Зөнөг залгахад яадгийг эдэлж буйн хувьд мэдэрснээ хойч үедээ дамжуулъя. Ер нь зөнөхөд цаашлаад үхэхэд эртнээс бэлтгэхэд гэмгүй. Зөнөг гэгдэх тэнэг гэгдсэнээс арай дээр. Учир нь зөнөг бол насных, тэнэг бол төрөлхийнх. “Тоншуул” сэтгүүлд дөчөөд жил ажилласны улбаа-шүүмжлэх дон маань миний араншинд гүн шингэжээ. Өөрийгөө ажиглахад өвгөрсөн хойноо юм юм шүүмжлэх санаа цухалзуулах нь гайхал төрүүлдэг болов. Бүр арилахгүй янзтай гээч. Муухай өтөлж байна. Нийгмийн согогийг засах гэж хэнхэглэнэ. Шүүмжилнэ. Шүүмжлэхдээ зүгээр ч шүүмжлэхгүй. Зөнөсөн атлаа шог сэтгүүлийн бичлэгээр чимхэх гэж хүний дургүй хүргэнэ. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг л болоод байх шиг. Энэ муухай зангаас салгаад өгвөл амрах сан.

Улс болгонд шог зохиолч гэх гажиг этгээд түүхэнд тасраагүй бөгөөд тэр бээр дээдэст ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Шог зохиолч-нийгмийнбохирын слесарь хүн. Даажинтай хувь заяандаа шог зохиолч гомдох илүү зан. Хорвоод тийм азгүй нэгэн төрөх ёстой агаад тэр тавилан надад оногджээ. Хувийн өмч устаж нийгмийн өмч ноёлмогц угийн залхуу монголчууд биеэ дайчилж чармайхаа цэглээд, лазганах залиар намынхаа онолоос илүүрхэв. Өөрийн гэх өмчгүй, амины гэх үзэлгүй хувхайрсан монголчууд тархиа унтраагаад, зөвлөлтөөр хөтлүүлэн коммунизм байгуулж эхэлсэн. Ингэснээр бид цөм шүдтэй тулмууд болсон бөгөөд тулманд гар хөл толгой байдаггүй. Ганц том ам л бий. Ичихгүй болох тэнэгрэл. Адгуус ичдэггүй. Хүн ичдэг. Ичих мэдрэмжийг бөхөөхгүйн төлөө зохиолч хошигнодог.

Бичсэнээ сайтад тавихаар уншсан хүн намайг буруу зөнөлөө гэж элдвээр доромжлох болжээ. Зөнөхийн хувьд зөнөх нас минь аль эрт өнгөрсөн. Урт насалсан маань буруу болоод байна. Бичсэнээ уншихаар зөнөөгүй хүн шиг өөрт санагддаг нь миний буруу өтлөлтийг дэвэргэж буй чөтгөрийн дохуу юмсанж. “Зөнөснөө хүн мэддэггүй юм гэнэ лээ” гэж өөртөө байнга сануулах авч насан турш оролдсон ажлаа орхиж чадахгүй элийрлээр зөнөжээ. Бичсэнийг минь голоод нэг ч хүн уншихгүй бол тоогүй яа гээд тэтгэвэртээ гарч хийх ажилгүй уйдсан би бээр өөрийнхөө уншигчийн үүргийг давхар гүйцэтгэж суугаа өвгөн. Би одоо дан зохиолч бус зохиолч-уншигч гэсэн давхар үүрэг хүлээсэн том амьтан болжээ. Яг л УИХ-ын гишүүн-сайд гэх шиг. Гишүүн-сайд гэх давхар алба хаших эрх мэдэл, их орлого зэрэг нь арвин бол нэг ч уншигчгүй зохиолч ямар эмгэнэлтэйг тэр болгон хүн мэдэхгүй нь харамсалтай.

