Зуны дунд сар. Зараагийн голын их дэрс ой шугуй адил дундаас нь тэмээ адуу үзэгдэхээ больж, нөмөр чөлөөгөөр нь ургасан таана хаа холын Үүдийн ам, Бор нуруунд ханхалсан зун болов. Гэвч тэгш сайхан гэж байх биш энэ сайхан нутагт өнөөдөр нэг ч мал алга. Халуун салхи буруу зүг-зүүн урдаас үлээж урсгал усгүй мөртлөө Зараагийн гол хэмээн нэрлэгдсэн дэрстэй цайдмын хаа нэгэнтээ хуй босож нүд гялбам цагаан хужир тэнгэр өөд мурилзан хурайлна.

Их олойртой хар морь унасан өвгөжөөр хүн зүүнээс хоёр төлөг туусаар их дэрс рүү шургалаа. Аагим халуунд бүгчим салхи уруудсан тэднийг харваас нозоо хөдлөм ажээ. Халуун наранд үс ноосондоо амь тэмцсэн хоёр муу бөөдгөр төлөг холбоондоо ярдаглаж байн байн эргэж салхи сөрөн амаа ангайж хэсэг зогсоно. Холбохгүй бол хоёр тийшээ зугтаж эзнийгээ зовооно. Халуун салхинаас даажиж дэрсний нөмөр, таанын ёзоорын өчүүхэн төдий чийгт шигдсэн өлөн шумуул тэдний чимээнээр хуйлран довтлов. Энэ голд ус ногоо жигдрэхээр шумуул хэмээх бэрх дайсан үүсэж хүн мал дайжна. Хар морь биедээ шавсан шумуулыг үргээх гээд шавар шалбаагт олон жил ширэлдэж бөөгнөрсөн хүнд сүүлээ шарваж даахгүй дэмий л магнай хоншоортоо шавж хазсан шумуулыг хатуу юманд үрж нитгэрэх гэж ийш тийш бөөн дэрс рүү ухаан мэдрэлгүй дайрлахад эзэн өвгөн уцаарлаж жолоогоо ууртай дугтчина. Өлөн шумуул жунгиналдан хамар амаар орно. Чойён өвгөн шумууланд хорстол хазуулсандаа олон жил зовлон жаргалаа хуваалцсан хар мориндоо уцаарлахын зэрэгцээ гүвдрүү болсон улаан нүүрээ урагдаж салбарсан урт нударгаар дэмий л савчина. 

Хурц нар цагаан хужирт гялбасандаа Чойён өтөлж шуугдсан ядруу хүрэн нүүрнийхээ суларсан арьсыг сархиа цацруулан сорви төдий хоёр нүд болох хоёр цэгт хуньжээ. Түүний аниатай хоёр нүдийг юм үзэхгүй байна гэвэл том эндүүрэл. Чойён хоёр "сорвиороо" цэлгэр нутгийнхаа зэргэлээт хөндий, сархиа нугачаа бүрийг шонхор шиг харна. Чойён хониныхоо тоогоор нутагтаа тэргүүлж явсан цаг саяхан. Халууцаж ядарсан хоёр төлөг холбоондоо ярдаглаад хэвтчихнэ. Чойён тэднийг эхлээд зодож нүдэлгүй буянт мал хэмээн арга эвээр босгож халуун салхи уруудуулан томолдож явсан бол сүүлдээ өөрөө цангаж туйлдаад бургасан шилбүүрээр хоёр муу төлөгнийхөө толгой руу тонших болов. 

Эзгүй дэрсний өлөн шумуул тэдний хөлөөр үүрнээсээ үргэн босох бөгөөд бөөн утаа шиг шумуулын чуулга толгой дээгүүр хуйлран нисэж, бөмбөгдөгч онгоц мэт довтлоход мань хэдэд амьсгал авахад бэрх боллоо. Чойён сэтгэл чангалж нүүр толгойдоо шавсан дэлэнчийг үргээлгүй "Муу заяаны амьтад цадаг цадаг" гэж булдруу болтлоо хэсэг хазуулаад эцэст нь тэсвэрлэлгүй нүүр хүзүүгээ шудрахад гарын нь алга нил цус болж байв. 

