Сэтгүүлч С.Цогтсайхан, Б.Ерэнтэй, М.Дэмчиг, зураач Ц.Намжилдорж, Б.Бат-Эрдэнэ, С.Дуламсүрэн нарын залуус шог хошин зохиол зураг сонирхон хошуурч “Тоншуул”-ын бид хошин шогт дайчид нэмэгдэхэд туйлаас олзуурхав. Б.Цэнддоо ч соц. орны шог сэтгүүлүүд, олон улсын уралдааны цомог үзээд манай өрөөнөөс салахаа болилоо. 1960-аад оны эцсээр зохиолч Б.Жамд агсан “Тоншуул”-ын хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа анх “Залуу шогчдын клуб” нээж Бавуугийн Лхагвасүрэн, И.Цэрэнжамц, зураач Д.Пушкин, Бадрах нарын авъяастнууд гараагаа эхэлж байжээ. Цэвэр нийгэм бузраас сэжиглэнэ, бузар нийгэм бузраа мэдрэхгүй гэх товч агаад хялбар онолтой гэнэн зохиолч явав аа би. Журамгүй зан, залхаг заваанаа монголчууд жигших-эмзэглэлээ сэрээвэл хөгжлийн бүх түгжээ мултарна гэх романтик хөөс цээжинд минь буцалсан нас.

Ерэнтэйгээ сэтгүүлчийн анги төгсмөгц “Тоншуул”-даа авлаа. Тэр бээр бидэнтэй хутгалдаж шүүмжилдэг зан нь ч сэдэрч хээхгэр нэгэнд хувирав. Польшид хамт суралцаж байсан Батбаяр (Баабар) хэмээгч андыгаа Ерэнтэй надад эчнээ магтаж, түүний дисседент үзэл таныг дагуулахгүй гэж шар хөөргөлөө. Тэр тэрслүү залуу миний зохиолыг далд утгатай гэдэг нэгэн болохыг би Ерэнтэйгээс сонсоод ёргио хүн чинь хөөрч, огшсон хор шар гялс замхрав. Эсэргүү үзэл “Тоншуул” хавьд моод байсан ч юм шиг. Европын соц. орны шог сэтгүүлийн зохиолч зураачид тэрслүү бүтээлийг амь хоорондоо үнэлдэг нь манд халдсан тал бий. Тийм зохиол зургийг сэм дээдэлдэг цөөн боловч уншигч-урамшуулагч надад байсан юм шүү. Гэм нь голдуу надаас олон дүү томоогүй уран бүтээлч жаалууд. Би гэж архаг амьтан ширээний араас хошин шог ийм тийм байх ёстой гэж айлдана. Буруу ярьдаг орос хэл, Москвад төгссөнөө гайхуулж байсан үе. Ерэнтэйн эсэргүү үзэлтэй найзыг сэтгүүлдээ татах юмсан гэх бодол зурсхийсэн нь мэдээж. Тийм шинэ үзэл бүхий өндөр мэдлэгтэй авъяаслаг залуус сэтгүүлийг маань хурцалж чадна гэх итгэл тээж явлаа. Энэ итгэлээ би зөв гэдэг байсан ч харамсалтай нь социализмыг шүүмжилж явсан залууст ардчиллын буян үсрээгүй. Захиргаадалтын үед даналзаж явсан дарга нарын угсаа ардчиллын өнгөнд Төр Засгийн оройд асаж ардчиллын буяныг тэд л хүртэх шив.

