1985 онд Варшавын их сургуулийн сэтгэл судлалын ангийг дүүргэсэн зохиолч бүсгүй оюутан байхдаа сэтгэцийн эмнэлэгт сайн дураараа хүн асарч, сургуулиа төгсөөд Валбжихийн эмнэлэгт сэтгэл зүйчээр ажиллаж эхэлжээ. 

Өсвөр насандаа зохиол бичиж эхэлсэн тэрээр анх 1979 онд залуусын “Шулуухан” сэтгүүлд өгүүллэгээ нийтлүүлж, арван жилийн дараа шүлгийн түүврээ гаргав. Ингээд 1993 онд XVII зууны Испани, Францын ахуй амьдралыг өгүүлсэн “Судрын хүмүүсийн зам мөр” нэртэй анхны романаа хэвлүүлсэн нь Польшийн хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн шагналыг хүртэж, Европын олон хэлнээ орчуулагджээ. Энэ романд нууцлаг нэгэн судрын эрэлд гарсан залуус хэн хэндээ дурлаж байгаа тухай өгүүлдэг.

1996 онд хүний хорвоогийн бүхий л баяр гуниг төвлөрсөн гэж хэлж болохоор Польшийн төвийн тосгоны тухай өгүүлсэн “Эрт балрын үе ба үлдсэн цаг хугацаа” нэртэй романаараа алдаршсан зохиолч бүсгүй 1997 онд “Улс төр” сэтгүүл болоод Косцельскийн сангийн шагналыг хүртсэн байна. Эл роман сургуулийн хөтөлбөрт багтаж, 20 хэлнээ хөрвүүлэгджээ.

Улмаар жилийн дараа 1998 онд жил бүрийн арваас таван сарын хооронд нарны гэрэл тусдаггүй Петно тосгоны нэгэн байшингийн тухайт “Өдөр, шөнийн байшин” хэмээх ромараа хэвлүүлэв. Интернэтээр тархсан анхны польш зохиол бол энэ роман юм.

Чингээд 2004 онд Токарчук гурван үеийн эмэгтэйчүүдийн хаагдмал амьдрал, хяслант хувь заяаны тухай өгүүлсэн “Сүүлчийн түүх” романаа бичсэн байна. 

Эсээ, эргэцүүлэл, аяллын тэмдэглэлээс бүтсэн 2007 онд гарсан “Гүйгчид” романыг нь шүүмжлэгчид тун сайн хүлээж авчээ. Токарчук энэ бүтээлээрээ 2008 онд Польшийн уран зохиолын дээд шагнал Никег хүртэж, Төв Европын уран зохиолын АНГЕЛУС шагналд нэр дэвшив. Түүнээс гадна 2018 онд Польш зохиолчдоос анх удаа олон улсын Букерийн шагналын эзнээр тодорчээ. Бусдын амьдралыг ажиглаж, нэгээс нөгөө газарт аялах “Гүйгчид” романы гол баатар бүсгүй зам зуур олон хүнтэй тааралдаж, тэдний үүх түүхийг тэмдэглэн үлдээдэг. Орчин үеийн аяллын төгс тэмдэглэл хэмээн үнэлэгдсэн энэ бүтээл энгийн хэллэгтэй, экзистенциалист гэмээр хэв маягтай юм.

Токарчук 2009 онд Польшийн нэгэн тосгонд болсон хэд хэдэн нууцлаг аллагын тухай хүүрнэх “Амиа алдсан хүмүүсийн ясан дээгүүр анжисаа чир” нэртэй роман бичсэн бөгөөд найруулагч Агнешки Холлан 2017 онд уг бүтээлээр “Амьтны мөр” нэртэй кино бүтээжээ. Энэ кино тухайн жилийн Берлиний кино наадмын Мөнгөн баавгай шагналыг хүртсэн билээ. 

Зохиолч сүүлд 2018 онд “Жигтэй түүхүүд” өгүүллэгийн түүвэр хэвлүүлжээ. 

Таван жилийн өмнө 2014 онд бичсэн “Иаковын номууд буюу долоон хуудас, таван хэл, гурван шашнаар аялсан тэмдэглэл” гэх роман нь эх орондоо мөн оны шилдэг бүтээлээр шалгарч, Польшийн “Ньюсвик” сэтгүүл үүнийг Польшийн анхны түүхэн цадиг хэмээн тодорхойлсон нь бий. 

