Би өглөө 6 цагт босдогоор босоод “Анод” банкны эзэн асан Н.Даваагийн тухай номынхоо сүүлчийн засварыг хийгээд сууж буй нь энэ. Эхнэр, охин хоёр унтлагын өрөөндөө нам унтаж байлаа…

“…Истанбулд шинэ өглөө эхэлж, чулуугаар зассан муруй гудманд байх вааран дээвэртэй хуучны хийцийн барилга дээр намрын өглөөний шаргал нар тусчээ. Эртнээс л баян чинээлэг хүмүүс амьдарсаар ирсэн гэх хотын төвөөс зайдуу, нам гүм энэ хэсэгт Монголоос “Анод” банкны эзэн Даваа хоёр эрдэмтэн, нэг сэтгүүлчийн хамт Түркийн эрдэмтэдтэй уулзахаар ирээд байлаа. Тэднийг онгоцны буудалд тоссон Түркийн Шинжлэх Ухааны Академийнхан энэ шилтгээнийг тусгай зочиддоо зориулан түрээслэн бэлдсэн ажээ.

Бадамсамбуу “Анод”-ын Давааг дагаж, энэ айлчлалыг сурвалжлахаар иржээ. Тэрээр Чингис хааныг Бурхан Халдун уулын оройд онголон оршоосныг олж нээсэн ажлын явцыг дүрсжүүлэн бичиж, баримтат кино хийхээр зураг авч бэлдсэн нэгэн юм.

Монголо “Би чамд тэр Түрэгийн хааны бунханыг нээж олсон тухайгаа эхлээд ярья. Ер нь тэр явдлаас л болж хаан хүнийг нам дор газар оршуулдаггүй болсон юм байна. Хаан уул болдог юм байна гэж бодох болсон...” хэмээн ярьж байсныг дуу хураагчдаа бичиж авснаа санаж эргүүлэн сонслоо.

- Хөшөө Цайдмын хөндийд Шивээт уул гэж нэг сайхан уул байдаг. Тэр уул хүмүүс зориуд аваачаад овоолчихсон юм шиг цул чулуун уул л даа. Энэ уулын тухай асуухад манай өвөө “Эрт цагт Чингис хааны цэргүүд аян дайнд явахдаа амь насаа даатгаж нэг нэг чулуу өргөөд явдаг байж. Тэгээд ийм чулуун уул тогтсон гэдэг” гэж ярьдаг байв.

- Аан, тэгвэл Чингис хааныг Бурхан Халдуны орой дээр оршуулсан гэдэг ч эндээс сэдэлтэй болж таарлаа, тийм үү?

- Яг тийм. Яагаад Чингисийн цэргүүд дайнд мордохдоо энэ ууланд чулуу өргөдөг байсан юм бол? гэсэн бодлоос үүдээд Чингис хааны өвөг дээдэс болох Түрэгийн үеийн их хааны бунхан юм биш байгаа? гэсэн бодол анх ургасан хэрэг л дээ. Тэгээд Шинжлэх Ухааны Академийнханд хэлсэнд хэн ч тоогоогүй. Нүүдэлчид хэзээ ч бунхан барихгүй, Даваа чи агуу ихийн дэмийрэлтэй болжээ… гээд халгаадаггүй.

Би бас түүх сонирхдог болохоор түүхэн ном их уншина. Гэтэл Гийом Де Рубрукын “Монголчуудын Түүх” номыг уншиж байтал Мөнх хаан хэлэхдээ “Чингис хааныг ууланд оршуулсан. Бурхан Халдуны оройд хөдөөлүүлсэн юм. Би тэр явдлыг харсан, Чингис хааны хөвгүүдийн том ач нар оршуулгад биеэр оролцсон...” гэж ярьсан тухай олж уншлаа. Ингээд Түркийн Түүх, Археологийн Академийн ерөнхийлөгч Садик Турал гуайг Монголд уриад аваачиж үзүүллээ. Их том эрдэмтэн шүү дээ. Тэр ирж үзээд “Даваа, чи эндүүрч байнаа. Энэ бол байгалийн л тогтоцтой уул байна. Нүүдэлчид уул шиг том бунхан барихгүй, энэ бодлоо орхи” гэлээ.