Өөрөө бичээд өөрөө унших уг нь бусдад нэмэр ч үгүй, хор ч үгүй. Ажил огт хийхгүй зүгээр суусныхаа төлөө тэтгэвэр хүртдэг их аз заяа шүү. Аав ээж минь нэгдлийн ялтай мал насан турш дагасаар тэтгэвэр авч үзэлгүй өнгөрсөн. Гэхдээ тэтгэвэр мөнх үргэлжлэхгүй үхлээр хясдаг нь тиймхэн. Өнөөдөр тэтгэвэртээ гараад маргааш мажийх эмгэнэл цөөнгүй. Тэтгэвэртээ гараагүй зохиолч өөрөө бичээд, өөрөө уншаад амьдарч чадахгүй. Өлбөрч үхнэ. Харин тэтгэврийнх бол өөр хэрэг. Эрих эргүүлж маани мэгзэм уншаад юу ч хийхгүй суусан ч тэтгэврээ хүртээд л байдаг. Сайхан уу? Сайхаан! Тэтгэвэр бол зохиолч мөнгөнд үл худалдагдах ганц алтан боломж. Тэтгэвэр бол өнөөн цагт хэнээс ч үл эмээж, дураараа шүүмжлэх ганц эр зориг. Би сар бүр хүртэж буй тэтгэврээ зохиолоо өөрөө бичээд өөрөө уншсаны төлөө авч буй шагнал гэж сэтгээд түүндээ итгэж өөрийгөө урамшуулдаг зохиолч болжээ. Уран бүтээл урамгүйгээр хөдөлдөг ажил биш. Миний тэтгэврийг хэнбугай ч хасаж үл чадна. Ямар ч хүчирхэг дураараа Олигархи тэтгэврийн өвгөнийг ажлаас чинь хална гэж дарамталж чадахгүй. Тэтгэвэрт гарснаар миний зүрх чулуу болжээ. Зоригтой бичдэг зохиолч нийгэмд хэрэгтэй биз дээ. Тэтгэвэргүй бол би хэн нэг баяны халаасны зохиолч болсон биз. Төр засаг минь тэтгэвэр гэгч сайхан буянаа хайрлаж намайг эр зоригтой хүн шиг хүн чигээрээ төгсөхөд тусалж байна. Учир иймээс тэтгэврээрээ амиа борлуулдаг өвгөнийг аль нэг намын бөгс долоогч гэж интернетэд жиргэх зөнөг өвгөний тавьсан тэнэмэл суманд шархаа шүргүүлсэн өчүүхэн амьтны ёо-ёо байх магадлал өндөр.

“Бичдэг” золгийн зангаар зөнөснийг минь мэдэв үү? Интернетэд зарим нь буруу зөнөлөө гэж харааж байхад зарим нь зөв зөнөлөө гэж талархаж байх жишээтэй. Хөгширч буйдарсан өвгөнд аль нь үнэнд ойр эсэхийг ялгах чадвар барагджээ. Багачуудын торгомсог оюун миний үхширмэл үзэлтэй сөргөлдсөнөөс бодит үнэн тод гэрэлтэж нийт олонд түвэггүй ойлгогдвол миний зөнөсний хэрэг бүтэх нь тэр. Ийнхүү өвгөн би тэтгэврээ сар бүр зооглоод хуучинсаг уншигчийнхаа нервээр наадаж, түүнийг ардчилалд түлхээд нүд анихаа хүлээгээд сууж байна.

Багачуудын хувьд тэд хөгшчүүдээс өөр. Золигнууд чинь ардчилсан талдаа. Багачууд надад хэлж байна: тэтгэврийг чинь засаг өгч байгаа юм биш. Та 40 жил цалингаасаа шимтгэл төлж, бичсэн ном зохиолынхоо хөлснөөс суутгуулсан хураамжаа хөдөлмөрлөх чадвараа алдсан насандаа сар бүр цувруулан “тэтгэвэр” гэж авч байгаа юм. Төр засаг үүнд огт хамаагүй. Зөнөг минь та өөрийнхөө мөнгийг өөрөө идэж буйгаа ойлгооч гэж сэнхрүүлнэ. Би “Тэглээ ч гэсэн засгийн минь хишиг” гэж зүтгэнэ. Тэдний ятгалгад илт дургүйцсэн тоомжиргүй додигор хөгшин толгойгоо гөжүүдээр сэгсэрч ардчилсан золигнуудын зэвүүг асаана. “Өөрийнхөө мөнгийг өөрөө хүртэж байна” гэсээр байхад “Үгүй засаг өгч байгаа мөнгө” гэж тэнэгтээд буй өвгөнд багачуудын уур хүрч ад хөдөлнө. Тэгэх тусам би “Тэтгэвэр гэдэг төр засаг буян хишгээ хөгшин надад үхэхийн өмнө хайрлаж буй мөнгө” гэж зориуд гөжнө. Дургүй хүрэм хуучинсгаар ингэж зүтгэснээр залуусын гэдэнг хөдөлгөж, тэднийг хэрэггүйгээ түргэн орхиж, хэрэгтэйгээ батжуулж ав гэсэн өдөөн хатгалга л даа уг нь. Хуучнаа үхэн хатан хамгаалагч миний зэвүүн дүрд миний нууц оршдог юм. Энэ нууц-миний зөнөг юм. 

