2023.06.19.

Саявтар Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болсон ICT Expo 2023-аар орж нар зөв тойрсон юм. Урьд нь иймэрхүү арга хэмжээнд очиход гарт баахан цаас  атгуулдаг, тэр нь том, жижиг, гурвалжин дөрвөлжин, гонзгой, хэвтээ эрээвэр хураавар учраас эмхлэгдэхгүй тул гарах хаалган дээр хогийн сав руу чулууддагсан. Энэ удаад бүх юм цахим, мета, виртуал, онлайн байсан тул заримдаа нэрийн хуудасны чинээ ч хамаагүй цаас үгүйлэгдсэн. Харин нэгэн компани нэрийн хуудсаа хийлгэхийг санал болгосон нь цаасан биш, QRcode хэвлэсэн хуванцар байж таарав. Ингээд үзэсгэлэн, яармаг, хурал семинар, байгууллага, компани, үйлчилгээгээр дүүрэн хог болон хөглөрдөг элдэв сурталчилгаа, товхимол, нугалбар, танилцуулга, тайлан сэлтийг стандарттай болгож тэр их цаас, зардал мөнгийг хэмнэх талаар этгээд санал дэвшүүлэх бодолтой явснаа шууд мартсан билээ.  

Энэ удаад урьд хэлж байсан зарим нэг саналаа тайлбартайгаар давтсугай.

Нэг.

ЖДҮ, Нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангаас хамаагүй том өөр нэгэн хэрэг огт сөхөгдөөгүй байна. Тун сая хучлагын үзүүр хальт хөвөлзөөд намжлаа. Энэ бол газар, юуны өмнө нийслэл Улаанбаатар хот, түүний эргэн тойрны газрыг эрх мэдэлтнүүд хууль зөрчин, бодлого төлөвлөлтийг санаатайгээр нулимж, эрүүл ухааныг огоорон өгч авалцсан болон яг одоо өгч авалцсаар байгаа газар олголт, түүн дээрх барилгын зөвшөөрлүүд юм. Өнгөрсөн хугацаанд Төмөрхүү, газрын маргаан, Миеэгомбын Энхболд, Зайсангийн орон сууцууд, Мон-Ураны Наранхүү, тусгай хамгаалалтай газар нутаг, Анандбазар, Яармагийн дэнж таних тэмдэг нь байсан бол яг одоо Энх тайвны гүүрний зүүн харалдаа, Сэлбэ голын сав дотор усан парк гэгчээр халхавчлан босч буй орон сууцны барилгууд билэг тэмдэг нь болжээ. Үүнийг таслан зогсоох үүрэгтэй, тийм эрх мэдэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улаан цайм хамгаалсаар бариулаад дуусгаж байна. Ийм дампуурсан төр гэж байх уу? Байна. Тэр нь манайх. Ийм учраас Улаанбаатарын газар олголтод онц байдал тогтооё! Ядахдаа түүнтэй дүйх алхмуудыг хийх хэрэгтэй. Газар олголтыг хэсэг хугацаанд бүрэн зогсоох,өмнө олгосон газар, барилгын зөвшөөрлийг нэгбүрчлэн шалгаж, хот төлөвлөлт, барилгын журам, дүрэм зөрчсөнийг цуцлах, нийслэлийн төвд өндөр барилга барихыг хориглох, төв гудамж, явган зам руу цөмөрч багалзуурдсан хэдэн барилгыг буулгах, театр, номын сан, төв цэнгэлдэхийг орчин тойрны газартай нь хамт чөлөөлөх, зуслангийн газар, ногоон бүсийг хэн дуртай эзэгнэж байгааг таслан зогсоох, газар, үл хөдлөхийн татварыг зах зээлийн жишгээр тогтоох. Энэ бүхэн өнгөрсөн жилүүдийн газар олголтын мэдээллийг бүрэн нээлттэй болгохоос эхлэх ёстой.  

Алдсан, хулгайлсан, идсэн уусан мөнгийг эргүүлээд төлүүлж, нөхөж болно. Харин хулгайн замаар орсон, тэр тусмаа барилга барьсан газар бол үүрд алдагдсан. Нүдний өмнөх газраа зөв зүйтэй зохицуулж чадахгүй байж юун бэлчээр хуваарилах, хувьчлах.

2024 оны сонгуулийн сургаар өндөлзсөн олон намуудын аль нь “газрын” нам байх бол?

Хоёр.

Хэрвээ Боловсролын зээлийн сан цаашдаа байх юм бол зөвхөн нэрнийх нь дагуу ажиллуулах ёстой. Зээл авсан л бол эрт орой хэзээ нэгэн цагт заавал буцааж төлдөг байх. Өмчийн бүх хэлбэр тэгш эрхтэй атал төрд таван жил ажилласан нэр хэмээгээд чөлөөлөгддөг “илүү тэгш эрх” байж хэрхэвч таарахгүй. Ингэж бүх зээлийг буцааж төлүүлээд, түүгээр дараа дараачийн залуучуудад зээл олгоод явах учиртай сансан.