Намайг Зохиолчдын хороонд ажиллаж байхад 1982 онд Ерэнтэй надад гар хийцийн нэг зузаан ном авчирч өглөө. Бичгийн машинаар цохиод, хуудас бүрийг нямбайлан нааж дэвтэрлээд, бас болоогүй болхидуу хавтасласан нь тун ч уйггүй оролдсон янзтай. Энэ номыг унш гэж Баабар зүс үзээгүй надад явуулжээ. Уншлаа. Ээ бурхан минь ёстой улаан эсэргүү ном гэж түүнийг л хэлэх байх. Би өөрийгөө коммунист дарангуйллыг ухсан яльгүй авч тэрслүү далд санаатай зохиол бичдэг гэж дотроо додигор явдаг минь хаачсан бэ, нөгөө номыг хүнээс нуугдан уншиж буй атлаа айж, эх оронч баатар зориг минь тэр дороо оргүй хийсээд зүрх өөрийн эрхгүй салганав. Юун түрүү эхнэр хэдэн хүүхэд ная дөхсөн ээж минь нүдэнд бүрэлзлээ. Социалист нийгэм гэдгийг тэр зохиол орвонгоор нь хөнтөрчээ. Уг нь энэ зохиол миний нууц мөрөөдөл яах аргагүй мөнөөсөө мөн аж. Гэвч өчүүхэн хүнэнцэр би бээр мөрөөдлөөсөө айж үхэх гэж буй нь тэр.

Гэтэл Батбаяр гэгч хорин хэдхэн настай бацаан уг аюултай зохиолыг польш хэлнээс орчуулаад өөрийн гараар ном хийж, дэвшилт үзэл бүхий зохиолч гэж горьдсон огт танихгүй надад уншуулахаар айхгүй өгч байдаг. 1982 он шүү дээ. Тэр эсэргүү зохиолыг бичсэн бус зөвхөн уншсандаа миний айсан нь ичгэвтэр ч Төв Хорооны үзэл суртлын хэлтэст дамжуулчих хүн биш байсандаа өдгөө олзуурхдаг. Төв Хорооны хэлтэс гэж томролгүйгээр Зохиолчдын хорооны дэргэдэх орон тооны бус намын үүрийн дарга, хүүхдийн зохиолч Д.Даваанямд өргөн барихад л муу Баабар чадхийгээд би энгэр цоолох нийгэм.

Хөдлөх гэж чичирч буй газар дэлхий шиг нийгэм хөлийн улнаас айдас дамжуулаад нэг л биш. Улстөр донсолгоотой. Өлсгөлөн нүүрлэсэн баргар өдрүүд эхэлчихсэн. До яам нууц тагнуулч нараа нэмээд л. Бид бие биеэс жийрхээд л. Гал цогтой яруу найрагч О.Дашбалбар до яамны Зефес хэмээх нууц нэртэй тагнуул болсноо гайхуулах мэт сонинд ярилцлага өгч зарлав. Дуу цөөтэйгөөрөө алдартай шог зохиолч Шагдайн Цэнд-Аюуш маань надаас “Чиний Баабар хэр хүн бэ?” гэж нухацтай шохоорхоход “Чиний Баабар гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэж би сэрдхийгээд сэхээ авч “Аа мэдэхгүй до яамны ч хүн юм билүү” гэж ямар сайндаа хариу мэхээр хаяагаа манаж хамгийн дотно шог зохиолчоосоо хүртэл айх вэ. Нийгэм бужигнахад хүмүүс хоорондын итгэл алдардаг юм билээ. 

Баабар тийм гар хийцийн ном олныг тараасан байх. Би өрөөндөө ганцаараа сууна. Нөгөө номоо ширээнийхээ нүдэнд новш нооргийнхоо дор аминдаа бузгай далдлав. Хагас сайн өдөр бид Зохиолчдын хорооны Шадавлин дахь зусланд очиж ленинч субботник хийлээ. Нэгдэх өдөр ажилдаа эртхэн ирэв. Зохиолчдын хорооны орлогч дарга Наваансүрэн гуай ирчихсэн байлаа. Тэр намайг дуудаад Хархоринд бичээд хараахан хэвлэгдээгүй байгаа “Шим мандал” романы талаар яриа үүсгэснээ, 

-Готов оо өнгөрсөн бүтэн сайнд миний ширээг хүн онгичсон юм шиг байна. Чинийхийг яаж? Чи ширээгээ үзэв үү? гэж нухацтай асуув. Би гайхасхийгээд тоосонгүй. Наваансүрэн дарга царайгаа ширүүсгээд бухимдангүйгаар,

-Муусайн Дотоод яамныхан бидний ширээг эзгүйд нэгждэг байж магадгүй хүмүүс шүү гэж ахмад хашир хүний хувьд сануулсан янзтай өгүүлэв.

