Монгол улс оны шилдэг татвар төлөгчдөө тодруулжээ.

Яаж гээч?

Хэн хамгийн их татвар төлснөөр нь жагсааж тодруулсан байна.

За энэ бол бидний монголчууд бүх нийтээрээ татвар гээчийн мөн чанараа оогт мэдэхгүй яваагийн л нэг марзан илрэл гэхээс өөрөөр харах арга даанч алга.

Энэ учрыг жаахан дэлгэрүүлж тайлбарлая.

Юуны өмнө татвар гэдэг бол төрд оноосон онцгой эрхүүдийн нэг. Тиймээс төр хэнээс татвар авах авагүйгээ, авбал хэдийг авахаа өөрөө шийдэх эрхтэй байдаг. Мэдээж учир зүггүй нэр заан "Иргэн Батад нэг тэрбум төгрөгийн татвар ногдуулсугай" гэхгүй л дээ. Олон улсад түгээмэл хэрэгждэг "Орлогын дүнгээс нь хамаарсан шаталсан татварын бодлого" бол түүний нэг жишээ. Эсвэл аж үйлдвэрийн салбараас нь хамаарч харилцан ялгаатай татвар ногдуулах жишиг ч бий. Гэх мэтээр төр хэнд ямар татвар ногдуулахаа өөрөө мэдэх эрхтэй.

Тэгвэл одоо бод доо!

Шүүх оны шилдэг гэмт хэрэгтнээ тодруулжээ. Уг нь шүүх хэнд ямар ял өгөхөө өөрөө шийддэг, өөрөө ч шийдсэн. Гэхдээ л тухайн жил шүүхээр таслуулсан гэмт хэрэгтнүүдээс хамгийн хүнд ял сонссоныг шилдгээр зарлав.

Эсвэл ЦЕГ оны шилдэг торгууль төлөгчийг зарлав. Өөрсдөө зөрчил илрүүлж, өөрсдөө торгууль тавиад, эцэст нь өөрсдөө тэндээсээ шилдгийг нь тодруулав.

Хэрэв ийм юм болбол хүмүүс юу гэж ойлгох вэ? Шүүх гэмт хэрэг үйлдэхийг сурталчилж байна, цагдаа торгууль төлөхийг хөхиүлэн дэмжиж байна. Яг ийм сэтгэгдэл төрнө биз?
Тэгвэл шилдэг татвар төлөгч шалгаруулах ч бас үүнтэй агаар нэг биш гэж үү? Төр татвар төлөхийг сурталчилж байна. Төр аль болох их татвар төлөхийг хүмүүсээс хүсэж байна. Хэнд ямар татвар ногдуулахаа өөрөө мэдэж, өөрөө хэрэгжүүлдэг субъект улам их татвар хураахыг хүсэж байна. Энд ямар логик байна вэ? Тийм л их татвар хураамаар байгаа бол өөрөө шийдээд ахиухан татвар ногдуулчхаач дээ.

Ингээд хэлэхээр "Хэтэрхий өндөр татвар ногдуулбал хувийн хэвшлүүд тэрийг нь төлж дийлэхгүй дампуураад, татвар төлөгчдийн тоо цөөрч, эцэстээ төрийн хураах татварын хэмжээ бүр л багасна шүү дээ" гэнэ.

Тэр тийм байж магадгүй л дээ. Гэхдээ л суурь санаа нь адилхан: "Яавал төрийн татварын орлого хамгийн их байх вэ?" Татварын хувийг хэдээр тогтоовол төрд хамгийн их татвар цуглах вэ? Нэг тийм, шугаман бус тэгшитгэлийн максимал утга олох гээд байгаа юм шиг.

Эндээс төрийн хэрэгжүүлж буй татварын бодлогын үндсэн зорилго нь нийгмээс аль болох их татвар хураах юм шиг харагдаж байгаа биз?

Үнэнийг хэлбэл, "юм шиг" гэлтгүй үнэхээр манай төр яг л ийм бодлого барьдаг. Тэгээд чухам эндээс л хамаг будлиан эхээ авдаг юм.

