-Таныг боловсролын салбарын томоохон төлөөлөл, шинэ цагийнхны тод томруун нүүр царай гэж мэднэ. Юуны өмнө албан ёсны анкет дээр байдгаар өөрийгөө танилцуулахгүй юу. Хуучныхаар нийгмийн гарал сэхээтэн гэхчлэн анкет явдаг байсан даа...

-Та бид хоёрын яриа сэхээтэн гэдэг давхаргын асуудлыг хөндөж эхэлж байна. Үнэндээ би сэхээтэн гэдэг үгэнд дургүй. Их зиндаархсан. Бусдыг сэхээ ороогүй ухаангүй гэж байгаа юм шиг. Боловсролын тогтолцоогоор бол дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг хэлээд байх шиг байгаа юм. Гэхдээ дээд боловсрол эзэмшээгүй ч гэсэн амьдралаа сайн авч явдаг ухаалаг, амьдралын хар ухаантай, хүний хувьд төгс боловсорчихсон хүмүүс байдаг. Тэд бол эрдэмтэй хүн. Ер нь сэхээтэн хүнийг эрдэмтэй хүн гэж ойлгож болохгүй. Бас таны хэлсэн анкет дээрх сэхээтэн гэдэг нийгмийн гарлын талаарх соц үеийн асуулт одоо хүртэл байна. Тухайн үедээ ингэх шаардлага байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл ангийн үзлээр нэг үндэстэн гэсэн зүйл байхгүй, харин орон бүхний пролетариуд нэгдэнэ гэдэг байлаа шүү дээ. Тэр үеийн зүйл одоог хүртэл яваад байгааг нь харвал тун амь бөхтэй юм даа. Ер нь тогтолцоо амь бөхтэй байдаг. 

-Гэхдээ тэр тогтолцоог хүн л бий болгож, барьж байгаа шүү дээ...

-Үнэн. Тогтолцоог хүн л бий болгодог. Өнөөдөр улс төрийг бүгд л бохир, заваан гэх боллоо. Энэ чинь нэг тийм тогтолцоо бий болчихоод байна гэсэн үг. Улс төр ярьж байгаа хүмүүсийн хамгийн түрүүнд ярьдаг зүйл нь мөнгө. “Чамд мөнгө байгаа юм уу, чи мөнгөгүй байж яаж улс төр хийх гээд байгаа юм. Сонгуульд ороходмөнгө л хэрэгтэй”гэх ч юм уу. Ялангуяа би сүүлийн үед их сонсч байна. Нэг ийм тогтолцоо үүсчихжээ. Тэгэхээр үүнийг яаж өөрчлөх вэ гэхээр дотор нь л орох хэрэгтэй. Гаднаас нь хоосон хийрхээд ямар ч нэмэр байхгүй. 

-Би таниас яагаад хүүхэд шуугисан их өргөөний ажлаа өгөөд улс төр рүү ороод ирэв ээ гэж асуух гэж байсан юм. Хариултаа ерөнхийдөө авчихлаа. Бас ярилцлагын эхэнд тавьсан өөрийгөө танилцуулах асуултынхаа хариуг эхэндээ биш төгсгөлдөө авахаар шийдлээ. Тэгэхээр та тогтолцоог гаднаас нь шүүмжлэхийн оронд дотор нь орж өөрчлөхөөр хатуу шийджээ?

-Өнөөдөр Монголд интернэтийн орчин маш олон боломжийг өгч байна. Хүмүүст нууцлаад байх зүйлгүй болж, хүн бүр мэдээлэгч хүн бүр дэргэдэх хүнийхээ сайн муу үйлдлийг хянаад ирлээ. Өөрийнхөө нэр, нүүрээ нуучихаад бусдыг шүүмжлээд, гранат шидээд суудаг хүмүүс байдаг л даа. Одоо эгэл жирийн амьдралтай, үзэл бодол нь харьцангуй төлөвшөөд тогтчихсон, амьдралынхаа асуудлыг шийдчихсэн, элдэв зүйлд шунаад байхгүй хүмүүсийг улс төрд орж ирээд дотроос нь өөрчлөөд өгөөч ээ гэж би хэлмээр байгаа юм. Хоосон шүүмжлээд суувал хэн ч чадна. Харин өөрсдөө оролцох өөр хэрэг. Оролцоотой байж, хариуцлагатай байх цаг болсон. Тэгэхгүй бол нийгэм маань тэр чигтээ хоосон шүүмжлэгчид болж хувирна.