Баабарын эсэргүү ном ширээн дотор байгаа тухай миний толгойд гялсхийж өрөөндөө ухаантай ухаангүй харайлгаж ороод үзвэл нөгөө гайны ном байсан байрандаа яагаа ч үгүй мэт хэвтэнэ. Би чичирсэн гараар хуудсуудыг нь шалгалаа. Бүрэн бүтэн болтой. Бүтэн байлгүй ч яахав. До яам нарийн ажиллана. До яамны тагнуулчид тэр номын хуудсыг томоогүй хүүхэд шиг урж авахын оронд хуудсуудын зургийг авч хувилаад уншдаг газруудаараа тараагаад өдийд судалж буй биз гэж би жигтэйхэн айлаа. Ном нь эсэргүү байдаг. Тэгээд бүр зориуд гар ажиллагаагаар санаатай үйлдэж ард түмнийг хөрөнгөтний үзлээр хордуулахыг нууцаар завдсан нь хэнд ч тодорхой. Мөн ч хүнд ойчно биз дээ муу Готов гэж бодмогц хүйтэн хөлс чийхрав. Нэг бол би дэндүү хулчгар нөгөө бол нийгэм дэндүү харгис байв уу. 

Тэр өдрөө би гаравч оровч өрөөгөө янгитал цоожилсоор өнжөөд орой ажил тармагц нөгөө гайны номоо цүнхлээд хувхай царайлж харилаа. Гэртээ ороод нөгөө номоо нуух газар бодоод бодоод олсонгүй. Өөрөөр хэлбэл манайхыг НАХЯ-ныхан нэгжихэд олохгүй тийм бат найдвартай нууц газар айлд байдаггүй юм билээ. Хэд хоног бодов. НАХЯ-ныхан Зохиолчдын хороонд нууц үзлэг үйлдсэн бол тэр номын зургийг авсан нь гарцаагүй. Хэрэв тэгсэн аваас өдийд намайг НАХ-ын тагнуулчид ээлжлэн сэм тагнаж байгаа. Би тэднийг таних аргагүй. 

Айснаасаа болоод хэд хоног архи дарс амссангүй. Найз зохиолчид “Энэ яагаад гэнэт архинаас гарчихав? Тушаал дэвших сураг сонссон юм биш биз” гэсэн янзтай цуурдаг үгээ надаас нууж эхлэв. Сэтгэлээ тайтгаруулах ганц хувилбар бол Наваансүрэнгийн хардсанаар НАХЯ-ныхан нууц ажиллагаа явуулаагүй байж болно. Ямар өөрийн нүдээр харсан биш. Наваасүрэн хий хоосон болгоомжилсон, эсвэл ер нь сайн санааны угаас надад анхааруулахад илүүдэхгүй хөөрүү амьтан гэсэн байх талтай. Гэлээ ч Наваансүрэн даргыг урьд НАХЯ-ны төлөөлөгч явсан осолтой хүн гэж зохиолчид шивнэдгийг би сонссон хүн. Юутай ч энэ тухай итгэлтэй нөхрөөсөө лавлавал Наваансүрэн даргыг НАХЯ-ны төлөөлөгч байсан нь үнэн гэв. Эцэст нь өөрөөс нь асуувал НАХЯ-ны төлөөлөгч явсан маань үнэн гэж тэр бээр огт хайхрамжгүй хүлээлээ. Ингэснээр миний сэжиг айдас арилсангүй.