“Төрийн алба” гэснийг багачууд “Нийтийн алба гэж нэрлэнэ. Төр бол үйлчилгээний байгууллага” гэхэд би “Тэгж донгосохгүй шүү моньднууд минь. Төр бол өчүүхэн муу зарц биш. Төр бол хурмаст тэнгэр” гэж би тэдний шарыг гозойлгоно. Залуусын аазгайг асааснаар тэдний ардчилсан үзлийг улам дэвэргэж буй санаатай юм гэж дээр цухуйлгасан. Өөрөөр хэлбэл би хэдий чинээ зөнөнө тэд төдий чинээ ардчилагдах нигуртай гэх тактик аминдаа боловсруулсан зөнөг л дөө. Зөнөг толгой гаднаа хуучин нийгмээ өмөөрч залуусын зэвүүг хүргэх авч дотроо ардчилсан үзэл өөд тэмүүлж буй тэдэнд олзуурхна. Олон янзаар зөнөдөг болтой. Би л гэхэд хөгшид багачууд цаашлуулдаг ад мөрийн зангаар зөнөдөг байна шүү. Иймэрхүү маягаар зөнөж үхлээ хүлээх бас ч гэж ганцаардаж гиюүрэхгүй юм аа хөөрхий. Зохиолч хүн үл ганцаардах заяатай юм бол уу.

Насны эцэст шүүмжлэхээ больё гэхээр сонгуулийн луйвар, авилга, нутгархаг хуйвалдаанаар хүчирхэгжсэн бүлэглэл татвар төлөгчдийн мөнгийг улайм цайм завшиж, улсын төсвийг алдагдалд унагаад, хариуцлага хүлээх байтугай улам мандаж, Төр Засгийн торгон оргилд асахад зөнөсөн өвгөний ч гэсэн зэвүү хүрдэг юм байна. Зад баяжсан хулгайч ял сонсохгүй Ерөнхийлөгчид нэр дэвшиж хуулиар даажигнахад зөнөгөө мартаад үзэлцмээр мэнгэрлэнэ гээч. Төсвийн мөнгө хулгайлахдаа ядаж зөнөсөн хөгшдөд ажиг авахуулахгүй цэвэрхэн хулгайлж сурмаар юм. Дуугай дугаргийлаад, цаашаа цагираглаад мөрөөрөө үхэхгүй миний бухимддаг илүү зан л даа. Тэд ямар миний тэтгэврийн хэдийг хусчихсан биш. Аман дахь бүх шүдээ унаж гүйцэхээр хэлээ бүрэн эрх чөлөөтэй боллоо гээд дураараа хуцаж гарвал зөнөж буй нь тэр шүү. Намайг зүхдэг жиргээчдээс би буруугаа ойлгосон хүн. Тэдний арай боловсон нэг нь намайг саваагүй нохой саранд хуцлаа гэж зүйрлэсэн нь сүрхий оносон. Яг үнэн. Ардчиллын үед шүүмжлэл саранд хуцахтай ижил болжээ. Аливаа шүүмжлэлийг нэг сонин “оносон” гэхэд нөгөө сонин “оноогүй” гэнэ. Нэг нам “зөв” гэхэд нөгөө нам “буруу” гээд үр дүн нь замхарна. “Тоншуул”-ын үед тиймгүй байв. Шүүмж зөв бол мөрөөр нь арга хэмжээ авсан хариуг нийтэлнэ. Шүүмж хилс бол сэтгүүлчид арга хэмжээ авснаа зарлана.

