ШИНЭ СЭДВИЙГ ХЯЛБАР МЭДЭХ ТӨГС ЗАМ

1995 оноос Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Тун товчхон танилцуулга цуврал нь эрүүл мэндээс буддын шашин, материал судлалаас сонгодог бүтээл, урлагийн түүхээс даяаршил хүртэлх өргөн хүрээний сэдвүүдийг богино хэлбэрээр бүрэн утгыг илэрхийлдэг. Боть бүр нь үзэл баримтлал, хамрах хүрээ болон сэдвийн талаар сонирхолтой үнэлэмж, гол санаа, сэдэв, аргачлалын тухай ойлголт өгдөг. Оксфордын шилж сонгосон мэргэжилтэн, зохиолчид нь мэдлэгээ хөгжүүлэхийг эрмэлзэгчдэд хүндхэн сэдвүүдийг ойлгоход хялбар байдлаар бичдэг. Орчин үеийн уншигчдын сонирхлыг татсан энэ цуврал 700-аад сэдвээр бичигдэн гарч, өргөжин тэлж, тогтмол шинэчлэгддэг бөгөөд ямар ч ойлголт, сэдвийн товч гарын авлага болно.

Ардчиллын тухай: Эртний Герег, Ромын үеэс эхлэн Америк, Франц, Оросын хувьсгалууд хүртэлх ардчиллын номлол, онол, практикийн түүх болоод өнөөгийн ертөнц дэх түүний хэрэглээний талаар өгүүлсэн бүтээл юм. Судлаачид, олон нийт ардчиллыг янз янзаар тайлбарладаг. Ардчилал төгс зүйл биш боловч хүн төрөлхтний бодож олсон засаглалын хамгийн боловсронгуй тогтолцоо билээ. Ардчилал бол тасралтгүй суралцах процесс, хүний нийгмийн нандин ололт юм. Энэхүү номд сонгуульд хэн чухам санал өгөх эрхтэй вэ? гэх мэт ардчилалтай холбоотой маргаантай сэдвүүдийг ч хөнджээ. 

Библи: Өөр өөр ард түмнүүдийн тэмдэглэн үлдээсэн Библийн судруудыг шинжлэн судалжээ. Библи яагаад олон янзаар ойлгогддог вэ? Хэн үүнийг бичсэн бэ, Ариун судар гэж юу вэ, Библи ямар шүүмжлэл дагуулж байсан бэ гэсэн асуудлуудыг ч хөндсөн байна. Улмаар Библи өрнөдийн соёлд хэрхэн асар их нөлөө үзүүлснийг болон үүнийг поп урлагт болон улс төрд хэрхэн ашиглаж буйг ч харуулжээ.

Будда: Буддагийн амьдрал, номлолын талаарх ээдрээтэй бөгөөд зөрчилтэй судруудыг шинжилжээ. Буддаг амьд ахуй цагийн Энэтхэг орны нийгмийн байдал ямар байсан бэ? Өнөөдөр шашин болон хувирсан номлолыг Будда хэрхэн анх дэвшүүлсэн бэ? Олон зуун жил өнгөрөөд байхад буддын номлол яагаад усталгүй үлдэв зэрэг асуултад хариулт хайна. Энэтхэгийн хойгт 1500 гаруй жил оршсон энэ номлол XIII зуунаас дэлхий даяар түгж эхэлсэн бөгөөд ХХ зуун гэхэд Будда дэлхийн хамгийн нөлөөтэй сэтгэгчдийн нэг болжээ.

Засаглал: "Засаглал" хэмээх үгийг хаа сайгүй хэрэглэдэг болжээ. Энэ яг юу гэсэн үг юм бол? Засаглал ингэхэд засгийн газраас ямар ялгаатай вэ? "Сайн засаглал", "муу засаглал" гэж юуг хэлдэг вэ? Эрх мэдэл, зах зээл, сүлжээ, гэр бүл, овог аймаг алинд нь ч бай, цөмд нь хэрэглэж болох уу?Энэхүү Засаглал номд Марк Бэвир засаглалын онолуудыг танилцуулаад зогсохгүй тэдгээр нь нийгмийн зохицуулалт, дүрэм журмын хэв маягтай хэрхэн холбогддог, засаглал хувийн хэвшил, олон нийт, олон улсын харилцаанд яаж нөлөөлдөг талаар тайлбарлажээ.

Их өгөгдөл: Их өгөгдлийн талаарх суурь ойлголтыг статистик, магадлал, компьютерын шинжлэх ухаан зэрэг салбаруудаар дамжуулан, түүний хүч хийгээд дагалдан гарах аюулгүй байдлын эрсдэлийг бидний өдөр тутмын амьдралтай холбон тайлбарласан. Их өгөгдлийг хадгалах болон шинжлэхэд шаардлагатай тусгай аргуудыг нарийвчлан авч үзсэн агаад орчин үеийн компаниуд бизнестээ хэрхэн ашиглаж буй тухай жишээ татан өгүүлжээ.