Өтгөн дэрсэн дотор салхи огт үгүй агаад шумуул улам бүрхэж хоёр төлөг алхахаа бүр болилоо. Хар морийг шумуул бүрхээд цайвар зүсмийн гэлтэй харагдана. Өглөө нарнаар гарсан өвгөний ам аймшигтай ангаж өдий насандаа ингэж зовж яваадаа бухимдлаа. Чойён хир болсон арзгар цагаан алчуураар толгойгоо битүүлэн боож, малын хөлс зунгаганд хатуу сур шиг болсон даавуу бүсэндээ зам зуурт таарсан ноос унгасыг түүж бут бутаар хавчуулсан нь бэлхүүснээс нь төөнөнө. Нэг сэгсгэр харганы толгойд бузгай том буурцаг ноос байхыг хараад мориноос буун авч бүсэндээ хавчуулаад эргэж мордохоос түвэгшээж морио хөтлөн төлгөө явган туув. Хар морь олон бууж мордоход нуруу хотолзуулан чихээ хулмагануулж муухай аашлах нуруу нь өвдсөний шинж тул өвгөн муу унаагаа өрөвдсөн ажээ.

Хар хавар байлаа. Жарангаас отор хийж Чойёнгийн нутагт өвөлжсөн Лувсан хавар нутаг руугаа нүүх замдаа Чойёнгийнтэй саахалт буув. Нутаг усанд нь цаг сүрхий хатуурч олон газраар нүүж сууж өвлийг давсан Лувсангийн мал их ядарч сульджээ. Тэгтэл Лувсангийн эхнэр амаржих болж шөл хийх тэвээрэгтэй хонь Чойёнгоос гуйв. Чойён олон ирэгтэй тул иймэрхүү зүйлд яахан цааргалах билээ. Гэхдээ эхлээд баахан үнэрхэж туньсны бөгсөнд тарган иргээ хоёр төлөгнөөс толгой салгажээ. Баярласан Лувсан хоёр төлгөө даруй өгөх гэхэд Чойён авсангүй. Онд орох орохгүй жижиг мал хаврын хариг цагт тэр бээр авдаггүй хүн. Хоёр төлгөө ногоонд цадаж, онд орох нь баараагүй болсон хойно өөрөө ч болохноо очоод авчихъя гэснээр өнөөдөр халуун наранд өртөө шахам газар “хүүе хайя-ыг мэдэхгүй нялх мал тууж харих гэж зүдэрч яваа нь энэ. 

Халуун салхи уруудан дөрвөн мөчөөрөө шумуултай үзэлцсээр яваа өвгөний ам улам цангаж хоолой хатав. Олойрт хар ялаархан сүх шиг хүнд толгойгоо дохисоор сүүлдээ эцэж туйлдаад цөхөрсөндөө шумууланд шавуулан гүлдийж, даахирч бөөгнөрсөн лужир сүүлээрээ хоёр бөөрөө ээлжлэн цүд цүд нүднэ. 

Чойён хонио тууж гэлдэрсээр дэрсний цоорхойн жижиг ногоон ширгэнд хүрч ирлээ. Зараагийн гол хэсэг хэсэг ширгэтэй ч сондуулд тогтсон хужир шүүтэй довны улаан шалбаагнаас өөр усгүй. Ганц нэг худаг малтаж амны ус гаргасан нь бий. Хар морь хоёр төлөг өт хорхой язганасан довны улаан ус ухаангүй залгилна. Чойён гайхаш тасраад тэр шалбаагнаас уух гэж амсаад залгиж чадалгүй тургичихав. Тэгээд хэсэг амраад цааш хөдлөлөө. Амраад хөдөлсний дараа бүр ч эцэж цангав. 

