Он оны эцэст монголчууд салбар салбарын “онцлох”-уудаа нэрлэж, ”шилдэг”-үүдээ шалгаруулдаг уламжлалтай. Хэрвээ энэ шалгаруулалт улс төрийн намуудын дунд явагддаг байсан бол энэ жилийн “Оны онцлох нам”-аар яах аргагүй МАН шалгарах болзлыг хангав.

Эрх баригч МАН нам өнгөрч буй 2025 онд хоёр удаа Засгийн газраа огцруулж /сүүлийнх нь Цэцийн дүгнэлтээр торж үлдсэн/, УИХ-ын даргаа, УИХ-ын дэд даргатай нь буулгав. Ялангуяа Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нэг өдөр огцорсон явдал бол парламентын 35 жилийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй цоо шинэ "үзэгдэл" билээ. Тиймээс эдгээр үйл явдлыг нэгтгээд харвал эрх баригч МАН “Оны онцлох нам”-ын шалгуурыг 100 хувь “нэр төртэйгээр” хангасан байна. Энэ огцролтууд ирэх онд ч гэсэн үргэлжлэх магадлал өндөр байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.

Эхний “огцролт” өнгөрөгч зуны зургаадугаар сард болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо авч өгсөн өндөр үнийн дүнтэй сүйн бэлэг, “Seven nuga” амралтын газарт хийсэн тансаг үдэшлэг, албаны нисдэг тэрэг хөлөглөсөн аялал зэргээс болж нийслэлийн төв талбайд залуучууд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулсан. “Орлогоо нотол”, “Огцрох амархан” жагсаал 20 гаруй хоног үргэлжилсний дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан билээ. Энэ хооронд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын Бага хурлаа хуралдуулж, “Хамтарсан Засгийн газрын эсрэг ажилласан” гэдэг үндэслэлээр АН-ыг Засгийн газраас хасах шийдвэр гаргуулсан. Шалтаг нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн шаардлагад нэгдэж, гарын үсэг зурсан явдал байв.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Бага хурлынхаа гишүүдэд “Засгийн газраа дангаараа байгуулах” амлалт авч АН-ыг засгаас хөөсөн боловч шинээр байгуулагдсан Засгийн газарт АН-ын оронд ИЗНН-ыг оруулж ирсэн нь “итгэл эвдсэн” эхний үйлдэл болов.

Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ бүтэн гурван сар тамгаа авч явсны эцэст есдүгээр сард Бага хурлаа зарласан. Намын даргад нэр дэвшсэн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын аль нь ч намын дүрэмд заасан 2/3-ын саналыг авч чадаагүй тул 51 хувийн босго давсан Д.Амарбаясгаланг үлдээж, Г.Занданшатарыг нэр дэвшигчээс хасч байгаад дахин санал хураалт явуулсан. 86 хувийн саналаар Д.Амарбаясгаланд МАН-ын даргаар сонгогдсонд тооцсон энэ сонгууль нь “дүрмийн бус” болсон учир шинээр сонгогдсон намын даргыг Дээд шүүхэд бүртгүүлэх боломжгүй болов.

Эл үйл явдлаас хойш хоёр сарын дараа МАН-ын 31-р Их хурал хуралдаж, Н.Учралыг намын даргаар сонгосон. Их хурал хуралдахын өмнө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар дараалан намын даргын сонгуулиас нэрээ татаж буйгаа зарласан. Үүний өмнө МАН-ын генсек Я.Содбаатар “намын эв нэгдлийг хангах” ажлын хэсэг байгуулан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан боловч үндсэн шийдвэр Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт гарсан гэж үздэг.

Шинээр томилогдсон намын дарга Н.Учрал Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж, УИХ-ын даргын суудалд суусан боловч энэ мөчөөс жинхэнээсээ “тогтворгүй байдал” эхлэв. Нэг талаас намын тамгагүй Ерөнхий сайд, нөгөө талаас засаггүй намын дарга. Энэ байдлаар хэр удаан оршин тогтнохыг таахад бэрх.