Юутай ч гэртээ нуух газар олоогүй нөгөө номыг Ерэнтэйгээр дамжуулж Баабарт өгчилгөөд хойноос нь атга шороо салтаа хоорондуураа үдшийн бүрийгээр цацсан боловч санаа амарсангүй. Нэг сар өнгөрлөө, хоёр, гурван сар өнгөрлөө. Бурхны авралаар чимээ гарсангүй. Сүүлдээ энэ тухай мартагнаад миний хаанаас гарч буйг бүү мэд нөгөө эсэргүү Баабарыгаа гэртээ ирэхийг зөвшөөрөөд Байды найзтайгаа тэсэж ядан хүлээж суулаа.

Ерэнтэй бид дөрөв шөнийн 4 цаг хүртэл цуурав. Тэр намхан залуу эсэргүүний хувьд ч хувьсгалын улаан эсэргүү яах аргагүй мөнөөсөө мөн бөгөөд түүний тэрс үзэл ясандаа шингэсэн нь миний гайхлыг төрүүлж, “Яана даа энэ бацаан. Лав шоронгийн хадаас болох вий вий чи” гэж өрөвдөж суув. Нөгөөтэйгүүр би үзэл бодолдоо тийм хатуу амьд монгол эсэргүүн ийм ойрхноос дөч гартлаа үзээгүй хүн. Цаазлуулсан эсэргүүний тухай бол бишгүй сонсож явав. Би хошин мэдрэмжийн хувьд Баабартай өгөө аваатай байж болмоор ч хорин хэдхэн настай түүний уншиж судалсан мэдлэгийнх нь цар хүрээний дэргэд би даанч ичмээр байлаа. Эдүгээ хийж буй шинэчлэлүүдийг даруй хийх хэрэгтэй, энэ талаар бич гэж ятгаж намайг сандаргав. 1982 он гэдгийг дахин сануулъя. 8-9 жилийн дараа гар хийцийн ном тараагч мөнөөх чинь социал демократ нам байгуулахад оройлсноор барахгүй дарга нь болж намынхаа анхны итгэлийг тавьж буйг даяараа харав. Түүний ухаалаг хурц нийтлэлүүд “Тоншуул” дээгүүр алхан улс орныг эзэмдэж, араас нь Б.Цэнддоо миний мөрөөдөл тэрслүү үзлийг хошин аясаар урлаж гарлаа.

Тэдний сайхан сайхан нийтлэл “Тоншуул”-ын хошин шогийн багш мэт дүр эсгэж явсан миний соц. лагерын одой тархийг шинэ соргог танин мэдэхүйгээр их ч сэлбэсэн дээ. Баабарын олж мэдэх овсгоо, тархины багтаамж агуу. Сэтгэхдээ адтай. Шог зохиолчийн хэлтэй. Тиймээс унших дур асаана. Ардчилалд соён гэгээрүүлсэн Баабарын хувь нэмэр их гэвэл дэлбэртлээ уурлах хүн маш олон янзтай. Тэр шээс гоожим хор хусдаг золиг л доо. Баабар нарын анх сэдсэн шинэчлэл төдөлгүй пости коммунист дарга нарын гавъяа, орлого, албан тушаал болоод өндрөө авав. Бат-Үүл Элбэгдорж Баавар нарт эрх баригчид их муу. Арга ч үгүй. Сэдсэнийг нь өөрийн болгоод Төр Засгийн толгойд асчихсан этгээдүүдэд тэднийг нийгмийн ой санамжаас оргүй арчмаар л байгаа. 