Логик: Логикийг хүмүүс философитой тийм ч холбоотой биш, тэр тусмаа амьдралаас маш тасархай зүйл гэж боддог. Тун товчхон танилцуулга ном нь энэхүү ойлголт огт буруу гэдгийг харуулах болно. Эл ном логикийн философийн суурийг харуулахын хамт орчин үеийн логик хэрхэн Бурхан байдаг уу гэх асуултаас авхуулаад магадлалын онолын дотоод зөрчлүүд, шийдвэр гаргалтын онолуудыг ч авч үздэгийг харуулна. Тэгэхдээ логикийг хэт мэргэжлийн биш энгийнээр тайлбарлах ба логик бол орчин үеийн философийн нэг хэсэг бөгөөд асар хүчирхэг салбар гэдгийг үзүүлдэг. Мөн алгоритм, аксиом, математикийн баталгаа гэсэн сэдвүүдийг ч хөндөх болно.

Мэдлэг: Мэдлэг гэж юу вэ? Энэ зүйл итгэл үнэмшлээс юугаараа өөр вэ? Бидний эргэн тойрны ертөнц зүүд биш үнэхээр бодитойгэдгийг яаж мэдэх вэ? Мэдлэг судлал буюу эпистемологи гэдэг бол энэ мэт асуултуудад хариулт хайдаг философийн салбар ухаан юм. Сонгодог болон орчин үеийн эпистемологийг шинжлэхдээ эртний релативизмаас өнөөгийн интернэтийн мэдээнд эргэлзсэн эргэлзээг ч авч үзнэ. Хэл шинжлэл, сэтгэл судлал, философи, баримт, үзэл санаанууд дээр тулгуурлан зохиогч Жэннифэр Нэйжэл мэдлэгийн талаар бид одоогоор юу мэдэж байгааг тайлбарлажээ.

Статистик: Олны боддог шиг хуурай тооны тухай биш болохыг чамд харуулна. Уг салбар маш гүн үндэслэлтэй онол хэрэглэдгээс гадна программчлалын хүчирхэг багажууд ашигладаг болжээ. Статистик бидний амьдралын өнцөг булан бүрд нөлөөлөн, одон орон судлаачдад орчлон ертөнцийн гарал үүслийг хайхад, археологичдод эрт дээр үеийг судлахад, төр засгуудад улс нийгмээ хөгжүүлэх арга замаа тодорхойлоход, пүүс компаниудад хамгийн сайн бараа, үйлчилгээг хэрхэн нийлүүлэхээ мэдэхэд тусалж байна. Математикийн суурьтай байх ёстой гэлтгүй хэн бүхэнд зориулж бичигдсэн энэхүү Тун товчхон танилцуулга ном статистик яаж ажилладаг, энэ ухааныг хэрхэн ойлгох вэ гэдгийг тайлбарлан нээж өгнө.

Стоицизм: Стоик философийг чамд танилцуулахын хамт эртний энэ сэтгэлгээ хэрхэн хөгжсөөр өнөөгийн стоик хөдөлгөөн болж хувирсныг тайлбарлана. Энэ ном МЭӨ IV зууны Герегт үүссэн эл философийн сургуулийн түүхийг уудлан, уг урсгалынхантай Платон, Аристотэл, тэдний залгамжлагчид болон Эпикурчууд ямар харилцаатай байсныг мөшгөнө. Улмаар уг сэтгэлгээ барууны ертөнцөд яаж нөлөөлснийг болон өнөөгийн стоик хөдөлгөөн эртний стоик үзлээс өөр хэдий ч нийтлэг зүйлс бас бий ба уг сэтгэлгээ Сэнэка, Эпиктэт, Марк Аврелий нарыг нэгтгээд зогсохгүй Зэнон, Клеант, Хриссип нараас ч эхтэй тухай өгүүлнэ.

Тоглоомын онол: Бидний эргэн тойронд болж буй тоглоомын талаар тодорхой ойлголт өгөх болно. Тоглоомын онолын зорилго нь ийм тоглоомыг хэрхэн зөв тоглох вэ гэдэг асуултад хариулах билээ. Тоглоомын онолыг хувьслын биологи, эдийн засгийн ухаанд хэрэглэсэн нь гайхалтай үр дүнд хүргэсэн бөгөөд мөн сэтгэл судлал, улс төрийн шинжлэх ухаан зэрэг бусад салбарт ч хувьсгалт эргэлт гаргаж эхлээд байна. Энэхүү тун товчхон танилцуулга ном тоглоомын онолын ер бусын ертөнцийг дурайтал зураглаж, математикийн тэгшитгэлгүйгээр хэрхэн ойлгож болохыг толилуулахын сацуу покерт яаж хожихоос авхуулаад зөгийний хүйсийн харьцаа хүртэлх бүхий л зүйлсийн учгийг хялбархнаар тайлах боломжтойг харуулжээ.

