Өнгөрсөн 32 жилд монгол хүний дундаж наслалт 10-аар нэмэгдэж, автозам, оронсууц чамгүй ихээр баригдаж, хүн амын тоо 1 саяар өсөж, урлаг, спорт хөгжин олимпын аваргууд төржээ. Хоорондоо чамгүй ихээр хэрэлдэж, зөв буруугаараа дуудалцах зуур хувь хүний хөгжил, нийгмийг харах өнцөг ч маш ихээр хөгжиж дэвшсэн. Саяхнаас л бурханы хөшөөнөөс илүү боловсон 00 нь чухал гэдгийг ойлгов. Угтаа “орк”, “поп улстөрч”, “попрох” гэх мэт цоо шинэ үг аясаараа хэрэглээнд нэвтэрсэн нь нийгмийн хөгжлийг илтгэж байгаа хэрэг юм. Өмнө нь поп, орк гаруудаа ч мэддэггүй, ялгадаггүй байснаа одоо ялгаж оркгүй амьдрал, попгүй нийгмийг хүсээд байгаа л хэрэг. Бүх юм аясаараа жамаараа хөгжсөн ч харамсалтай нь 1984 онд баригдсан ТЭЦ-4 өөс хойш нэг ч томхон цахилгаан станц барьсангүй, нэг ч томхон үйлдвэрлэл явсангүй. 14 жил гацаж байж буруу зөрүү царигтай хэдэн төмөр зам, олон жил хэрэлдэж олон засаг солигдож байж Оюутолгойг хөдөлгөсөнөөс өөр дорвитой юм алга. Эрдэнэт гэж ганц саалийн үнээтэй байснаа ЭТТ, ОТ гэсэн хоёр саалийн үнээ нэмсэнээс цаашгүй.

Өөрсдөө үзэж туулж байж л зөв буруугаа ялгах тийшээ явж байна, гэхдээ яг ямар үнэ цэнээр? Төмөр замаар хятад танк орж ирэхгүй гэдэг энгийн нэг “боловсрол” эзэмшсэнийхээ төлбөрт нь монголчууд нийтээрээ ямар золиос гаргаж, ямар их зүйлс алдав. Ганц Гашуунсухайтын төмөр зам л гэхэд 14 жил гацаж 80 их наядын нүүрс борлуулах боломж, олох ёстой 30 тэрбум доллараа манайх алдсан. Нүүрсний бизнэс жамаараа авдаг хэмжээндээ л явна, мэдээж манайх хэдийг алдсан манай өрсөлдөгч нар төдийг нөхөж олсон л гэсэн үг. Хар ухаанаар бодоход 30 тэрбум доллар олохын төлөө хэдхэн тэрбумыг нь Монголын улс төрд, хар пиарт гаргахад л хэдэн ч улс төрчид нөлөөлж, хэдэн ч засаг огцруулж, хэдэн тэмцэгч тэжээж, бүр ерөнхийлөгч хүртэл болгож чадна. Гэхдээ энд одоо хувь хүний тухай ярьж шүүмжлэх нь дуусашгүй хэрүүлээ улам сунгахын л нэмэр. Гацаагчдын загалмайлсан эцэг маань анх гарч ирэхдээ уг нь бол хамгийн их бүтээн байгуулалт ярьдаг байсан хүн юм шүү дээ. Харамсалтай нь тухайн үед олон нийт бүтээн байгуулалтын талаар нэг их сонсохыг хүссэнгүй, хятадын аюул монгол цус ярьж омогших нь таалагдаж байсан учир тэр сэдвээ л сонгосон хэрэг. Бүтээн байгуулалт гацаах нь бүтээн байгуулахаасаа хялбар дөт зам бөгөөд хэн попорч, хэн муулсан нь олон нийт, массын дэмжлэг авч, хэн ажил хийсэн хэн бүтээн байгуулсан нь олны жигшэл зэвүүг хүргэж ардын дайсан болж байгаа нөхцөлд тухайн улс төрчдийг гацаагч, попрогч замыг сонголоо гэж буруутгах ч аргагүй. 

Уг нь ард түмэн бүтээн байгуулалтад дуртай. Харин хэн бүтээн байгуулах гээд байгаад нь л дургүй байгаад байдаг зовлонтой. Ер нь ч шууд энэ төслийг гацаах ёстой гэж попордог хүн байдаггүй юм шүү дээ, “энэ төслийг тэгж биш ингэж хийх ёстой”, “тэр новш биш энэ эх оронч л хийх ёстой” гэдэг юм. Цовоо цолгиунаараа Эрдэнэчимэг аниа л “Би Тавантолгойг гацаасандаа баяртай байна” гээд шулуухан хэлчихсэнээс биш. Багануур ДЦС төслийг шууд гацаа гэж хэн ч хэлээгүй, хятад турбин тавьбал эрчим хүчний систем нурах тухай ухаалаг шалтгаан л хэлсэн. Төмөр замыг хэн ч шууд гацаах ёстой гэж хэлээгүй, нарийн царигаар биш өргөн царигаар л барих ёстой гэсэн. Усан цахилгаан станцыг хэн ч шууд эсэргүүцдэггүй, гагцхүү Байгаль нуурт нөлөөлөхгүйгээр, эсвэл хятадын зээлээр барихгүй л гэдэг. Заримыг нь ч гадны ашиг сонирхолоор шууд ил тод гацаадаг бол зарим нь манай дотроо олигархууд хэн нь ашиг хүртэх дээрээ хэрэлдэж гацаадаг. 