Ерөөсөө төрд аль болох их татвар төвлөрөх нь сайн гэх нийтлэг ойлголт бидний нийгэмд нэлэнхүй түгсэн бий. Яагаад бид тэгж боддог вэ гэхээр, төрд өөрт нь ямар ч мөнгө байхгүй гэж бид төсөөлдөг болохоор тэр.
Иргэд, хувийн хэвшил бид л татвараа төлөхгүй бол эмч, багш, цагдаа нарт цалин тавих мөнгө төрд байхгүй. Учир нь төр өөрөө баялаг бүтээдэггүй. Зөвхөн иргэд, хувийн хэвшил л баялаг бүтээж, мөнгө ургуулдаг. Тэгээд ургуулсан мөнгөнөөсөө төрд илүүчилдэг. Тийм болохоор төр биднээс жаахан ч болов ахиухан шавхруу долоочих гээд үзэж тардаг. Шилдэг татвар төлөгч шалгаруулдаг нь ч бас цаанаа ийм л зорилготой.

Энэ бол бид эдийн засгийг буруу линзээр харж хэвшсэний шууд нотолгоо. Тэгвэл одооноос ЗӨВ ЛИНЗ-ээр харцгаая.

Зөв линзээр харвал татварын бодлогын үндсэн зорилго нь аль болох их татвар хураах явдал байх ёсгүй. Яагаад гэвэл татвараар цуглуулаад байдаг тэр төгрөг гээчийг чинь анх хэвлэж, зах зээлд тараасан этгээд бол төр өөрөө юм. Номин супермаркет хэрэглэгчдэдээ тараадаг пойнтоо буцаагаад цуглуулж байгаатай л төстэй гэхэд болно. Номин супермаркет ямар үед "Зах зээлд тараасан пойнтоо буцаагаад аль болох ихийг татъя" гэж бодох вэ? Энгийнээр бодвол хэтэрхий их пойнт зах зээлд нийлүүлсэн үедээ тийм арга хэмжээ авч болох юм. Түүнээс биш Номин супермаркет өөрөө пойнтын дутагдалд ороод, компанийн төсвөө бүрдүүлэх зорилгоор аль болох их пойнт цуглуулна гэж байхгүй. Пойнт хэвлэдэг этгээд пойнтынхоо дутагдалд орно гэвэл ямар ч утгагүй яриа болно.

Үүнтэй адилаар төр ч бас зарчмын хувьд төгрөгийн дутагдалд орно гэж байхгүй. Эндээс илэрхий хэлж болох дүгнэлт гэвэл "Төр аль болох их татвар хураах зорилго тавих нь зарчмын хувьд буруу" юм. Түүний оронд зах зээлд эргэлдэж буй төгрөгийн нийт хэмжээг зохьцуулах зорилгоор татварын бодлогоо боловсруулах нь зүйтэй. Шулуухандаа бол татвараар дамжуулж инфляцийг зохьцуулах ёстой гэсэн үг.

Монголд өнөөдөр инфляцийг зохьцуулах үүргийг төв банк хариуцдаг. Төв банк мөнгө, санхүүгийн бодлогоор дамжуулж үүнийг хэрэгжүүлэх гэж оролддог ч өдийг хүртэл олигтой амжилтад хүрсэн нь үгүй. Тэр нь ч аргагүй. Мөнгө, санхүүгийн бодлогоор дамжуулж юуг удирдах боломжтойг бид мөн л буруу линзээр харж дүгнэдэг болохоор тэр. Олон улсад мөнгө, санхүүгийн бодлогоор дамжуулж инфляцийг хянах бодлого одоо ч голлож байна. Гэвч энэ аргыг тийм ч ухаалаг гэхэд хэцүү.

Ерөөс мөнгө, санхүүгээр дамжуулан хянаж чадах хамгийн гол зүйл бол мөнгөний эргэлт. Төв банк мөнгө хэтэрхий хурдан эргэлдээд эхэлбэл эдийн засаг халж, инфляци болохын дохио гэж үзээд бодлогын хүүгээ өсгөдөг. Эсрэг тохиолдолд эсрэг үйлдэл хийнэ. Номингоор зүйрлэвэл хүмүүс өөр хоорондоо пойнтоо шилжүүлж, дамжуулах боломжийг бодлогын хүүгээр ихэсгэж, багасгадаг гэсэн үг. Гэтэл үнэхээр бодлогын хүүгээр үүнийг хангалттай зохьцуулах боломжтой юу? Хүү жаахан буурахаар л бидний авмаар байгаа зээлийн хэмжээ жаахан ихсэж, огцом буурвал огцом ихсэдэг гэж үү? Үнэндээ тийм биш. Бидэнд зээл авах сэдэл эхлээд хэрэгтэй. Бизнес хийх аятай орчин байхгүй нөхцөлд хүү хэчнээн ч бага байгаад хүмүүс зээл сонирхохгүй. Тиймээс бодлогын хүүгээр дамжуулж инфляцийг хянах нь хязгаарлагдмал хүрээнд л хэрэгжинэ. Номингоор яривал, дэлгүүрт нь олигтой бараа байхгүй бол хүү ямар байх хэнд ч сонин биш гэсэн үг.

