Өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд ажиглахад ЦЕГ-ын дарга Ж.Болдын эсрэг удаа дараагийн дайралтууд олон нийт рүү чиглэсэн сошиал мэдээллээс анзаарагдлаа. ЦЕГ-ын даргыг огцруулахаар улайрах процесс, цаг үеийн факторуудыг ажиглахад энэ удаад улс төрийн зорилготой, тодорхой тохиролцоотой “механик” үйлдэл болох нь харагдаад байгаа юм.Үргэлжлүүлээд С.Эрдэнэ даргатай АН-аас энэ оны 5дугаар сарын 11-ний өдөр ХЗДХ-ийн сайдад хандан “ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, СБД-ийн Цагдаагийн газрын дарга Н.Чинбат нарыг нэн даруй огцруулахыг шаардсан. Энэ удаа дахиад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар зэхэж байна.

Уучлаарай, улс төрөө цагдаагаас хол хий гэж хэлмээр байна. Үүнтэй холбогдуулан нэгэн түүх сануулъя.  

Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжинг ажиллаж байх үед, Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг татан буулгасан. Ингэснээр улсын онцгой объектуудыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох маш том “армийг” тэр чигээр нь үгүй хийсэн нь харамсалтай. 

 Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд туслах зорилгоор баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журмыг сахиулахад туслах, гудамж, талбай зэрэг олон нийтийн газар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах, гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам  тогтооход оролцох, оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох, их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үеийн хамгаалалтын ажилд туслах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцдог  байсан. Энэ бол улстөрчид цагдаа, түүний харьяа байгууллагаар тоглосны нэг жишээ.

Харин одоо ЦЕГ-ын даргаар “тоглох” гэж байна. Энэ бол Монголын улс төрд уламжлалт тоглоом болсон гэж хэлж болно. Гэхдээ улс төрд маш нөлөөтэй, олигархийн хэргүүд шалгагдаж буй, тэр тусмаа шалгуулагч этгээдүүд нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг олж авахын төлөө юу ч хийхээс буцахгүйгээр сонгууль хүлээж буй энэ мөчид ЦЕГ-ын даргаар тоглох нь нүдээ олсон хэрэг биш. Харин ч “нүдийг нь сохолсон” хэрэг болно. Товчхондоо тэдгээр олигархиудын төрөөс их хэмжээний мөнгө завшсан эсэх тухай хэргийг шалгаж байхад удирдлагыг нь солино гэдэг буруу. Учир нь тэднийг шалгаж буй хэдэн бор цагдаа бол үүргээ биелүүлж байгаа Төрийн цагдаа болохоос “Болдын цагдаа” биш юм шүү!

Тэгэхээр энэ бүхэн цагдаагаас айсан хүн ЦЕГ-ын даргад улс төрийн шахалт үзүүлдэг юм байна. Мэдээж энэ нь ЦЕГ-ын даргад айдас авчрахгүй. Тиймээс Хууль зүйн сайдад, түүгээр дамжуулж Ерөнхий сайдад улс төрийн шахалт үзүүлэх замаар наймаалцаж гэмт хэргээс зайлах арга хэлбэр рүү шилжих гэсэн оролдлого гэж харагдаж байна. Нэг жишээ нь АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвойг саяхан ажлаас халж түүний оронд Б.Батбилэгийг томиллоо. Яагаад гэдэг нь мөн л экс Ерөнхийлөгч Х.Баттулга, экс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарт холбогдох хэрэгтэй холбоотой юм биш биз гэдэг хардлагыг дагуулсныг нуух юун. Энэ мэтээр хэргийг бүдгэрүүлэх оролдлого шахалтууд идэвхтэй үргэлжлэх бололтой.

Гэсэн ч тод чангаар хэлэхэд ЦЕГ-ын даргыг “зайлуулсан” ч олон нийт цагдаадаа итгэсээр байх болно. Харин ЦЕГ-ын даргыг сольж, дараагийн даргыг томилогдтол тушаал, үүрэг чиглэл хүлээх албан хаагчдын үйл ажиллагаанд саад учруулж цаг хожих нь явуургүй арга болно гэдгийг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй болов уу.

