Стереотайп
Стереотайп гэдэг тийм муу зүйл мэдээж биш л дээ. Аливаа зүйлийн талаар хамгийн түрүүнд төсөөлөлд бууж буй бүхэн стереотайп. Заримдаа буруу, заримдаа зөв төсөөлөл.
Амбиц, стресс, орк, популизм гэсэн үгнүүдийг саяхныг хүртэл монголчууд бараг хэрэглэдэггүй байсан. Яах аргагүй амьдрал нийгмийн шинэ өнгө төрх, шинэ хэв маяг, шинэ асуудлууд бий болж түүнийгээ ч илэрхийлэхийн тулд шинэ үгс хэрэглээнд нэвтэрчээ. Мэдээж заримыг нь бид үндсэн утгаас нь гуйвуулж “монголчилсон” байгаа. Шинэ үгийн ач тус их. Жишээ нь орк гэж үгийг өргөн дэлгэр хэрэглэж, бүгдээрээ оркоо таньж ойлгож байж л оркжилт буурч эхэлсэн. Яг юу гэдгийг нь мэдэхгүй ч ямар нэг зүйл буруу, сонин санагдаад, илэрхийлэх гэхээр ганц үг олдож өгөхгүй зовоох нь бий. Гэхдээ бүгдээрээ мэдрээд байдаг. Тиймэрхүү нэг үг нь стереотайп /stereotype/ хэмээх үг юм, удахгүй бидний хэрэглээнд өргөн нэвтэрч магадгүй. Учир нь манай нийгэм тэр чигээрээ стереотайп гэгч юманд автчихаад байгаа юм. Стереос гэдэг нь эртний грекийн “бүхэл”, “цул” гэсэн утгатай үг аж. Стерео дуугаралт гэхээр бүхэлд нь, цулгуйд нь хөгжмийг мэдрүүлэхийг хэлээд байх шиг. Харин Stereotype гэдэг нь Stereos-Typos гэсэн хоёр эртний грэк үгийн нийлбэр. Typos гэдэг нь “сэтгэгдэл”, “төсөөлөл” гэсэн утгатай үг юм байна /type – төрөл биш шүү/. Нийлээд махчлахаар “нийтлэг сэтгэгдэл”, “нийтлэг төсөөлөл” гэх маягийн утгатай. Оксфорд, Кэмбрижийн толь бичиг дээрээс “стереотайп” –ын утгыг харвал ерөнхийдөө ”хэвшмэл ойлголт”, тэр тусмаа “буруу нийтлэг төөрөгдөл” гэх утгаар түлхүү хэрэглэгддэг ажээ.
Кэмбрижийн толь бичиг дээрхи “stereotype” хэмээх үгийг ашигласан нэг жишээ өгүүлбэр анхаарал их татсан юм: “The characters in the book are just stereotypes” гэдэг өгүүлбэр. “Энэ номд гарч буй дүрүүд ердөө л стереотайп байна” гэсэн утгатай. Ямартай ч кино, уран зохиолд их тааруухан гаргасан дүрийг стереотайп гэж хэлдэг байх нь. Уран бүтээлчийн авьяас тодроогүй, хэн ч шууд төсөөлөөд зохиож чадах тийм нэг сулхан дүр. Манай монгол дэлгэцийн уран бүтээлүүдэд олон жишээ байх ажээ. Халаад өмсөж хээ угалзтай ширээний ард суугаад, хутга сэрээгээр үхрийн махан стээк идэж буй