Балчир наснаас “Тоншуул”-д ажилласны муу зуршил-хөгжлийн чөдөр тушаа бүрийг шүүмжлээд арилгачихна гэсэн гэнэхэн итгэл үнэмшил минь надаас одоо хэр салахгүй буруу өтлүүлээд, зарим хүний адыг хөдөлгөөд байгаа юм. Шог хошин зохиолч өөрийн уншигчтай, бас өөрийн дайсантай байдгийг дахин хэлье. Надтай ижил үзэлтэй нь талархаад, ижилгүй нь дургүйцдэг янзтай. Нууж явдаг шархаа хөндүүлсэн эрхмүүд бол уурлах нь мэдээж. Шог зохиолчийн амьдрал дуралмаар бус байгаа биз? Би төрөлхийн шооч хүн биш. Хошин шогийг дагнасан өвөрмөц нийтлэлтэй “Тоншуул”-д насаараа ажилласнаас гайтаж гэмтчихсон хүн. “Тоншуул” бус өөр ямар нэгэн газарт, жишээ нь “Намын амьдрал” сэтгүүлд ажиллаж насыг элээсэн бол амьдарч явсан нийгмээ магтсан, налгар сайхан хөгшин Тусгаар тогтнолын ордон хавиар хүндлэгдэн одон медалиа яралзуулж яваа. Тэгэхээр буруу зөнөсөнд минь “Тоншуул” буруутай ч юм шиг. Гэвч гол нь надаас л болоо. Адгийн мунхаг биеэ өмөөрөхийг урьтал болгодог. “Тоншуул”-д ажиллахдаа ур авъяасаа билүүдэж, олны таашаал татах гэсэн өчүүхэн чармайлт минь өтлөхийн цагт мууд дурлагч зөнөг толгой болж хувирсан нь хорвоогийн даажин гэлтэй.

“Тоншуул” сэтгүүлд бид ганцхан ажил эрхлэдэг байв. Тэр нь дутагдал засах. Гэхдээ засаж чадсан дутагдал бараг байхгүй байх. Хүний мууг арилгах хэцүү юм билээ. Тэр байтугай би өөрийнхөө мууг ч арилгаж чадалгүй насыг элээх шив. Монголчууд ардчилал, зах зээлд орсноор хүн биш болчихсон улс биш. Социалист нийгэмд ч гэсэн “Тоншуул”-ын хэдэд ахадсан гажиг тоймгүй байсан. Сургуулиа алтан медальтай төгссөн нэгдлийн малчны хүүхдийн Германд суралцах хуваарийг үлгэр жишээ коммунист дарга булааж аваад өөрийн хүүхдэд өгөх энүүхэнд. Матарлах гэхээр аав нь бүгд хурлын гишүүн тул хоншоор дутаж хий л бухимдана. Соц. нийгэмд өрсөлдөөн олонгүй. Албан тушаал, орон сууцанд орох хоёрхон өрсөлдөөн байв. Энэ хоёрт арын хаалга дээгүүрээ хүчтэй. Илчлэх гэхээр өөдөөс “Малаа үхүүлээд байгаа ухамсар дорой өнгөрсөн нийгмийн үлдэгдлүүдийг үндсээр нь цэвэрлэж чадахгүй байж бас нам улсын хариуцлагатан өөд аслаа” гэж загнана. Хуучин нийгмийн үлдэгдэл муусайн малчдыг бид бут авч өгнө. Гэвч ядмагт эр бяр гаргасандаа шогчид дотроо гутарна. 