Гэвч би энэ бол Хөх Түрэгийн хааны бунхан гэж итгэсэн хүн учир Бор багш, Батсайхан багш хоёрыг ятгалаа. Учир нь тэд оюутан гаргаж, малтлага хийх эрхтэй байсан юм. Ингээд би санхүүжүүлж, дөч орчим оюутан дагуулаад Батсайхан багшаа тийш нь явууллаа даа.

Батсайхан багш хэдэн оюутантайгаа хүрч очоод байхад нь би утсаар ярилаа. “За ажил яаж байна?” гэсэн чинь Батсайхан багш “Хүүе ээ, Даваа ёстой бүтэхгүй ажилд чи намайг явуулжээ. Ухлаа гэхэд энэ том уулыг хорин жил ухна. Энэ ёстой худлаа. Хорин жил ухаад ч юм гарахгүй. Зүгээр л хаа ч байдаг л чулуун уул байна шүү дээ…гэдэг байгаа.

Тэгэхээр нь би өөрөө яваад хүрлээ. Очоод харсан чинь нээрээ л зүрх үхмээр харагдаж байна. Ийм том уулыг яаж ч ухах юм. Мянган цэрэг авч ирээд ч барахааргүй санагдлаа. Гэлээ ч гэсэн энэ бол “бунхан” гэсэн бодол толгойноос огт салдаггүй дээ.

Тэгээд би Батсайхан багшийг “Хөөе, тэгвэл хоёр ковш авч ирээд ухвал яасан юм?”гэлээ. Нэг утгалтаар таван тонн утгадаг алтны уурхайн ковшуудыг авч ирээд өдөр шөнөгүй дайрчихья гэсэн чинь Батсайхан багш “Тэг тэг. Гэхдээ эндээс юу ч гарахгүй гэдгийг би баттай хэлнэ. Чи ер нь нэг л биш болжээ. Ямар амьтан зүгээр уулыг харчхаад доор нь бунхан байна гэж зүтгэдэг байнаа!?” гэж байна.

Гэлээ ч би зөрөөд баахан хүн хүч нэмж авч ирээд хоёр том ковшоор өнөөх уулыг ухууллаа даа. Хэд хоног ч боллоо доо, нэг өдөр би тэдэнд хоол хүнс, айраг цагаа авахаар Хашаат сумын төв рүү явсан юм. Тэгээд дэлгүүр хоршоо эргүүлж явтал утас дуугарлаа. Тэгсэн Батсайхан багш:

- Паа. Даваа! Ёстой хачин юм болсоон. Чи нээрээ яг хэлж шүү! Чи хурдан хүрээд ир. Агуу нээлт! Нээрээ хүний гараар хийсэн хана гараад ирлээ. Бүр яг хааш хаашаа тавь, тавин метр бунхан байна. Хөшөө ч гараад ирлээ. Даанч хөшөөгөө хагалчихлаа... гээд л ухаангүй шахуу хашхирч байна. Ингээд Шивээт уул Хөх Түрэгийн Билгэ хаан Монголяны бунхан гэдэг нь батлагдсан юм даа.

Ингэж Шивээт уул бол Билиг хаан Монголяны бунхан гэдгийг батлаад хорин зургаан метрийн гүнд шарил нь байна гэдгийг геофизикийн судалгаагаар тогтоосон юм…

Даваагийн яриаг Бадамсамбуу дуу хураагчаараа сонсч байтал үүд тогшиход очиж нээвэл Даваа инээмсэглэн зогсож байлаа…”

…Бичгийн ширээний өмнө сандалд Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтний тэмдэг зүүлттэй хар пиджак өлгөөтэй үзэгдэх нь нүдэнд нэг л баяртай тусав. Бурхан багшийн их дүйчин өдрөөр гавьяат болоод хоёр хоног баяр хүргэсэн олон хүнд хариу чат бичсээр, утсаар ярьсаар хариу талархал хэлсээр номондоо гар хүрэлгүй хоёр хоносон учир зарим нэг хэсгийг нь янзалж суугаа нь энэ…

Гавьяат авснаасаа хойш нэг ч удаа Баттулга руу чат бичээгүй учир гэнэт гэмших сэтгэл төрж өглөө эрт л чатаа хардаг даа… гэж бодоод баярласан талархсан тухайгаа хэдэн үг бичтэл нэг их удсангүй.

