна. ТХЗ-ыг биелүүлэхийн тулд юу хийж бүтээснээ ярих нь чухал учраас бид уг өдөрлөгийг зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн өдөрлөгөөр бид олон улсын шагналын сайн туршлагыг нэвтрүүлж, өндөр өрсөлдөөнтэй шалгаруулалт явуулсан.

Дотоодын шагналд олон хувь хүн, байгууллага өрсөлдсөн бөгөөд бид хувь хүн болон байгууллагын таван ангиллаар шагнал гардуулсан. Гэхдээ гол нь шагнал бус, ТХЗ-д хувь нэмэр оруулж буй бүх хүмүүст урам зориг өгч, сэдэлжүүлж чадсан маань том амжилт байсан юм. Бид 9-р сарын 7-нд болох Тогтвортой хөгжлийн Үндэсний Форум дээр ч мөн хувийн хэвшлийн төлөөллийг урьж оролцуулж, ТХЗ-ын төлөөх хийсэн үйл ажиллагаа, санаачилгатай нь танилцах болно. ТХЗ-д хувь нэмэр оруулах чиглэлд их ажил хийж байгаа Хаан Банк, Голомт зэрэг төрөл бүрийн хувийн хэвшлийн компаниуд ТХЗ-ын Үндэсний Форумд оролцож байгаа. 

Харамсалтай нь олон улсын шагналын хувьд өрсөлдөөн асар их байдаг. Бид хараахан олон улсын шагнал хүртээгүй байгаа ч миний хувьд Монголын компаниуд болон залуучуудыг дэмжиж, ТХЗ-ыг биелүүлэхийн төлөө хамгийн сайн хувь нэмрийг оруулж чадна гэдгийг харуулж, чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байгаа. ТХЗ-ыг биелүүлэхийн төлөөх хамгийн сайн хувь нэмрийг хэрхэн бодитоор харуулах вэ гэдэг чухал асуулт. Дан ганц танай компанид бус бусад бүх компанид энэ ярилцлагаар дамжуулан ТХЗ нь Монгол Улсын хувьд дэлхийн аль ч улсынхаас илүү чухал учраас, мөн цаашдын туулах зам урт байгаа учраас, хамтран ажиллацгаая, ТХЗ-уудыг биелүүлцгээе гэж хэлэх байна. Урт холын аялалд гарсан үед зөв чиглэлд явж байгаагаа мэдэхийн тулд тодорхой цаг хугацаанд хүрсэн байвал зохих чухал цэгүүдийг урьдчилан тодорхойлох хэрэгтэй болдог. Иймд бид та бүхэнтэй эдгээр шагналын тал дээр хамтран ажиллахдаа баяртай байх болно. Гэхдээ хамгийн гол нь, Монгол Улс ТХЗ-уудыг биелүүлэх нь өөрөө хамгийн том шагнал байх болно шүү.

Баярлалаа! Таны илгээлтийг бүх харилцагчдадаа уламжилна аа. Та сүүлийн хэдэн жил Монголд ажиллаж амьдарсных, монгол хүн, монгол үндэстний онцлог (тодотгол) гэдгийг юу гэж тодорхойлох вэ? Хэрэв тодорхойлолт байгаа бол англи хэлний ганц тэмдэг нэр ашиглан юу гэж хэлэх вэ?

Их хэцүү асуулт байна. Би Монголчуудын хүсэл зоригийг ихэд биширсээр ирсэн. Монгол бол арвин их түүхтэй улс. Монголын түүх дан ганц Чингис хаанаар хязгаарлагдахгүй. Чингис хаан дайснуудаа дарсан хүчирхэг дайчин байснаас гадна, дэлхийн ихэнх хэсгийг эзэлж, түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн түүхийг өөрчилснөөрөө хамгийн сайн танигдсан. Жэк Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Хаан” номноос бид худалдаа болон засаглалын талаарх ойлголтууд хэрхэн түгэн дэлгэрснийг цухас харж болно. Энэ бол түүхийн нэг л тал нь. Нөгөө тал нь нүүдэлчин, малчин ардын түүх байгаа юм. 