Орой тийшээ араас үлээх халуун салхи бага зэрэг тогтсон боловч жаргаж буй нар баруунаас нүүр өөд улам шарав. Чойён элдвийг бодлоо: Нэг хонио хоёр болгох гэж зүдэрч яваа нь мөн ч юм шиг, биш ч юм шиг. Хөгшин ямааны насгүй болсон түүнд хийж яваа ажил нь огт дэмий санагдахад нар улам шарж ам нь улам цангана. Бүсэнд хавчуулсан хэдэн бут ноос төөнөж уцаар хөдөлгөнө. Дэрс шигүүрч хоёр төлөг хэрж ороолдоод газар хороохыг бүр цэглэлээ. Тэднийг хээр хаячихаад гэртээ давхин очиж амныхаа цангааг ханатлаа гаргаад хаяагаа сөхөж ханаа дөрөөлөн унтмаар түүнд санагдлаа. Тэглээ гэхэд Чойён хоёр төлгөөр дутахгүй. Хоёр төлгөөр мал хийгээд эцсийг үзтэл хаа ч билээ. Төрсөн үр хүүхэд өвгөнд байх биш. Ерөөсөө харьж хэвтэх минь! Муу хар морио ч зовоочихлоо гэж бодсоноо хоёр төлгөө эзгүй дэрсэнд орхивол чонын хоол болох тул энэ хоёр надад гэм хийсэн биш эднийг тэгж боохойн аманд өгөөд ч яахав. Хөөрхий буянт малын ачаар би өдий зэрэг амьдарсан биш билүү гээд нөгөө хоёртойгоо хэрцэлдэв. Орой тийшээ шумуул дэлэнч утаа униар шиг бүрхэж бүдэг дуу чимээ нь сайн анирдвал эргэн тойрон гай гамшиг мэт битүүхэн жунганаж жингэнэв. 

Чойён төлгөө туусаар их дэрснээс гарах хэрд нар шингэлээ. Салхи эргэж баруун хойноос хурц исгэлэн ногооны үнэр ханхлуулан сэвэлзэх нь таатай. Хоёр төлөг сэргэж толгой өргөн товолзон алхаллахад Чойён урамшив. Баруун өмнөөс зүүн хойшоо хатган тогтсон хадтай хар хошуун дээр Чойёнгийнх зусаж буй бөгөөд хар хушууг Чойён Чанцаа хоёр Баян хошуу гэж хүндэтгэнэ. Уг нэр нь Хадан хошуу. Өдөрхөн улайсаж байсан Их бэрхийн хадан уулс тэр дороо хөрж, хяргамал ямаа чичирч хонох сэрүүхэн шөнийн дохио-сэвгэр салхи Хадан хушуун дээгүүр царван, шавгын аагтай гашуун үнэр сэнгэнүүлэн сэвэлзэхэд хоёр төлөг холбоондоо зүгшрэн шогшив. Сэрүүн салхи сэвэлзэхэд барьчих гэж довтолж байсан шумуул сураггүй арилж хар морь ялаа үргээж байнга хаялдаг толгойгоо сурсан зуршлаар ганц нэг дохин товолзох нь хөл хөнгөрсний шинж билээ. Чойён ч баярлан хоёр төлгөө өхөөрдөж, "Хоёул охин юм билээ, ирэх жил дөрөв болно" гэж шуналтав. 

Хоёр төлөг айлын бараа харуут туулгалгүй давхисаар тэдний гадаа ирлээ. Чойён өвгөн агсагдсан биеэ амраах санаатай эмээл дээрээ хазгай суусаар гэртээ ойртож ирвэл тэдний уяан дээр хэд хэдэн эмээлтэй морь харагдав. Юун хүмүүс манайд ирдэг билээ гэж гайхсаар дөхөж очвол эмээлтэй морьдын ганзганд том жижиг төмөр тамга унжиж үзэгдлээ. Тамгыг хармагц “дахин нийгэмчилгээ” гэсэн үг сонсогдох болсныг Чойен санаж дотор нь харанхуйлав. Наймхан жилийн өмнө би мянгаад хонио зүгээр өгсөн биз дээ гэж бодмогц зүрх нь ёгхийлээ. 