Төрийн захиргаа: Төрийн захиргаа соёл иргэншлийг хадгалж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, хөгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ олон нийтийн аюулгүй байдлаас авхуулаад нийгмийн халамж, тээвэр, боловсрол гээд олон салбарыг хамран бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбогддог. Даяаршлын эринд төрийн захиргаанд тулгамдаж буй том сорилтуудын талаарх практик үзэл хандлагуудыг танилцуулах ба төрийн үйлчилгээний хувьчлал, тагнуул, тандалт зэрэг маргаантай халуун асуудлуудыг ч хөндөнө. Мөн төрийн захиргаа ингэхэд ер нь яаж үүссэн, түүхийн явцад яаж хөгжсөн, цаашид хэрхэн хувьсан хөгжиж буйг танилцуулна.

Улс төр: Эртний сонгодог эринээс ХХ зуун хүртэлх хугацаанд улс төр хэрхэн хувьсан хөгжсөнийг тэнцвэртэйгээр тайлбарлажээ. Эхлээд Герег, Ромын сонгодог эринийг авч үзэн иргэншил, эх оронч үзэл гэж юу байсныг харна. Дараа нь Христийн шашин, орчин үеийн төр, хүчний тэнцвэрийг хөндөх ба улмаар улс төрийн идэвх, намууд, номлол, ардчилал, үзэл суртлыг ч хамарна. Энэ ном бидэнд улс төрийн систем яагаад хувьсан өөрчлөгддөгийг харуулангаа манай нийгэмд эрх мэдэл, дэг журам ямар байгааг, ардчилал дандаа сайн зүйл байдаг эсэх, XXI зуунд улс төр ямар байж болох талаар эргэцүүлэхэд биднийг хүргэнэ.

Улс төрийн гүн ухаан: Эрх мэдэл, ардчилал, эрх чөлөө, шударга ёс, феминизм, мультикультурализм, үндэс угсаа зэрэг улс төрийн философийн гол ойлголтуудын талаар өгүүлнэ. Зохиогч бээр төр бидний амьдралын чанарт үнэхээр нөлөөлдөг үү? Төр эрх мэдлээ субъектүүдээ албадан хэрэгжүүлэх шаардлагатай юу? Ардчилалд энгийн иргэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? зэрэг асуултуудад хариулахыг зорьжээ. Мөн улс төр яагаад бидэнд хэрэгтэй эсэх хийгээд төр бидний амьдралын аль хэсэгт оролцож болохгүй талаарх асуудлыг ч хөндөж тавьсан байна.

Физик: Матери, энергийг судалдаг физикийн шинжлэх ухаан атомоос жижигхэн түвшнээс сансар огторгуй хүртэлх бүх түвшний байгалийг хамран судалдаг бөгөөд бидний эргэн тойрны өнөөгийн технологийн үндэс суурь нь болжээ. Сиднэй Пэрковиц энэхүү өргөн цараатай номоороо шинжлэх ухаан хэрхэн энэ түвшинд хүрсэн, яаж ажилладаг, хэн санхүүжүүлдэг, физикчид хэрхэн сэтгэдэг, физик хэрхэн бидний хэрэглэж буй технологиудыг дэмждэгийг тоймлон харуулжээ. Цэвэр болон хэрэглээний физикийн онол, үр дүнг танилцуулахдаа тэр эртний Герегийн байгалийн физикчдийн үзэл санаанаас орчин үеийн квант механик, энерги үйлдвэрлэлийг хүртэл өгүүлжээ. Үлэмж үр дагавартай туршилтуудыг авч үзэхийн хамт тэр мөн физик хэрхэн нийгэм, соёл, хүн төрөлхтөнд нөлөөлж, орчлон ертөнц дэх өөрийн байр суурийг харж байгаа талаар ч хүүрнэжээ.

Хиймэл ухаан: Хиймэл ухаан бид бүхний эргэн тойрон оршиж, бүгдийн маань амьдралд нөлөөлж байна. Хиймэл ухаан биологич, сэтгэл судлаач, хэл шинжээчдэд ой санамж, шинэ зүйл сурах чадвар, хэл ярианы процессуудыг шинэ өнцгөөс харан, шинийг ойлгоход тусалж байна. Ерөнхий ойлголтынхоо хувьд хиймэл ухаан оюун санаа, ухаан гэж юу вэ, хүн бусдаас өөр үү гэсэн философийн мэтгэлцээнийг улам хурцатган, өрдсөөр байгаа. Хиймэл ухаан хэмээх энэ ном ХУ-ны түүх, амжилт, хязгаар, ирээдүйн зорилтыг өмнө чинь дэлгэнэ. ХУ-ны үүсгэж буй философийн болон технологийн асуудал, бэрхшээлүүдийг ч тоймлохын хамт ингэхэд ер нь программууд хэзээ нэгэн цагт жинхэнээсээ ухаантай, бүтээлч, хүн шиг ухамсартай болж чадах уу гэдэг асуултыг дэвшүүлнэ.