2010 онд дунд сургуулийн ангийнхан маань хорин жилийнхээ ойг хийж, анги даасан багшаа урьсан билээ. Тэгэхэд миний бие “Жилээс жилдээ жижгэрсэн, жижигхэн буурал багш минь…” хэмээх дурсамж бичиж байлаа. Үүнээс 12 жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт ахин нэгэнтээ уулзаж, бичил яриа авав. 2010 онд бичсэн тэр дурсамжаасаа хэсэгчлэн толилуулаад, товчхон ярилцлагаа та бүхэндээ өргөн барья.

“Жилээс жилдээ жижгэрсэн, жижигхэн буурал багш минь…”

(2010 оны дурсамжаас)

...Наян настай багш заримыг маань бүр хорин жил хараагүй атлаа шууд таньж байна. Ангийнхан маань амралтанд очоод уламжлал ёсоороо эрэгтэй эмэгтэйгүй холилдон, Герман, Аргентин болоод хөлбөмбөг тоглосон, багш үзээд л инээгээд суух. Уулын бэлд машинаар хүрээд дээшээ овоо руу алхсан, ангийн маань хоёр хөвүүн аахилаад замдаа модны сүүдэрт суугаад хоцорсон, багш харин төвөггүйхэн алхаж овоонд хүрчхээд нар зөв гурав тойрч байна. 

Багш зохиол ярьж өгнө гэж гайхамшигтай. Хамгийн анх бидэнд Илиада, Одиссейг ярьж өгсөн юм. Эртний Грекийн сонгодог зохиол дотор умбаж явахад 45 минут гэдэг дэндүү хурдан өнгөрнө. Сүүлд би Илиада Одиссейг хүүхдэд зориулан хялбаршуулснаар орос, англи хэлээр нэлээд хэд уншсан, “Илиадаг тэр дахин ярьсан нь” гэсэн маягтай хувилбарууд маш олон байдаг юм. Аль нь ч Гооёо багшийнхыг гүйцэхгүй. 

Тарас Бульба, Ахмадын охиныг тархинд ортол тайлбарлан ярьсан. Харин Монголын эртний утга зохиол, өнөө гурван оргилыг албаар нэлээд ухаан суусан хойно маань ярихаар хадгалж байсан байх, 8-р ангиас хойш Гэсэр, Жангар, Монголын Нууц Товчоо гэсэн дарааллаар нэг бус удаа сэтгэлд шингэтэл ярьж өгч билээ.

Багш конспект, хувийн тэмдэглэл зэргээ дан монгол бичгээр хөтөлнө. Монгол бичиг нийтээр сурч эхлээгүй байсан тэр үед тэр нь үнэхээр содон санагддаг байж билээ. Хожим харин дунд сургуульд монгол бичиг албан ёсоор зааж эхлэхэд бэлэн бичигтэй хүн нь ганц манай багш байв. Монгол бичгээр анх амласан болохоороо эртний уран зохиолд тийм элэгтэй ханддаг байсан юм болов уу даа.

Гомбосүрэн багш Ринчен гуайг бидэнд анх таниулсан хүн. Өөрөө хэл соёлдоо элэгтэй багш учраас Ри багшийн тухай олны дунд тархсан явдлуудыг нэгд нэгэнгүй ярьж өгдөг сөн. Хүүхдүүд гэж гололгүй бүр 5, 6-р ангид л байхын л ярьж эхэлсэн, тэр үед уг нь бас чиг тэгж хамаагүй ярьж болдоггүй л байсан үе. Ардчиллаас хойш Ри багшийн тэр бүх явдал ном болж хэвлэгдээд, хүн бүр ярьсаар нэг их сонин зүйл биш болсон байх, харин тухайн үедээ бол үеийнхэн дотроо манай ангийнхнаас өөр сонссон хүн цөөхөн, гэртээ ирээд л гайхуулан ярьдаг байж билээ. Бодоод байхад тэр бүх үүх түүх бидний ертөнцийг үзэх үзэл, хэл соёлын талаарх санаа бодолд маань нөлөөгөө үлдээжээ.