-Таны хэлж байгааг би хоёр гараа өргөөд дэмжиж байна. Гэхдээ олон жил явж ирсэн, бүр арга барил нь нарийссан тэр улс төрийн өрсөлдөөн рүү яаж гар хоосон орох вэ. Сонгогчид нь ч мөнгөгүй хүн өрсөлдөөд хэрэггүй гэсэн бодол тогтчихсон байна шүү дээ?

-Бид яаж энэ тогтолцоог эвдэх вэ гэвэл ерөөсөө олноороо давалгаа үүсгэх л хэрэгтэй. Гаж тогтолцоог донсолгох газар хөдлөлт, цунами үүсгэх хэрэгтэй. Хүчтэй давалгаа үүсгэж, зөв бодол санаатай хүмүүсээ дэмжих нь зөв. Ганц нэгээр бол хүч тарамдана. Олон олноороо гараад ирэх үед хэн ч, яаж ч чадахгүй. Мөнгөөр бүгдийг шийдэхгүй. Сонгуулиас сонгуульд мөнгө тараасан тухай яригддаг, сонгуулиар хоолоо олж иддэг бүхэл бүтэн арми бий. Өмнө нэр дэвшигч 6-7 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол одоо 20 тэрбумаар гарч ирнэ гэсэн яриа ч байна. Тэгж их мөнгө зарлагадаж гарч ирсэн хүн яах вэ. Эргээд төрөөс хулгай хийнэ шүү дээ. Бид ийм л чөтгөрийн тойрог руу орчихсон явна. Одоо эвдэх цаг болсон. Эвдэхийн тулд ганц нэгээрээ чадахгүй. Олны олны хүчээр л чадна. Нас, үе харгалзахгүй шинэ үзэл бодолтой, зөв хандлагатай улсууд гарч ирээд байвал аандаа өөрчлөгдөнө. 

-Таны хэлж байгаатай санал нэг байна л даа. Гэхдээ бодит байдлаа харвал 2020 оны сонгууль ч өмнийн тэр байдлаараа явах нь тодорхой байна, сонгогчид ч хуучнаараа хоосон амлалт, хорин цаасанд итгэхэд бэлэн байх шиг...

-Амжихгүй байж болно. Гэхдээ эхэлнэ гэдэг учиртай. Эхлэх амаргүй. Том булыг эргүүлэхэд маш их хүчээр хөдөлгөх хэрэгтэй болдог. Нэг хүчээ авчихвал хэн ч тогтоох аргагүй болоод ирдэг. Монголын хувь заяа өөдрөг. Ер нь 30 жил гэдэг бол нэг төр улсын хувьд бүтэн үе солигдож байдаг, улс орноо эргэн хардаг ухаарлын үе. Яагаад заавал бид дөрвөн жилийн циклиэр хардаг юм. Зөвхөн 2024, 2028 гэж хараад байх шаардлагагүй. Парламент хэзээ ч тарах боломжтой болж байгаа. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайд парламентаа тараах эрхтэй болсон. Бүгдийг улс төрийн үүднээс харж байдаг ийм нийгмээ бид өөрчлөх хэрэгтэй байна. “Оюун түлхүүр”-т өгүүлсэн “Үзтэл үнэнээр явагчийг үргэлж өөд нь дэмжигтүн” гэсэн үгийг би ишлэх дуртай. Энэ бол их ид шидтэй үг. Өнөөдөр “Үзтэл хуурмагаар явагч нь үргэлж өөд дэмжигддэг” ийм нийгэм байна. Үүнийг өөрчлөх цаг нь ирэв. Хүмүүс тэр тийм, ийм гээд явуургүй гэдгийг нь мэддэг атал тэр хүмүүсээ дарга, сайд болжээ гэж их ярьдаг. Ямрыг нь мэдээд байдаг атал тэр хүмүүс хувь тавиланг нь шийдэх улсууд болоод байдаг. Үзтэл хуурмагаар явагсад газар авлаа. Одоо өөрчлөх цаг болсон. Ард түмэн чинь ухаантай шүү дээ. 