Энэ сарын 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит компаниуд дээр ажиллаж байсан бүтээмжийн болон хяналтын менежерүүдийг цомхотгож, оронд нь 16 дэд сайдыг томилсон. 128 менежерийг цомхотгосноор 30 гаруй тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийсэн гэж байгаа ч дэд сайд нарыг томилсон явдал нь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Үүнээс болж АН-ын дарга, УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулна гэдгээ мэдэгдэж, өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн 1/4 буюу 32 гишүүн гарын үзэсг зурсан тохиолдолд огцруулах асуудлыг хэлэлцэх боломжтой.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэдийгээр “Засгийн газрын тухай хуульд “харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Хэрвээ АН санаачлаад хуульд өөрчлөлт оруулчихвал дэд сайд нарыг цомхотгох боломжтой” гэдэг хариултыг АН-ын даргад өгсөн боловч энэ нь гарын үсэг цуглуулахыг зогсоохгүй бололтой. Учир нь, Үндсэн хуулийн 43.1-д “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан. Ингэхдээ огцруулах үндэслэлийн талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл, огцруулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж байгаа юм. Огцруулах саналыг 64 гишүүний кнод бүрдсэн тохиолдолд Засгийн газар огцорно.

Мэдээж УИХ-д 42 суудалтай АН дангаараа Засгийн газрыг огцруулах боломжгүй. Засгийн газарт багтсан ХҮН, ИЗНН-ууд огцруулахыг дэмжихгүй. Тэгэхээр гол “нөөлөг” нь УИХ дахь МАН-ын бүлэг болж таарч байна. АН-ын 42 дээр МАН-ын бүлгээс 22 гишүүн нэмэгдэхэд Засгийн газар огцорно гэсэн үг.

Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжинэ гэсэн баталгаа байхгүй. Өмнөх удаа Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд эсрэг санал өгсөн АН-ын гишүүд бий. Дээр нь сая төсвийн хэлэлцүүлгийн үеэр тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулж чадсан, төсвийн хуулийг дэмжиж босгож ирсэн АН-ын гишүүд бий. Энэ утгаараа тойргоос сонгогдсон гишүүдээс цөөнгүй хүн Г.Занданшатарын талд санал кнопдох магадлалтай. Тэгэхээр гол хүч МАН-ын бүлэгт байна гэсэн үг. Түүхэн туршлагаас үлдсэн нэг том сургамж бий. Сөрөг хүчин Засгийн газрыг огцруулдаггүй юмаа, олонхи өөрөө огцруулдаг аа гэж. Өмнөх удаа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах кноп дарсан МАН-ын гишүүд лав гараа татах нь юу л бол. Одоо ч гэсэн “АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадах эсэхийг нь харъя” хэмээн ам асууж суугаа МАН-ын гишүүдээс “Оруулаад ирвэл кнопдоод явуулна даа“ гэсэн нэг тийм шүд зуулт амтагдсаар. Ч.Хүрэлбаатарын ахалсан “эвлэрлийн” ажлын хэсэг ажлаа хийж чадаагүй ээ л гэсэн үг.

Нөгөө талаас 2027 онд бүрэн эрх нь дуусахаар “суудал нь өнцөгдчихсөн” өөр нэг хүн бий. Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилно” гэдэг өөрчлөлт оруулснаар энэ хүний дахин сонгогдох эрх хаагдсан. Бууж ирэх ганц буудал нь МАН-ын даргын суудал. Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэр У.Хүрэлсүхийн чуулганы хуралдаанд хэлсэн үгийг зарим нь “Айлын эцэг шиг үг хэллээ, мундаг байлаа” хэмээн хошуу дэвссэн. Яг үнэндээ бол парламентын бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон.

Өнгөрөгч сард болсон МАН-ын даргын сонгууль, намын тамгагүй Ерөнхий сайд, засаггүй намын дарга ч гэсэн тэр хүний хийсэн тохируулга гэж харагддаг. Өөрөөр хэлбэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдаж байж энэ хүн өөрийн суудалд сууна. Тэр болтол МАН дотор үргэлжилж буй энэ хагарал, хугарлыг боломжит хугацаагаар уртасгах ёстой.

inews.mn