Букерийн шагналаас гадна урлаг соёлд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог Глориа Артис (2010), Зүүн ба Төв Европын зохиолчдод олгодог Виленицийн шагнал, Швейцарийн Ян Михальскийн шагнал зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн Ольга Токарчук өдгөө Краковын Ягеллоны их сургуулийн уран зохиолын студид зохиол бичих урлах сэдвээр лекц уншдаг, зүүний үзэлтэй Ногоон намын гишүүн бөгөөд “Улс төрийн шүүмж” сэтгүүлийн редакцид ажиллаж байна. 

Энэ зохиолчийг уншигчдад таниулах үүднээс “Гүйгчид” романы хэсгээс орчуулан хүргэе. 

Гүйгчид

Миний тархин дахь ертөнц

Тээр нэгэн өдөр тариан талбай дундуур алхсан минь миний анхны аялал юм. Намайг тариан талбай, тосгоны зам, эрдэнэ шишийн тариалан, чийг унасан зүлэг нугаар өнгөрч голын эрэгт хүрсэн хойно л хүмүүс олж билээ. Тэр хавийн газар чийг ихтэй, голын эрэг, тэр байтугай тариан талбай хүртэл намагтай.

Далан дээр гарвал шар шороон зам тэнгэрийн хаяа тийш тахирлан үзэгдэнэ. Сайн харвал тэртээ цаана нэг эргээс нөгөө эрэгт ачаа зөөх тээврийн хөлөг онгоц, талд ургасан модод, далан дээр зогсох хүмүүсийг олж харах боломжтой. Моддын хувьд эдгээр хүн барьц муутайхан баримжаа тэмдэг төдий санагдах биз ээ. Бага байхдаа том болоод ачаа тээврийн онгоц дээр ажиллахыг, аль эсвэл өөрөө тийм онгоц болохыг мөрөөддөгсөн. 

Жижиг нарийхан энэ гол бол Одра. Би ч тэр үед балчир байж дээ. Одра гол жижиг ч гэлээ өөрийн гэсэн хүндтэй байр суурьтай, Амазон хатан хааны орд өргөөнд орж гарах эрхтэй ноёгтойтой зүйрлэж болох юм. Харин миний хувьд Одра гол их мөрөн шиг санагдана. Эргээ халин сул чөлөөтэй урсах голын ус ай савдаа зоргоороо авирлах дуртай, гүехэн хэсэгтээ эргүүлэг ихтэй, хойд зүгийг чиглэн хараа үл хүрэх газарт бургилан урсахын учир харц тогтоон ажиглахад нэн бэрх, толгой эргэх нь энүүхэнд.

Өмнөөс шуугин ирэх Одра голын ширүүн урсгал намайг үл тоон умрыг зорино. Энэ голын усанд орж болдоггүйг би хожуу л мэдсэн. Хүнд ачаа үүрч байсныхаа хариуг жилийн жилд хэдэн хүний амиар сольж авна. Зуны халуунд усанд орж байсан хүүхэд, уусан архиндаа хөлчүүрсэн нэгэн гүүрний хашлага даван хөл алдан унасан гэж дуулддагсан. 

Далан дээрээс голын урсгалыг ширтэн зогсох тэр л мөчид хэдий аюул осолтой ч ийн зогсох нь нам тайван сууснаас хавьгүй илүү, өөрчлөлт шинэчлэлт ягшмал байдлаас илт давуу, хөдөлгөөнгүй зогсвол унаж буцахаас зайлахгүй бөгөөд хөдөлгөөн өнө мөнхөд оршин байхыг ойлгож ухаарсан юм. Тэр үест голын урсгал миний ой тойнд гүн бат суусан тариан талбай, ногооны хүлэмж, чиртаа тоглодог замын хавтанг хага зүсэн шуугихад бяцхан ертөнц минь тэхий голоороо хага үсрэн, дунд нь шахагдсан агаар исгэрэн гадагшилж билээ. 

