МОНГОЛ ХЭМЭЭХ НЭРИЙН УЧИР
“Монгол” хэмээх нэрийн хамгийн эртний бичлэгүүд нь янз бүрийн хэл, бичгийн системд өөр өөр авиа, дүрслэлтэй тэмдэглэгдэж ирсэн бөгөөд үүнийг хэл шинжлэлийн талаас задлахад сонирхолтой дүр зураг гарч ирдэг.
МОНГОЛ ХЭМЭЭХ НЭРИЙН УЧИР
Монгол хэлний хэсэг эрдэмтэдийн баг профессор Заяабаатар нарын удирдлагын дор “Монгол хэмээх нэрийн судалгаа” гэсэн өргөн хэмжээний судалгаа бүхий ном хэвлэгджээ. Анх аль хэлэнд “монгол” хэмээх нэршил бий болсон, улмаар энэ нь бусад хэлэнд дууддага болон бичмэл хэлбэрээр хэрхэн дэлгэрснийг нарийн жагсаан үзүүлсэн байна. Энэ судалгаа хойч хойчийн судлаачдийн хувьд маш найдвартай лавлах болох нь тодорхой. Гэхдээ уг бүтээлд монгол нэрийн утга, гарваль зэрэг асуудлыг хөндөөгүй, бүтээлийн зорилго ч тийм байгаагүй бизээ.
Монгол хэмээх уугуул нэрийг гадаад хэлэнд, ялангуяа орос англи хэлээр “Mongolia” гэж өөрчлөн хэлдэгийг болиулж шууд л Mongol гэж нэрлэн монгол эхээр нь хэлж байх ёстой гэсэн санал сүүлийн үед үзэгдэх болсон.
Ялангуяа колоничлолоос гарсан улс орнууд өөрсдийн хэл, дуудлага, түүхэн нэршлээ сэргээх хөдөлгөөн сүүлийн хэдэн арван жилд хүчтэй болсон. Үүнд колончлогчдын өгсөн нэрийг солих, англи/франц хэлний гажуудсан дуудлагыг засах, уугуул хэлний зөв галигийг олон улсад хэрэглэх
гэсэн зорилгууд ордог. Зарим сонирхолтой жишээ гэвэл Энэтхэг нь Британийн үеийн нэрсийг олноор сольсон. Партугал хэлээр анх Бомбай гэж нэрлэгдэж байсан хотыг өөрийнхөө дуудлагаар Мумбай гэж солин олон улсад хэвшүүллээ. Үүнтэй адилаар Мадрасыг Чинай, Калкуттаг Колката, Банголорыг Бэнгалуру гэх мэт. Тэр байтугай бүх түүхэнд Индиа гэж нэрлэн нэгэнт хэвшсэн улс орныхоо нэрийг Бхарат болгон өөрчлөх талаар ч хэлэлцэж байна.
Үүнтэй төстэй жишээ гэвэл Шри Ланка улс тэдэнд португальчуудын өгсөн Цэйлон нэрнээс татгалзсан. Бирм гэдгээр нь бүх дэлхий таних улс гүрэн өөрийгөө 1989 онд Мянмар гэдэг нэртэй боллоо. Хөрш Тайланд улс 1939 оноос өмнө Сиам гэдэг нэрээр танигддаг байсан. Мөн тэр үед Перс гэсэн герег гаралтай нэрээсээ салж өөрсдийгөө Иран гэж нэрлүүлэх болсон ард түмнийг өнөөдөр бүгдээрээ эргэлзэх юмгүй танина. Африкт иймэрхүү жишээ бүр ч олон.
Өнөөгийн дэлхий 1. Англи хэл 2. Бусад хэл гэсэн хоёрхон хэлтэй гэсэн ёгтлол маягийн үг байдаг. Гэхдээ орчин үеийн элдэв нэршил, галиглал англиар яаж хэлэгддэг бичигддэгээс ихэнх хэл рүү тэр нь хуулагдсаар байна. Иймээс улс үндэстний, газар, хотын нэрийг уугуул хэллэг уламжлалт нэрээр солихоос гадна латин үсгээр англи бичлэгийг нь өөрчлөх галиг солих хөдөлгөөн ч нэлээд өрнөж буй. 2022 онд Бүгд найрамдах Түрэг улс НҮБ-д албан ёсоор англи бичлэгээ “Turkey” → “Türkiye” болгосон жишээ сүүлийн жилүүдийн хамгийн алдартай тохиолдол болов. Шалтгаан нь үндэсний дуудлагаа хадгалах, гэхдээ гол учир нь “turkey” (цацагт хяруул) гэсэн англи үгтэй давхцахаас зайлсхийжээ. Казахстан улсын албан нэр НҮБ болон бусад олон улсын байгууллагад “Kazakhstan.” хэвээрээ, өөрснөө ч паспорт, газрын зураг, улсын кодонд англи бичлэгээ өөрчлөөгүй. Гэвч “Qazaqstan” гэсэн өөр бичлэг албан бусаас хагас албан руу шахсаар. “Qazaq Air”, “Qazaqstan Radio and Television Corporation” гэх мэт төрийн байгууллагууд ч ийм бичлэг албан ёсоор хэрэглэх болсон. Тавь гаруй жилийн өмнө Ерөнхийлөгч Никсон Хятадад албан ёсны айлчлал хийх үеэр АНУ-ын гадаад харилцаа хариуцсан төрийн байгууллагууд кантон аялагаар хэрэглэж байсан уламжлалт “Пэкин” нэршлээсээ татгалзаж мандрин аялагын Бэйжин нэршлийг хүлээн зөвшөөрсөн нь аяндаа нийтээр энэ бичлэгийг нь дагах болжээ. Хятадууд ч өөрснөө Кантон нэрийг шахан Гуанжу болгож чадлаа. Украинчууд Киев гэсэн оросжсон нэрийг англи бичлэгээр Kyiv болгон тарааж байна.