Тэр бээр уяан дээр бууж морио уяснаа ч анзаарсангүй нэг мэдэхнээ гэртээ орохоор бөгтөн бөгтөн алхаж явна. Түүнийг тосож гэрээс гарч ирсэн Чанцаа өвгөнийхөө цангаж ядарсан царайг харж өрөвдсөний дээр "Цаана чинь дахиад!" гэсэн дохио бүхий түгшүүртэй харцаар ширтлээ. Тэгээд гуншаа хамраа гонгонуулан, 

-Хэдэн малын чинь шавхрууг хамах улс ирчээд байна! гэв. 

Чойён учрыг гадарласан хэдий ч хөгшиндөө эрэлхүүгээр,

-Юу гэнэ ээ? гэж гэрт байгаа хүмүүст сонсогдохоор чанга зандрав. 

Чанцаа өвгөнийгөө өөртөө бус бусдад зориуд хашгирсныг мэдээд, 

-Хөөрхөн төлөгнүүд аваад ирэв үү? Явчих байгаа даа. Хонь хотолтол хашчих уу? гэв. 

Чойён дуугарсангүй. Дахин нийгэмчилгээний хуйхуйнууд ирээгүй бол тэд хоёр төлгөө барьж аваад баахан шинжиж өхөөрдөх байсан биз. 

Гэрт байсан дарга нар нээлттэй хаалгаар гэрийн эзэн өвгөн айсуйг харж сууцгаав. Сумын нарийн бичгийн дарга Эмээл дээд талдаа суусан аймгийн төлөөлөгч Шагдарт, 

-Өвгөн ч ирлээ дээ. Шуудхан үзэхгүй бол адармаа гаргаад байж мэдэх хөгшин шүү гэснээ ихэмсэг жуумалзаад, -Гэхдээ зайлуул аймхай л даа гэж тодруулж бардам ханхалзав. 

-Өө тийм үү гээд аймгийн төлөөлөгч бохирч суусандаа өвдсөн хөлөө сэлгэн шороотой адсаган дээр хөлбөрөх нь суух сандалгүй бүдүүлэг айлд арга барагдсан янзтай. 

Мэнд амар мэдэлцэх зуур Чойён том модон аягаар цай дахин дахин залгилав. Сандалгүйгээс өвдөг нь тэсэхийн аргагүй өвдсөн аймгийн төлөөлөгч тарган Шагдарын хэрхэн яаж суухаа мэдэхгүй шаналахыг долдгонуур Эмээл анзаарч энэ бүгдэд Чойён өвгөн буруутай санагдаж, өвгөнийг сүрдүүлэхээр цүнхээ уудалж бичиг цаас гаргаад өвгөнөөс энэ тэрхнийг албархаг даргамсаг лавлалаа. Тэгснээ, 

-Чойён гуай хаа хүрээд ирэв? гэж сэжиг бүхий асуухад Чойён дуугаралгүй аягатай цайгаа залгилж дуусаад, 

-Тарнын голоос хоёр төлөг тууж ирлээ гэв. Эмээл дарга, 

-Тэр холоос халуун наранд хонь тууж ирэх яггүй байгаа биз дээ? гэхэд Чойён,

-Хэлээд яахав, заяатай л шазайж үхсэнгүй ирлээ гээд дахин цай аягалав.

Ингэж ярилцсанаар яриа дуусаж нам жим боллоо. Нэлээд удав. Гэртээ хүмүүс ирээд байхад дуугаа хураагаад суух Чанцаад эвгүй оргиж дэмий л, 

-Хүүхдүүд цай ууцгаа гэвэл Чойён авгайнхаа яриа сэдсэнд олзуурхан, 

-Тэг тэг, хүүхдүүд цай ууцгаа гэснээр яриа дахин тасарлаа. 