Манай улсын зовлон бол ажил хийсэн нь ад болж ажил гацаасан нь од болдог нийгэм. Нэг юм л хийвэл фээсбүүкт муулуулж АТГ дээр дуудагддаг, юм хийхгүй нь тэгсгээд л хаяагаа манаад сууж байхад болдог сонин систем үүсчихсэн. Юм хийсэндээ хариуцлага тооцдог мөртлөө юу ч хийхгүй зүгээр суудаг хүнд хариуцлага тооцдог механизмгүй. Тамга тэмдэгтэй албан ёсны гацаагч байгууллага, компаниуд, гацааж цалинждаг бригадууд, тэднээс үйлчилгээ авдаг үйлчилгээ үзүүлдэг органик систем тогтчихсон. Ареваг хөөгөөд явуулдаг тэмцэгчид эхлээд фургонд чихэж ирсэнээ жилийн дараа гэхэд бүгд нэг нэг жийптэй ирсэн гэлцдэг. Барих гэж бүтээх гэж ядаж буй бүхнийг л хамгийн их эсэргүүцдэг орилдог хүмүүс хамгийн бийлэгжүү, хямралд өртөхгүй хангалуун амьдарч байна. Өнгөнд гардаг нь хэдэн улс төрчид, хэдэн тэмцэгчид, орон нутгийн шантаажчин засаг дарга нар л болохоос цаанаа бол гацаалтын бүтэн органик систем “зах зээлийнхээ жамаар” ажиллаж буй юм. Систем төгс ажиллаад эхлэхээр сүүлдээ хүний оролцоо ч хэрэггүй болж, автоматаар ажиллаж эхэлсэний нотолгоо нь Дарханы замын сүйрэл. Бүгд хүсээд байгаа мөртлөө ерөөсөө урагшилж өгдөггүй процедурын сүйрэл. Дарханы замыг гацаах гээд тэмцэж зүтгэсэн хүн байхгүй, гацаалтын төгс органик систем өөрөө автоматаар ажиллаж байна. Эмгэнэл шүү. 

Монголчууд хөгжиж чаддаггүй нь монголчууд тэнэгтээ юм биш шүү дээ. Улс төрч нар попроод байдаг нь улс төрч нар тэнэгтээ бүр ч биш. Монголчууд зүгээр л хүчээ буруу юманд үрээд байгаа хэрэг. Хамгийн тэнэг улстөрчтэй тулаад уулзахад хамгийн зэвүүн ухаантай потенциалтай нөхөр л байдаг юм. Гаднаас ч оролцсон, ихэнхдээ бид өөрсдөө бий болгосон гацаалтын экосистем л ийм байдалд оруулсан хэрэг. Хамгийн поп Аюурсайхан, Батзандан, Пиншүү нарын тэр улс төрийн авьяас, потенциалыг гацаах биш бүтээх юманд ашигласан бол яах бол? Бат-эрдэнэ аварга Хэрлэн голыг хамгаалах биш говийн бүсийг ногооруулахын төлөө зүтгэсэн бол яах бол? Хил гаалийн гацаа, хотын гацаа, том төслүүдийн гацаа хаа сайгүй асуудал гацаа... ажлын компютерүүд гацахаар системийн админ нь ирж гацаанаас гаргадаг шиг гацсан бүхэн дээр Нямбаатар очиж гацааг нь гаргах гэж түнтэгнэдэг, Нямбаатар нь дийлэмгүй бол Оюун-эрдэнэ нь очдог нэг ийм л байдалтай жил хагас өнгөрч. Хог цэвэрлэх гэж байгаа хүмүүс цэвэрхэн харагдахгүй л дээ. Гучин жил овоолсон хур хогийг хурдан цэвэрлэсэнгүй, юу ч хийсэнгүй гэж хараагаад яг яах юм? Монголд угаасаа одоо сайн хүн үлдээгүй. Улс төрч нараас попролт хүсвэл өөдөөс чинь попорно, улс төрч нараас прагматик шийдэл хүсвэл “популизм” биш “прагматизм” уруу л явна. Үнэхээр бүтээх гэж хүсэхгүй гацаах гэж улайрсан, илт хорлосон нөхдийг бол явдаг газар луу нь явуулна биз.