-Та олон жил сургууль толгойлж явж ирсэн. Санал бодлоо яам, дарга сайд хамаагүй шууд илэрхийлдэг хүн шиг санагддаг. Өнгөрсөн жил салбарынхаа сайдад хаяглаад хатуухан захидал бичиж байсан санагдаж байна. Манайд чинь эргээд түвэг болно гээд дарга даамалдаа халдаж чаддаггүй тал байдаг. Эргээд тан дээр, танай сургууль дээр дарамт ирсэн үү?

-Зарчим ярьсан л асуудал байсан. Яагаад үзэлцэх болсон юм бэ гэвэл нэгдүгээрт яамнаас гэнэтийн шийдвэр гаргасан. Ер нь яам тамгын газрууд маш тулгаж шийдвэр гаргадаг. Гэтэл боловсролын хамгийн чухал чанар сайн төлөвлөлтүүд байдаг. Урьдчилан харж, төлөвлөж явдаг. Манай ахлахын багш нар гурван жилийн дараахаа төлөвлөж, багын багш нар таван жилийн дараа хүүхдүүд маань төгсөхөд ийм байна гэж харж ажиллаж байна. Аливааг дэс дараатай ярих ёстой. Гэтэл салбарын яам нь Шинэ Монгол сургууль элсэлтийн шалгалтаа зарласны дараа төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд зургаан настнаас элсэлтийн шалгалт авахыг хориглосон шийдвэр гаргаж байгаа юм. Ер нь зургаан настнуудад тохирсон шалгалтаар элсүүлж авдаг журам аль ч хувийн сургуульд байдаг зүйл. Хамран суралцах тойргийн сургууль биш учраас. Хувийн сургуульд хөдөөнөөс сурч болно, гадаадаас ч ирж сурдаг. Урьдаас хэлж төлөвлөлгүй гэнэтийн шийдвэр гаргадаг, төр хувийн хэвшлийн ажил руу хэт орж, зарчим алдагдсан явдлыг шүүмжилж би тухайн үед сайдад хаяглан захидал бичсэн юм. Гэхдээ таны хэлснээр эргээд тооцоо бодсон, дарамт шахалтын зүйл бол ирээгүй ээ. Үнэхээр ямар ч асуудал ирээгүй шүү. Он гарсаар би сургуулийнхаа ажлыг өгсөн. 

-Та сургуулийнхаа захирлын ажлыг яагаад өгчихөв өө?

-Дээр хэлсэнчлэн бид одоо өөрсдөө дунд нь орж ажиллаж, өөрчлөх хэрэгтэй байна. Зөвхөн сургуулийнхаа хүүхдүүдийн төлөө ажиллах биш Монголын бүх хүүхдүүдийн төлөө, ирээдүйнхээ төлөө болохгүй байгааг нь засах хэрэгтэйг ойлгосон. Он гармагц “Шинэ Монгол” сургуулийнхаа захирлын албыг Э.Зулгэрэл гээд залуу бүсгүйд шилжүүллээ. Манай нэгдүгээр үеийн төгсөгч сургуулиа удирдах болж байгаа. Бахархмаар хэрэг биш гэж үү. 

-Сургуулийн боловсролтой байхаас сэтгэлийн боловсролтой хүн илүү чухал тухай ярих болсон. Та ч дээр хэлсэн. Эрдэмтэн хүн бүрийг сэхээрэлтэй хүн, сэхээтэн хүн гэхгүй ээ гэж. Чухам энэ харьцаа ямар байх ёстой юм бэ?