Эмээл дарга аймгийн төлөөлөгчийн амыг нэлээд харж сууснаа тэсэлгүй, 

-За Чойён, бид таны илүү гарсан хувийн малыг худалдаж авах гэж явна гэхэд Чойён, 

-Худалдаж авах аа? гэж ёжтой дуугарав. 

-Тийм ээ, бэлэн мөнгөөр худалдаж авна! гэж Эмээл бардам хэлэхэд өвгөн бодолд хэсэг орсноо,

-Та нар тэгээд ямар үнээр авдаг улс вэ? гэв. Аймгийн төлөөлөгч Шагдар, 

-Гэхдээ сайн дурын үндсэн дээр шүү. Энд ямар ч албадлага хавчилга байж таарахгүй гэж аймгийн намын хорооноос авсан заавраа хожимдолгүй анхааруулж амжаад бохирч суусандаа тэсэхүйеэ шаналсан үе мөчний өвчтэй муу хөлөө сэлгэн янцаглав. Аймгийн төлөөлөгчийн хэлсэн "сайн дур" гэсэн үгэнд дургүйцсэн Эмээл, 

-За Чойён түргэлье! Бидэнд цаана нь орох айл олон байна. Чи илүү малаа нэгдэлдээ зарахад цааргалахгүй юм байгаа биз дээ? Гашуун Долооны голын бүх айл илүү малаа үг дуугүй өгч байна. Хөгшин хүнд олноос онцгойрвол муухай биз дээ гэвэл Чойён, 

-Надад юун илүү мал байхав. Энэ жил манай мал ноормондоо хүрэхтэй үгүйтэй байгаа гэлээ. 

Эмээл дарга энэ үгэнд ад нь хөдлөв болтой "тэгэхгүй шүү хөгшин боохой минь" гэсэн харцаар цоргиод, 

-Одоо бэлэн байгаа малын толгойн тоогоор авахгүй ээ. Өнгөрсөн жилийн тооллогоор танай амины мал нэгдлийн үлгэрчилсэн дүрэмд зааснаас гучин хонь, таван үхрээр илүү байсан байна. Тэрүүгээр чинь л авна. Авна гэнэ, худалдаж авна гэж залруулав. 

-Ноднингийн тооноор илүү байсан мал маань үрэгдэж хорогдоод одоо яг тоондоо л байгаа. Худлаа гэвэл хүүхэд минь та нар тоолоод үз. 

-Тоолохгүй ээ, цаанаасаа ноднингийн тоолуулсныг баримтлан ав гэсэн заавартай юм. 

-Байхгүй малыг маань яаж авах болж байна?

-Авах биш, худалдаж авах гэж чи яриарай. Эсвэл чи нам засгийн бодлогыг эсэргүүцэж байна уу? Тийм бол эсэргүүцэж байгаагаа шударгаар хэлчих! Бид бичиж аваад шуудхан явъя гэж хэнхэг Эмээл сүрдүүлэв. 

-Хөгшин надад нам засгийн эсрэг бодол хаанаас байхав. Харин ноднингийн тооноор илүү байсан мал маань өнөөдөр алга, одоо яг тоондоо л байгаа гэж би хэлж байна. 

-Тэр хамаагүй ээ, чи зараад авдрандаа хийчихсэн хойно одоо байгаа малаас чинь гучин хонь, таван үхэр авахдаа л авна. Авна гэнэ, худалдаж авна гээд Эмээл аймгийн төлөөлөгчөөс бяцхан нэрэлхэв. 

Аймгийн төлөөлөгч тарган Шагдар өвдсөн хөлөө сэлгэх зуур,

-Гэхдээ өвгөн гуай минь, энэ бүгд сайн дурын үндсэн дээр л явагдана шүү гэв. 