Хүүхэд хүмүүжүүлэх, сургах арга нь харин учиргүй магтах юм биш, нэлээд хуучинсаг. Хэрэг тарьсан хүүхдүүдийг ангид түгжээд яваад өгнө. Ангиараа ямар нэг хэрэгт орвол бүгдээр зэрэг санаа гаргана гэж байхгүй, толгойлогчийг нь олно хэмээн үнэнээсээ хичээнэ. Үймүүлдэг болохоор намайг анги дахь буруу тийш уруу татагч толгойлогчдын нэг лавтайяамөн гэж боддог байв. Нэг муу хүүхдээ дандаа муухан дүгнэнэ. Үсээ засуул гэж хоёр гурав шаардаад болохгүй бол шууд өөрөө хайчлаад хаяна. Энхтуяа гэж охин нэг өдөр үсээ учиргүй сайхан ороогоод, буржийсан хөөрхөн амьтан ороод ирсэн, багш шууд шалчийтал нь норгоод, усан хулгана шиг шулуун юм болгочхож байж билээ. Алгадна, амбаардана, нударна, ёворно, угсраа олон мэхтэй багш байж дээ. Арга ч үгүй биз дээ, дэлхийн хоёрдугаар дайны үед монгол бичиг заагаад явж байсан хүн гэхээр чинь яаж ч шинэлэг байх вэ дээ. Харин ч тэр дээр үеийн хүн гэхэд фото аппараттай, пянз тоглуулагчтай, анги төгсөх бүр зураг авдаг байсан нь одоо бид бүгдийн альбомны хамгийн нандин зураг болон хадгалагдаж байна. Пянз тоглуулагчаараа дуу нь баахан дээхнийх боловч үдэшлэг зохиодог байсан гэж байгаа. Баянмонгол, Соёл Эрдэнэ тавиад л, бид тэрэнд нь бүжиглээд л… Гооёотой харьцуулахад хавьгүй залуу багш нар л лав тэгж технологи хэрэглэж байсныг санадаггүй л юм.

Хэл уран зохиолын багш юм болохоороо толгой холбоно гэж жигтэйхэн, бүр загнахдаа хүртэл шүү дээ. Нэг удаа манай ангийнхан нууцаар 18-р сургуулийн 10-р ангийнхантай шеф болоод, нөгөөдүүлтэйгээ дискодож дискодож ирсэн, баригдчихдаг юм байна. Багш биднийг загнасан нь:

Алс холын

Ажилчны районы

Арван наймдугаар сургуулийн

Айхтар айхтар хүүхдүүдтэй нийлнэ гэнэ ээ, та нар‼‼‼‼

Багш хэчнээн хуучны арга хэрэглэдэг байсан ч дотроо ардчиллыг ихэд дэмждэг байсан болов уу гэж би одоо боддог юм. Түрүүн хэлсэн, Ринчен гуайн хамаг хориотой онигоонуудыг ярьж өгөхөөс гадна, шог зохиолч Барамсайн бас л тэр үед хаагдаад байсан “Алтан загасны үлгэр” зэрэг зохиолыг уншиж өгдөг байлаа. Ардчилал гараад жагсаал цуглаан эхлэхэд “Амардэлгэр, Түвшинбаяр гээд биерхүү хүүхдүүд нь тэнд оч, юу ярихыг нь сонсоод ангийнхандаа ярьж өг, бусад нь хэрэггүй” гэж байсан сан. Хөөрхий, мань мэтийн жижигхэн туранхай амьтдыг гэмтчих вий гэж санаа зовсон атлаа, тэнд юу болж байгаагаас хоцроочихгүйг бас бодож байсан байгаа биз?

Цуглаан гэснээс өдгөө Швейцарьт байгаа манай ангийн Ш. Эрдэнэбат гэж хүү бид хоёр тэр үед нэгийг нь ч таслалгүй идэвхтэйеэ жагсдаг байлаа. Нэг удаа Эрдэнэбат аавтайгаа (аав нь Сувилагчийн сургуулийн багш, бөхийн засуул асан Шагцрай) хамт ирнэ гэчхээд болзсон цагаасаа учиргүй хоцордог юм байна. Тэгсэн, аав хүү хоёр ардчиллынх, ээж нь Ху намынх байж, ээж нь нөгөө хоёрыгоо явна гэж мэдээд аавынх нь гутлыг нуучихсан гэнэ. Шагцрай багш өөрөө явж чадахгүй болоод Эрдэнэбатыг “Миний хүү явж ирээд аавдаа ярьж өгөөрэй” гэсэн гэдэг.

