Цар тахлын хязгаарлалтаа бүрэн цуцалснаас яг 10 хоногийн дараа ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөн гарч зөвхөн манайд гэлтгүй олон улсын хэмжээнд түр хугацааны шок үүссэн энэ азгүй ч гэх үү, амаргүй цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүйд хүрснээ зарласан.
Түүний Засгийн газрын өргөн барьсан тодотгол нь үнийн өсөлттэй холбоотой хариу арга хэмжээ авах, Төсвийн хэмнэлтийн тухай хууль, гуравт, төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг багтаажээ.  
Юуны өмнө тэрхүү “түр шок”-оос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор батлуулсан. Үүнд суурь үнийг хөөрөгдөгч шатахуунтай холбоотой багц арга хэмжээнд 100-аад сая ам.доллар зарцуулахаар тооцсон нь хэдийгээр хуучивтар арга хэмжээ мэт боловч  тооцоо гарсан.

Ерөнхий сайд үүнийгээ тайлбарлахдаа “зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэсэн бөгөөд шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэснээр шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барина” гэсэн. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулахад нөлөөлөх байх. Нөөцийн тухайд бид өмнөх хавруудаас илүү хатуухан хаврыг угтаж байгаагийн хувьд нөөцийн бодлого л “шок”-ийн эсрэг вакцин болох байх. Мах, гурил нөөцлөх тал дээр манайх туршлагатай ч онцлог нь энэ хууль батлагдсанаар төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж аваад дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдлоос урьдчилан сэргийлнэ л гэсэн зурагтай байгаа юм билээ. “Юу ч хийхгүй байснаас дээр” буюу вакцины дараах зоригтой зарлагуудаар үнийн өсөлттэй чадлаараа тэмцэх гэж буй түүнд найдвартай бөгөөд нууцлаг зөвлөхүүд байгаа сурагтай.
“Төрийн өмчитүүд”-ийг компанитай нь, даргатай нь, машинтай нь хэмнэхэд хэдийг хэмнэх вэ?
Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар боллоо. Төрийн байгууллагууд тус бүрдээ салбар хуулиуд, журам, дүрмээр хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар “домоглодог” нь нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг авчирч чадаагүй өнөөдрийг хүрснийг саяхан болж өнгөрсөн залуусын жагсаалт харуулсан. Тиймээс ч залуусын жагсаалтын нэг заалт Төрийн хууль болтлоо хэрэгжиж байгаад талархууштай. Холоос харахад энэ хуульд төрийн өмчит компанийг цөөлөх, даргыг цөөлөх, даргын машиныг цөөлөх гэсэн агуулгууд харагдлаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох, Нийслэлийн Засаг дарга 2 хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч даргатай байхыг хориглох, хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглоно гэнэ. Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
“Төсөвт дайсагнадаг” төрийн өмчитүүд гэх ургийн модыг “тайръя”
Эдгээрээс хамгийн тод “гэрэлтэж” байгаа нь Төрийн өмчит компаниудыг олон нийтийн шууд хяналтад оруулна гэх нэрээр нийлүүлэх, татан буулгах, худалдах арга хэмжээг авах бололтой юм. Хүсэн хүлээсэн арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Бас л ой гутам данхар шүү дээ. Жишээ нь “Эрдэнэс Монгол”, түүний охин компаниудын байрны түрээст өгдөг мөнгийг нэгтгэж харвал сард 200 сая, жилд хоёр тэрбум гаруй төгрөгт дөхдөг, хоёр жилийн өмнөх баримтаар шүү. Олон захиралтай, захирлууд нь хамгийн тааруудаа л Nissan Patrol “Y-62” машин унадаг. Тэр охин компаниуд нь дотоод гадаадын компанитай сайн, муу гэрээ байгуулсан ч, арилжааны банкинд өр зээл тавьсан ч толгой компаниа чангаана. Хэдийгээр Ерөнхий сайд 39 компанид дээрх арга хэмжээг авна гэчихээд тавхан компанийг нэрлэсэн боловч “Тэрбум модны хөтөлбөр” мэт үржсэн төрийн өмчит компаниуд, төслийн нэгжүүдийн нөхцөл байдал санхүүчдийн ой гутам жишээ болоод удаж байгаа юм. Одоо тэд нар нь бүгдээрээ “Тэрбум мод тарина” гээд модны бизнес яриад шүлсээ үсчүүлж нугалаа үүсгэж явна.
Нэрийг нь дурдалгүй нэгэн охин компанийн төсөв рүү шагайя. “Дарга дэд дарга, дэд захирал, газрын дарга, газрын орлогч, алба, албаны дарга нар, тэр бүхний туслахууд” гэсэн замбараагүй бүтэцтэй мөртлөө нэг аймгийн төсөв аятай 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй, түүнийгээ байнга чамлаастай.
Төрийн өмчит компаниудын 10 гаруй их наядаар яригддаг өр, авлага байдаг гэдэг.
Хэдийгээр ТУЗ-ийнхний цалин нууцын зэрэглэлтэй, гэхдээ өндөр биш, L-1, L-2, L-3 гээд гурван шатлалтай байдаг боловч цалингийн хэмжээнд биш хэтэрхий олон даргатай, олон хүнийг цалинжуулдагт асуудал байна. Дээр нь Хөгжлийн банкин дахь, Чингис хаан банкин дахь төрийн өмчитүүдийн өрийг харахаар бүүр нэг хүндэрсэн, дампуурах магадлалтай байршилд төрийн мөнгийг байршуулаад дуртай дургүй шүүх рүү бичиг шидсэн шиг суух юм. Энэ байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ овоо олж хараа юу гэж бас таамаглаад байна.  
Тиймээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дэх нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах зэрэг нь яг ярьж байгаа шигээ хийж чадвар реформ болно гэж найдаад үзэж болох юм. Харин энэ дунд нэг шүүмж хавчуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтлана” гэж мэдэгдчихээд байхад Хөтөлийн цементний үнэ гэнэт буурч цемент үйлдвэрлэгчидтэйгээ харьцангуй нөхцлөөр өрсөлдөж эхэлсэн бизнес эрхлэгчид дургүйцэж байгаа шүү.
Түүнээс бусдаар дүрэмт хувцсаас татгалзах, сургалт семинарыг цахимаар хийх, орон тоо нэмэхгүй байх, цай кофе, цаас принтр хэмнэх, төрийн машин өөр өнгийн дугаартай байх зэргийг бол арай реформ гэхгүй байлгүй дээ. Төсөвт байгууллагын удирдлагууд дур зоргоороо хоорондоо урамшуулал олголцох, гар утасны төлбөр, зочны бэлэг дайллагаа боль гэхчлэн улиг болсон хэмнэлтүүдэд алга таших хүн олдохоо больсон. Тэгэхээр энэ бүхний төгсгөлд төсөвт хэр хэмнэлт гарах вэ? Реформ мөн үү гэдгийг хэмнэгдэх төгрөгийн хэмжээгээр биш агуулгын хувьд харвал нэлээд зоримог, чанга алхмууд мөн. Ялангуяа төрийн өмчит компаниудыг цэгцлэх, ил тод байлгахын тухайд маш өндөр хүлээлттэй байгаа шүү, Ерөнхий сайд аа!
Харин энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, соёлын төв 7, спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассанд баярлахад хэцүү л дээ. Анхнаасаа ковидын үед баталсан төсөв байтал хасахгүй юугаа хийж иргэдийг бухимдуулж байв гэх асуудал зүй ёсоор гарна. Харин “Цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгасан” гэдэг нь таатай санагдлаа. Ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нутгийн хөшөөний их нь түүхтэй холбогдохоороо бахархалтай ч төсөвтэй холбоод үзэхээр мөн ч эмгэнэлтэй шүү дээ.
Тэгэхээр эдгээрийн үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана. Цаашид төсвийн захирагчдыг чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголттой, бүтээмж өндөр байхаар цомхотгож үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ гэсэн нь бас нэг төрлийн реформын эхлэл болж магадгүй юм.

