2023 оны 9 дүгээр сарын 1-4 өдрүүдэд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ватиканы төрийн болон дэлхийн католик шашны тэргүүн Пап Францис Монгол улсад айлчиллаа. Түүний тусгай онгоц 8 дугаар сарын 31-нд Ромоос гарч, шөнөжин ниссээр маргааш нь Чингис хаан олон улсын онгоцны буудалд газардав. Ром хотоос Монгол руу ирж буцсан нислэгт олон улсын 70 гаруй сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд сонгогдож,  энэхүү түүхэн айлчлалд эхнээс нь дуустал оролцох завшаан надад тохиосон учир ажиглаж, асууж тодруулсан агуулгаа та бүхэнд толилуулж байна.

Монголд ирэх замд:

Онгоц өндрөө авсны дараа Пап Францис сэтгүүлчдийн бүхээгт ирж хүн бүртэй гар барин, элэгсгээр танилцан мэндчилж, зарим хувийн хүсэлт, асуултанд хариулсаар голын суудлын хоёр талын зайгаар тойроод, бүгдийн өмнө талд саатан өгүүлсэн нь: “Би бүр дотроосоо ингэж хэлмээр байгаа юм. Монгол явна гэдэг нь цөөхөн хүнтэй асар уудам нутагт очно гэсэн үг. Тиймээ, Монгол хязгааргүй том, цөөн хүнтэй. Монголын талын анир чимээгүй, амар амгаланг бид сайн ойлгож авах хэрэгтэй. Ухаж бодохоосоо илүү мэдрэмжээрээ ойлгож болох байх. Монголын өргөн уудмыг илэрхийлж чадсан Бородины аяыг дахин нэг сонсмоор санагдлаа “[А.Бородин. Төв Азийн талууд нэртэй хөгжмийн зохиол.1880]

Тэр үгийг нь дэмжин түрэх мэт Папын багийг Монголын өргөн тал нь ногоорон, цэнхэр тэнгэр нь цэлийн угтав. Монголчууд түүнийг төрийн хүндэт харуул, албаны хүмүүс ёслол төгөлдөр хүлээн авлаа.

Эртний түүхээ эргэн дурсав...

Олон нийтэд хандаж үг хэлэхдээ Пап: “Эрт цагт, яг 777 жилийн тэртээд, 1246 оны 8 –р сарын сүүлчээр, 9-р сарын эхээр Санваартан Жон Плано Карпини Их Монгол улсын гуравдугаар хаан Гүюгт бараалхан Пап IV Иннокентийн илгээлтийг гардуулжээ. Удалгүй Их хааны тамгатай, уйгаржин Монгол бичгээр буулгаж, олон хэлээр орчуулсан хариу захиа илгээсэн нь Ватиканы номын санд хадгалагдаж байгаа. Өнөөдөр би энэ захианы дэвшилтэт технологи ашиглаж, дээд зэргийн чанартай буулгасан хуулбарыг Танд хүндэтгэлтэйгээр гардуулж байна. Энэ бэлэг нь эдүгээ өргөжин, шинэчлэгдэж байгаа та бидний өнө эртний анд нөхөрлөлийн бэлэг тэмдэг болтугай” гэж онцолсон юм.

Өнөөгийн Монгол улсын тухайд...

“Монгол Улс өнөөдөр, өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн, хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох бодлого баримталж, цөмийн зэвсгээс ангид улс болохоо дэлхий нийтэд зарлаад буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс. Түүнчлэн цаазын ялыг хууль шүүхийн тогтолцооноосоо хассан нь чухал алхам билээ”.

Дэлхий нийтэд хандаж:

“Эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь онцгой хувь нэмэр оруулж чадах билээ”.

“Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа  энэ дэлхийг Тэнгэр ивээж, тэр нэгэн цагт аливаа зөрчилгүй байсан “Монголын их амар амгалан” (pax mongolica) шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай!”