Миний өдий зэрэгтэй яваа минь… гэж ирээд л нэг их хэв шинжтэй ярилцлага байдаг, тийм яриаг шүүмжилдэг атлаа чухам түүнчлэн өгүүлэх аваас, өдгөө монгол хэл шинжлэлийн мэргэжлийг эзэмшин яваа маань Гооёо багштай шууд холбоотой билээ. 1990 оны конкурс амьдралын минь замыг тодорхойлж өгсөн гэж хэлж болно. Тэр жил Улсын Багшийн Дээд Сургуулийн Монгол хэл-Уран зохиолын ангид ганцхан хуваарь дээр 150 сурагч өрсөлдсөн юм. Анх удаа улаан шугам гэж татаагүй, сурлага хамаагүй, хүссэн бүхэн конкурсанд орж болох дүрэм гарсан учраас тийм олон сурагч бүртгүүлсэн нь тэр. Суурь шалгалтын хамгийн чухал 1-р асуулт нь багшийн маань өнөөх тархинд ортол ярьж өгдөг асан Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг “Жангар” байлаа. Тахь зул хааны үлдэл, Тансаг Бумба хааны ач, Үйзэн алдар хааны хүү Үеийн өнчин Жангарын тууж бол… гээд л явж өгсөн, тэр ганцхан хуваарийг нь шүүрчихсэн л юм даа...

гэх мэтээр 12 жилийн өмнө дуртгал бичиж байсан бол өдгөө нас сүүдэр 92 зооглоод буй багштайгаа Бар жил ахин золгож, жаал хуучлав. 

Гооёо багш: Монгол бичиг кириллээс хурдан, амар байдаг юм

(2022 оны ярилцлага)

Багшид шинэ гаргасан номоосоо гадна “Эртний Грекийн домог” номоо бариад: 

Эртний Грекийн домгоор тэр жил нэг ийм ном гаргасан, багш аа. Өмнөх үгэн дээрээ дунд сургуульд таны ярихыг сонсон ихэд биширсэн учраас яг нэг тийм сайхан үлгэр болгож бичихийг зорьсон гэдгээ хэлсэн байгаа шүү... гэснээсбагш минь бага байхад нутаг усны тань тухай мэддэг ч үгүй, сонирхдог ч үгүй байж. Сүхбаатар аймгийнх байх аа, та?

Хуучнаар бол Дорнод аймгийн Жавхлант шарга сум гэж байсан, одоогоор бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1930 онд төрлөө гэж.

Аав ээж тань ямар улс байв?

Аав Даш гэж, малчин, багийн дарга хийж байсан хүн байв. Ээж бас малчин. Ах Хасбаатар гэж байсан, багш. Жавхлант шарга гэж сумыг анх үүсэхэд л бага сургуульд нь багшилж байсан хүн дээ.

Дүүтэй юү?

Дүү Буд гэж бий, цагдаа байсан, одоо наян хэдтэй, тэтгэвэрт. Хорлоо гэж дүү маань бас л наян хэдтэй, Сүхбаатар аймагт байгаа. Бага дүү Гантөмөр далан хэдтэй, Чойрт багшилж байсан, одоо тэндээ суугаа. 

Сургуульд хаана хэзээ явав?

1940 онд Жавхлант шарга сумын бага сургуульд анх явлаа. Аймгаас баруун тийш Мандалын хийд гэж байсан юм. Тэрний байр суурин дээр байсан сургууль. Тэгж байтал Сүхбаатар гэж аймаг чинь 1942 онд шинээр байгуулагдсан юм. Тэгээд сумаасаа зүүн тийш арваад километр газар Баруун-Урт гэдэг газар ирлээ. Тэгээд би 4-өөс 5-р ангидаа Мандлын хийд дээр шавилан суулаа. Зургадугаар ангиасаа аймгийн төв дээр сурагч боллоо. Тэр үеийн аймгийн төв гэдэг чинь дөнгөж л шинээр байгуулагдсан, сургууль гэж эсгий гэр, ширээ сандал ч байхгүй, өвдөг дээрээ даавуун цүнхээ тавиад л хичээл хийдэг байлаа шүү дээ. Дундаа нэг том төмөр зуухтай. Тэгээд долдугаар ангиа төгсөөд 1947 онд Улаанбаатар хотод Багшийн сургуульд хуваарилагдаж ирэв. 1950 онд Багшийн сургуулиа төгсөж, Сүхбаатар аймагт томилогдон, ажил хийж эхэлсэн хүн дээ. 