-За Чойён! Шийд шийд! Энд албаны хүнийг бүү чилээгээд бай хэмээн Эмээл дарга шаардаад Шагдар төлөөлөгчид сандайлчихаар юм гэрт нүдээрээ хайгаад олсонгүй. 

Чойён өвгөний царай бухимдангүй болсноо, 

-Сайн дур юм бол би малаа өгөхгүй ээ гэв. 

-Өгөхгүй биш, худалдахгүй гэдэг болоосой гэж зааварлаад Эмээл Шагдарын зүг сэм хяламхийв. Чойён,

-Яасан ч надад адилхан. Өгөх ч үгүй, худалдах ч үгүй. Үнэхээр л сайн дур юм бол гэж хэлээд гүрээнийхээ бүдүүн судсыг гүрэлзүүлэхэд аймгийн төлөөлөгч Шагдар, 

-Өвгөн гуай тэгж болохгүй шүү. Нам засаг тархай бутархай мал аж ахуйг хоршоолох түүхэн бодлого явуулж байна. Нам засгийн энэ бодлогыг дэмжихгүй, нэгдэхгүй байна аа гэдэг чинь угтаа очоод,.. 

Чойёнгийн хоёр чих дүлийрч аймгийн төлөөлөгчийн ам ангалзахаас бус дуу нь дуулдахаа больсны дээр нүд нь аажуухан харанхуйлж эхлэв. Төлөөлөгчийн ам ангалзсаар л байлаа. Хэдэн малаас болж алтан амиа алдах нь ээ гэж Чойён бодоод авав. 

Нэг мэдэхнээ Чойёнгийн сэрвээ чээжийг хүн барилаад эхлэв. Мэдээж Чанцаа нь байлаа. "Халуун наранд хол газар хонь туугаад хөөрчихөж" гэх нь бүдэгхэн сонсогдов. Тарган Шагдар хүний аминд орох нь уу гэж ухаангүй айв. Энэ өвгөн үхвэл би хэрэгт орно гэсэн айдас төрүүт Шагдар, 

-Явцгаах уу? гэж Эмээл даргыг их л сэмхэн нударлаа. 

Эмээлд хөдлөх янз алга. Тэр ч байтугай Эмээл хамаг биений нь хар хөлс цутгаж царай нь хувхай цайсан Чойён өвгөнийг үзэн ядсан харцаар ширтэнгээ аймгийн төлөөлөгчийн чихэнд хошуугаа наагаад “Энэ муу үхэхгүй ээ, хол оо хэвтэнэ” гэж ууртай шивгэнэв. 

Эцэст Чойёнгийн нүдэнд Эмээл, Шагдар, бусад хоёр хүн бүдэгхэн бүрэлзэж ирмэгц тэр бээр нэрэлхсэндээ уужрахаар уртаар амьсгал автал Эмээл,

-За тэгээд шийдэв үү? гээд муухай харахад Шагдар төлөөлөгчийн зэвүү энэ удаа Эмээл гэгч өөдгүй амьтанд ихээр хүрлээ. Гэвч түүнийг өөрийгөө аймагт матаж магадгүй хэмээн айж худлаа ч болохноо түүнийг дагаж хэнхэглэхийг чармайв. Эмээл муужирсан өвгөнийг зэвүүцэн ажиглаж сууснаа,

-За Чойён, бид явлаа шийдээ хэл! гэж ширүүлэхэд Чойён, 

-Та нар тэгээд ямар үнээр авч яваа улс вэ? гэж цөхрөнгүй асуулаа. Эмээл дарга, 

-Тугалтай үнээ 200, эм хонь 60, ямаа 50 төгрөг гэвэл Чойён ёжтойхон, 

-Тугалтай үнээ чинь орон нутгийн жишгээр 400-500 төгрөг. Хэрэв сайн дур юм бол би тугалтай үнээгээ нэгдэлд биш амь хүнд 400-500-гаар худалдаж болохгүй юу? гэвэл аймгийн төлөөлөгч суудлаа засангаа, 

-За харин тэгэх л юм бол өвгөн гуай минь ноцтой асуудалд орно шүү. Тэгсэн хүн наад зах нь нам засгийн итгэлийг бүрэн алдана даа гэж сануулав. 