-Боловсрол өөрөө бие бялдар, оюун ухаан, зүрх сэтгэлийн тэгш шүтэлцээн дээр л орших ёстой. Аль нэг нь туйлшрахгүй. Хүн байх гэдэг нь зүрх сэтгэлийн боловсролын асуудал. Гэхдээ зүрхсэтгэл нь сайхан байгаад боловсролгүй, ямар нэгэн мэдлэг орчин үеийн чадвар эзэмшээгүй ард түмэн байх юм бол бид аль нэгэн үндэстний боол болно гэсэн үг. Мөн бие бялдрын хувьд эрүүл чийрэг үндэстэн биш бол бид эрүүл мэнддээ хамаг юмаа зарцуулсаар дуусна. Тэгэхээр энэ нь үндэстэн байхын ухаан юм. Хандлага нь зөв суусан хүнд эрдэм тогтдог. Эрдэм гэдэг нь маш олон зүйлийг шингээсэн үг. Мэдлэг оюун дээр нэмэх нь зүрх сэтгэл. Хүний хувьд төгс боловсорсон хүнийг эрдэмтэй хүн гэдэг. Тэрнээс биш мэдлэгтэй байгаад бусад руу үндэслэлгүй дайрч давшдаг, бусдыг хүлээн зөвшөөрдөггүй, бүдүүлэг хүмүүсийг эрдэмтэй гэж хэлэхгүй. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав гуай хэлж байсан юм. “Соёл гэдэг чинь харилцаж байгаа хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх ухааныг хэлээд байгаа юм” гэж. Монголын уламжлалд энэ тал их байдаг. Жишээлбэл нэлээд дээхнэ би хөдөө айлд буугаад холын хүн байна даа хэсэг яриа өрнүүллээ. Сүүлдээ энэ тэрийг шүүмжлэн ярив. Би ч болохгүйг хэлж, шүүмжлэх дуртай хүн. Нэг мэдэхэд хотоос очсон хоёр л интернэт орчин шигээ шүүмжлэл ярьчихсан сууж байлаа. Харин гэрийнхэн нэг нэгээрээ сэмхэн гараад явчихаж билээ. Үүнээс юуг ухаарсан бэ гэхээр монголчуудын хүнийг эвгүй байдалд оруулахгүйг эрхэмлэдэг их соёл, ухаан тэнд байгааг мэдэрсэн. Хэн ч тийм, ийм гэж бидэнтэй маргасангүй. Зүгээр л гадны дотны ажлаа хийгээд гараад явчихаж байгаа юм. 

-Сая интернэт орчны байдлаараа шүүмжлэл өрнүүлээд гэж дурдаж байна. Үнэхээр сүүлийн үед анзаараад байхад манайхан ийм болчихоод байгаа юм уу, эсвэл сошиал орчинд бүх зүйл нь нээлттэй болоод байгаа юм уу нэг хүн рүү дайрахаараа, нэг сэдэв өлгөж авахаараа бүх зүйлийг гутаан доромжилдог, сүрэглэдэг нэг байдал тод харагдаж боллоо. Энэ юутай холбоотой юм бол оо?

-Энэ нэг төрлийн сэтгэцийн, нийгмийн бухимдлын өвчин байх. Монгол хүн чинь нэгнээ уурлуулахад их дургүй шүү дээ. Уурлах ч дургүй. Энэ бас цаанаасаа захиалгатай явдаг эд байх. Ихэвчлэн хуурамч хаягаас явж байгаа нь анзаарагддаг. Яг жинхэнэ нэр, зурагтайгаа шууд хараал хэлэн дайрч байгаа хүн хүн ховор. Нөгөө талаас энэ нь Ницшегийн ярьсан боолын сэтгэлгээтэй холбоотой. Боол бол бодит ертөнцөд байнга ялагддаг учир ёс суртахууны буюу өөр ертөнцөд өөрийгөө дээр тавихыг хүсдэг. Тэгэхээрээ дандаа шүүмжлэнэ. Бусдыг буруутгах сэтгэлгээтэй “Underdog” буюу ялагдагчийн сэтгэлгээнээс монголчууд гарах цаг болсон. Бүр өөрсдийгөө ялагдагч гээд хүлээн зөвшөөрчихсөн. Энэ бол сэтгэлгээний хувьд ядмаг болсны шинж. 