Монгол улсын хувьд ч тодорхой нэрсийг латин үсгээр буулгахдаа өөрийн хэллэг бичлэгт тохируулан буулгах оролдлого сүүлийн үед зарим талаар амжилт олж байна. Орос галигаар цааш хөрвүүлэгдэн Ulan-Bator гэсэн бичлэгийг Ulaanbaatar болгон олон газар засах боллоо. Араб, перс хэлэнд “ч” авиа дуудагддаггүй учир “Жингис” гэж хэлж бичигддэг байснаас Genghis khan (Гэнгис гэж хэлдэг) гэсэн бичилт англи хэлэнд нэвтэрсэн ч сүүлийн үед Chinggis гэж мэргэжлийн ном бүтээлд бичих нь элбэг болжээ.
Англи хэлэнд “монгол хүн”-ийг заавал “Mongolian” гэж нэрлэх болсон нь нэг тодорхой он, хуультай өөрчлөлт биш, харин XIX–XX зууны турш аажмаар хэвшсэн хэлзүйн өөрчлөлт юм. Ерөнхийдөө Mongol гэдэг үг анхнаасаа угсаатны нэр (ethnonym) байсан. Дундад зууны Европын бичигт Чингис хааны үеийн хүмүүсийг “the Mongols” гэж бичдэг байсан. Харин “Mongolian” гэдэг нь эхэндээ “Монголтой холбоотой” гэсэн тэмдэг нэр байжээ (“Mongolian language”, “Mongolian culture” гэх мэт).
XIX зууны сүүл, XX зууны эхээр англи хэлэнд улсын иргэнийг “-ian” дагавартай хэлэх хэв маяг хүчтэй болсон нь Russian, Canadian, Australian гэх мэт. Тэр жишгээр “a Mongolian” гэдэг хэрэглээ түгээмэл болжээ. Гэхдээ хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл нь XX зуунд “mongol” гэдэг үг барууны анагаах ухаанд доромж утгатай хэрэглэгдэж эхэлсэн явдал юм. 1862 онд эмч Жон Даун биеийн гажиг хэлбэртэй хүмүүсийг “Mongolian idiocy” гэж нэрлэсэн бөгөөд тэндээс дараа нь “mongol”, “mongolism” гэх хэллэг өргөн тархсан. Үүнээс болоод XX зууны дунд үеэс “Mongol” гэдэг үгээр энгийн хүн заахад эвгүй, доромж маягтай сонсогдож эхэлж. Ийм өвчтэй хүн намхан нуруутай, онигор нүдтэй, өргөн шанаатай байдгаас ингэж нэрлэсэн гэх. 1959 онд Францын генетикч Жэром Лэжэн үүнийг “өвчин” гэхээсээ “хамшинж” юм байна гэдгийг илрүүлжээ. Учир нь энэ тусдаг өвчин биш, харин 21 дүгээр хромосом гурвалсанаас үүсэлтэй, өөрөөр хэлбэл төрлөхийн гажиг ажээ. 1961 онд 18 генетикчид анагаах ухааны “The Lаncet” хэмээх томоохон сэтгүүлд ил захидал бичиж, “монголизм” хэмээх нэр нь расист утга агуулсан, шинжлэх ухааны хувьд алдаатай, тохирохгүй нэршил учир үүнийг анх тодорхойлсон Жон Дауны нэрээр “Дауны хамшинж” гэж албан ёсоор нэрлэж байх санал тавьжээ. Монголын төлөөлөгчдийн саналаар 1965 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “монголизм” нэрийг албан ёсоор халж, “Дауны хамшинж” гэж нэрлэж байх шийдвэр гаргасан юм. Мөн алив биологи, генетик, анагаах ухааны сурах бичиг, сэтгүүл, өгүүлэлд “монголизм” гэсэн нэршил үл хэрэглэх санамж гаргажээ. Үүнээс хойш нэр төрөө боддог алив шинжлэх ухааны хэвлэлүүд Дауны хамшинж гэсэн нэр хэрэглэхийн зэрэгцээ үүнийг “монголизм” гэж нэрлэхгүй байхыг анхааруулдаг болсон юм. 1972 онд хамгийн түрүүн АНУ-ын “Монголизм судлах зөвлөл” албан ёсоор нэрээ өөрчилж “Дауны хамшинж судлах үндэсний хороо” болгосон ба энэ жишээг дэлхийн төстэй бүх байгууллага, зөвлөл дагасан билээ. Дауны хамшинж гэсэн нэрийг бүхий л мэргэжлийн байгууллагад хэрэглэдэг болоод 50 гаруй жил болсон ч гэсэн зарим хүмүүсийн ам ярианд хэрэглэсээр буйг яах ч аргагүй юм. Европт тэмбүү өвчнийг ам ярианд “франц өвчин” гэх нь элбэг. Уг нь шинжлэх ухааны нэршил нь “сифилис” шүү дээ.