“Монголчууд “Үүл арилдаг, гэхдээ тэнгэр үлддэг  (Үүл нүүж, тэнгэр цэлмэдэг)” гэдэг. Ах дүү мэт зэрэгцэн орших хүн төрөлхтний нийтлэг хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцлийг яриа хэлцлээр шийдэж, хүн бүрийн суурь эрх баталгаатай болтугай. Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсч, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе.”

Шашны эрх чөлөөний тухайд:

“Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн Мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужууу бодлогоор хандана гэсэн үг юм.

Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний билэг тэмдэг байх нь аргагүй юм”.

“Танай өвөг дээдэс олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ  нь олон шашин зэрэгцэн оршиход ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж, эв эеийг сахиж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газрууд оршин байсан явдал гэрчилнэ. Ийм  учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.

Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй  гэж үздэг шашингүйн үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ”.

“Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Гучаад жилийн өмнөөс Католик шашныхан монгол гэрт анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэр хэлбэртэй сүмд үйл ажиллагаагаа явуулж байна.”

Монголчуудад хандаж:

“Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй болоод дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлж иржээ. Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны хязгааргүй олон юмс үзэгдэл нь эгэл жирийн, арвич хямгач байх, амин чухал зүйлд ач холбогдол өгөх гайхалтай мэдрэмжийг төлөвшүүлжээ. Энэ дашрамд, өнөө цагт хэрэглэгч үзэл санааны нийгэмд учруулж буй хор нөлөө, аюул заналын тухай санаа зовж буйгаа би хуваалцмаар байна. Ийм үзэл санаа нь зөвхөн шударга бусыг тогтоохоос гадна, өрөөл бусдыг үл хайхрах, тогтсон ёс заншлыг үл тооход хөтөлсөн хувиа хичээх аминч үзэлд автуулж байгаа юмаа.

Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болохуйц хүч болдог. Ийм нийгэмд амар тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайханд илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ.  Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг дархлаа болж байдаг. Авлига хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг бөгөөд амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдан, тэнгэр өөд ч харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон юм.

Та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ”.

“Тэр их уудам нутаг дэвсгэртэй эзэнт гүрнийг удирдахдаа танай өвөг дээдэс тухайн орон нутгийн онцгой авьяас чадвартай хүмүүсийг нь таньж илрүүлэн, тэднийг нийтийн тусын тулд удирдах албанд томилдог байсан. Энэ загварыг эргэн үзэж өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх нь чухал”. Ер нь та нар алдарт яруу найрагчийнхаа хэлснээр “Тэнгэр шиг “ бай хэмээн сануулав.

Монголоос буцах замдаа:


 - Айлчлалын гол зорилгын тухай:

“Монголд айлчлах санаа анх католик шашны цөөхөн сүсэгтэн олны (сommunity) тухай бодож байхад минь орж ирсэн. Энэ айлчлалаар би католик сүсэгтэн олонтойгоо уулзах, танай орны түүх, соёлын тухай ярилцаж ойлгох, монголчуудын цаад нууцлаг мөн чанарыг (mysticism) танихыг зорьсон.

Итгэл үнэмшлээ хуваалцана гэдэг бусдыг шашиндаа ятган элсүүлэхээс ялгаатай болохыг ойлгох нь чухал. Ятган элсүүлэх нь хүнийг үргэлж хашдаг. Пап Бенедикт сүсэг бишрэл ятгалтаар бус хүсэл сонирхолоор түгдэг гэж хэлдэг байв. Бурхны сургаалийг түгээхүйд тухайн газар орны хүн ардын ахуй соёлтой шүтэн барилддаг. Сүсэг бишрэл ахуй соёлд нэвчиж, ахуй соёл Бурхны сургаалийг өөриймсүүлдэг. Үүний учир христ шүтлэгтнүүд христын шашны ёсыг өөр өөрийн соёлын өнцгөөр илэрхийлдэг. Энэ бол шашны колончлолоос эрс ялгаатай юм.