Юм ховор байжээ. 4-р дэлгүүрт сүү гарч байна, сэм амжаарай. 1-р дэлгүүрт мах очергүй байна гэнэ, гүйгээрэй гэж шивнэлдэнэ. Сайд нарын 10, мэргэжилтний 20, орос дэлгүүрийн үүдэнд золбин нохой шиг хөөгдөнө. “Иж бүрэн улс хүлээлгэж өгсөн” гэж саяхан нэг тойрон хүрээлэгч ярилцлага өгсөн байна лээ. Төр засгаа хүлээлцэхэд картын бараанд байсан санагдах юм. Дэлгүүр гуанз ой гутам заваан. Лангуун дээр буртаг шороо болж хар ялаа бужигнасан сэжиг хүрэм мах байвал золын заяа. Хотын төвд хуруу дарам хэдхэн гуанзтай бөгөөд тэнд очер оволзоно. Хоолны чанар найгүй. Ургамлын тос байсангүй. Хуршсан өөхөн тосны хиншүү хоолой хорсгоно. Ийм нөхцөлд гадаадын зочинд үйлчлэх мөн хэцүү сэн. Энэ бүх доголдлуудаа нам засаг гагцхүү намч ангич шүүмжлэлээр ухамсарлуулан засах онолтой бөгөөд цалинтай байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын бид тав нэмнэ. Харин “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч, бид тав захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай байна. Захиалга өссөн нь бидний сайных бус. Социализмыг гоёчилсон далан жилийн бялдууч магтаалд бухимдсан уншигчид нийгмийн ялзралыг гагцхүү шударга шүүмжлэл эмчилж чадна гэж горьдоход хүрсэн билээ. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өссөн юм.

Бүх өмч нийтийх болуут ард түмэн амжаад хуурамч зантанд хувирчихдаг бичигдээгүй хуультай юм билээ. Хоолны чанар муу байсан нь монгол хүн ерөөс хоол хийх чадваргүй төрсөндөө бус гуанз нь улсынх учраас тогтмол цалинтай тогооч нарт падлийгүйд хамаг гэм нуугдаж байв. Лангуун дээрх мах ногоо бохир, борлохгүй байх тогтмол цалинтай худалдагч нарт хүртээлгүй. Муудаж өмхийрвөл улс хохирно уу гэхээс дэлгүүрийн дарга хохирохгүй. Бүх бүтээгдэхүүн хямгадах хайрлах оноосон эзэнгүй, борлох борлохгүй нь хэнд ч хүртээлгүй болчихсон нийгэмд ажилчид чанартай юм хийе гэж чармайхаа болиод оромдож нүд хуурна. Ажилчин анги социалист шахуу төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чанарыг орхиод тооны хойноос хөөцөлдсөн хуурамч иргэд болсон билээ. Дотоод үйлдвэрийн гологдол бараа борлохгүй, агуулахдаа багтахгүй болсон гажуудлыг арилгаж чадаагүйдээ “Тоншуул” хүртэл бүх байгууллага нилдээ МАХН-ын ТХ-ны ээлжит бүгд хурлуудаас зэм хүртэнэ. Хариуцлага бас эзэнгүй хавтгайрсан нь энэ. Хичнээн шүүмжлээд нийгмийг хөдөлгөж чадахгүй нь сүүлдээ 80-иад оны үед “Тоншуул”-ынханд ойлгогдож, гарах гарц нь нийгмээ хувийн өмч рүү өөрчлөхөөс өөр замгүйг Япон мэтийн орны сургаар гадарласан билээ. Энэ нь “Тоншуул”-ын бид олон жил цалин хүртсэний хариуд “яавал дутагдал засрах вэ” гэж социализмын гацаа бүхэнд анализ хийхийг оролдож амьдарсных гэлтэй. Шүүмжлэл ашиггүйдээ бус бид буруу юм шүүмжлээд байжээ. Чармайх шаардлагагүй болчихсон социалист нийгмийн залхуу иргэдийг шүүмжлэх бус, харин хувийн өмчийг устгасан тогтолцоог өөрчлөх нь зөв гэдгийг ухаарсан ч тэгж шүүмжлэх амиа хорлохтой дүйж байлаа.