“Яг одоо би өглөөнийхөө гүйлтэд гарч байна. 7.20 гээд залгах уу?…” гэсэн хариу ирэв.

Би хагас жилийн өмнө Даваагийн тухай “Монголо гэдэг хүн” нэртэй номыг бичиж эхэлсэн тухайгаа Баттулгад хэлтэл “…Над шиг бас сайн ярьж чаддаггүй нөхөр билээ. Зовлон үзэж, хавчигдаж яваа бизнесмен. Би ивээн тэтгэж тус болноо…” гэсэн билээ.

Би номоо хянаад яг 7 цаг 20 минут болоход фб чатаар Баттулга руу залгав. Удсан ч үгүй тэрээр холбогдож.

-Гүйж ирчихээд л. Хөөе Төрөө чиний Талын хот, Нохой орон…нөгөөх нь юу билээ...нээх олон шагнал авдаг гурамсан киног хэдэн онд хийлээ? гэв.

-1996 онд “Талын хот”, 1998 онд “Нохой орон”, 2000 онд “Монголын дуу”.

-Олон жил өнгөрчээ, тийм ээ?

-Харин тийм, Ярьсан билүү үгүй билүү… “Талын хот” анх удаа Венецийн кино наадамд оролцож Монголын тугийг асарт залах гэсэн кино наадмынханд манай туг байгаагүй. Тэгээд Петр Бросенс гарч гүйгээд улаан, цэнхэр, шар даавуу худалдаж аваад соёмбын зурагтай манай далбааг үзүүлээд Монголын тугийг оёулж өлгүүлж байсан юм шүү дээ.

-Гаднын хүн гэхэд сэтгэлтэй тийм ээ. Чи хэлсэн биз дээ? Гавьяат болсон тухайгаа…

-Хамгийн түрүүнд л бичсэн. Өөрөө авчихсан юм шиг л баярлаж байна билээ. Бид хоёр ч ганзага нийлсэн шүү, дэлхийгээс 23 шагнал авна гэдэг. Чи л бас тэхэд тусалсан даа…

- Сайн кинонууд. Чи Юнивишнд тавьсан байна билээ. Би дахиж үзсэн бас л хуучраагүй байна лээ шүү…Тэхэд хэн ч тоогоогүй дээ…

-Харин тийм. Одоо тэгээд ерөнхийлөгч сүүлийн удаа л шагналаа маргааш өгөөд дуусах юм уу?

-Үгүй. Арван жил хүлээж буй хүн ч байгаа шүү дээ. Болбол л амжаад хэдэн хүнд нэмээд өгчих санаатай л…

-Өө тийм үү?

-Ковид гээд 2019 оны 1 сараас хойш бараг шагнал өгсөнгүй дээ. Баяр болгоноор өгөх учиртай шүү дээ. Уг нь ийм өвчин зовлонтой үед гайгүй нэгнээ түшиж өргөх ёстой шүү дээ. Төрийн бодлого...

-Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болсон цагт тамын тогооны үлгэр амар сайхандаа жарганаа гэж …

- За тэгээд…Урам аваад, улам сайн бичнэ шүү! Залуу, идэр гавьяат минь. Энэ эрчээ бүү алдаарай…

Би баярлалаа гэж хэлж амжаагүй байтал тэрбээр офлайн болчихов.

Амнаас нь алт уначих гэж байгаа юм шиг маш цөөн үгтэй нөхөр шүү. Амьдралаа гэж… үргэлжилдгээрээ л үргэлжилнэ дээ… хэмээн бодоод тамхиа асааж сороод удахгүй хэвлэлтэд өгөх гэж буй номоо цааш янзлах ажилдаа шамдлаа.

Цонхоор нарны туяа гэрэлтэн цоо шинэ өглөө эхэлж байлаа…


2021 оны 5 сарын 28 өглөөний 8 цаг 30 минут