Ингээд орчин үеийн англи хэлэнд Mongol гэдэг нь ихэвчлэн түүхэн утгаар (“the Mongols”, “Mongol Empire”), харин Mongolian гэх нь өнөөгийн Монгол улсын хүн, хэл, соёл гэсэн утгаар хэвшсэн. Үүнээс болж орчин үеийн англи хэлэнд “Mongol” гэдэг үгийг хүнийг нэрлэхэд болгоомжтой хэрэглэдэг, оронд нь “Mongolian” гэдэг нь илүү саармаг, зөв хэлбэр болжээ.
“Монгол” хэмээх нэрийн хамгийн эртний бичлэгүүд нь янз бүрийн хэл, бичгийн системд өөр өөр авиа, дүрслэлтэй тэмдэглэгдэж ирсэн бөгөөд үүнийг хэл шинжлэлийн талаас задлахад сонирхолтой дүр зураг гарч ирдэг.
1. Эртний хятад сурвалж дахь хэлбэрүүд гэвэл хамгийн эртний бичмэл хэлбэрүүд нь Хятадын түүхэн сурвалжид гардаг: 蒙兀 (Mengwu) – Тан улсын үеийн бичлэг, 蒙古 (Menggu) – Юань улсын үед түгээмэл болсон, мөн 朦骨 / 萌古 гэх мэт хувилбарууд. Эдгээр нь ханз тэмдэгтээр дуудлагыг ойролцоогоор тэмдэглэсэн (транскрипц) хэлбэрүүд гэж өнөөдөр тайлбарладаг. Жишээ нь: Meng ≈ /məŋ/-gu /-wu ≈ /ɣu/ эсвэл /gu/. Ингэснээр анхны хэлбэр нь ойролцоогоор: *Mongɣol Mongol / Moŋɣol байсан гэж сэргээн таамагладаг.
2. Монгол бичгийн хэлбэр (Дундад үе)Монголчууд өөрсдийн бичигт ᠮᠣᠩᠭᠣᠯ (Mongγol) Эндŋ (ᠩ) – хамрын “нг” авиа, γ (ᠭ) – хоолойн гийгүүлэгч (ɣ, voiced velar fricative) Энэ нь:Moŋɣol (фонетик сэргээн босголт) гэж хэл шинжлэлд бичигддэг.
3. Перс, араб сурвалж дахь хэлбэрүүд болон Баруун Азийн сурвалжуудад مغول” ( Mughūl / Mughuli) Moghol / Mughal Энд“gh” нь ɣ (γ) авиаг илэрхийлдэг, “u” нь дуудлагын өөрчлөлтөөс үүссэн. Үүнээс Mughal Empire нэр үүссэн.
4. Европын эх сурвалжид Mongol, Mongol / Mongul. Заримдаа Mungul. Эдгээр нь перс хэлний хэлбэр,эсвэл шууд монгол дуудлагаас дамжин орсон.
5. Эндээс хэл шинжлэлийн дүгнэлт нь: Бүх эх сурвалжийг нэгтгэвэл эртний авиа нэршлийн сэргээлт. Moŋɣol гэхээр гол авиа бүтэц,moŋ (үндэс), -ɣol / -gol (дагавар маягийн хэсэг)
Хятад ханз бичиг бол бүдүүн тоймоор хэлэхэд дүрс тэмдэгт юм. Анх үүсэхдээ л тэмдэгтүүд нь нэрлэх зүйлээ зургаар илэрхийлдэг байж, “морь” гэвэл бараг морь, “заан” гэвэл бараг заан зурчихана. Өөрснийгөө төв дундахынхан гэж илэрхийлэхдээ дэлхийн голоор зураас татна. Эндээс бусад улс орон, үндэстнийг ч мөн дүрсэлж харуулна гэсэн үг.
Хятадын уламжлалт ханз нэршилд гадаад улс, аймаг, ард түмнийг утга агуулгатай ханзаар авиачлан тэмдэглэх явдал их байсан. Тиймээс зарим нэр нь санаатай доромж, зарим нь төвийг сахисан, зарим нь бүр магтаалын өнгө аяс хүртэл агуулдаг. Гэхдээ нэг чухал зүйл нь эртний үед ханз сонгохдоо авиаг ойролцоо гаргах нь гол зорилго байсан гэж өнөөдөр тайлбарладаг авч сонгосон ханз нь өөрийн утгатай тул тухайн үндэстнийг “хочилсон” мэт сонсогддог. Хятадын “төв улс” (中國 Zhōngguó) үзэлтэй холбоотойгоор “варвар”, “боол”, “зэрлэг” гэсэн утгатай ханз ч хөршүүддээ их хэрэглэгдэж байжээ.