 Хэв журмынханд хэм хэмжээ хэрэгтэй байна, Х.Лхагвасайхан дарга аа!

Дундговь аймгийн цагдаагийн гурван алба хаагч энэ сарын 14-15-нд шилжих шөнө албаны автомашинаар албан үүргээ гүйцэтгэж явахдаа хурд хэтрүүлэн зам тээврийн осол хийж иргэний амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийнхнээс олуулаа гомдол гаргасан ч зөвхөн охиноос мэдээлэл аваад гаргасан, талийгаачийн хувцас хэрэглэлийг ар гэрийнхэнд дутуу хүлээлгэж өгсөн, хамгийн гол нь осол гаргасан цагдаа нар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа талаар niguun.mn сайт газар дээрээс нь мэдээлсэн. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй олон нийтээс нууцалж байна гэж тус сайт мэдээлж байсан. Одоо юу болсон бол?

Мөн үүний өмнө энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа, материалын үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр албан үүргээ гүйцэтгэж байсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Уг үйлдэлд хуулийн дагуу дотоод хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, материалыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн гэсэн тайлбарыг ЦЕГ-ын удирдлагууд хэлж байсан ч тодорхой арга хэмжээ авахгүйгээр хэргийг хаасан байдаг. 

Энэ талаар мэдээллийн сайтууд мэдээлэхдээ “Түүний эхнэр нь Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Намсрайжавын Булганчимэг гэгч эмэгтэй. Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурийн төрсөн эгч нь. Товчхондоо Б.Дулмаадорж прокурор эхнэр, улсын аварга бөх хадам дүүгийнхээ буянаар өнөөг хүртэл цагдаагийн байгууллагад шигдсээр байгаа аж. Бүр үүнийг нь бататгаж байгаа гэсэн шиг мань Б.Дулмаадорж ердөө долоохон жилийн хугацаанд дэслэгчээс хошууч цолтой болсон гэж байгаа. Тиймээс ч албаныхан Монголын цагдаагийн байгууллагад “хамгийн хурдан хугацаанд цол нэмдэг” бүлэглэлд хамаардаг ч гэдэг юм билээ” хэмээн мэдээлсэн байна.

Энэ мэтээр сүүлийн үед Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гомдол, мэдээлэл цөөнгүй нийтлэгдэх боллоо. 

 ЦЕГ-ын дарга Л.Болд Танд заавал дайх гомдол буюу Эргүүл хамгаалалтын газрыг тордох уу, устгах уу?

Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр л гэхэд “Алдар хүндэтгэлийн өргөө”-г агуулах болгож тэнд байрлаж байсан алдар гавьяатай ахмадуудын хөрөг зурагтай самбаруудыг хүртэл барилгын хог хаягдалтай хамт байлгаж гутаан доромжлох болсныг тэтгэвэрт гарсан ахмадууд нь халаглан ярьж байсан удаатай. Тус газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/132 тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчилэн баталсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар буюу Хэв журмын албаны харьяанд Эргүүл хамгаалалтын газрыг нэгтгэснээр албан үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал, алба хаагчдад ногдох ажил үүргийн хуваарилалт, ачаалал ихээхэн алдагдаж байгаа талаар баттай эх сурвалжуудаас удаа дараа мэдээлсэн. 

Мөн албан хаагчдын эрүүл мэнд, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангасан шүршүүр, сауныг хүртэл “тансаглал” хэмээн үзэж хаачихсан нь “XXI зуунд ийм бүдүүлэг дарга бас байдаг аа” гэж гайхахад хүргэв. Энэ байдлыг салбарынхнаас лавлахад “Яагаад манай байгууллагад он удаан жил ажилласан туршлагатай хурандаа нар гэнэт нэг дор ажлаа өгөхөөс аргагүйд хүрсэн, оронд нь хэн томилогдсонтой л холбоотой. Энд “Сүхбаатар аймгийнхны бүлэглэл” гэгч хэсэг бүлэг хүмүүсийн ааш араншин, эрх ашигт тохирч ажиллах гэж алба хаагчид амаргүй нөхцөлд ажиллах болсон”гэсэн юм. 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байгаа эсэхийг АТГ шалгана уу!