Мөнгө, санхүүгийн бодлогоор инфляцийг хангалттай хянах боломжгүй өөр ч бас шалтгаан бий. Инфляци зөвхөн зах зээлийн халалтаас үүсдэг ч бас биш. Эрчим хүч, дэд бүтэц зэрэг суурь хэрэглээний үнийн өсөлтөөс үүдэж инфляци үүсэж болдог. Энэ бол эрэлтийн өсөлт бус нийлүүлэлтийн хомсдолоос үүдэж буй инфляци бөгөөд үүнийг "CostPush инфляци" гэдэг. Саяхны жишээ гэвэл коронагийн цар тахлаар үйлчилгээ, үйлдвэрлэл нам зогсож, дэлхий даяараа CostPush инфляцитай нүүрэлдсэн. Ийм инфляцийн өөдөөс төв банк бодлогын хүүгээ өсгөвөл юу болох вэ? Ойлгомжтой, нийлүүлэлт улам л багасна. Зээл хумигдаж, компаниуд үйл ажиллагаагаа цомхотгож, ажилчдаа халж, ажилгүй болсон хүмүүс бүсээ чангалан хэрэглээгээ хязгаарлаж, улмаар эрэлт буурна. Ингэж нэг юм эрэлтийг нийлүүлэлтийн түвшинд аваачиж буулгаснаар инфляцийг дарна. Өөрөөр хэлбэл, төв банк тодорхой хэмжээний хүмүүсийг ажилгүй болгож өлсгөх замаар, шулуухан хэлэхэд нийгмийн тодорхой хэсгийг золиослох замаар инфляцитай тэмцдэг гэсэн үг.

Ийм гарз хохиролтой тэмцэл яагаад ч эдийн засгийг тогтвортой, тэнцвэртэй байлгаж чадахгүй. Тийм болохоор инфляцийг хянахдаа зөвхөн мөнгөний бодлого бус төсвийн бодлого, тэр дундаа татварын бодлогыг чиглүүлэх ёстой.

Энэ бүгдийг мэргэжлийн бус хүмүүст эвтэйхнээр төсөөлж ойлгуулах үүднээс ийм нэг зүйрлэл жишээ авъя.

Та өөрийгөө ногоо тарьж байна гээд төсөөлнө үү. Мэдээж усалгаа хэрэгтэй. Хэдий хэр ус цацах вэ, хаанаас нь эхэлж цацах вэ гэхчлэн тооцох зүйл их (төсвийн бодлого). Гэтэл таны тариалангийн талбай хонхор гүдгэр, өгсүүр уруу ихтэйн улмаас усалсан ус чинь талбайд нэгэн жигд тархсангүй. Нэлээд усалсны дараа хартал зарим газраараа тогтоол ус хүртэл үүсчхэж. Тиймээс та одоо илүүдэл усыг буцааж соруулах ажилтай боллоо. Аль хэсгээс хэр хэмжээний ус соруулахаа та өөрөө шийднэ (татварын бодлого). Мөн зэрэгцээд хонхор газрын усыг ийш тийш тараах зорилгоор газраа тэгшлэх, суваг татах зэрэг ажлуудыг ч хийх нь зүйтэй (мөнгө, санхүүгийн бодлого). За тэгээд хааяа нар ч гарна, бороо ч орно, дулаарна, хүйтэрнэ гээд өч дөчнөөн л юм болно. Дараа нь таны тарьсан мод сөөг өөрөө ус хураадаг болно, түүгээр нь хавь ойрын өвс мөөг мэтийн жижиг сажиг ногоонууд ургана (банк, хувийн хэвшлүүд). Зэрэгцээд хортой зэрлэг ургамлууд ч бас ургана. Тэднийг бас зохьцуулах хэрэгтэй (хууль эрхзүйн бодлого). Юм юм болно оо. Тийм болоод л эдийн засгийн ухаан гэдэг хялбар зүйл биш юм даа.

(мэдээж үүнийг туйлын болхи бүдүүлэг зүйрлэл болохыг түмэндээ хүлээн зөвшөөрөх байна)

Гэхдээ тэр яах вэ, ямартай ч та одоо ногооноосоо ус горьдох нь утгагүй явдал гэдгийг бүүр түүр ч болов ойлгосон байх гэж найдъя.