Аав, ээж маань цаг үргэлж байран суурин байсангүй. Хэд хэдэн газар сэлгэсний эцэст төв зам, төмөр замаас зайтайхан байх энэ тосгонд суурьшжээ. Миний хувьд хажуугийн хот орох нь том аялал. Хаа нэг орж юм авдаг хотын дэлгүүр, бичиг баримт хөөцөлддөг дүүргийн захиргаа, зээлийн том талбайд үс засах цайруулсан хормогчтой үсчин санаанд үлдэж дээ. Ээжийг үсээ будуулах зуур аав түүнийг гаднаа хоёр ширээтэй Нова кафед хүлээн сууна. Зүгээр ч суухгүй сонин дэлгэж, ихэвчлэн аль нэг айлын зоориноос амттан шимттэн алдагдсан тухай өгүүлэх гэмт хэргийн буланг шимтэн уншина. 

Аав, ээж хааяадаа ажлынхантайгаа шкода машинд чихэж аваад аялал зугаалгаар явна. Аялалдаа их удаан бэлдэнэ. Хаврын урь орж, цас хайлмагтан газар гэсэж, тариалахад бэлэн болохоос хаа өмнө бэлдэж эхэлнэ. 

Аав, ээжийн үеийнхэн машиндаа гэр чиргүүл залгаж аваад аялдаг хүмүүс. Гэр чиргүүлд хийн плитка, эвхдэг ширээ сандал, юм тохох нилон хэц, модон хавчаар, хулдаасан бүтээлэг, аяны сав суулга гээд бүх юм бий. 

Нэгэнтээ аав замд явж байгаад комиссын барааны захаас голдоо гал асаах хөндий хэсэгтэй цэргийн данх авч билээ. Хоноглохоор буусан газар цахилгаан байсан ч аав энэ данхандаа л ус буцалгана. Хэзээний нүүж сууж сурсан хүн шиг газарт сөхөрч суугаад данхны хөндийд мод хийж асаагаад ус буцлахыг хүлээнэ дээ. 

Тэдний үеийнхэн гэр чиргүүлтэй, аль эсвэл майхантай аялагчдад зориулсан зай талбайд буудаллаад, хэцэн дээр оймсоо хатаах хөршүүдтэйгээ яриа дэлгэн, аяллын гарын авлага үзэж явах газраа тогтооно. 

Үдээс өмнө далай, эсвэл нуурын усанд сэлж, үдээс хойш ойр орчмын түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхоод лаазалсан мах, ногоотой оройн хоолоо задалж, будаа, гоймон чанадаг тогтсон заншилтай. 

Тэр үед юу л байна хэмнэнэ. Аялсан ч дассан сурсан газраасаа холдохгүй болохоор гэрээсээ гараагүй гэж хэлж болохоор. Аав, ээжийн хувьд жинхэнэ аялагчид байсангүй. Яагаад гэвэл тэд эргэж ирэхийн тулд аялдаг байлаа. Сэтгэл нь хөнгөрөөд, үүргээ биелүүлсэн аятай эргэж ирмэгцээ өдөр тутмын өнөөх л амьдралтайгаа золгоно. Тэгээд хаа нэг зургийн цомгоо эргүүлэнгээ “Энэ Каркасонд, харин энэ эхнэр маань Акропольд” гэхчлэн санан дурсана. 

Чингээд жилжингээ хаашаа ч явахгүй. Урьд орой нь хийж амжаагүй ажлаа өглөө нь үргэлжлүүлж өдөр хоногийг өнгөрөөхөд хувцас хунарт гэрийн үнэр шингэж, хивсэн дээр хөлийн мөр гарсаар элэгдэнэ. 

Миний хувьд ийм амьдралд дургүй. Аль нэг газар үндсээ тавин суудаг тийм чанар надад үгүй шиг. Би нэг биш удаа суурьших гэж үзсэн. Гэвч үндсээ гүн бат суулгаж чадаагүй. Хөнгөн салхи дэгдмэгц хийсээд явчихдаг зантай. Би хувьдаа өөрийгөө газрын шим шүүсээр тэтгэгдэн соёолж нахиалах чадваргүй, харин автобусны донсолгоон, онгоцны нүргээн, усан онгоц, галт тэрэгний дайвалзаан хөдөлгөөнөөр тэжээгдэн тэтгэгддэг гэж санадаг.