-Таны яриан дундаас өөрчлөлтийг ганц нэгээрээ хийхгүй, давалгаа болж, түрхрээн үүсгэж байж өөрчлөх тухай яриа их таалагдлаа. Гэхдээ л мөнгөгүйгээр юу ч шийдэгдэхгүй нийгэм үүсчихсэн болохоор чадах болов уу гэж санаа зовж л байна ...

-Би аливааг зураглаж ярих дуртай. Зүй нь энэ тогтолцоо гурвалжин байх ёстой юм. Хэзээ ч хувийн хэвшил, төр, бизнес, төрийн албан хаагчид, улстөрчид нэг цэг дээр огтлолцох ёсгүй. Тус тусдаа гурвалжингийн өнцгүүд хүршгүй, хэм хэмжээтэй байх ёстой. Гэтэл нэг цэг дээр ирсэн нь Монголын эмгэнэл болов. Бизнесмэн хүн төрийн албан хаагч, төрийн албан хаагч өөрөө бизнес эрхлэгч болчихоод байна. Энэ буруу.

-Улс төрд орж байгаа хийгээд замнах цаг хугацааны хувьд та ямар бодолтой явдаг вэ. Манайд зарим хүн өндөр албан тушаалаас буучихаад явж өгөхгүй байна гээд нэр дэвших насыг ч тогтоож өгөх тухай ярих юм. Гадны улс орнуудад ахмад улстөрчийн туршлагыг ч чухалчлах нь бий. Та энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь улстөрч хүн явах цагаа мэддэг байх ёстой гэж боддог. Монголчууд бид эхлэх цагийг товлодог ч дуусах цагаа товлодоггүй хүмүүс мэт санагддаг. Бид дуусах цагаа тодорхой болгоод ажлаа эхэлж сурах хэрэгтэй. Манайхан хурал зарлачихаад цугладаг ч үгүй, арайхийж эхлээд дуусдаг ч үгүй нэг тийм хандлагатай болчихсон. Дуусах цагаа хараад ажлаа эхэлдэг бол хэн хэндээ амар. Түүн шигээ улс төрд орчихоороо гардаг ч үгүй, явдаг ч үгүй. Хүмүүс хүлээж авахаа байчихаад байхад мэдэрдэг ч үгүй. Эрх мэдэл бол чинийх биш, ард түмнийх гэдгийг ойлгоосой. Манайд эрх мэдлээр дамжуулж хамгаалалт хийдэг нэг зүйл байна л даа. Хамгаалалт байхгүй бол, халдашгүй дархан эрх байхгүй бол эрүүгийн гэмт хэрэгтэн болох магадлал байгаагаас илүүтэй улайрч байна. 

-Та боловсролын салбарт сүүлийн найман жил тасралтгүй ажилласан. Энэ салбарын өөрчлөлтийн талаар их ярьдаг. Энэ салбарт харьцангуй удаж бугшаагүй учраас эрүүлээр харах байх, нөгөө талаас жаргал зовлонг нь хамгийн сайн мэдэх хүн. Энэ салбарт юуг өөрчлөх нь чухал гэж хэлэх вэ?