Эртний нүүдэлчин хөршүүддээ өгсөн нэрс: Хүннү 匈奴 (Xiōngnú), 匈 = догшин, цээж, сүртэй 奴 = боол. Орчин үеийн судлаачид энэ нь шууд “догшин боол” гэсэн доромж утгатай байсан уу, эсвэл зөвхөн авиачлал байсан уу гэдэг дээр маргадаг. Гэтэл Хүннү (Hsiung-nu) нарын тухай Хятадын сурвалж бичгүүдэд МЭӨ V-IV зууны үеэс дурдаж эхэлжээ. Умардын нүүдэлчдийг бүгдийг нь “ху” буюу зэрлэг, бүдүүлэг, тэнэг хэмээн нэрлэн тэмдэглэдэг байснаа аль нэг аймаг нь хүчирхэгжин гарч ирж бусад аймгаа захиран Хятад руу довтолдог болсон учир ху нарыг хооронд нь ялган нэрлэх шаардлага гарчээ. Хүннү нарыг эхэндээ хятадын сурвалж бичигт Шюнху (Hsiung-hu) буюу Догшин зэрлэгүүд гэдэг байснаа сүүлдээ Шюннү буюу Догшин боолууд гэх болжээ. Хань улсын эзэн хаан Ван Ман (Wang Mang) Хятадад дагаар орсон өмнөд Хүннү нарын талаар зарлиг болгон “Одоо тэд бидний эсрэг биш, харин бидэнд дагаар орж захирагдах болсон тул үүнээс хойш тэднийг Шюннү (догшин боолууд) гэлгүй, харин Гүннү (Журамт боолууд) гэж нэрлэсүгэй” гэсэн байдаг. Эндээс харахад авиачлаагүй хочилж нэр өгч байсан нь илэрхий. Монгол хэлэнд хэрэглэдэг “Хүннү” нь тэр сүүлчийнх нь ч байж магадгүй. Нацагдоржийн шүлэгт “Хүннү, Сюннүгийн үеэс...” гэсэн мөр бий.
Дунху 東胡. 東 = зүүн 胡 = умардын харь хүмүүс, зэрлэгүүд, шууд утга нь “Зүүн ху нар”. Эндээс монгол хэлэнд нэвтэрсэн “дүнхүү” гэсэн үг байна. Сяньби 鮮卑 鮮 = шинэ, содон 卑 = дорд, намхан Энэ нь барагцаагаар авиачилсан нэр боловч ханзны утга нь эвгүй сонсогдоно. Жужань 柔然 柔 = зөөлөн 然 = тийм, мэт. Хятадын зарим сурвалжид тэднийг 蠕蠕 (өт хорхой мөлхөх мэт) гэж бас доромжилсон ханзаар бичдэг байсан. Түрэг 突厥 (Tūjué) 突 = довтлох, гэнэт цөмрөх 厥 = тэр, онцгой. Үүнийг ихэвчлэн авиачлал гэх боловч “түрэмгий” гэх өнгө мэдрэгддэг. Японыг эхэн үедээ 倭人 (Wōrén) гэж бичдэг байв. 倭 = намхан, бөгтөр, дорд. Япончууд үүнд дургүй байсан тул хожим 日本 (“нар мандах орон”) гэдэг нэрийг хэрэглүүлэх болсон. 倭 → 日本
Тэгсэн мөртөө Солонгосыг 朝鮮, 朝 = өглөө 鮮 = шинэхэн, нийлээд “Өглөөний шинэхэн орон” гэсэн нэлээд эерэг утгатай нэр өгчээ. Өнөөгийн солонгосчуудад энэ нэр маш их таалагддаг учир өөрснийхөө соёлын бэлгэдэл хэлбэрээр өргөн ашиглан “Land of the Morning Calm” гэж сурталчилдаг. Хуучны монгол ном тэмдэглэлд Солонгосыг Гуулин улс гэж бичсэн нь тааралддаг. Энэ нь “高丽” гэж ханзаар бичдэг Солонгосын түүхэн улс болох Корё (Koryeo/Goryeo)-г хэлж буй, 高 (гао) = өндөр дээд, 丽 (ли) = гоёмсог, үзэсгэлэнтэй гэсэн утгатай болчиж буй боловч ханз нь тэгэж таарсан болохоос уг гарал нь авиачилсан гэж үздэг. Тэр нь ч үнэн байх. Солонгосын нийслэл Сөүл хотын нэр нь ханз үсгээрээ "Хятад хороолол" гэсэн үг болчихдог гэж ярьдаг. Үүний төөрөгдөл үүсдэг шалтгаан нь Сөүлийг ханзаар бичих үед хэрэглэж байсан тэмдэгтүүдтэй холбоотой гэдэг. Өмнө нь Сөүлийг хятадаар ихэвчлэн 漢城 (“Хансон” / “Hansung”) гэж бичдэг байсан. 漢 = Хан мөрөн эсвэл “хан”, 城 = цайз, хот. Гэсэн ч гэсэн эвгүй ойлголт төрүүлдэг учир гээд 2005 оноос Хятад улсад албан ёсоор хятад нэрийг 首尔 / 首爾 болгон өөрчилсөн, үүнийгээ солонгос дуудлага “Seoul”-д илүү ойр болгосон хувилбар гэж тайлбарлах юм билээ.