Тансаглалгүй авсаархан амьдардаг. IQ-г маань сонирхож байвал 121. Төсөөлөх чадвар харин сайн хөгжсөн. Харсан үзсэнээ хаа ч явсан тогтоож санадаг ийм л хүн. Зан чанарын хувьд тогтворгүй. Ерөөсөө зөөлөн хавтастай л ном авдаг. Уншсан номоо галт тэрэгний буудал дээр өөр хүмүүс уншиг гээд үлдээдэг. Юм цуглуулдаггүй.

Би их сургуульд сурч төгссөн ч үнэнийг хэлэхэд ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй. Үүндээ ч харамсдаг. Элэнц эцэг маань даавуу нэхэж цайруулан наранд дэлгэдэг байлаа. би даавуу нэхээд сууж чадах ч нэхмэлчин хүн суурин аж байдалтай. Нэхмэлийн зөөврийн машин гэж үгүй болохоор би удаан тэсэхгүй л болов уу. Гэхдээ аялж явахдаа би юм нэхдэг. Харамсалтай нь, сүүлийн үед нисэхийн зарим компани онгоцонд нэхмэлийн зүү авч орохыг хориглох болжээ. Би тогтсон тодорхой мэргэжилгүй, хийж чадах юмгүй ч энэ тэрийг хийсээр хэрэндээ дажгүй амьдарч байна.

Манайх халуун халж, хүйтэнд хөрөн, өвөлжин зооринд хадгалсан эрүүл гэх хүнс хэрэглэж, хэдэн хониныхоо ноосыг самнан дэр, хөнжилдөө чихсээр тосгонд хорин жил суусны эцэст хот газар бараадаж, аав ээж хоёр надад багахан мөнгө өгөхөд би анхны аялалдаа гарсан юм.

Би очсон газар болгондоо цагийн ажил хийдэг байлаа. Том хотын захад байрлах нэгэн үйлдвэрт хувийн дарвуулт онгоцны антенн хүртэл угсарч явлаа. Тэр үйлдвэр гадаад ажилчин олонтой, тухайн хүнийг хаанаас ирснийг асууж шалгаалгүй хууль бусаар ажиллуулдаг. Цалингаа баасан гарагт тавина. Дургүй хүрвэл нэг дэхид ажилдаа ирэхгүй байж болно. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орсон оюутнууд ч зуны хэдэн сардаа ажиллана. Ард иргэдээ алган дээрээ бөмбөрүүлэн халамжилдаг барууны жаргалтай оронд амьдрахын түүс болсон цагаачид, гэр бүлээсээ залхсан улс, зүрх нь шархалсан залуус, өрөнд баригдаж, хууль шүүхээс зугтсан хүмүүс, орон гэргүй гуйлгачид, ухаан солиотой хүмүүс гээд зүсэн зүйлийн улс ажиллана. Сэтгэцийн эмгэгтэй хүний өвчний шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт хүргэж тэндээс нь албадан нутаг буцаана.

Тэнд нэг энэтхэг эр л олон жил тасралтгүй ажилласан юм. Гэлээ гээд биднээс ялгаагүй байр байдалтай, эрүүл мэндийн даатгалгүй, цалинтай амралтгүй. Чив чимээгүй нэгэн хэмээр ажиллаж байдагсан. Миний л мэдэхийн ажлаас хоцорч, чөлөө авч байсангүй. Би хэдэн хүнтэй ярьж тохироод энэтхэг эрийн төлөө үйлдвэрчний эвлэл байгуулъя (коммунизмын үед шүү дээ) гэсэн санал гаргасан ч мань хүн өөрөө татгалзаж билээ. Тэгээд надад ач санасандаа өдөр бүр гэрээсээ авчирдаг байсан халуун карригаар дайлдагсан. Одоо харин түүний нэрийг ч санахгүй юм. 

Түүнээс гадна зөөгч, тансаг зочид буудлын үйлчлэгч, хүүхэд асрагч гээд олон ажил хийж, ном, тасалбар хүртэл зарж явлаа. Нэг өвөл жижиг театрын тайзны хувцас хариуцаж ажиллахдаа өдөржин зүсэн зүйлийн хөшиг тюль, жүжгийн хувцас, торгон дэвүүр, хиймэл үс янзалж өнждөгсөн. Их сургуулиа төсгөөд хэсэгтээ багшилж, наркологийн төвд зөвлөхөөр ажиллан, номын санч хийж байлаа. Тэгээд жаахан мөнгөтэй болмогцоо өөр тийш явна даа.