баян босс. Хошин урлагийн тоглолтууд дээр ихэвчлэн гардаг ааштай хадам, эмгэн болсон эр. Физикийн эрдэмтэн бол том нүдний шилтэй, ширэлдсэн үстэй, ноомой залуу байж таарна. За тэгээд солонгос кино дуурайсан хар костюмтай, хар машинаас буух зодоончдын стереотайп дүрүүд. Зодоонд ч тэр, дайнд ч тэр дайсан уруугаа орилолдон дайрах хагас галзуучуудын стереотайп. Өглөө сэрүүлэгнээсээ хоцорч сэрээд яаран хувцаслах гоё унтлагын хувцастай хүүхнүүд. Шударга эх оронч шилийн сайн эрсийн стереотайп, ихэвчлэн хайртай хүүхнийг нь нэг феодал ноён богтолсон нь байж таарна. Найздаа охин найрахыг зааж тусалж буй үнэнч нөхрийн стереотайп, өөрөө хэзээ найз охинтой болох ч юм. Ядуу сайн хүн баян муу хүнийн стереотайп. Хөдөөнөөс дээлтэйгээ орж ирээд хотод төөрч будилж яваа болхидуу эрийн стереотайп. “Чи надад зүрх сэтгэлээ өгвөл би чамд үлдсэн амьдралаа зориулахад бэлэн” гэх мэт стереотайп диалогууд. Хорт хавдрын стереотайп. Захидал бичээд түүнийгээ монологоор унших стереотайп... Яриад байвал дуусахгүй. Ер нь сүүлийн үед гарч буй кинонууд дүр гэхээсээ стереотайпаар дүүрэн. Далайцэрэн, Итгэлт баян шиг жинхэнэ дүрүүд цөөхөн. “Ларьдмагийн нөхөр”, “Орхидосын ээж” гэсэн хоёр хурц дүрээс өөр юм санаанд бууж ирэхгүй юм, үйл явдал хурц уу дүр хурц уу мэдэхгүй.
Стереотайпыг эвдэж чадах юм бол амжилт уг нь ойрхон. “+17” шоуны Жижгээ, Цогтоо хоёр нийтлэг стереотайпыг эвдэж, шинэ дүр гаргаж ирсэндээ амжилт үзүүлсэн гэж боддог юм. “Single Ladies” киноны ангиуд жишээ нь өнгөц харахад бусад кино шиг л хөнгөн хийцтэй, гял цал бүтээл. Ихэнхи эрчүүд үнэндээ дургүй. Гэхдээ тэнд ганц бие хүүхнүүдийн стереотайпыг эвдээд, чамгүй онцлогтой дүр гаргаж чадаад байх шиг харагддаг. Манайхан шинэлэг юм хийнэ гэхээрээ шинээр моодонд орж буй хэдэн стереотайпыг л хамж чихэхээс хэтрэхгүй нь олон. Шинэ дүр биш шинэ стереотайп л нэмээд байгаа хэрэг. Заримдаа бүр хальж үнээгээ сааж буй малчин хүүхнээр цахилгаан гитар тоглуулчихна. Тавдугаар ангийн хүүхэд ч төсөөлчихөж чадах, угаасаа бүгд фээсбүүк дээрээсээ харчихаж байгаа тийм бэлэн стереотайп төсөөлөл, стереотайп үйл явдлуудыг нийлүүлсэн уран бүтээл хэнд сонирхолтой юм бэ?