Л.Оюун-Эрдэнийн реформын “уянга” нь хаанаа байна аа?

Яг өрх бүрийн болон ААН бүрийн хаалгаар орох ямар реформ байв гэхээр энэ гээд нэрлэх юм төдийлөн олдохгүй л байна. Юуны өмнө дуулиан болоод байгаа “нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох” асуудал байна. Ямар тооцоонд үндэслэж, яах гэж хийснээ сайтар тайлбарлахгүй бол хувийн хэвшлийнхэн маш бухимдалтай хүлээж авч байгаа харагдлаа. Мөн дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх, дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээний дундуур хувийн эрх ашиг “гүйчихгүй” байх баталгаа алга гэх шүүмжлэл гараад байгааг ч бодолцож хяналтаа сайжруулах шаардлагатай. Энэ бол зуд, хомсдлын үеэр зоолж сурсан зарим хүнд маш их хамаатай. Эцэст нь хэлэхэд энэ удаагийн төсвийн тодотголоор цагаа олсон эсэхийг бүү мэд, нэг “реформ” дайраад ороод ирсэн нь нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл гэж Ерөнхий сайдын танилцуулаад байгаа бодлогууд байлаа.
Энэ нь эрх баригч намаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн бөгөөд залуусын жагсаалтаас урган гарсан “эд” байх. Тухайлбал, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг цэцэрлэг барихад зарцуулах, цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг нэмэх, хоёр настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох зэрэг нь энэ асуудлыг хөндөж жагссан залууст бол урамших, таалагдах бодлого мөн байх.
“Уул уурхайн лиценз эзэмшигчид “Улсын дайсан” юм уу
Хөдөө бизнес эрхэлбэл 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох, хөдөө анх удаа орон сууц авбал ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах гэхчлэн “Хотоос явбал дэмжинэ” гэсэн бодлого нь төвлөрлийг сааруулах, борон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилготойг ойлгоод байгаа ч “Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани” гэдгийг л илүү харж үзээд байгаа нь тааламжгүй санагдлаа. Тэртэй тэргүй экспортын орлого руугаа харахаар уул уурхайгаас орж ирэх хайгуулын ч бай, ашиглалтын ч бай лиценз эзэмшигчид гол үүргийг гүйцэтгэж байхад яагаад арьс өнгөөр ялгах мэт адлаад байгааг ойлгосонгүй.
Та бүхэн хар даа. “Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөнө”. “Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна”, Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор таван жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлнэ. “Уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ” гэж байгаа юм. Төсвийн тодотголын төслөөс таалагдаагүй хэсэг нь энэ л байлаа. Ерөөсөө уул уурхайн лиценз эзэмшдэг бол “Улсын дайсан” мэт гадуурхсан байгаа биз? Нэг иймэрхүү олон өнцөгтэй, оновчтой бодлоготой тодотголыг батлах гэж байна. Яг хэрэгжүүлж чадвал янзын гоё реформ нь “төрийн өмчитүүд”-ийг цэгцлэх дээр л гарах байх. Энэ чиглэлээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болохоосоо ч өмнө олон орноор судалж явсан, овоо хэдэн жил ч ярьчихлаа, одоо хийх байх гэж найдаж байна.