-Чанартай багшийг бэлдэхэд бүх хүч анхаарлаа хандуулах, ялангуяа багш бэлдэх тогтолцоо дээр хуучирсан сургалтын арга барилаа халах хэрэгтэй. Гадаадын их дээд сургуулийг байгалийн ухаанаар төгсөөд ирсэн залуучуудад дотооддоо багшлах эрхийг шууд олгочихмоор байна. Өөрөөр хэлбэл гадаадын их дээд сургуулийг төгсөөд ирнэ гэдэг нь сурах чадвар өндөр хүүхдүүд гэсэн үг. Хуучны чадвартай залуус багш болно гэдэг байсан ойлголт одоо байхгүй болжээ. Өнөөдөр физикийн багш олдохоо байлаа. МУИС академик чадвар өндөр хүмүүсийг гаргадаг газар байсан. Гэтэл одоо МУИС-д мэргэжил сонголтыг хоёр, гуравдугаар курсээс хийж байна. Тэгэхээр физик сонгодог хүн жилдээ нэг юм уу хоёрхон л байна. Өнөөдөр ЭЕШ-ын математикийн бодлогыг бодож чадахгүй оюутнууд багшаар төгсөж байгаа нь нууц биш. Хэрэгтэй хэрэггүй хичээлээр дарснаас яг л хүүхдүүдэд зориулсан бодлогуудаа гаргаахгүй сайн заадаг багш нар бэлдэх хэрэгтэй байна. Дээрээс нь сурах бичгүүд маш замбараагүй. Сайжруулсан хөтөлбөр, цөм хөтөлбөртэйгөө уялдаагүй, гүнзгийрсэн шинж байхгүй сурах бичгүүд ч их. Хоорондоо уяалдаа холбоогүй багууд бичсэн болохоор тэгдэг байх. Ийм сурах бичиг боловсролын агуулгыг ядмаг болгож байна. Бие даан сурах бичгүүд маш цөөн. Төрөөс яаралтай дэмжиж хүүхдийн бие даан сурах нөхцлийг хангамаар байна. Багшийн хуучирсан арга барилаас зоригтой салмаар байна. Үүн дээр сургуулийн удирдлагын гүйцэтгэх үүрэг өндөр. ЕБС-ийн захирал хүн аж ахуйн ажил голлон хийдэг. Гэтэл үзэл санааны удирдагч байх хэрэгтэй. Сургуультай, хүүхдүүдтэйгээ ойр байх цаг олгодоггүй. Өөрийгөө шавь нартаа бүрэн зориулах ёстой хүнийг энд тэндхийн хурал хуйгаар дарж байдаг. Захирал хүний сургууль дээрээ байх цагийг нь нэмэх хэрэгтэй. Сургуулийн академик эрх чөлөөг зөвшөөрмөөр байна. Арванхоёрдугаар ангид ЭЕШ авдаг атлаа хэдхэн хоногийн өмнө улсын шалгалт гээд тавьчихдаг. Тэртээ тэргүй ЭЕШ өгөх нь ойлгомжтой хүүхдүүдэд тэр улсын шалгалт илүүц. Харин ЭЕШ өгөхгүй гэж байгаа хүүхдүүд улсын шалгалтаа өгч болно. Иймэрхүү зүйлсийг шийдэж боловсролын салбарыг хэрэггүй ачааллаас нь салгах явдал бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хэрэгтэй. Мөн боловсон хүчний сэлгээг төрийн сургуулиудад хийж байх хэрэгтэй. Багш нэг газар дархлагдаад ирэхээрээ хөгжихөө байчихдаг. Манайд ч гэсэн үүнийг бодлогын хувьд хийчих бүрэн боломжтой. 

-Багш нарын цалингийн асуудал олон жил яригдаж байна. Цалин ийм байхад сайн багш нараар эгнээгээ зузаатгаж чадахгүй, боловсон хүчин сайнгүй болохоор энэ салбар хөгжихгүй гэдэг...

-Багшийн үндсэн цалинг нэмэх хэрэгтэй. Үндсэн цалин нэмэгдэж байж багшийн амьдралд илүү эерэг нөлөө гарна. Дэлхийн банк олон жилийн өмнө өгсөн зөвлөмждөө Монголд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл хэт төвөгтэй байна, үндсэн цалинд шингээх хэрэгтэй гэж дурдсан байдаг. Үүнийг хэрэгжүүлэх цаг нь болсон. Багш хүн амьдралын баталгаатай байх ёстой. Чадварлаг хэсэг нь багш болохыг мөрөөддөг болох хэрэгтэй.