Монгол, Монгол улс үндэстэн, монгол хүн гэхэд ордог 蒙 гэсэн ханз тэмдэгт анх 945 онд бичигдсэн “Тан улсын хуучин түүх” сударт гарч иржээ. Энэ ханз Монголтой огт хамааралгүйгээр эртнээс хэрэглэгдэж байсан, харанхуй, манантсан, бүдүүлэг, мунхаг гэх мэтийн утга агуулдаг хавьгүй хуучны тэмдэгт. Тэнд 蒙兀室韋 méng wù shì wéi, мэн-у ши-вэй “мон-шивэй нар” гэжээ. Дараа нь “Тан улсын шинэ түүхэд” (1045-1060 он) “Mengwu” 蒙兀部 méng wù bù, мэн-ва бу буюу “мэн-ва аймаг” гэж бичигджээ. Эндээс 蒙 “мэн” гэсэн бичлэг нь монгол угсаатныг нэрлэсэн анхны тохиолдол гэж ихэнх судлаачид үзэх болсон.
“Mengwu” нэр нь “Монгол” нэрийн эртний хэлбэр байх магадлал өндөр гэж үздэг. Хожим нь Хамаг Монгол, сүүлд XIII зууны Монголын эзэнт гүрэнд энэ ханзыг хэрэглэх болжээ.
Шивэй гэдэг нь нэг үндэстэн биш, олон аймгийн холбоо. Монгол гэдэг нэр Шивэй доторх Мэнвү Шивэй-гээс гарсан. Өнөөгийн монголчууд бол зөвхөн нэг л аймгийн удам биш, түүхэн урт хугацаанд холилдсоор Шивэй + Хүннү + Сяньби + бусад нүүдэлчдийн нийлбэр. Мэнвү Шивэй → Монгол → Хамаг Монгол → Их Монгол улс гэсэн шугаман хөгжлийг зураглалтай. Шивэй гэдэг нь нэгдмэл үндэстэн биш, харин монгол, тунгус, түрэг шинж холилдсон олон овгийн холбоо. Хятад сударт тэмдэглэснээр Мэнвү (Mengwu Shiwei) монголчуудын өвөг, Улохоу (Wuluohou Shiwei), Ешивэй (Yeshiwei), Хэйшуй Шивэй (Heishui Shiwei – “Хар усны Шивэй”), Бо Шивэй (Bo Shiwei), Дадоу, Наньши, Бэйши зэрэг бусад жижиг овгуудын нийлбэр байжээ. Тэднийг биенээ ойлгодоггүй олон аймгууд байсныг эхэндээ ялгалгүй нийтэд нь шивэй нар гэж нэрлэж байсан аж.
Шивэй (Shiwei, 室韦) аймгууд дотор эртний монгол угсаатны нэг том бүлэг байсан бөгөөд тэднээс зарим нь шууд монгол болсон, зарим нь өөр угсаатан болж ууссан, зарим нь бүр түүхээс алга болсон байдаг. Шууд Монгол болсон Шивэй аймгууд гэвэл Мэнвү Шивэй (蒙兀室韦), Да Шивэй (大室韦) буюу “Их Шивэй” нь Мэнвү Шивэйтэй ойр холбоотой, Монгол аймгийн бүрэлдэхүүнд ууссан. Нэг хэсэг нь Улоухоу (乌洛侯) хэмээх ойн бүсэд амьдарч байсан ч хожим Монгол угсаанд шингэсэн хэсэг бий Ойн аймаг гэдэгт нь ойрд, буриад зэрэг болсон. Эдгээр нь шууд “Хамаг Монгол” болоогүй ч Монгол угсааны салбар болж үлджээ.
Үүнээс гадна түрэгжин шал өөр үндэстэн болсон Шивэй нар ч бий. Эдгээр нь анх монгол угсааны боловч дараа нь түрэг хэлтэн болсон. Мөн алга болж бүрэн ууссан аймгууд байна. Зарим Шивэй аймаг тусдаа нэрээр үлдээгүй, жишээлэхэд Нань Шивэй (Өмнөд Шивэй) Хятад соёлд ууссан. Түүхэн хувьслыг нь маш товчоор илэрхийлбэл:
Сяньби → эртний том нүүдэлчин холбоо
Сяньбигийн задрал
Шивэй → Сяньбигийн хойч жижиг аймгууд
Мэн-ву Шивэй → Шивэй доторх “мэн” нэртэй овог
Тан улсын үе → “Mengwu” = жижиг овог
10–12-р зуун → Монгол нэртэй аймгууд нэмэгдэнэ
12-р зуун → Хамаг Монгол
13-р зуун → Чингис хаан → Монгол нэрт улс, эзэнт гүрний түвшинд гарсан
Монгол → хожим бүхэл ард түмний нэр
Өөрөөр хэлбэл “Монгол” гэдэг нь эхэндээ жижиг овог/аймаг байсан, дараа нь том нэгдэл болж, эцэстээ эзэнт гүрэн болсон.