Энгүй орчлонд эзлэх миний өчүүхэн байр суурь

Би коммунизмын үед Польшийн томоохон хотын их сургуулийн сэтгэл судлаачийн ангийг дүүргэсэн юм. Манай сургууль дайны үед СС-ийн штаб байрлаж байсан дүнсгэр байранд байрлана. Энэ дүүргийг жүүд хорооллын суурин дээр босгосон болохоор ажигч гярхай хүн эндхийн барилгууд бусад дүүргийнхээс даруй алд хэрийн өндөрт баригдсаныг төвөггүй анзаарна. Энэ алд хэрийн суурь нь угтаа хуучин хорооллын нуранги юм. Би энд ер идээшиж дасаагүй. Олон давхар байшин, өргөн цэлгэр хашаагаар нүүр чимчигнүүлсэн жихүүн салхи исгэрэх энэ газар цаанаа л хүйтэн, гүйдэлтэй мэт санагддагсан. Би одоо хүртэл өргөн хонгилтой, он цагийн эрхэнд элэгдэж элсэн гишгүүртэй, мөлчийсөн шатны бариултай сургуулиа зүүдэлдэг. Ийм газарт үрэгдэгсдийн сүнс хоргодож шингэх нь лав.

Оюутан байхдаа манай найзууд жижигхэн төөрдөг байшин бариад, тэндээ хэд хэдэн харх тавьж уралдуулдагсан. Хэдэн хархны нэг нь Павловын төрмөл дадлын онолыг няцаах гэсэн шиг бусадтайгаа уралдахгүй толгойгоо цагнайлгаад биднийг ээлжлэн ширтэж, төөрдөг байшингаар хээв нэг алхаж, эсвэл гаслан гиншинэ. Тэгмэгц охид тэр хархыг төөрдөг байшингаас гаргаж авна. 

Бидэнд энэ хорвоог ухаалаг асуултад өгсөн энгийн хариултаар дүрслэн тайлбарлах бүрэн боломжтой, дэлхий ертөнц угтаа эмх замбараагүй бөгөөд үхмэл шинжтэй, энгийн зүй тогтолтой, энэ бүгдийг эгэл жирийн бүдүүвчээр тайлбарлах боломжтой гэж заадаг байлаа. Түүнээс гадна туршилт хий, онол боловсруул, боловсруулсан онолоо практик дээр батал гэж шаардана. Дээр нь нэмээд бидэнд статистикийн нууцыг задалж, ингэснээр энэ хорвоогийн зүй тогтлыг амар хялбар аргаар ойлгох бүрэн боломжтой, аливаа зүйлийн 95 хувь үлдсэн 5 хувиа үргэлж давж дарна гэдэгт итгүүлж үнэмшүүлдэг байв.

Гэвч өнөөдөр би хэв журмыг хүсэж буй хүн сэтгэл судлалаас аль болох холхон явсан нь дээр гэдэгт итгэлтэй болжээ. Хүний сэтгэлзүйг судалж хальтирч байснаас физиологи, теолог судалбал хөрсөн дээр баттай гишгэх нь лав. Сэтгэлзүй гэдэг тун бүрхэг эд. 

Сэтгэл судлалын ангид сонирхлоороо, хүнд туслах гэсэн эрмэлзэлтэй, мэргэжилтэй болох гэсэн хүн элсдэггүй гэдэг үнэн юмсанж. Хүмүүс огт өөр, маш энгийн шалтгаанаар энэ ангид ордог. Элсэлтийн шалгалтын үеэр бид бүгдээрээ ямар нэгэн дутагдлаа аль нэгэн багаар халхалсан эрүүл саруул залуус харагдаж байсан биз. Паталог анатомийн музей болгонд байдаг хавдар шиг биеэ барьж эрчилсэн сурагч биднийг бидэнтэй л ижил мэдрэмжээр дүүрэн багш нар шалгаж авсан болов уу. Оюутан болсон бид багш нараа дурайх нь гарцаагүй. Хоёрдугаар курстээ хамгаалах механизмуудын үйл ажиллагааг судалж, сэтгэлзүйн энэхэн чадварыг гайхан бишрэхдээ рационал, сублимац тэргүүтэй өөрийгөө аргаддаг арга техникгүйгээр энэ ертөнцийг аймшиггүй зоригтойгоор шулуухан тольдвол үнхэлцэг хагарч үхэхээс өөр замгүй гэж бодсон юмдаг. 