Гэхээр таны ажил хөдөлмөрийн замнал эхэлснээс хойш даруй 72 жил өнгөрч байгаа юм байна шүү дээ.

Одоо тийм болж байх шив дээ. Анх Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Зотол сумын сургуулиудад багшилж байлаа. 

Ямар хичээлийн багш байв?

Бага ангийн багш. Тэгээд зааж байтал 1955 онд аймагт пионерын удирдагчийн орон тоо шинээр бий болсон юм. Тэгээд Сүхбаатар аймгийн арван жилийн сургуулийн пионерын удирдагчаар 1955-1960 он хүртэл ажиллалаа.

Ажлыг ч багш минь гялалзуулж л байв уу?

Гайгүй л ажилласан юм байлгүй дээ, Ардчилсан Германд анх 45 хүүхэд явах болоход таван багш авч явах болоод, тэрний нэгээр шалгарч тэр нэг зуныг Германд өнгөрүүлсэн л юм. За тэгээд Сүхбаатарт байхдаа ажлаасаа гадна зуны цагаар Хэнтий аймгийн Гурван нуур дахь пионерын зусланд ажилладаг байлаа. 

Улаанбаатар хотод хэзээ ирсэн юм бэ?

1960 онд Их сургуулийн Монгол хэл-Сэтгүүлчийн анги гэдэгт оройгоор орж, Улаанбаатарт ирсэн юм. Дөрвөн жил оройгоор суралцаж, монгол хэл-уран зохиолын багш боллоо. Гэхдээ шууд монгол хэлээ заасангүй, эхлээд 13-р сургууль, 17-р сургуульд пионерын удирдагчаар ажиллаж байв. Жаран хэдэн онд билээ дээ, Польш улсад арван хүүхэд амрах болоод. Тэрийг удирдаж явж, Польшийн зусланд нэг амарсан түүхтэй. Тэгээд дараа нь 23-р сургууль гэж орос багш нартай, орос хэлний тусгай сургууль байсанд хэсэг ажиллаад, хамгийн сүүлд 6-р сургуульд монгол хэл, уран зохиол заасан юм аа.

Аль аль сургуульд хэд хэдэн жил заасан хэрэг вэ?

17-р сургуульд арван хэдэн жил ажилласан, 23-р сургуульд бол гуравхан жил, тэгээд 6-р сургуульд бас нэг арван хэдэн багшлаад 1990 онд өндөр насныхаа тэтгэвэрт суусан даа.

Тэтгэвэртээ гарсаар бас 32 жил болчихжээ дээ.

Тэгж. Хуучин хамт сурч байсан хүүхдүүд, хамт ажиллаж байсан багш нар бараг байхгүй боллоо. Хамгийн сүүлд ажиллаж байсан 6-р сургууль л гэхэд эрэгтэй багш нараас Жаргал бид хоёр л үлдээд байна. Цөөхөн эмэгтэй багш бас бий. Ингэхээр бас их эвгүй л байх юм байна шүү. Жаргал ч яах вэ, намайг бодвол залуу л хүн дээ. Хамгийн сүүлд орос хэлний Жанчивдорж явчихлаа, ноднин Гаваа өнгөрсөн... Хоосроод л байх юм...

хэмээн өгүүлэх ярианы сэдвийг өөр зүгт татахын тулд асуусан минь:

Та чинь 1940 оны сурагч гэхээр яг дайны үед сурч байжээ? Монгол бичгээр амласан байх нь.

Өнөө Дэндэвийн Пүрэвдоржийн “Хар цас” гээд найраглал бий дээ. 

Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай 

Сургууль руугаа үүрч орсон юм... гээд. Яг тэр үеийн чинь сурагч даа. Монгол бичиг анх заалгаж эхэлсэн, кирил угаасаа байгаагүй юм.