Монгол гэсэн нэршлийн утгыг тайлах гэсэн олон оролдлого бий.
ХЯТАД, 蒙兀室韋méng wù shì wéi,мэн-у ши-вэй “мон-шивэй нар” гэж Монгол гэдэг нэр анх Хятадад үүссэн»: Хятадын 旧唐书 jiù táng shū, жю тан шү «Тан улсын хуучин түүх (945 он)»;
ХЯТАД, 蒙兀部 méng wù bù,мэн-ва бү “мэн-вү аймаг”. Хятадын 新唐书 xīn táng shū, синь тан шү «Тан улсын шинэ түүх (1045-1060 он) үзэгдэж эхэлсэн тул эндээс гарсан үг гэж үздэг»;
КИДАНЬ, мэнг-ку, мэнгули, мангуз, мэнгу го «XII зууны Кидань эх сурвалжид эдгээр үгнээс гаралтай гэгддэг»;
МОНГОЛ, монгол «ууланд төвлөрөгсөд гэсэн утгатай монгол гаралтай үг»: мон «Ордост байдаг Мон уул» + гол «төвийн, үндсэн»;
МОНГОЛ, монгол «мөнх гал»: мон «мөнх» + гол «гал»;
МОНГОЛ, 黑鞑事略 hēi dá shìlüè, хэй-да ши-люэ «Их мөнгөн улс; Хятадын эрдэмтэн Ли Гань тайлбарлахдаа, Монгол гэдэг нь “мөнгөн” гэсэн үг, учир нь тэр үед жүрчин нар улсаа “Алтан улс”, Кидань нар улсаа “Төмөр улс” гэж нэрлэж байсан, монголчууд өөрсдийгөө “Мөнгөн улс” гэж нэрлэж байжээ. Үүний баталгаа нь 彭大雅 péng dà yǎ, пэн да яа»; Мэн-да Бэй-лү зохиолоос.
ТУНГУС-МАНЖ, мангму, манггу, мангга «хүчирхэг, зоригтой»;
ЖУЖУАНЬ, yujiulu mugulu «гуравдугаар зууны үед амьдарч асан Южюлү Мугулу бол жужуаний төрийг үндэслэгч юм. Монгол хэмээх нэршил энэ хүний нэрээс гаралтай гэж зарим эрдэмтэд үздэг»;
Гэхдээ эдгээрийн аль нь ч батлагдаагүй, магадгүй хойшид ч олдохгүй байх. 蒙兀室韦 буюу мэнвү шивэй гэдэг нь монгол хүн, улс, үндэстнийг биш, зөвхөн шивэй нарын дунд байдаг “мэн” овгийнхон гэсэн санаа. Зуун жилийн дараа бичигдсэн сударт мөнөөх мэн овгийнхноо илүү таньдаг болсон тул шивэйгийн гэлтгүй зүгээр л шууд мэн аймгийнхан гэж нэрлэжээ. Зүгээр л утга нь алдагдсан овгийн анхны нэр. Хамгийн болгоомжтой, орчин үеийн олон хэл шинжээчийн байр суурь гэвэл “Монгол” бол анхнаасаа овог аймгийн дотоод утга нь мартагдсан нэр, өөрөөр хэлбэл: “монг-” язгуурын утгыг бид ерөөс сэргээж чадахгүй байж магадгүй. “Монгол” = Moŋɣol гэдэг нь бараг баттай, харин “moŋ” ямар утгатай болох, “-ɣol” яг ямар дагавар вэ гэдэг нь одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй хэл шинжлэлийн асуудал юм.
“Монгол” гэдэг нэрийг хятад ханзаар яагаад 蒙 古 гэж бичсэн нь түүхэн шалтгаантай.
1. XIII зуунд Чингис хаан болон түүний байгуулсан Монголын эзэнт гүрэн маш хурдан тэлж, Хятадын нутагт хүчтэй нөлөө үзүүлэх болсон тул нэрийг “дуурайлгаж бичих” шаардлага гарсан. Хятадууд өмнө нь “Монгол” гэдэг нэрийг мэдэхгүй байсан тул шинэ угсаатны нэрийг ханзаар буулгах хэрэгтэй болжээ.Гэхдээ ханз нь авиаг шууд бичдэг биш, утга + дуудлага хосолсон систем
Тиймээс тэд ойролцоо авиа гаргах ханз сонгож эхэлсэн.
2. “Монгол” гэдэг үгийг тухайн үеийн хятад хэлээр ойролцоогоор: Meng ≈ “мон”, Gu ≈ “гол / гул” гэж сонсогдож байв. Тэгээд: 蒙 (méng) → “мэн / мөн” төстэй авиа 古 (gǔ) → “гү / го” төстэй авиа Ингэж нийлүүлээд 蒙 古 ≈ Монгол. Яагаад заавал “蒙 古” гэж? Энэ хоёр ханзын аль алинтай нь төстэй хэлэгддэг өөр цөөнгүй ханз хятад хэлэнд бий шүү дээ. Ингэхээр утгын сонголт бас чухал байжээ.