-Таны үед олон улсын харилцааны сургууль, гадаад албаны ажилтан гэдэг хамгийн анхаарал татсан мэргэжил байлаа. “Нүсэр бус төсөр” номоос тань харж байхад сургуулиа төгсөөд Гадаад яаманд ажилд орохоор очиж байсан юм билээ. Гэхдээ тэр үеэс түүнээс өмнө ч юм уу, дарга нарын хүүхэд Га яаманд ордог болчихсон байсан. Өнөөдрийнх шиг төрлийн алба болсныг мэдэж байсан бол очихгүй л байсан даа, гэнэн байж гэж ном уншиж байхдаа бодогдож байлаа?

-Тухайн үед ОУХДС-иас хоёр оюутны материалыг яам руу явуулж, түүний дагуу бид хоёр очиж уулзсан хэрэг л дээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг мэдэж байсан бол огт танил тал ч үгүй, ар талгүй хоосон оюутнууд тэгж зоригтой очихгүй байсан байх. Тэр үед тэр ар, өврийн хаалгыг нь мэдэх биш. Арын хаалга бол Монголын өнөөдрийн эмгэнэл. Мерит тогтолцоогоор төрийн албан хаагчдыг шалгаруулж авах цаг болсон. Чадвартай нь төрийн албаа хаа, нийгмийн элитийн нэг хэсэг болоод яв. Монголчууд бид энэ мэт байдлаасаа болоод маш олон боломжийг алдсан. Илүү чадварлаг хүмүүс нь ажилладаг байсан бол байдал өнөөдрийнхөөсөө хувь илүү, Монголд орж ирдэг хөрөнгө оруулалтын хэмжээ ч өөр байх байсан биз. 

-Та боловсролын салбараас тэс өөр хүн энд орж ирснээр юуг мэдэрсэн, юуг хийж чадсан гэж боддог вэ?

-Би анх Шинэ Монгол сургуулийн захирлаар ажиллаж эхлэхэд багш биш байлаа. Манай сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах захирал ясны багш хүн байхад би энэ салбарт шинэ хүн байв. Гэхдээ тэр утгаараа надад ажиллахад хялбар байж, шинэчлэлийг зоригтой хийсэн болов уу. Боловсролын тогтолцоо бол өөрөө өөрийгөө болгочихдог цаг хугацааны системтэй. Нийгэм бужигнаж байхад, шинжлэх ухааны хичээлээ зааж л байдаг харьцангуй тогтвортой. Энэ нь эргээд сургууль хоцрогдох үндэс болдог. Харин сургуулийн захирал уг тогтолцоог нийгэмтэй амьд холбоотой байлгахад анхаарах ёстой. Нийгмийн хамгийн шилдэг хүмүүс сургуульд ирж хүүхдүүдэд яриа хийж байх ёстой. Захирлын ярьдаг зүйл сургуулийн үзэл санаа болж, сурагчаар дамжуулж эцэг, эхэд хүртэл хүрдэг гэж би боддог. Сургууль нийгэмтэйгээ амьд холбоо үүсгэн хөгжиж байдаг. Тэгэхгүй бол цаг хугацааны бортогтоо ажин түжин үлдэнэ. Ер нь төгсөгчид намайг төгсөх үед ийм байсан одоо ч тэр хэвээр байна гэсэн дурсамж сайхан ч гэсэн нөгөө талаасаа буруу. Хөгжихгүй байна гэсэн үг. Харин үргэлж өөрчлөгдөж байх хэрэгтэй, дандаа сайн тал руугаа. Идэвхтэй шинэчлэл байнга хийгдэж байх нь зүйтэй. Сургуулийн удирдлагын шинэ жишгийг “Шинэ Монгол” харуулдаг гэж боддог. Төгсөгчид нь ирээд ажиллаж байна, төгсөгч нь удирдаж байна. Дэлхийд алдартай Харвард, Кембрижийн сургуулиудад төгсөгчид нь төсвийг нь хэд давсан хандив өгдөг. Өөрөөр хэлбэл, эдгээр их сургууль нь нэг утгаараа төгсөгчдийн сургууль юм. “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид эхнээсээ сан босгож, дараа үеийнхээ дүү нартаа тэтгэлэг өгдөг боллоо. Японд сурч байгаа оюутнууд тал талаас цуглаж, соёлын арга хэмжээнд мөнгө босгоод амжилттай суралцсан дүү нартаа “Урам” тэтгэлгийг өгдөг. Энэ бүх сайхан зүйлийн гэрч болсондоо баяртай явдаг. Хүүхдүүдийн дунд ажиллах тусам тэдний ирээдүйг гэрэлтэй болгож, ажиллаж амьдрах нийгмийг нь өөрчлөхийн тулд захирлын хувьд илүү ихийг хийх ёстойг мэдэрсээр байсан. Тиймээс улс төрийн сонголт хийж, сургуулийнхаа хаалгыг хаасан даа.