С.Зоригийг бүрэлгэсэн аймшигт аллага-дайсан буйг нотлов. Мөнгөний буюу хувийн хонзон бус улстөрийн аллага. Ардчиллаас хариугаа авч эхлэв. Өшөө авалт С.Зоригоор дуусахгүй даамжирвал ардчиллаа хаяад хуучиндаа орохоос ондоо гарц цөөн ядмаг бидэнд байхгүй. Баабарыг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “хулгайч” гэж цоллосноос өөр ямар нэг үнэлгээ Баабарын суралгын дэвтэрт байхгүй байх. Баабар “Хэрэв би буруутай бол намайг шоронд хий” гэж мэдэгдсэн. Баабарын дайснууд түүнийг шоронд хийгээгүйг бодоход Д.Дэмбэрэл хулгайч гэж оргүй гүжирдсэн хэрэг. Хүн гүтгэх хуульгүй болж буй эхлэл. Д.Дэмбэрэл нь хэн байв? Баабар барууныг сонирхож яваад баривчлагдаж Ганцхудагт сууж байхад МХЗЭ-ийн ТХ-ноос Засгийн ордонд шургасан дайчин залгамжлагч-Д.Дэмбэрэл огцрох нь нүүрлэсэн Увс өвгөчүүдийг битүүхэн тойглож явав. Тэр цагт бараг бүгд тэгж явсан даа. Ардчиллыг нэг нь сэдэж, нөгөө нь олзолдог Монголд ингэж батлагдав. 

Дүү минь чи ардчиллыг орь залуу наснаас мөрөөдсөн. Гэвч цаг нь ирэхээр пости коммунистууд ардчиллаар ёстой тоглох шив. Тэд коммунист дэглэмд өндөр алба хашихаар бас чам шиг орь залуугаас хорхойсож, ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх намын сургууль, дээд курсээр бэлтгэгдсэн кадрууд байв. Ард түмэн ардчилагчдыг дагаагүй бус дагасан, хөөрхийс минь. 1996 оны сонголт гайхамшиг байв. Энэ сонголт Орос Хятадын завсар дахь цөөн монгол дэлхийг дэлдийлгэсэн. Даанч энэ гайхамшгийг дахиад заяахааргүй бузарласан даа. Дэндүү эрээвэр хураавар бөөн дурын эрээ цээргүй бүтэц чинь ард түмнийг эргэж харахгүй болтол гомдоов. Архаг коммунист сөрөг хүчин боловсрол туршлагагүй онгироо гаруудыг зажлахгүй залгиж байлаа. Засагт ажил хийх сэхээ өгөөгүй. Хамтрах санаа үл ялим ч атугай гаргаач гэж гуйсан олны нэг-би. Дэлхийн жишгээр алхах гэсэн хүүгээ аав нь дахиж сэхэхгүйгээр балбах нь “сургах бус алах” авир гаргалаа гэж би өмөөрсөн. Баабарын нийгэмд тарьсан гайг илчилсэн баримт гэх юм би сонсоогүй. Харин хужаа, барууны тагнуул гэх хорсол буцалдаг. Ухаантай нь чамайг зүхээд, тэнэг нь урмын үг бичиж буй бол тийм олон ухаантантай ганц тэнэгтэй Монгол алзахгүй. 

Үзэл сурталжсан халдашгүй Монгол түүхийн сүүдэр-сарны үл үзэгдэх ар тал шиг нууц байв. Баабар араар нь тойрч харах гэж ганцаараа хэр хөдөлмөрлөснийг номууд нь хэлээд өгдөг. Түүхээ үнэнээр тогтооё гэснээс хорлох санаа биш гэж би үздэг. Тиймээс зүхдэггүй. Харин чаддагсан бол тусалмаар санагддаг. Хараахын оронд ташаарсныг нь залруулаад өгдөг түүхч гарвал түүхээ ариусгах Баабарын оролдлогод нэмэрлэсэн эх оронч хандив болох сон. Монголын түүх бол монгол хүн бүрийн багш. Үндэсний үнэт сургамж. Бүдүүлэг харанхуйн ёроол Монголд орос сургагчдын бичиж өгсөн түүхийн мадгийг цэвэрлэх юу нь буруу билээ. 

“Чи нуруугаар намхан ч ухаанаар Монголдоо шүү. Хэдий завандаа харанхуй Монголд ийм бялчир насандаа дэлхийн цараар сэтгэдэг болов оо? Миний байгааг, бидний байгааг. Ах нь өөрөөсөө ичиж байна. Монголчууд удахгүй чиний нүдээр байж буй царайгаа харна гэдэгт итгэнэм. Өндөр улаан оросын мөрөн дээгүүр өлийж, дэлхийг чиний нүдээр харж, чиний ухаанаар сэтгэнэ гэдэгт ах нь итгэдэгшүү дүү минь” гэж аль тэртээ өнгөрөгч зууны сүүлээр би бичсэн байх юм.

ЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн орнуудаас хамгийн буурай, хамгийн бөглүү Монголд 1990 оны өвөл ардчилсан давалгаа хуйларсныг гадныхан байтугай бид өөрсдөө анх талбай дээр очоод нүд чихэндээ итгээгүй. Арга ч үгүй. Тэр үед монгол хүн Улс төрийн товчоог огцор, МАХН-ыг тарааж, хөрөнгийг хураая гэсэн лоозон мандуулаад Ордон өөдөө хашгиралдах бүү хэл байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх осолтой байв. Хэлмэгдүүлж гаршсан коммунист оронд индэр дээр гарч эсэргүүн үг донгосох эр зориг хэдэн бөөдгөр жаалуудаас бүлтэрсэн нь бахархал төрүүлдэг юм. Төрөлхийн дөлгөөн томоотой Ж.Батмөнх Румыний удирдагч гэргийн хамт буудуулсныг, Зүүн Германы удирдагч амь хоохойлох нуувчгүй зугтаж явсныг, Болгарын удирдагч гэмт хэрэгтний сандалд сууж буйг телевизээр хараад ухаарсандаа дэлхий дахины ардчиллын их давалгааг сөрөөгүй. Ардчилал эхлүүлсэн жаалуудаа тэр бээр зүхэх байтугай хайрласан.

Гэтэл Монголын нийгэм Баабар Бат-Үүл Элбэгдорж нарыг 30 жил зүхлээ. С.Зориг амьд бол түүний зүрхэнд хараалын сум бүр ч олон тусаа. Зүхэл нь ой гутам. Хүзүүгүй тарвага, салга, хужаагийн бөгс долоогч гэх мэт магадлах ямар ч үндэсгүй хоосон хараал. Жагсаж цуглаж өлсөж явсан хөвгүүд охидоо тэгж зүхэх надад эвгүй. Сэжиг хүрэм хараалын давалгааг уухайлан түрэх шившиг. Тэд хүн алаагүй. Харин нэгийгээ алуулсан. Монголыг тэд яачихсан юм бэ? Бие даалгах, ардчилах, чөлөөт зах зээлд оруулах, иргэдээ эрх, өмчтэй болгох гэж мунгинаа биз дээ. Цоо шинэ замаар Улс удирдахад бишгүй л алдаа. Гадна дотны шахаа гацаанд дээрэлхүүлж заяасан боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Гэвч эх орноо хар. Ямар болж? Хоол хувцас сууц хотоо шинж. Дэлгүүр захын лангуугаа 80-90 оныхтой харьцуул. Ололт бүхнийг тэдэнд өмчлүүлэх гэсэнгүй. Харааж байсан ардчиллаа булаацалдаад нийгмийн өмч болгов. Бяцхан Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүдэг эрсдэлтэй үед босогчдын араас ялгарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд ардчиллын ховор ялалтын буянаар Төр Засаг жолоодож үзлээ. Эсэргүү үг анх зориглож уухайлсан жаалуудаас гадна тухайн үед тэднийг няц дэвсэх гэж онголзсон Ч.Улаан, Ц.Нямдорж нар ч ардчилагчид гэгдэх ёстой гэнэ. Намайг 50-тай хэнз өвгөн байхад тэмцэлд боссон залуус 20 гаруй насныхан байсан учир би тэднийг дүү нараа гэж хазайсан талаас нь түшихийг хичээж ирлээ. Нүүдэлчдийн коммунаас анх ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүхээрэй. Би бэлэн. Хараал эзнээ муухай харагдуулдаг тул хорвоогоос тонилсон хойно ч надад монголчуудын минь нэр алдар хайран. Намайг зүхэгчид ч Монголын нүүр царай. Утгагүй зүхлээ хаяад ухаанаар уралд.