3. Энэ бичлэгийг Юань улсын үед албан ёсны болж тогтсон. Хубилай хаан Хятадад Юань улсыг байгуулсны дараа “Монгол” гэдэг нэрийг хятад бичигт албан ёсоор 蒙古 гэж тогтоосон Тэр цагаас хойш түүхийн бичлэг, газрын зураг, албан баримт бүгдэд ижил бичиж хэрэглэгдэх болжээ.
蒙古 (Ménggǔ) 蒙 = бүрхэх, бүдэг 古 = эртний гэсэн ханз. Энэ нь өнөө үед үндсэндээ авиачлал гэж үздэг ч анхлан ямар утгаар ийм ханз сонгосныг зарим хятад тайлбарчид “манантсан хуучны хүмүүс” гэх мэтээр тайлбарлаж байв. Энэ нь зөвхөн Хятадад биш, олон эртний иргэншилд байсан үзэгдэл. Жишээ нь герегчүүд “варвар” гэж герегээр ярьдаггүй бүхнийг нэрлэдэг байв. Ромчууд германчуудыг бүдүүлгүүд гэдэг байсан. Арабууд зарим нүүдэлчдийг “зэрлэг” гэх маягаар. Хятадын онцлог нь гэвэл ханз тэмдэгт бүр өөрийн утгатай, авиачлахад хүртэл утгатай тэмдэгт хэрэглэдэг. Тэрнээс гадна тэдэнд “Төв улс”-ын үзэл хүчтэй байсан. Тиймээс гадаад нэрс нь дандаа давхар утга агуулдаг болсон юм. “古” (gǔ) ханз нь Хятадын маш эртний бичгийн системээс гаралтай. “古” ханз нь “十” (арав) + “口” (ам) гэсэн нийлмэл бүтэцтэй. Гэхдээ энэ нь шууд “арван ам” гэсэн үг биш, “олон үе дамжсан яриа”, “эртнээс уламжлагдсан зүйл” гэсэн санааг илэрхийлдэг. Тиймээс “古” = эртний, хуучин, эрт үеийн гэсэн утгатай болсон.
Gu ≈ “гол / гул” гэж сонсогдож байсан байх. Тэгээд: 蒙 (méng) → “мэн / мөн” төстэй авиа 古 (gǔ) → “гү / го” төстэй авиаг ингэж нийлүүлээд: 蒙 古 ≈ Монгол. Эдгээр ханзыг утгаар нь сонгосон ч байж болох, энэ нь дуудлага ойролцоо байлгахад хүргэжээ. Утгын хувьд нэлээд “сөрөг өнгө” агуулдаг. 蒙 → “мунхаг”, “мунхрах”, 古 → “эртний, хуучны яриагаар”. Шууд орчуулбал: “эртний мунхаг” гэх мэт сөрөг утга гарч ирнэ, үүнийг “мэнгү” гэж уншина, эндээс хожим монгол хэлэнд “мангуу” гэсэн тусгайлсан нэр болон орж иржээ.
Өнөөдөр 蒙 (měng) + 古 (gǔ) гэж хятад хүн уншаад Монгол, Монгол улс, монгол үндэстэн гэж шууд ойлгоно. Гэтэл ханз хэрэглэдэг япон, солонгос хүн хэрэв огт хятад хэл мэдэхгүй, бас монголчуудын тухай огтоос ойлголт үгүй бол 1. дуудлага фонетикоор юу гэж унших вэ? 2. бичиг үсэг сурсан жишээ нь хүүхэд "Монгол" гэж мэдэхгүй бол юу гэж ойлгох вэ? Энд хамгийн чухал ялгаа гарна. Япон хэлэнд ханзыг онёми (хятад гаралтай уншлага), болон кунёми (япон утгын уншлага) гэж хоёр янзаар уншдаг.Фонетик дуудлагаар (хятад хэл мэдэхгүй тохиолдолд) 蒙 古 гэдэг ханзыг япон хүн 蒙 = もう (mō), 古 = こ (ko), нийлүүлбэл: もうこ (mōko) гэж уншина.
Японд “Монгол”-ыг үнэхээр ханз хэрэглэдэг болсноосоо хойш дандаа ингэж бичиж, уншиж, нэрлэдэг байсан. Тэгвэл “моко” гэдгийгээ ханз тэмдэгт хараад “хуучны нэг мангуу” гэж ойлгоно, эсвэл зүгээр л утга тодорхойгүй нийлмэл ханз гэнэ.
Нидерланд ба ЗХУ-д Японы элчин сайдын яаманд ажилладаг Тошиаки, Мицүтака нарын дипломатууд 1961 онд Монголд жуулчны визээр ирэн танилцсаны дараа モンゴルгэсэн катакана бичгээр “монгору” гэж уншигдах бичлэг санал болгожээ. Япончууд “л” авиа дууддаггүй учир монгору болсон.Үүний дараа монгу гэсэн хятад ханз нь доромж утгатай гэлцэх болж, 1972 онд хоёр орон дипломат харилцаа тогтоосноор “монгору” гэсэн катакана бичлэг албан ёсны болжээ.