-Тэгвэл яагаад ХҮН-ыг сонгосон юм. Хүмүүс аль ялалт байгуулах боломжтой гэдэг талаас нь хоёр том намыг сонгох нь их шүү дээ?

ХҮН нам шинэчлэн байгуулагдахаас өмнө 2015 онд би Хөгжил-Хүн клубт хамрагдан, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хариуцан бичиж байв. Тэр үеэс бие биенээ мэддэг болсон юм. Чадварлаг, өөрийн гэсэн зөв үзэл бодолтой, улс орноо цэвэр ариунаар хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй олон хүн ХҮН-д бий. Тиймээс энэ намд орж, бодлого боловсруулах ажилд олон нөхдийн хамт хамтран зүтгэж байна. Цэвэр ундарга их голыг үүсгэдэг шүү дээ. ХҮН нам бол шинэ цагийг авчрахаар хүчтэй оргилж буй цэвэр ундарга юм. 

-Ярилцлагын эхэнд асуусан анкетийн танилцуулгын асуултдаа одоо хариулт авья...

-Би МУИС-ийн ОУХДС-ийг төгсч, Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээс ажлынхаа гарааг эхэлсэн. Дараа нь хоёр жил сайдын туслах хийсэн. Би төрийн албанд тасралтгүй удаан ажиллаж байгаагүй, дунд нь судлаачийн ажил хийж, сурч, орж гарч их явсан байдаг юм. Ажиллаж байгаад Киотогийн их сургуулийн эрх зүйн факультетэд эрх зүйн чиглэлээр магистр хамгаалаад 2007 онд ирээд Японы экологийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргаар ажилласан. 2009-2011 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газарт мэргэжилтнээр ажилласан. Тэр үед үнэхээр хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхтэй, эрч хүчтэй залуустай гар нийлж ажиллаж байсандаа бахархдаг. Үргэлжлүүлээд БОАЖЯ-нд Аялал жуулчлалын газрын орлогч даргаар ажиллаж байгаад Токиогийн гадаад судлалын их сургуульд судлаачаар ажилласан. Тэгээд жил гаруйн дараа Монголдоо ирээд Шинэ Монгол сургуулийнхаа захирлыг ажлыг авч, найман жил ажилласан даа. Ерөнхийдөө албан намтар гэвэл ийм л байна.

-Та бас их олон судалгааны материал, орчуулга, ном бичсэн хүн дээ...

-Нийт 10 гаруй номыг япон хэлнээс монгол хэлнээ орчуулжээ. “Энх-Амгалан хааны захидлууд”, “Дэлхийн түүх мэндэлсэн нь” гэх мэтээс нь хүмүүс нэлээд мэддэг байх. Бас хэдэн номд хамтран зохиогчоор оролцсон. “Сурахад суралцах нь”, “Япон хөтөч” гэх мэт ЭМОС клубээс гаргасан хамтын бүтээлүүдийг минь залуус сайн мэднэ. 2020 оны хоёрдугаар сард “Нүсэр бус төсөр” нэртэй номоо туурвилаа. Хүмүүс номыг минь сонирхон уншиж буйд баяртай байна. Түүнээс гадна төрийн захиргаа, байгаль орчин, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хэдэн өгүүлэл бий. 

-Тантай ярилцахад таатай байлаа. Хүүхдүүд маань амьдрах сайхан нийгмийг цогцлоох их хүсэлд тань амжилт хүсье.