Оюутан байхдаа үүнээс гадна хүн бүхэн хот балгадын хана хэрэмтэй л ижил сэтгэлзүйн бамбай хамгаалалттайг таньж мэдэв. 

Ямар л тест, асуулга байна манай ангийнхан бие бие дээрээ туршина. Гуравдугаар курст ороод би айдсаа танилаа. Өөрийнхөө дотор нуугдаж байсан тэр л хүнийг олж харав. 

Би мэргэжлээрээ удаан ажиллаагүй. Нэгэнтээ аялж байгаад том хотод сохор зоосгүй болж, зочид буудалд үйлчлэгчээр ажилд ороод ном бичиж эхэлсэн юм. Аян замд, галт тэргээр аялж байхдаа уншихад нэн таатай, аманд тэр аяараа багтдаг хазах хэрэггүй жижигхэн жигнэмэг шиг дүр дүрслэлтэй тэр туужийг би өөртөө л зориулсан.

Би эргэн тойрны дуу чимээ, авиа цуурай, алсаас ирж буй дуу хоолойг анхааралтай сонсож чаддаг.

Гэлээ ч өөрийгөө жинхэнэ зохиолч болж төлөвшсөн гэж хэлэмгүй. Амьдрал надаас бултсаар, би ул мөрийг нь л олж хардаг байлаа. Амьдрал энд л байна гэж санахад хүмүүс хад чулуун дээр “Энд ... байв” гэж сийлэн үлдээдэг шиг ул мөрөө үлдээгээд зугтаад, бултаад явчихна. Тиймдээ ч цаасан дээр буулгасан бүхэн минь эцэс төгсгөлгүй зүүд зэрэглээ мэт барьцгүй, өгүүлэмж нь бүдэг бадаг, тэртээд мэлцийх тэнгэрийн хаяаг тэр аяар нь харцандаа багтаах гэтэл ямар нэгэн юм хөндөлсөх мэт санагдана. 

Энэ мэдрэмжийг роман бичих гэж үзсэн хүн андахгүй. Үүнээс хэцүү ажил гэж байхгүй шиг санагддаг шүү. Өөрийгөө цаг үргэлж сэтгэл дотроо хорьж барихын учир ганц хүний камерт орсноос өөрцгүй. Өөрөөр хэлбэл зохиолч хүн чанд хяналттайгаар галзуурч, ямар нэгэн юманд автан донтох учиртай. Үгүй бол хүний хөлийг л харж, алхаа гишгээг нь сонсохоос хэтрэхгүй, зоорийн давхарт насаараа үлдэнэ шүү дээ. Ингэвэл хааяадаа хүн шагайж, хэд гурван үг солихоос биш яриа дэлгэн тухлан суухгүй нь мэдээж. Зохиолч хүн оюун бодолдоо санд мэнд байгуулсан тайзан дээр дүр дүрслэлээ хайш яйш байршуулан өөрөө өөртэйгөө үргэлж тоглож байдаг. Зохиолч хийгээд зохиолын баатар, хүүрнэгч хийгээд уншигч, зохиол бичиж буй, зохиолд өгүүлэгдэж буй аль аль нь энэ тоглоомын нэгээхэн хэсэг. 

Гэхдээ зохиолч болсондоо би харамсдаггүй. Сэтгэлзүй миний хувьд харь ондоо салбар. Бусдын зовлонг сонсож суухад уй гуниг төрж, үнэнийг хэлэхэд уг хүнтэй байраа сольж өөрийнхөө тухай ярьмаар болдогсон. “Арай үгүй байлгүй! Надад бол ерөөсөө тэгж санагдахгүй байна! Өнгөрсөн шөнө би юу зүүдэлсэн гээч...”, “Нойр хулжих гэж юу болохыг та мэдэх үү? Энэнээс болоод та цочирдсон гэж үү? Арай ч дээ? Би л лав саяхан...” хэмээн өнөө хүний яриаг тасалчих вий гэхээс эмээж явлаа. 