Миний хувьд энэ айлчлал монгол хүмүүсийг ойлгож мэдэх, уулзаж ярилцах, ахуй соёлыг нь өөртөө шингээх, монгол түмнийг, соёл уламжлалыг нь хүндлэн дагадаг Католик сүмийнхээ аян замд нь хань болох явдал байлаа. Би айлчлалынхаа үр дүнд сэтгэл хангалуун байнаа.

 - Та зөрчил мөргөлдөөнийг харилцан хэлцэж ярилцах замаар зохицуулах ёстой гэж хэлсэн. Тэгвэл Улаанбаатар хот соёл иргэншлүүдийн харилцан ойлголцдог индэр, Евроазийг холбосон гүүр байж болох уу?

 -Тэгж болно гэж бодож байна. Тийм харилцан ойлголцлын хөрсийг нь бүрэлдүүлсэн нэгэн сонирхолтой зүйл танайд байна: би үүнийг “гуравдагч хөршийн нууцлаг чанар” (third-neighbour mystique) гэж нэрлээд байгаа юм. Та бүхэн Улаанбаатар хотыг далай тэнгисээс хамгийн хол алслагдсан нийслэл гэж бодож болно, харин бид танай орныг Орос, Хятад хоёр их гүрний хооронд орших нутаг гэдгээр харж болно.

 Ийм учраас танай нууцлаг чанар бол “гуравдагч хөршүүд”-тэйгээ харилцан ойлголцохыг эрмэлздэг явдал билээ. Та бүхэн хоёр хөрштэйгээ угаас сайн харилцаатай тул тэднийгээ үгүйсгэх бус харин хамаг ертөнцийн нийтлэг мөн чанарт тэмүүлж, дэлхий дахинд монголчуудын эрхэмлэдэг чанаруудыг таниулж, эргээд бусад улс түмний эрхэм чанаруудыг өөриймсүүлэхийн тулд гуравдагч хөршүүдтэйгээ харилцдаг гэж би харж байна.

Түүхийн туршид бусад улс орнуудыг эрэлхийлэх нь колончлолтой эсвэл эзлэн түрэмгийлэхтэй үргэлж андуурагддаг байсан нь хачирхалтай. Харин үүний оронд “гуравдагч хөршийн нууцлаг чанар”-аараа та бүхэн бусад орнуудтай харилцан ойлголцохыг эрэлхийлдэг гүн ухааны номлолтой ажээ. Танай энэ гуравдагч хөрш гэх хэллэг надад тун их таалагдсан. Энэ бол та бүхний бас нэг баялаг юм шүү.

Айлчлалын үр дүн

Ромын Пап түүхэндээ анх удаа Монголд зочлон ирж дэлхий дахинаа, түүний дотор 1.4 тэрбум католик шашны сүсэгтэнүүдэд тусгаар тогтносон Монгол улсыг, Монголчуудыг, бидний соёл, ёс заншил болон өнө эртний түүхийг танилцуулаад буцлаа.

Монголын ард түмэн үгээ хэлэх, аль нэг шашныг шүтэх эрх чөлөөтэй, хүний эрхийг дээдэлдэг улс болохыг батлан харуулав. Ялгаатай үзэл бодол, түүний дотор бусад шашныг хүндлэн хүлээн зөвшөөрч, энх тайвнаар зэрэгцэн оршиж болохыг Монголчуудын түүх харуулж ирснийг онцлов.

Мөн Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн гол сорилтын үндэс суурийг тодорхойлж, яаж шийдэж болох тухай санаа бодлоо хуваалцав.

Энэ хорвоо ертөнцийг монгол гэртэй зүйрлүүлж, бие биенээ байгаагаар нь хүндлэх, байгаль орчинтойгоо зохицон амьдрах гүн ухааны сургаалыг нийт хүн төрөлхтөнд сануулав. Пап “Бид бүгд ахан дүүс шүү дээ. Fratelli tutti!” гэж хэлэх дуртай.

(Яг ийм нэртэй Папын сургуулаас бүрдсэн номын Монгол орчуулга бас гарсан байна)