Тэгтэл нэг сайхан өдөр юм асуухад дуугардаггүй худалдагч нар худалдан авагчдыг “Та энийг аваач. Ийм ч сайн, тийм ч чанартай” гээд долоочих нь холгүй болсон гэж байгаа. Яасан бэ гэсэн чинь тэд хувийнхаа барааг зарж буй нь тэр юмсанж. Худалдан авагчдыг татахын тулд лангуу, бараа өнгө орж гялалзав. Лангууны дэргэд өчүүхэн төдий эргэлдвэл “Та юу авах вэ?” гэж шалгаана. Инээмсэглэсэн худалдагч хиамнаасаа хутгаар нимгэн илээд амсуулна. Хорхой ааруулаа цөцгийнд дүрээд аманд хийчихнэ. Хоорондоо ойрхон хувийн гуанзныхан “Манайд орооч” хэмээн хаалган дээрээ хошуу дэвсэж өрсөлдөнө. Тэд ингэж хувирсанд “Тоншуул”-ын шүүмжлэл огт хэрэг болоогүй. “Тоншуул” шүүмжлэх ёсгүй юмаа шүүмжлээд, шүүмжлэх ёстой юмаа орхисон алдаа байв гэж хэлснээ давтъя. Шүүмжлэл ерөөс хэрэггүй гэж би тэнэгтэхгүй. Саваагүй нохой-би саранд хуцсаар л байх болно. Шүүмжлэл гагцхүү байгаа онох. Нууц шархаа хөндүүлсэн этгээд хараахгүй баярлана гэж ямар ч нийгэмд байхгүй. Тэгэхээр хараал зүхэл бол шог зохиолчийн хувьд бас нэг үнэлэмж юм.

Дутагдал доголдлыг шүүмжлээд засчих нь гэсэн “Тоншуул”-аас угшилтай гэнэн мөрөөдөл маань өдгөө хөгшин надаас салахгүй юм бичүүлээд байна. Зөв шүүмжлэл байгаа оновол эм болдог гэж зөнөх тусмаа итгэсээр. Хүн, нийгмийн сул тал зөв шүүмжлэлээр засардаг нь хөгжил дэвшлээс харагддаг. “Тоншуул”-ын үед буруу юм руу харж хуцсан алдаандаа дүгнэлт хийж, ардчиллын үед хуцах ёстой юм руугаа харж хуцмаар хэнхэлзэнэ. Олонтаа шүүмжилсэн социализмын гажиг баяртай, угтан золгож буй ардчиллын гажиг сайн байна уу гэлтэй. Энэ бол шог зохиолчийн тавилан. Гашуун авч үнэн үгтэй зохиолчийг үл адлах үзэл уг нь ардчиллынх. Р.Чойном шиг шоронд орох эрсдэл алга болжээ.

Ёс зүйтэй хүн луйвар хулгайгаас зай барьдаг. Ичих жигших мэдрэмжээ алдсан нийгэм яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай. Ад хөдлөм увайгүйчүүд шог зохиолчдыг хурцалдаг. Төсвөө булаацалдаж хулгайлаад Монгол өрөнд унав. Хувийн шуналаар хүн амаа хоослоод байхаар чинь хуучин “Тоншуул”-ын хууч хөдлөөд дуугармаар санагдах юм. Болохгүй бүтэхгүй болгон даруй засарч эв гавандаа ороод хөгжлийн галт тэрэг хурдаа аваасай гэж хөгшин ухнын насгүй атлаа мөрөөдсөөр зөнөдөг юм байна шүү хүүхэд минь. Миний зөнөсөн яах аргагүй үнэн. Интернетээр “Зөнөг ухна бушуу үхэж далд орооч” гэж зүхсэн эрхмийн хүслээр болох юу удааж. Шүүмжлэх дутагдалгүй, бурхны гэмээр нийгмийг би үзэх нь байтугай коммунизмээс өөрийг сонсоогүй. Дутагдалгүй коммунизм гэгч шамбал руугаа буцъя гэтэл зам нийлэх хүн нэг ч гарсангүй. МАН-аас ч, бүр МАХН-аас ч хань олдсонгүй гээд бод. Тэгэхээр хуучнаа өмөөрч хэнхэглэдэг нь жүжиг аж. Америкийг зүхдэг атлаа хүүхдээ Америк явуулахын бөөн өвчин. Ардчилалд дутагдал тасрахгүйг АНУ-аас харж байна. Шүүмжлэлийнхээ үр дүнг эс үзсэн ч “Тоншуул”-ынхаа инерцээр өвгөн-би пөн пөн хуцсаар чимээ тасрах байх шүү. Гэмээ олж хардаг билгийн нүд сохорвол зөнөх бус сөнөж буй нь тэр. (2015).

*Юмыг яаж мэдэхэв гээд өвөө нь өөрийнхөө танилцуулгыг дахин уншуулсандаа хүлцэл өчье.