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эх сурвалжаа нууцлан өнөөдөр энэ байгууллагыг ямар хүмүүс удирдаад байна вэ гэдгийг сонирхоод хачирхалтай, хардахуйц үр дүнд хүрснээ олон нийттэй болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай хуваалцъягэж шийдлээ. 

Өнөөдрийн байдлаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайхан, тус албаны дэд дарга бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, дэд хурандаа Н.Амарсанаа, Эргүүл хамгаалалтын газрын даргаар хурандаа Б. Энхчулуун, Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга хурандаа П.Лувсандорж, Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Амартүвшин гээд голдуу Сүхбаатар аймгийнханажилладаг талаар эх сурвалжууд мэдээлж иргэний үүргийн дагуух хардлагаа хуваалцаж байна. Үүнийг би дамжуулах үүрэгтэй, эрхтэй гэж бодож байна.

Мөн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа удирдлагад нь ажилладаг алба хаагч жижүүрийн үүрэг хүлээлцэх үеэрээ нэг цагдаагаа буудаж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарч байжээ. Мөн хээрийн постын байрандаа нэг цагдаа угаартаж амиа алдсан явдал ч түүний ажлын алдаа болон тэмдэглэгдэн үлджээ. Наад зах нь ариун цэврийн өрөөнд садар самууны асуудал үүсгэн алба хаагчид хохирол учруулсан ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан хэргийг нь дотоод хяналт шалгалтаар шалгаж байсан удаатай гэдгийг ч гэрчлэх хүн цөөнгүй таарав. Тэрбээр Сүхбаатар аймгийн уяачид, улстөрчидтэй нэлээд холбоотой төдийгүй энэ байдлаа хувийн аж ахуй байдлаа дээшлүүлэх, үүндээ зарим алба хаагчдыг дайчлан ажиллуулах болсонд нь хардахуйц нөхцөл байдал үүсгэх болсныг дотоод хяналтаар болон шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаас шалгах ёстой гэх мэдээлэл ирж байгааг ЦЕГ-ын удирдлагуудад сануулахад илүүдэхгүй болов уу. Мөн нийтлэлийн эхэнд дурдсан цагдаагийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийг ч улсын хэмжээнд бодлого хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханы ажлын хариуцлагатай холбоотойг анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. Энд нэр дурдагдсан бусад албан тушаалтнуудтай холбоотой ажил мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдалтай холбоотой мэдээллийг бид дараагийн удаад үргэлжлүүлэн мэдээлэх болно. Ямартай ч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүний эрх, эрх чөлөөг зөрчин харгис бүдүүлгээр харилцсан болон удирдлагад нь ажиллаж буй алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, ахуй байдлыг үл харгалзан ажлын ачааллыг үзэмжээрээ нэмж шахаж хавчих, дээр дурдсан Эргүүл хамаалалтын газар гэдэг түүхэн байгууллагын домог болсон ахмадуудыг халамж анхаарал үзүүлэх байтугай хүндэтгэл дурсгалыг нь гутаан доромжилж агуулахад хаясан зэрэг бүдүүлэг зөрчлүүдэд нь арга хэмжээ авах, нутаг усаараа бүлгэрхэж байгууллага дотроо фракц байгуулаад байгаа ёс зүй үйлдлийг нь ЦЕГ-ын дарга Л.Болд Та анхааралдаа авч, удирдлага зохион байгуулалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэднийг тараан байршуулах, алдаатай үйлдэл бүрт нь арга хэмжээ авч ажиллах ёстойг энэ удаад асуудал дэвшүүлэн сануулъя.