Монголчуудын баялаг уламжлалыг харахад надад Монголчууд нүүдэлчдийн соёлын эрх чөлөө, хүсэл зоригоор хөглөгдөж явдаг гэж бодогддог. Тэд хэзээд эрх чөлөө, хараат бус байдлыг эрхэмлэж ирсэн ард түмэн. Тиймээс монголчуудыг тодорхойлох ганц үг хэл гэвэл би Монголчуудыг хөглөж байдаг эрх чөлөөт нүүдэлчдийн тэмүүлэл гэж хэлэх байна. 

Миний хэлсэнчлэн монголчууд өнөөгийн геополитикийн ертөнцөд, энэ олон зөрчилдөөн дунд хэнээс ч айхгүй байж сүүлийн 100 жилийн хугацаанд хоёр том хөрштэйгөө энх тайвнаар зэрэгцэн оршиж, бусад улсуудтай нөхөрсөг харилцаа тогтоож иржээ. Тэд айдаст автаж, гадагш халдан довтлохгүй, энх тайвнаар оршин тогтнохыг эрхэмлэж байна. Энэ бол яах аргагүй нүүдэлчдийн арвин их соёлоос үүдэлтэй болов уу. Мөн Монголд дэлгэрсэн Буддын шашин энэхүү энх тайван, амар амгалан, аюулгүй байдал болон батлан хамгааллыг ихэд чухалчилдаг оюун санаанд нөлөөлсөн болов уу. 

Монгол Улс бол дэлхий даяар энх тайван, аюулгүй оршиж, эв эеийг эрхэмлэн, эв найрамдалтай зэрэгцэн оршиж, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж болно гэдгийг харуулж буй сайн манлайлагч болж байгаа улс юм. Иймээс би Монголчуудыг нүүдэллэн аж төрсөн өнгөрсөн цаг үеийнхээ арвин их туршлагад үндэслэн, даян дэлхийд энх тайван болон эв эеийг нэгтгэх эрх чөлөөт Монгол тэмүүлэл гэж тодорхойлох байна.

Монголд ажилласан туршлага, эргэцүүллээ хуваалцсанд дахин баярлалаа. Таны ажил үйлд хамгийн сайн сайхныг хүсье. Тун удахгүй Нью-Йорк хотноо болох Дээд Хэмжээний Уулзалтад тань амжилт хүсье.

Баярлалаа, Ганзориг оо! Нэг зүйлийг нэмж хэлэхийг минь зөвшөөрнө үү. Миний бие Монгол Улсад 4 дэх жилээ үдэж байна. Монгол хэл мэдэхгүй ч монгол соёлыг багахан мэднэ. Монгол хэлээр төдий сайн ярьдаггүй боловч би Монголын баг, сумдаар нэлээдгүй аялж, ихэнх газарт очиж, хүмүүстэй хувь хүний түвшинд холбогдож, Монголын ард түмний хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийн өсөлтөд нэмэр болохыг хичээсээр ирсэн учраас Монгол соёлыг бага зэрэг ойлгодог болсон.

Миний Монгол Улсад гүйцэтгэх үүрэгт ажил дуусахад дахиад нэг жил дутуу байна. Бид жинхэнэ өөрчлөлтийг бий болгохын төлөө, ТХЗ-ыг биелүүлж эсвэл давуулан биелүүлж Монголын иргэн нэг бүрийг хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин, хүний суурь эрх болон бүхий л хангамж үйлчилгээгээр дамжуулан амьдралын нөхцөлөө сайжруулах боломжтой болгохын төлөө Монгол Улсын Засгийн Газар болон бүх түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна.

Иймд бид нийт Монголчуудыгаа энэхүү хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд ойр хамтран ажиллахад уриалж байна. НҮБ-ын маань үүрэг амлалт ийм бөгөөд бид дан ганц Засгийн Газартай бус, бүх оролцогч талуудтай хамтран ажиллахыг эрмэлзсээр байдаг юм шүү.