Дөнгөж төгссөн мэргэжилтэн шууд төлж чадахгүй учраас орон сууцны зээл шиг 20, 30 жилийн турш төлөх, хэрвээ үнэ цэнэтэй боловсон хүчин болж, гавъяа байгуулсан, нээлт хийсэн, төр, байгууллага, компанид онцгой хувь нэмэр оруулсан бол хөнгөлөх, төлж өгөх механизм байг, гагцхүү Боловсролын зээлийн сангаас тусдаа байг. Хэзээ ч төлж барахгүй зээл авч ховдоглохгүй байх, юм л бол дэлхийн топ сургууль гэж хөөрцөглөхгүй байх, хэр чинээгээ мэдэх нь боловсролтой хүний сайн шинж.

Гурав.

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэдэг. Буруу гэдэгт эмх цэгцгүй ярих бас хамаарна. Жирийн иргэн бүү хэл, төрийн өндөр албан тушаалтнуудын яриаг ба бэ-гүй бичвэр болгож буулгавал үг хэллэг, өгүүлбэрийн бүтэц, утга санаагаар холион бантан хутгасан байх нь арай арай.

“Хэрвээ”, “тохиолдолд” гэсэн хоёр үгийг нэг өгүүлбэрт зэрэг оруулахад аль нэг нь илүүдэж тэнэг сонсогддог. “Хэрвээ цаг агаар муудсан тохиолдолд ... ”  гэж ярихаа болихыг би хэрэндээ уриалдаг ч улам олон хүн түүнд автсан төдийгүй дараачийн хачин сонин хувилбарууд гарч ирсэн байна. Төгс ярих ёстой олон нийтийн телевизийн хөтлөгчдийн амаар шүү!

2023.06.14-ны “Цагийн хүрд”. Ногоон санхүүжилтийн 7 хоног эхэлсэн тухай сурвалжлагын эхэнд нэвтрүүлэгч Ичинхорлоо “... ногоон санхүүжилтийг дотооддоо хэрхэн татах эсэх асуудлаар ...”, тэгснээ хоёр хоногийн дараах  Тогтвортой санхүүжилтийн форумын тухай сурвалжлагаар “... малын тоо толгой хэтэрснээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарт хэрхэн тогтвортой уялдаа холбоотой хөгжих эсэх нь ...” хэмээн тормолзож байх юм. “Хэрхэн”, “эсэх” хоёрын нэг нь илүү, тийм ээ?  

Дөрөв.

Саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Мөнх-Оргил гишүүн тагнуулын байгууллагын техник, хэрэгсэлтэй холбоотой нэгэн асуудлаар иргэдийн эрх гэж байдгийг сануулж хэсэг мэтгэлцээд дийлдэж харагдсан. Энэ бол ТЕГ-ын эрх хэмжээ рүү өнгийсөн бараг анхны тохиолдол байх. Ардчилсан улс орнуудад нийгмийн зүгээс нууц албаддаа шаардлага тавьдаг, бүр хянадаг янз бүрийн механизм байдаг бол манайд таг.

Нэрэнд их учир бий. Чухам үүнээс болж манай Тагнуулын ерөнхий газар иргэдийн толгойд бараанаар буудаг.  Дэлхийн аль ч улс, тэр тусмаа манай нэг, хоёр, гурав дахь хөршүүд ийм байгууллагаа “аюулгүй байдал”-аар нэрлэдэг. Өвөр өвөрмонголчууд бүр “амрыг хамгаалах” гэнэ.

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын нэрний англи орчуулга нь General Intelligence Agency of Mongolia. Дотооддоо, иргэддээ тагнаж чагнадгаараа даналзсан, харин гадагшаа нээх ухаалаг, оюунлаг царайтай...

Хэрвээ тагнах нь тухайн байгууллагын ажлын үндсэн арга байгаад түүгээр нэрлэдэг  бол Сангийн яамыг мөнгө тоолдог, Боловсролын яам хичээл заадаг, Соёлын яам дуу, бүжиг, жүжиг тоглодог, Архивын ерөнхий газрыг бичиг цаас хадгалдаг, Батлан хамгаалах яамыг цэрэг дайнд бэлтгэдгээр нэрийдэх ёстой юу?

Миний санал гэвэл аюулгүй байдал, аюулаас хамгаалах гэсэн хуучин нэрийг сэргээвэл зохилтой. Тагнахаас хавьгүй илүү, том ажил үүрэгтэй байгууллага шүү! С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хорин жил илрүүлж чадаагүйг бодоод би яруу алдарт тагнуулчдаа жаахан голдог болсон. Ерөнхий сайд маань “Би Монголд хамгийн их мэдээлэлтэй хүн, та нарын ард хэн байгаа мэднэ” хэмээн ажил хаясан эмч нарт агсрахыг сонсоод тагнуулчдаар иймхэн юм хийлгэдэг байх нь гэж харамссан. Улс гүрэн дамжуулан хүн хулгайлж чадсан гэхлээр бахархмаар санагддаг ч энэ чадвараа зөв ашиглавал илүү үнэлэхсэн. Нууц технологи хулгайлж ирдэг ч юм уу. Бас хэсэг хүмүүс зэр зэвсэг бэлтгэж төрийн эрхийг авахаар санаархсан хэргийн цаана яг юу байсныг итгэж үнэмштэл тайлбарлаагүйг гайхдаг. Төрийн нууц мэддэггүй сэтгүүлч, зохиолч зиндааны хүмүүcийг гадаадын тусгай албанд зүтгэхээс яагаад сэрэмжлүүлж чадаагүйд хачирхдаг.

Таг нууц.