Та тэгээд бүр сүүлд, наяад онд бидэнд хичээл зааж байхдаа бүх тэмдэглэл, хичээлийн конспектоо дан монгол бичгээр бичдэг байсан. Яагаад кирилээр бичдэггүй байв?

Монгол бичгээр их амар байдаг юм. Хамаагүй хурдан, унших бичихэд түргэн, зүгээр л таталчихна. 

Та Герман, Польшоос гадна Румынд бас явсан шүү дээ, тэр тухайгаа дурдсангүй.

Аа тийм, Польшид явахад чинь би бол 13-р сургуульд пионерын удирдагч байсан юм. Тэрний дараа 72 бил үү, 73 онд Румынд бас нэг арван хүүхэд амрах болоод. Дархан хотын Эвлэлийн хорооны ажилтан Адьяа гэж хүн бид хоёр тэр хэдэн хүүхдийг удирдаж, Румынд амарлаа шүү дээ. 

Тэр үеийн арван жилийн сургуулийн багш нар тэгж их гадаад яваад байдаггүй л үе, ялангуяа ЗХУ биш, цаашаа Зүүн Европын улсууд бүр ч амар биш. Та ч бас шилдэг багш болоод л шалгараад яваад байжээ дээ?

17-р сургуульд байхдаа би Интернационал клуб гэж байгуулсан юм. Тэр маань Польшид шалгарахад их нөлөөлж байлаа. Тэрнээс гадна бас нийслэлийн сургуулиудад “Пионерын үзүүлэх цуглаан” гэж болдог, Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга, Пионерын төв зөвлөлийн дарга Сүрэнжав, Хотын эвлэлийн хорооны ажилтан Оюун зэрэг улс явж шалгаруулдаг байлаа. Би тэгэхэд “Эх орны баатрууд” гэж үзүүлэх цуглаан хийсэн маань шалгарсан юм. Тэр цуглаандаа би Данзанваанчиг, Дампил, Нэхийт, Нянтайсүрэн нарыг уриад уулзалт хийдэг байв. Тэрүүгээрээ их нэр хүндийг олж, Румын явсан хэрэг л дээ.

Та чинь биднийг багад зураг авдаг, пянз тоглуулдаг, диафильм үзүүлдэг, тэр үеийн залуу багш нарын ч хэрэглээд байдаггүй техник хэрэгслийг хэрэглэдэг байлаа. Герман, Румынд явж байж сурав уу?

За тэр зураг авдаг бол өөр газраас сурсан юм аа. Би чинь Пионерын үнэн сонинд орон тооны бус сурвалжлагч байлаа шүү дээ. Идэвхтэн бичигч л юм аа даа. Өгүүлэл бичиж, мэдээ тэмдэглэл нийтлүүлж, зураг авч гаргадаг байлаа. Миний бичсэн мэдээ, авсан зураг ганц Пионерын үнэн ч гэлтгүй, Залгамжлагч сэтгүүл, Пионер сэтгүүл, Залуучуудын үнэн, Хөдөлмөр гээд л сонинуудад гардаг байв. 

Та бас ном гаргасан байх аа?

Аа тийм. “Хэзээд бэлхэн” гэж нэг ном хэвлүүлсэн. Тэр яаж гаргав гэхээр өнөө “Газар шороо” романыг бичсэн Д. Маам гээд зохиолч байлаа шүү дээ. Тэр чинь миний хичээл заасан, их ойр шавь маань байсан юм. Маам тэгээд Боловсролын яаманд хэвлэл хариуцсан ажилтнаар ирлээ. Тэгээд би хэдэн шүлэг мүлэг бичсэнээ хэвлүүлж байлаа...

хэмээн ярилцаж суухад зээ охин нь “Манай өвөө флаш бол сайн хэрэглэнэ ш дээ. Дүүд өгөөд дуртай дуугаа бичүүлж аваад флаштай магнитофон дээр сонсдог юм. Тэгээд уйдаад ирэхээрээ устгуулаад шинэ дуу бичиж авна. Ер нь технологидоо их сайн” хэмээн бидний дуртгал яриаг батлан өгүүлэв.

Багшдаа үнсүүлж аваад маргааш өглөө нь Вашингтон хотыг зорин одсон билээ л.