Би хүний яриаг сонсож чаддаггүй байсан юм. Статистик тоо баримт, батлагдсан үзэл онолд эргэлзэх нь элбэг. Хүний дотор нэг л хувь хүн оршино гэж үздэгийг би дэндүү минималист гэж боддог. Баттайг бүдэгрүүлж, ноттойд эргэлздэг зан чанараа тархины гаж йог, сэтгэлийн “тансаг” хөдөлгөөн гэж нэрлэж болмоор. Аливаа үзэл санааг тал бүрээс нь нягтлан шинжилж, амтлан мэдэрснээр өөрөө өөртөө гайхам шинийг нээдэг байлаа. Миний хувьд ямар ч үзлийг худал хуурмаг, дуураймал хувилмал гэж няцаах дуртай. Иймдээ ч ягшмал үзэлд баригдахыг үл хүсдэг. Хүмүүс маргалдахад би нэг талд нь орсноо, төд удалгүй нөгөө талд нь урвахад тэд жигтэйхэн дургүй. Ямар нэгэн зүйлийн тухай эргэцүүлж байгаад эерэг санагдах тусам түүнийг сөрөх бодлууд харван орж, эерэгт татагдахын хэрээр эцэстээ тэрхүү сөрөг хүчин зүйлд автах нь элбэг. 

Тест болгонд хариулах гэж үйлээ үздэг байсан над шиг хүн бусдад зөвлөгөө өгнө гэж үгүй шүү дээ. Их сургуульд ангийнхантайгаа элвийн асуулгад хариулахдаа санаанд орсон анхны юмаа хэлчихдэг байсан болохоор зан чанарыг маань их л этгээд маягтай тодорхойлдог байлаа. “Өөрчлөхөд амархан шийдвэр л хамгийн сайн шийдвэр гэдэгт чи итгэдэг үү?” гэж асуухад мэдэхгүй юм, ямар шийдвэр гэнэ ээ, өөрчлөх гэв үү, хэзээ өөрчлөх гэж хэмээн элдвийг ургуулан бодно. “Өрөөнд ороод чи голд нь зогсдог уу, хана налдаг уу?” гэж асуухад ямар өрөө, хэзээ орох юм бэ, хоосон өрөө юу, эсвэл булангийн буйдантай юу, цонх нь хаашаа харсан бэ гэхчлэн эргэлзэнэ. 

Тэр үеийн сургалтын аргачлалаас би хүн өөрчлөгддөггүй бөгөөд бидний хариу үйлдэл таамаглахуйц тодорхой гэх аюултай ягшмал онолыг л ойлгож авсан юм даа.

Долоон жилийн аялал

Замд таарсан халбага, сэрээний иж бүрдлийн хайрцаг сав аятай гялгар хар цүнхтэй залуу “Би гэрлээд жил болгон хаа нэг тийшээ аялдаг болсоор долоон жил өнгөрч байна” гэж билээ.

“Эхнэр бид хоёр маш олон гэрэл зурагтай. Өмнөд Франц, Тунис, Турк, Итали, Крит, Хорват, Скандинав хүртэл орсон шүү. Зургийн цомгоо хамаатан садан, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэйгээ хэд хэдэн удаа үзээд далд хийнэ. Мөрдөн байцаагч хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг “Бид энд очсоон” гэсэн шиг дугтуйлаад сэйфэнд битүүмжлэн хадгалдаг шиг л хав дардаг гэх үү дээ” гээд цонхоор харлаа. 

Залуу тэнд очсон гэхээр яг юу гэсэн үг вэ гэж бодолхийлж буй бололтой. “Одоо бодоход хэдхэн хормын төдий урсаад өнгөрөх дурсамж болж үлдсэн Францад өнгөрүүлсэн хоёр долоо хоног, дундад зууны үеийн хотоор аялж яваад гэнэтхэн өлсөж цангасан минь, усан үзмийн модон дор суугаад хооллосон маань юу болж таарах вэ? Норвегийн тухай бодоход нуурын мөс шиг цэл хүйтэн ус, уртаас урт тэр нэгэн өдөр, дэлгүүр хаахаас өмнө амжиж авсан шар айраг, далайн эрэг л санаанд үлджээ” гээд өнөөх залуу “Үзсэн харсан бүхэн минь ганцхан миний л өмч болж хоцорсон юм уу даа” гэсээр өвдгөө алгадан илт сэргэлээ.