Талцаж гацаах аргагүй Тамхины хяналтын тухай хуулийн төсөл улс төрийн шалтгаанаар дахин гацлаа
-Хүүхэд залуус зонхилсон цөөн хүн амтай Монголд мөхөөлдөснөөс хямдхан тамхи зарж байгаа нь эмгэнэл шүү-
Тамхины хяналтын тухай хуулийн төсөл удаан хугацаанд олон нийтийн анхаарлыг татаж, нэлээд маргаан өрнөж, лобби бүлгүүдийн хардлагыг тээсээр цаг хугацаа алдсаар байна. Энэ бүхнийг тэсвэрлэн давсаар УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж, олонхийн бүлгээс бусад бүлэг, эвслийн гишүүдэд танилцуулагдчихаад байтал МАН-ын доторх бужигнаантай золгож, улмаар улс төрийн өргөн хүрээг хамаарсан гацаанд орчихсон нь харамсалтай. Ханиад томуу ихсэх улирлын онцлог, дээр нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан ажил хаялтын энэ үеэр хүүхдүүд эцэг эх, сургууль, багш нарын хараа хяналтаас хол, хаа нэгтээ тамхин бүтээгдэхүүн гэж бидний нэрлээд буй вэйп, электрон тамхи, янжуур хэрэглэж эсвэл дам тамхидалтад өртөж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд олон нийт тамхины бизнесийн талаар нэлээд мэдээлэлтэй болсон. Тухайлбал, гаалийн байгууллагын 2024 оны мэдээгээр 3.5 тэрбум ширхэг янжуур импортлогдсон гэх мэдээлэл бараг “шок”. Тэгэхээр манай улсын нэг хүнд ногдох тамхины хэмжээ жилд дунджаар 50 хайрцаг буюу 1000 ширхэг гэсэн үг. Энэ бол янжуурын л талаарх тооцоолол. Гэтэл тамхин бүтээгдэхүүн буюу электрон тамхи гэгч хуулийн зохицуулалтгүй бөгөөд өндөр эрэлт, хэрэглээтэй шинэ бараатай болоод байна. Өнгөрсөн онд л гэхэд 7.8 сая ширхэгээр импортлогдсон гэнэ. Цаг үе, нөхцөл байдал хууль тогтоогчдыг хурдтай, тооцоолол судалгаатай ажиллаж зөв шийдвэр гаргахыг шаардаад байна. Энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас хурд шаардаад байгаа хэрэг. Жишээ нь электрон тамхи, вэйп төдийгүй мопед, сурон, скуттер гэхчлэн амь нас, эрүүл мэндэд шууд холбоотой, сахин хамгаалах төрийн бодлого шаардсан, маш хурдтайгаар иргэдэд хэрэглэгдэж буй шинэ тутам зүйлс олон бий. Энэ удаад тамхи, тамхин бүтээгдэхүүнийг онцолж байна.
Тамхины тухайд жилд дунджаар 4300 иргэн тамхинаас болж амь насаа алддаг гэх мэдээлэл эрүүл мэндийн салбарын судалгаанд түшиглэж яригдсан нь нийгэмд айхавтар шүүмжлэгдсэн. Шүүмжлэгчид болохоор ДЭМБ-ын түүхэнд тамхинаас болж амь насаа алдсан тохиолдол байдаггүй юм гэж эрс няцаадаг. Харин дам тамхидалтын сөрөг нөлөөний тухайд төдийлөн эсэргүүцдэггүй, хүлээн зөвшөөрдөг юм билээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2013 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөр” батлагдаж байлаа. Энэ хөтөлбөр ерөөсөө шууд хор хөнөөлийнх нь талаас, тухайлбал 4400 гаруй химийн хорт бодис, 69 төрлийн хорт хавдар үүсгэгч үүсгэдэг гэдгийг Тамхины хяналтын суурь конвенцид үндэслэн мэдээлж байв. Энэ конвенцид тухайн үед 177 орон нэгдэж, манай улс ч үүний дагуу Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуульдаа өөрчлөлт оруулахдаа ерөнхий зарчим, арга хэмжээг нь дотоодынхоо нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж УИХ-аар батлуулдаг байсан.
Олон нийтийн дунд “О.Номинчимэгийн хууль” гэж шоолонгуй нэрийдэх болсон Тамхины хууль үнэн хэрэгтээ тамхидалтыг бууруулах л зорилготой. Тийм ч учраас шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хуулийн зохицуулалтыг хийх тухай юм. Ингэхдээ тас хориглоно гээгүй, ямар нэг байдлаар зохицуулалт байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, янжуур тамхи ямар хямдхан байгаа билээ, үүнд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлье, хүүхдүүд худалдаж авч хэрэглэж болоод байгаа тэр “муухай хүртээмж”-ийг багасгах ёстой гэсэн агуулгатай юм билээ. Үүнийг нь тамхи, вэйп импортлогчид эсэргүүцэж, түүний эсрэг хууль бус лобби хийгээд байгаа нь харагддаг. Хууль бус лобби гэдэг нь тухайн тамхин бүтээгдэхүүнээ тараагаад, бэлэглээд, өөрөөр хэлбэл амсуулж, амтлуулаад явааг хэлж байна. Ингэж лобби хийнэ гэж юу байх вэ.
Мөн “Амт, үнэр хориглох нь хүний эрхтэй холбоотой” гэж эсэргүүцэж буй. Гэтэл дэлхийн 20 гаруй оронд амт, үнэрийг нь хориглох байдлаар зохицуулалт хийсэн байдаг. АНУ, мужуудынхаа түвшинд, Канад, Дани, Австрали болон Европын улс орнууд ч мөн амт, үнэрийг нь хориглож байж хүүхдүүдийг тамхин төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалсан байдаг юм байна. Ямартай ч хүн амын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхины хяналтыг заавал тогтоох шаардлагатай.
Түүнчлэн ямарваа шинэ төрлийн бүтээгдэхүүн гарахад түүнд нэр зааж бус хор хөнөөлтэй нь тэмцэх зорилгоо тодотгож, тамхийг татах, зажлах, үнэрлэх аль ч хэлбэрээр хэрэглэхээс иргэдээ, ялангуяа хүүхдүүдийг хамгаалах нь төрийн үүрэг юм. Хууль санаачлагчдын хэлээд байгаачлан мөхөөлдөснөөс хямдхан тамхин бүтээгдэхүүн, хүүхдэд хүртээмжтэйгээр худалдаалагдана гэдэг бол хүүхэд залуус зонхилсон цөөн хүн амтай манай орны хувьд үнэхээр гамшиг мөн. Улс төрийн нөхцөл байдал хаанаа доргиж, хэрхэн өрнөхөөс үл хамааран зайлшгүй яаралтай хэлэлцэх ёстой хуулийн төслүүдийн нэг бол Тамхины хяналтын тухай хууль юм шүү гэдгийг сануулъя.