Солонгос хэлний ханз (ханжа) уншлага нь 蒙 = 몽 (mong), 古 = 고 (go), нийлүүлбэл 몽고 (mong-go). Энэ хуучин хэлбэрийг орчин үед 몽골 (mong-gol) гэж илүү хэрэглэх болсон.
Бас зарим өөр хэлэнд “монгол” гэсэн нэршил сөрөг утгатай байдаг өөр нэг жишээ.
Польш хэлээр монгол хүнийг "Mongoł" гэдэг. Гэхдээ монгол биш хүнийг ингэж дуудвал шууд хүндээр доромжилсон утгатай болно. Орос хэлээр монгол хүнийг "монгол" гэдэг, энэ нэрэнд бас аман ярианд доромж утга бий. Оросоор монгол хүнийг “монгол” гэж хэлэх нь ердийн үндэстний нэр. Жишээ нь: “Он монгол”, “Монголы живут в Монголии”. Энэ нь өөрөө доромж биш. Гэхдээ орос хэлний ярианд “монгол” гэдэг үгийг заримдаа бүдүүлэг, боловсролгүй, соёлгүй, “ази төрхтөн” гэхчлэн доромж маягаар хочлох утгаар хэрэглэж болно. Ялангуяа Зөвлөлтийн үеэс армийн болон гудамжны ярианд ийм өнгө аяс илүү. Жишээ нь «Ты что, монгол?» гэдгийн шууд утга нь “Чи монгол хүн үү?” гэж биш, харин “мангар юм уу?”, “бүдүүлэг амьтан уу?” гэсэн доромж өнгө аястай. Гэхдээ польш хэлэнд “mongoł” гэдэг нь бараг шууд доромж үг болж хөгжсөн байдаг бол орос хэлэнд “монгол” нь үндсэндээ хэвийн этноним хэвээрээ, харин контекстээсээ шалтгаалаад доромж өнгө аястай болдог.
Бабур хаан бол доголон Төмөр хааны ач гуч хүү нь учир монгол хүн. Гэтэл тэр өөрийгөө монгол хүн гэж хэлүүлэх дургүй, үргэлж түрэг хүн гэдэг байж. Бабур өөрийгөө “монгол” гэж нэрлэхээс зайлсхийдэг байсан нь тухайн үеийн улс төр, хэл соёл, овог аймгийн ялгаралтай холбоотой. Тухайн үед монгол гэх нэр нь бүдүүлэг зэрлэг гэсэн давхар утга агуулдаг байж. Харин түүний байгуулсан улсыг хожим европчууд “Mughal / Mogul” буюу “Монгол” гэж нэрлэсэн нь бас өөр түүхтэй. Угсаа гарлаараа Бабурын нэг тал нь монгол, нөгөө тал нь түрэг байв. Харин соёл, хэл, улс төрийн хувьд тэр өөрийгөө түрэгжсэн Төмөрийн угсааны хүн гэж үздэг байсан. Орчин үеийн ойлголтоор бол “Монгол гаралтай боловч түрэгжсэн Төв Азийн лал шашинт хаан” гэж хэлбэл хамгийн ойр тодорхойлолт болно.
XIII–XIV зууны үед Монголын эзэнт гүрэн Төв Азийг эзлэхэд монгол ноёд, түрэг овгууд, перс соёл хоорондоо маш их холилдсон. Үүний улмаас олон монгол овогтнууд түрэг хэлтэй болсон, ялангуяа доголон Төмөр хааны үеийн язгууртнууд үндсэндээ түрэг хэлээр ярьдаг болсон. Тиймээс Бабур өөрийн Бабурнамэ-г чагадай хэлээр бичжээ. Чагадай” хэл нь Цагадай улсын нутагт хөгжсөн учраас “Чагадай хэл” гэж нэрлэгдсэн болохоос хэлний угсаа нь түрэг, өнөөгийн үзбэк, уйгар хэлтэй төстэй.
Захир уд-Дин Мухаммад Бабурын Энэтхэгт байгуулсан улсыг өөрийн үед нь ихэвчлэн “Тимурын улс”, “Хиндустан дахь Тимурын угсааны хаант улс” гэх мэтээр нэрлэдэг байсан. Харин “Моголын эзэнт гүрэн” (Mughal Empire) гэдэг нэрийг Бабур өөрөө огт хэрэглээгүй. “Могул” буюу “Мугал / Mughal” гэсэн нэр нь перс хэлний “Могол” = Монгол гэсэн үгнээс гаралтай. Бабурын эцгийн тал Төмөр хаанаас, эхийн тал Чингис хааны угсаанаас гаралтай байсан учраас Төв Азийн болон перс хүмүүс тэднийг “монгол гаралтай хүмүүс” гэж ерөнхийд нь “могол” хэмээн нэрлэж байв. Харин Бабур нас барснаас (1530) хойш, ялангуяа XVI–XVII зуунаас эхлэн Персийн түүхчид болон Энэтхэгт ирсэн европчууд энэ улсыг “Моголын улс” гэж байнга нэрлэх болсон. Дараа нь англичуудын үед “Mughal Empire” гэдэг нэр европын түүх бичлэгт бүрэн хэвшжээ.
2026.05.17