-Сайн дур гээд байгаа биз дээ гээд өвгөн гайхширангүй толгой сэгсэрлээ. 

-Тийм ээ, сайн дур! гэж төлөөлөгч хариулав. 

-Тэгсэн мөртлөө өгөхгүй байж болохгүй, бас хачин сайн дур аа?

-Өгөх биш, худалдах! 

-За яахав худалдах! Гэхдээ тугалтай үнээгээ би нэгдэлд 200 төгрөгнөөс илүү үнээр худалдах эрхгүй, бас худалдахгүй гэх эрхгүй, тийм сайн дур. Хөгшин би зөв ойлгож уу? 

-Гэхдээ юу л даа, сайн дур л даа. 

-Сайн дур юм бол би малаа тийм хямдхан худалдахгүй. 

-Харин тэгж болохгүй шүү. 

Арга нь барагдсан Чойён бодолд орсноо нэгийг санав янзтай, 

-Миний таван үхэр, гучин хонь ноднингийн тооноор илүү гарсан боловч надад адуу тэмээ гэж байхгүй. Тэгэхээр би байхгүй тэмээ адуугаа үхэр хониороо орлуулан авч хоцорч болох уу? гэж эцсийн найдвар тавьж асуув. 

-Тэр болохгүй ээ! гэж Эмээл Шагдар хоёр зэрэг дуу алдлаа. 

Дотор нь харанхуйлсан Чойён ууртайгаар, 

-Авцгаа авцгаа! Ноднингийн тоогоор хэчнээн мал илүү байсан бэ, бүгдийг хамцгаа! Миний энэ хэдэн мал чинь улс гүрний л сүрэг. Харин би нэгдэлд өгснөөс үлдэж хоцорсон хэдийгээ өсгөх гэж жилд нэг үхэр хүнсэндээ хэрэглэдэг байсан юм. Одоо тэгвэл жилд хоёр үхэр иддэг болно доо. Бүгдийг дээрэмдэцгээ! гэж багтрахад аймгийн төлөөлөгч Шагдар баярласандаа босон харайж эгээтэй л гуяа алгадсангүй. Тэр бээр, 

-Илүү малаа нэгдэлдээ худалдаж олныг дагалгүй яахав. Хэдхэн жилийн өмнө өч төчнөөн малаа зүгээр нийгэмчилж байсныг бодвол одоо бол мөнгөөр худалдаж байна. Нам засаг ч малчдаа гялайлгаж байна шүү, тийм ээ Чойён гуай! Хэчнээн сайхан! Социализмын давуу тал ийм л сайхан байгаа юм даа гээд оршиж чилсэн хоёр хөл дээрээ хүнд биеэ дааж ядан гэр дотор хавьчив. Төлөөлөгчийн энэ хуурамч өөдгүй үгэнд Чойёнгийн ой гутлаа. 

Эмээл дарга гэрийн хоймор бурхны өмнө босож зогсоод,

-Чойён чи сонс! Таван үхэр гэдэг чинь таван бяруу биш шүү. Гучин хонь ч гучин хурга биш гэж хяхуурхаад гэрээс гарангуут хахир чанга дуугаар хоёр туслахдаа, -Хонийг нь хөөгөөд ир! Үхрийг нь элдээд ир! гэж гуагалав. 

Өвгөн Чойён дэлгээтэй үүдээрээ Хөгнө хан уулаа харж уужрах гэтэл нулимс бүрхчихээд чадсангүй. Дэмий л "Ийм ч цаг үе гэж байх чухдаа" хэмээн битүүхэн уулга алдтал чих нь дахин шуугьж нүд нь аажуухан эрээлжилж эхлэлээ. 

1989