Стереотайп гэдэг тийм муу зүйл мэдээж биш л дээ. Аливаа зүйлийн талаар хамгийн түрүүнд төсөөлөлд бууж буй бүхэн стереотайп. Заримдаа буруу, заримдаа зөв төсөөлөл. Увсынхан арчаатай, Дарханы охид царайлаг, Эмч нар муухай бичигтэй... бүгд л стереотайп. Ерөнхийдөө хүнд гялс санаагаа ойлгуулах гэсэн рэкламны стереотайп түгээмэл. Жишээ нь арван секундын рэкламд үлгэр жишээ гэр бүл, шилдэг бизнэсмэн залуугийн стереотайпыг харуулахад асуудалгүй, харин бүтэн 90 минутанд энэхүү стереотайпаа үзүүлж үзэгчдийг тамлах нь наанадаж харгис, цаанадаж хайран зардал. Морь унаж уурга шидэх хөрслөг залуу бол монгол хүний стереотайп болохоос монгол хүний онцлог шинж, онцлог дүр биш. Нисдэг таваг, бүлтгэр нүд, том толгойтой ногоон хүн дүрстэнүүд бол харь гаригийнхны стереотайп. Харин амжилтанд хүрсэн нэг ч Холливудын зөгнөлт кинонд ийм стереотайп харийнхан гардаггүй юм шүү. “Scary Movie” мэтийн инээдмийн кинонд л хааяа инээлгэх зорилгоор үзүүлдэг. Нүдний шилтэй, үсээ боосон, цэмцгэр хослолтой, үзэг барьж бодолхийлсэн төрх бол ажил хэрэгч эмэгтэйн стереотайп. Рэкламын постэрт гоё тохирно. Гэхдээ америк, солонгос кинонд жинхэнэ ажил хэрэгч эмэгтэйн дүрийг хэзээ ч ийм болхидуу стереотайпаар дүрсэлдэггүй. Монгол кино, контентийн хэтэрхий олон стереотайпаас үзэгчид үнэндээ залхаж, бодит дүрээр цангаж буй. Бодит дүрээр цангасандаа өөрийнхөө амьдралаар стереотайп хийж буй сошиал одуудыг олноороо дагаж хошуурна. Монгол кинонд гардаг хосуудын улигт стереотайпаас илүү өөрийн онцлогтой, сонирхолтой дүрүүд жишээ нь хосын влог дээр л байна.
Зиак тэгээд зөвхөн кино гэлтгүй өөр олон гоё стереотайп байнаа байна. Нээх гоё эх орончийн стереотайп дүр бүтээж, түмэнд итгүүлчихээд сууж байтал гэнэт ЖДҮ хуссан нь илэрч, өөрийн онцлогтой жинхэнэ бодит дүр тодрох жишээний. Дарга нар гадаад явахаараа жинхэнэ туршлага судлах биш баахан ойр зуурын стереотайп хамж ирчихээд ирж эндээ ярьж юм үзсэнээ гайхуулна. Хүүхдэд ерөөсөө хичээл, даалгавар өгөхгүй, математик бодуулахгүй, зөвхөн ярилцсаар байгаад сургадаг боловсролын системийн стереотайп сүүлийн үед хүмүүст таалагдаж байна. Муу сурлагатнууд онц сурлагатнуудаас илүү амьдардаг гэсэн стереотайп жишээ нь их хортой. Социализмын амьдралыг орцны үүдэнд гитар тоглож суугаа нэг их гоё стереотайпаар төсөөлнө. Соц үеийн тавилттай гоё зурагнууд бол цэвэр социалист стереотайп. Үнэндээ тэр үед хүн амын 80 хувь нь гэр хороололд, 70 хувь нь монгол гэрт амьдардаг, гэр хорооллын, сумын төвийн амьдрал ямар байсныг хэн ч ярьдаггүй. Жинхэнэ соц дүр, соц амьдралыг харуулсан кино байтугай зураг бичлэг ч ховор юмдаа. Янз бүрийн хялбар стереотайп романст автаж, түүнийгээ яг жинхэнэ амьдрал гэж төсөөлнө. Лайк цуглуулах гэсэн хүний стереотайп романсд уяраад нөхрөө романтик биш төмс гэнэ. Бизнэсмэн, энтэрпрэнэр хүн бол ийм тийм байна гэсэн баахан гадны стереотайп онч үг, стереотайп прэсэнтэшн олоод харчихсан түүнийгээ ярьж онгироод л явна. Хүнд хайр, ёс суртахуун заах гэсэн гарууд угтаа бол хайр, ёс суртахууны тухай хэдэн стереотайп л заагаад байгаа юм. Өөрөө хайр ёс суртахуунтай юмуу ёстой бүү мэд. Онлайн маркетинг, биткойны сургалт явуулна, харин өөрөө хийж чадахгүй. Гол зүйлийг нь ойлгоогүй, баахан стереотайп тогтоогоод авчихсан л гар юм. Гэх мэт, гэх мэт.. Стереотайп төсөөлөл, бодит мэдлэгээс өөр. Амьдралын стереотайп, бодит амьдралаас бүр өөр. Стереотайп романс бодит романтизмаас шал өөр гэх мэт..